Сонгогчийн бүртгэл, нэрийн жагсаалт

Сонгуульд оролцон саналаа өгөхийн тулд Та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ 2 янзаар шалгах боломжтой.

  1. 1 Цахим хэлбэрээр шалгах
  • www.burtgel.mn цахим хуудаст сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр байрлуулсан. Та өөрийн иргэний үнэмлэхийн дугаар болон регистрийн дугаарыг оруулж шалгах товчийг дарна.
  • Хэрвээ сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн бол таны иргэний үнэмлэхийн болон сонгуулийн аль хэсэгт харьяалагдаж байгаа тухай мэдээлэл гарч ирнэ. Та мэдээллээ үнэн зөв эсэхийг нягтлан шалгаад зөв бол баталгаажуулах товчийг дараарай.
  • Хэрвээ таны мэдээлэл буруу эсвэл огт байхгүй бол мэдээлэх гэсэн товчийг дарна. Мөн иргэний бүртгэлийн газрын 1890 болон 7012-3362 утсанд хандаарай.
  1. 2 Харьяа Хэсгийн хороондоо очиж биечлэн танилцах
  • Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө буюу 06 дугаар сарын 08-аас эхлэн өөрийн байрандаа ил тавьж сонгогч чөлөөтэй танилцах бололцоо олгоно. Энэ үед та өөрийн харьяа хэсгийн хороондоо очиж сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээлэлтэй биечлэн танилцаарай.
  • Хэрвээ таны мэдээлэл алдаатай эсвэл та бүртгэгдээгүй бол хэсгийн хорооны дэргэд ажиллаж буй иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд хандаарай.
  • Та Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээр сонгох эрхээ эдлэх боломжтой.
  • Чөлөөт, шударга сонгуульд иргэн бүрийн оролцоо чухал.

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ.

Сонгогчийг сонгуулийн нэг хэсэгт, сонгогчдын нэг нэрийн жагсаалтад бүртгэдэг.

Хэрвээ сонгогч та уг жагсаалтад бүртгэгдээгүй эсвэл таны мэдээлэл буруу бүртгэгдсэн тохиолдолд та сонгуульд санал өгөх боломжгүй болох юм. Тиймээс сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ заавал шалгах, нягтлах хэрэгтэй.

Сонгогчдын нэрийн жагсаалт нь хоёр төрөлтэй байх бөгөөд эдгээр нь үндсэн ба зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах жагсаалтууд юм.

Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний бүртгэл, мэдээллийн улсын санд үндэслэн үйлдэх бөгөөд энэ ажлыг Улсын Бүртгэлийн Газар орон даяар зохион байгуулан ажилладаг. Тус байгууллага нь ийнхүү ажиллахдаа сонгогчдын нэрийн жагсаалтыг:

  • Нягтлан шалгах, 
  • Давхардлыг арилгах, 
  • Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх ажлыг хийнэ.

Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэдийн дараахь мэдээлэлд үндэслэн гаргадаг. Үүнд сонгогчдын:

  1. Эцэг/эхийн нэр,
  2. Өөрийн нэр,
  3. Нас,
  4. Хүйс,
  5. Иргэний үнэмлэхийн дугаар,
  6. Регистрийн дугаар,
  7. Оршин суугаа газрын хаяг.

Сонгогчдын нэрийн жагсаалтад сонгогчдын нэрсийг байрлуулахдаа иргэдийн оршин суугаа газрын хаягаар нь дараалуулан бичдэг. Энэхүү жагсаалт гаргах загвар маягтыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос баталдаг.

Мөн сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах журмыг Улсын бүртгэлийн газар болон Сонгуулийн ерөнхий хороо хамтран баталдаг.

СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ ХЭН, ХЭРХЭН ГАРГАХ ВЭ?

Сонгогчдын нэрийн жагсаалтыг Улсын бүртгэлийн газрын орон нутаг дахь салбар нэгжүүдээр дамжуулан гаргадаг. Өөрөөр хэлбэл сум, дүүрэг, хорооны улсын бүртгэлийн асуудал хариуцсан ажилтан тухайн орон нутгийн хүн амын хаягийн бүртгэлийг үндэслэн гаргаж харьяа аймаг, нийслэлийн улсын бүртгэлийн салбарт илгээдэг.

Ийнхүү гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтыг аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн салбар нэгж нягтлан шалгаж, Улсын бүртгэлийн газарт хүргүүлснээр орон даяар сонгогчдын нэрийн жагсаалт нэгдсэн байдлаар гардаг.

Үүний дараа Улсын бүртгэлийн газар сонгогчдын нэрийн жагсаалт дахь мэдээллийг үндэслэн сонгуулийн хэсэг тус бүрээр ангилан гаргаж сонгуулийн жилийн 3 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгууль дуустал өөрийн цахим хуудас болох www.burtgel.mn   вэбсайтад байрлуулна.  

Тиймээс сонгогчид 3 дугаар сарын 15-аас эхлэн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэх, тухайн мэдээлэл нь үнэн зөв болох талаар шалгах боломжтой болно.

Дээрх вэбсайтад иргэдийн мэдээллийг байрлуулахдаа сонгогчдын нэрийн жагсаалт дахь зөвхөн өөрт холбогдох мэдээлэлтэй танилцах боломжоор хангадаг.

Та уг цахим хуудаст хандан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай.

СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД БҮРТГЭГДСЭН ЭСЭХЭЭ ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ?

  1.  Иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага 3 дугаар сарын 15-ны өдрөөс хойш сонгогчдын нэрийн жагсаалтыг www.burtgel.mn цахим хуудсанд байрлуулсан тул та өөрийн нэрийг шалгах боломжтой.
    • Сонгогч та уг цахим хуудаст байрлах “Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээлэлтэй танилцах”  гэсэн цонхыг сонгон өөрт холбогдох мэдээлэлтэй танилцаж таны мэдээлэл зөрчилгүй бол “баталгаажуулах” хэсгийг дарж өөрийн мэдээллийн үнэн зөвөө баталгаажуулаарай.
    • Харин шалгах явцад ямар нэгэн мэдээллийн зөрүү илэрсэн бол “алдааг мэдээлэх” хэсгийг сонгож харьяалах иргэний бүртгэлийн ажилтнуудтай  утсаар холбогдох боломжтой. 
    • Хэрэв шаардлагатай бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын 70123363, 350072 болон  бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 утсанд хандаж болно.
  2. Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно. Энэ үеэс сонгогч өөрийн харъяалах хэсгийн хорооны байранд очиж сонгогчдын нэрийн жагсаалттай биечлэн танилцаж болно

ХЭРВЭЭ СОНГОГЧ ТА НЭРИЙН ЖАГСААЛТАД БҮРТГЭГДЭЭГҮЙ, ЭСВЭЛ ТАНЫ МЭДЭЭЛЭЛ БУРУУ БҮРТГЭГДСЭН БОЛ?

Сонгогч та өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн байвал энэ тухай гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана.

Тиймээс та сонгогчдийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэх талаар санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө шалгасан байх хэрэгтэй юм.

АНХААР: Сонгуулийн санал авах өдөр иргэд нэрийн жагсаалт дахь бүртгэлтэй холбоотой гомдол гаргах, нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах боломжгүй юм.

Таны гаргасан гомдлыг 3 хоногийн дотор шийдвэрлэнэ. Ингэхдээ гаргасан гомдолын дагуу иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангаас хайлт хийн тодорхойлж, лавлагаа гаргана. Тухайн лавлагааг үндэслэн хэсгийн хорооны дэргэд ажиллах иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан сонгогчдын нэрийн жагсаалт дахь таны мэдээлэлд өөрчлөлт оруулна.  Үүний дараа та өөрийн мэдээллээ дахин шалгах хэрэгтэй.

СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ШИНЭЧЛЭХ

Улсын бүртгэлийн газар нь өөрийн цахим хуудаст байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараахь өөрчлөлтийг тусган Сонгуулийн Ерөнхий Хороонд санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлдэг.  Өөрөөр хэлбэл 5 дугаар сарын 04 гэхэд Сонгуулийн ерөнхий хороонд сонгогчдын нэрийн жагсаалт ирнэ гэсэн үг юм.

Эдгээр өөрчлөлтүүдэд:

  • Сонгогчоос нэрийн жагсаалт дахь мэдээлэлтэй холбоотой гаргасан гомдлын дагуу оруулсан өөрчлөлт, 
  • Сонгогчийн иргэний бүртгэлтэй холбогдсон өөрчлөлт /сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн өөрчлөлтүүд хамаарна/, 
  • Нас барсан иргэний бүртгэлтэй холбогдсон өөрчлөлт, 
  • Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлт /үүнийг Улсын дээд шүүх 4 сарын 10-с өмнө гаргаж Улсын бүртгэлийн газарт хүргүүлдэг/,
  • Хорих газарт ял эзэлж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлт /үүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага 4 сарын 10-с өмнө Улсын бүртгэлийн газарт хүргүүлдэг/.

Сонгуулийн ерөнхий хороо нь дээрх өөрчлөлтийг тусгасан сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсны дараа сонгуулийн тойрог тус бүрээр ангилж, цаасан болон цахим хэлбэрээр гарган холбогдох Тойргийн хороодод хүргүүлдэг. 

Өөрөөр хэлбэл санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө буюу 5 дугаар сарын 09 гэхэд Тойргийн хороодод сонгогчдын нэрийн жагсаалт ирнэ гэсэн үг юм.

СОНГУУЛИЙН ХЭСГИЙН ХОРООДОД СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ?

Тойргийн хороо нь тухайн тойрогт харьяалагдах сонгуулийн Хэсэг тус бүрээр ангилсан сонгогчдын нэрийн жагсаалт бүхий цахим мэдээллийн сан үүсгэдэг.

Үүний дараа сонгуулийн санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим болон цаасан хэлбэрээр Хэсгийн хороодод хүргүүлдэг.

Тиймээс 2012 оны 5 дугаар сарын 19 гэхэд сонгогчдын нэрийн жагсаалт Хэсгийн хороодод цахим болон цаасан хэлбэрээр ирнэ гэсэн үг юм.

Хэсгийн хороод сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авснаас хойш дараахь мэдээллүүдийг тулган шалгах ажлыг хийнэ:

  • Цэргийн алба хааж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээлэл /тухайн хэсгийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа цэргийн анги, салбарын захирагч нар санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө энэхүү мэдээллийг гаргана/
  • Захиргааны зөрчил болон байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан,  Албадан саатуулагдсан, Цагдан хорих таслан сэргийлэх арга  хэмжээ авагдсан сонгуулийн насны иргэдийн мэдээлэл /тухайн хэсгийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа цагдаагийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга нар санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө уг мэдээллийг гаргана/

Хэсгийн хороод дээрх мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган нягталж хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж өөрийн байрандаа ил тавина.

Хэсгийн хороод нь уг жагсаалтыг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө буюу 6 дугаар сарын 08 гэхэд өөрийн байранд ил тавьж сонгогчид өөрсдийн мэдээлэлтэй чөлөөтэй танилцах бололцоо олгох үүрэг хүлээдэг.

Тиймээс сонгогч та энэ хугацаанд өөрийн хаярьяа хэсгийн хороодод хандан мэдээллээ шалгах боломжтой болно.

Үүнээс өмнөх хугацаанд улсын бүртгэлийн цахим хуудас www.burtgel.mn –д хандан өөрийн мэдээллээ шалгах боломжтой.

Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой өөрчлөлт, нягтлан шалгах гэх мэт үйл ажиллагаа дууссаны дараа Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдын тоог эцсийн байдлаар нэгтгэн гаргадаг. Өөрөөр хэлбэл хэсгийн хороод нягталж шалгасан сонгогчдын тоог тойргийн хороонд, Тойргийн хороод Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлснээр нийт сонгогчдын тоо гардаг.

СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ ХЭВЛЭЖ, ОЛШРУУЛЖ БОЛОХ УУ?

Сонгогчдын нэрийн жагсаалтыг хуульд зааснаас бусад тохиолдолд хувилж, олшруулах, тараахыг хориглодог. Хуульд заасан тохиолдлууд нь:

  • Сонгуулийн хэсгийн хороодын албан ажлын хэрэгцээнд зориулан,
  • Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид хүсэлт гаргасан тохиолдолд сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах боломжтой.

www.2012.mn

Сонгууль