Сонгогч саналын хуудсанд саналаа хэрхэн тэмдэглэх вэ?


УИХ-ын 2012 оны сонгуулийн саналын хуудаст сонгогч саналаа хэрхэн тэмдэглэх, саналын хуудсаа автомат төхөөрөмжид хэрхэн уншуулах тухай мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Сонгогч саналаа өгөх үйл явц нь өмнөх сонгуулиудаас өөрчлөгдсөн. Тухайлбал,

  • Сонгогчийн үнэмлэх тараахгүй. Урьд өмнөх сонгуулидаар сонгогчийн үнэмлэх болон иргэний үнэмлэхээр саналаа өгдөг байсан бол энэ удаагийн сонгуулиар ХУРУУНЫ ХЭЭ болон ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ /иргэний үнэмлэхгүй сонгогч цахим үнэмлэхээр/ зэргийн мэдээлэлд тулгуурлан саналаа өгнө.

  • Урьдчилан санал авахгүй. Сонгуулийн санал хураах өдөр саналаа өгөх боломжгүй сонгочид урьдчилан санал авах өдрөөс өмнө урьдчилан саналаа өгөх боломжтой байсан. Гэхдээ, энэ удаагийн сонгуулиар САНАЛ АВАХ БАЙР болон ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦГААР санал авах гэсэн 2 төрлийн нэрийн жагсаалттай байх тул урьдчилан санал авахгүй юм.

  • Саналаа тэмдэглэхдээ зөвхөн ДҮҮРГЭН БУДНА. Нэр дэвшигч болон нам, эвслийн нэрийн өмнөх улаан хүрээтэй зууван дугуйг ДҮҮРГЭН БУДАЖ саналаа тэмдэглэнэ. Дугуйлах гэх мэт ДҮҮРГЭН БУДАХ-аас өөр тэмдэглэл хүчингүй.

  • Зориулалтын балаар саналаа тэмдэглэнэ. Санал авах байруудад сонгогч саналаа тэмдэглэхэд зориулан бэлтгэсэн зориулалтын балыг ашиглаж саналаа тэмдэглэнэ. Өөр бал ашиглан саналаа тэмдэглэвэл автомат төхөөрөмж уншихгүй тул таны саналын хуудас хүчингүй болно.

  • Санал авах хугацаа багассан.  Өмнөх сонгуулиудад сонгуулийн өдрийн 07.00-22.00 цагийн хороонд сонгогчийн саналын авдаг байсан. Гэхдээ энэ удаагийн сонгуулиар санал авах өдрийн 07.00-20.00 цаг бол өөрчлөгдсөн.  2012 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 07.00-20.00 цагийн хороонд санал авах байранд очиж саналаа өгөөрэй.

Энэ удаагийн сонгуулийн саналын хуудас нь 4 төрлийн загвартай байгаа.

  1. Гадаад дахь сонгогчийн саналыг авах загвар,
  2. Нэг мандаттай тойргийн саналын хуудасны загвар,
  3. Хоёр мандаттай тойргийн саналын хуудасны загвар,
  4.  Гурван мандаттай тойргийн саналын хуудасны загвар гэсэн 4 төрөл юм.   

 

НЭГ МАНДАТТАЙ ТОЙРГИЙН СОНГОГЧ САНАЛ ӨГӨХ

Нэг мандаттай тойргийн сонгогчид НЭГ нэр дэвшигч, НЭГ нам эвсэлд санал өгнө. Нэр дэвшигчид саналаа өгөхдөө саналалын хуудас дахь нэр дэвшигчийн нэр бичсэн хэсэгт "Та өөрийн сонгохыг хүссэн нэг нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ үү" гэсэн зааварчилгааны дагуу саналаа тэмдэглэнэ. Нам, эвслийн нэр бичсэн хэсэгт өөрийнхөө сонгохыг хүссэн нэг нам, эвслийн нэрийн өмнөх дугуйг дүүргэн будаж тэмдэглэнэ.

Нэг мандаттай тойрогт дараах орон нутгууд орж байна:

  1. Булган аймаг /4-р тойрог/
  2. Говь-Алтай аймаг /5-р тойрог/
  3. Дорноговь, Говьсүмбэр аймгууд /6-р тойрог/
  4. Дундговь аймаг /8-р тойрог/
  5. Өмнөговь аймаг /11-р тойрог/
  6. Сүхбаатар аймаг /12-р тойрог/

 

ХОЁР МАНДАТТАЙ ТОЙРГИЙН СОНГОГЧ САНАЛ ӨГӨХ

Хоёр мандаттай тойргийн сонгогчид ХОЁР нэр дэвшигч, НЭГ нам эвсэлд санал өгнө. Нэр дэвшигчид саналаа өгөхдөө саналалын хуудас дахь нэр дэвшигчийн нэр бичсэн хэсэгт "Та өөрийн сонгохыг хүссэн хоёр нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ үү" гэсэн зааварчилгааны дагуу саналаа тэмдэглэнэ. Нам, эвслийн нэр бичсэн хэсэгт өөрийнхөө сонгохыг хүссэн нэг нам, эвслийн нэрийн өмнөх дугуйг дүүргэн будаж тэмдэглэнэ.

Хоёр мандаттай тойрогт дараах орон нутгууд орж байна:

  1. Архангай аймаг /1-р тойрог/
  2. Баян-Өлгий аймаг /2-р тойрог/
  3. Баянхонгор аймаг /3-р тойрог/
  4. Дорнод аймаг /7-р тойрог/
  5. Завхан аймаг /9-р тойрог/
  6. Өвөрхангай аймаг /10-р тойрог/
  7. Ховд аймаг /16-р тойрог/
  8. Төв аймаг  /14-р тойрог/
  9. Сэлэнгэ аймаг /13-р тойрог/
  10. Увс аймаг /15-р тойрог/
  11. Хөвсгөл аймаг /17-р тойрог/
  12. Хэнтий аймаг /18-р тойрог/
  13. Дархан-Уул аймаг /19-р тойрог/
  14. Орхон аймаг  /20-р тойрог/
  15. Хан-Уул, Багахангай, Багануур дүүргүүд /21-р тойрог/
  16. Сүхбаатар дүүрэг /23-р тойрог/
  17. Чингэлтэй дүүрэг /24-р тойрог/
  18. Баянгол дүүрэг  /25-р тойрог/

 

ГУРВАН МАНДАТТАЙ ТОЙРГИЙН СОНГОГЧ САНАЛ ӨГӨХ

Гурван мандаттай тойргийн сонгогчид ГУРВАН нэр дэвшигч, НЭГ нам эвсэлд санал өгнө. Нэр дэвшигчид саналаа өгөхдөө саналалын хуудас дахь нэр дэвшигчийн нэр бичсэн хэсэгт "Та өөрийн сонгохыг хүссэн гурван нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ үү" гэсэн зааварчилгааны дагуу саналаа тэмдэглэнэ. Нам, эвслийн нэр бичсэн хэсэгт өөрийнхөө сонгохыг хүссэн нэг нам, эвслийн нэрийн өмнөх дугуйг дүүргэн будаж тэмдэглэнэ.

Гурван мандаттай тойрогт дараах орон нутгууд орж байна:

  1. Баянзүрх, Налайх дүүрэг /22-р тойрог/
  2. Сонгинохайрхан дүүрэг /26-р тойрог/

Сонгууль