Сонгогч санал өгөх

1-Р АЛХАМ. ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ҮЗҮҮЛЖ, ХУРУУНЫ ХЭЭГЭЭ УНШУУЛААД САНАЛЫН ХУУДАС АВНА.

Сонгогчийг санал авах байранд ирэхэд иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан хурууны хээ уншигчид сонгогчоос хурууны хээгээ уншуулахыг хүснэ.

Сонгогчийн хурууны хээ болон иргэний үнэмлэхийн мэдээллийг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтын цахим санд байрласан тухайн сонгогчийн зураг бүхий мэдээлэлтэй тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, тухайн хэсэгт бүртгэлтэй бол Танд бүртгэлийн хуудас хэвлэж өгнө.

Хэсгийн хороо сонгогчийн бүртгэлийн хуудас болон иргэний үнэмлэхийг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтын дэвтэрт дахин тулган шалгаж сонгогчид саналын хуудас олгоно.

Сонгогч саналын хуудас хүлээн авсан болохоо баталгаажуулан сонгогчдын нэрийн жагсаалтын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурна.

2-Р АЛХАМ. САНАЛАА ТЭМДЭГЛЭНЭ.

Үүний дараа санал бэлтгэх бүхээг дэх санал хэрхэн тэмдэглэх тухай заавар болон саналын хуудаст бичсэн зааварчилгааг тус тус уншиж тэдгээрт заасны дагуу нэр дэвшигчийн нэр болон нам, эвслийн нэрийн өмнөх улаан хүрээтэй зууван дугуйг тусгай үзгээр ДҮҮРГЭН БУДАЖ саналаа тэмдэглэнэ.

Сонгогч саналаа өгөхдөө саналын хуудасны 2 хэсэгт саналаа тэмдэглэнэ. Тодруулбал,

  1. Саналын хуудасны эхний хэсэгт буюу Тойрогт нэр дэвшигчдээс өөрийн сонгохыг хүссэн МАНДАТЫН ТООТОЙ ТЭНЦҮҮ нэр дэвшигчийн төлөө,
  2. Саналын хуудасны 2 дахь хэсэг буюу нам, эвсэлд санал өгөхдөө өөрийн сонгохыг хүссэн ЗӨВХӨН НЭГ нам, эвслийн төлөө саналаа тэмдэглэнэ.

Хэрвээ та Нийслэлийн сонгогч бол:

Та саналын хуудасны нүүрэн талд УИХ-ын сонгуульд саналаа өгч тэмдэглэл хийсний дараа саналын хуудасны ар талын хэсэгт нийслэлийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигч, нам, эвслийн төлөө санал өгнө.

Сонгогч саналаа буруу тэмдэглэвэл санал тоолох төхөөрөмж /саналын хайрцагт/-д хийхээс өмнө хэсгийн хорооны ажилтанд мэдэгдэн хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч болно.

3-Р АЛХАМ. САНАЛЫН ХУУДСАА САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИД ХИЙНЭ.

  1. Сонгогч санал тоолох төхөөрөмжийн дэлгэцэнд “Саналын хуудас уншихад бэлэн”  гэсэн мэдээлэл гарч ирсний дараа саналын хуудсаа хийнэ. 
  2. Саналын хуудсыг аль ч талаар нь санал тоолох төхөөрөмжид хийж болно.
  3. Сонгогч санал тоолох төхөөрөмжид саналын хуудсаа хийсний дараа “Саналын хуудас амжилттай уншигдлаа” гэсэн мэдээлэл гарч ирнэ. Дэлгэцэнд тухайн мэдээлэл гарч ирэх хүртэл та санал тоолох төхөөрөмжийн хажууд өөрийн саналаа тоологдсон эсэхийг хэсэг хугацаанд хүлээнэ.

Хэрвээ сонгогч та саналын хуудаст огт санал тэмдэглээгүй  бол хэнийг ч  дэмжихгүй хэмээн ойлгож таны саналын хуудсыг хүчинтэй саналын хуудасны тоонд оруулах болно.

ЧӨЛӨӨТ, ШУДАРГА СОНГУУЛЬД ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ.

СОНГОГЧДЫН САНАЛ АВАХ ГАЗАР, ХУГАЦАА

Сонгогчдын саналыг 06 сарын 28-ны 07.00-20.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар, нэгэн зэрэг санал авах байранд авна.

Хэсгийн хороод нь: 

  • Сонгогчдын санал авах өдөр, цаг, байрыг 06 сарын 14-өөс эхлэн сонгуулийн өдөр хүртэлх 14 хоногийн турш,  
  • Санал авах байрны нэр, дугаар, хаяг, байршлыг гарган 05 сарын 28-оос эхлэн сонгуулийн өдөр хүртэл 30 хоногийн турш тус тус нийтэд зарлан мэдээлнэ.

Сонгогчдоос саналаа нууцаар тэмдэглэхэд шаардагдах тооны бүхээг, санал тоолох төхөөрөмж бүхий байрыг санал авах өдрөөс 7 хоногийн өмнө тухайн Хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга нар хариуцан бэлтгүүлдэг.

Санал авах байранд: 

  • нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага,
  • нам, эвслийн сонгуулийн эрхэлсэн байгууллагын ажилтан,
  • нэр дэвшигчийн шадар туслагч,
  • ухуулагч нар байрлахыг хориглоно.

Гэхдээ дээрх мэдээлэл нь тухайн иргэд саналаа өгөх, сонгох эрхээ эдлэхтэй холбоогүй болно.

Саналын хуудасны хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах үүднээс Хэсгүүдэд саналын хуудас хүлээн авснаас хойш санал авах байрыг цагдаагийн хамгаалалтад авдаг.

Санал авах байранд сонгогчоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, хоёроос доошгүй тооны санал бэлтгэх бүхээг бэлтгэсэн байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэгээс доошгүй санал бэлтгэх бүхээгийг тусгайлан тоноглож бэлтгэсэн байна.

СОНГОГЧ САНАЛ ӨГӨХ

Сонгогч санал авах байранд ирж, саналаа өөрөө биечлэн гаргана. Сонгогч та саналаа тэмдэглэхдээ саналын хуудас дахь зааврын дагуу тэмдэглэгээ хийнэ үү. Хэрвээ саналын хуудас дахь заавраас өөр тэмдэглэгээ хийсэн бол таны саналын хуудас хүчингүй болох юм.

Жич: Саналын хуудасны загварыг Сонгуулийн ерөнхий хороо баталсан даруйд нь санал тэмдэглэх үлгэрчилсэн зааврыг зургаар оруулах болно.

Санал хураалт эхлэхэд сонгогчийн иргэний үнэмлэхийг нь сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж, сонгогч бүрд саналын хуудас олгоно. Саналын хуудас авсан тохиолдолд та сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсгээ зурж саналын хуудас авсан гэдгээ баталгаажуулах хэрэгтэй.

Сонгогч та санал авах байранд орж саналын хуудас авсны дараа санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргана.

Саналын хуудас дахь саналаа хэрхэн тэмдэглэх заавартай сайтар танилцсаны дараа саналаа тэмдэглэнэ үү. Саналын хуудаст бичигдсэн тойрогт нэр дэвшигчдийн нэр бүхий жагсаалтаас өөрийн дэмжиж байгаа нэр дэвшигчийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ. Ингэхдээ тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчид саналаа өгөх хэрэгтэй. 

Мөн саналын хуудас дахь нам, эвслийн нэрийг бичсэн хэсэг дэх өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам эсвэл эвслийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ.  

Ийнхүү саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсаа санал тоолох төхөөрмжид хийнэ.

Жич: Сонгогч саналын хуудсаа автомат төхөөрөмжид хийхтэй холбоотой журмыг Сонгуулийн ерөнхий хороо баталсан даруйд нь оруулах болно.

Хэрвээ та саналаа тэмдэглэхдээ алдаа гарган хүчингүй болгосон бол санал тоолох төхөөрмжид хийлгүйгээр Хэсгийн хороонд мэдэгдэж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа өгөөрэй. Сонгогч саналын хуудсыг хүчингүй болгсон тохиолдолд зөвхөн нэг удаа саналын хуудсыг дахин олгодог учраас та заавартай анхааралтай танилцан саналаа тэмдэглээрэй.  

Таныг санал өгөх үед таниас өөр хүн санал тэмдэглэх бүхээгт байхыг хориглодог. Гэхдээ бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжлэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцааг авч болно.

Ингэхдээ тухайн итгэмжлэгдсэн иргэн нь нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч, сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, ажиглагч байхыг хуулиар хориглосон болохыг анхаарна уу.

ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦГААР ХЭН САНАЛ ӨГӨХ ВЭ?

Санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрөөс 1 хоногийн өмнө буюу 06 сарын 27-нд 9-18 цагийн хооронд авна.

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах жагсаалтад тухайн иргэдийн санал, эмнэлгийн магадлагаа, холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн дараахь иргэдийн саналыг авдаг.  Үүнд:

  • Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй,
  • Нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа,
  • Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан,
  • Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдлан цагдан хоригдсон иргэд.

Хэрвээ сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх шаардлагатай бол энэ талаарх хүсэлт, эмчийн магадлагааг санал авах өдрөөс 5 хоногийн өмнө буюу 06 сарын 22 гэхэд харьяа хэсгийн хороондоо гаргасан байх хэрэгтэй.

Дээрх сонгогчдын саналыг тухайн хэсгийн хорооны 2-оос доошгүй гишүүн сонгогчийн оршин суугаа газрынх нь хаягаар очиж авна. Мөн тухайн жагсаалтад бүртгэгдээгүй иргэдийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авахыг хориглоно.

Санал авах өдөр албан үүргээ гүйцэтгэж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.

СОНГОГЧИД ДАРААХ ЗҮЙЛИЙГ ХОРИГЛОНО

  • Бичиг баримт- Тухайн санал авах байранд санал өгөх эрхгүйгээ мэдсээр байж санал өгөх, эсвэл өөр хүний бичиг баримт болон хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох,
  • Саналын хуудастай холбоотой хориглох зүйлс- Тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах болон санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах,
  • Саналын нууцлал - Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа баталгаажуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх болон саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээгээ бусдад харуулах 
  • Саналаа худалдах - Аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсвэл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах  гм.

www.2012.mn

Сонгууль