Үндсэн хуулийн цэцээс гаргасан “76 гишүүний 28 нь намын нэрсийн жагсаалтаар УИХ-д сонгогдож буй нь Үндсэн хуулийг зөрчсөн” гэх дүгнэлтээс шалтгаалан УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбоотойгоор Үндэсний аудитын газраас УИХ-ын сонгуулийг явуулахад зарцуулагдах зардлын дээд хэмжээг дахин тогтоожээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд сонгуулийн зардлын дээд хэмжээг 3.4 тэрбум төгрөгөөр тогтоосон боловч дээрх хуульд өөрчлөлт орж тойргийн тоо 76 болж нэмэгдсэн тул зардлыг 4.4 тэрбум төгрөг болгож нэг тэрбумаар нэмэгдүүлжээ.
Үндэсний аудитын газрын даргын тушаалаар мөн нам, эвсэл, тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тойрог бүрээр гаргаад байна. Сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоохдоо газар нутгийн байршил, сонгогчийн тоо тус бүрийг харгалзан үзжээ.
Тухайлбал, Архангай аймгийн нэгдүгээр тойрогт өрсөлдөх нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээ 114 сая төгрөг бол хоёрдугаар тойрогт өрсөлдөх нэр дэвшигчийнх 103 сая төгрөг, гуравдугаар тойрогт өрсөлдөх нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг 105 сая төгрөгөөр тогтоосон байна. Харин нэг мандаттай Булган аймагт сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ 199 сая төгрөг бол Говь-Алтай аймагт 223 сая төгрөгөөр тогтоожээ.
Гурван мандаттай Хэнтий аймгийн 40 дүгээр тойрогт зарцуулах зардлын дээд хэмжээ 123 сая төгрөг бол 41 дүгээр тойргийнх 125 сая, 42 дугаар тойргийнх 92 сая төгрөгөөр тус тус тогтоожээ. Нийслэлийн тойргийн зардлыг сонирхуулбал, Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойргийн зардал 206 сая төгрөг бол мөн дүүргийн 52 дугаар тойргийн зардлын дээд хэмжээ 211 сая төгрөгөөр тогтсон байна.
Сонгинохайрхан дүүргийн 71-76 дугаар тойргийн зардлын дээд хэмжээ 210 сая төгрөгөөс 176 сая төгрөгийн хооронд тогтжээ. Тус тойрог зургаан мандаттай юм.