Ардчилсан нийгэмд иргэд төрийн үйл хэрэгт оролцох эрхээ хэрэгжүүлэх гол механизм нь тэгш эрхийн зарчимд тулгуурласан бүх нийтийн, чөлөөт сонгууль мөн бөгөөд сонгуулийн ил тод байдлыг хангах нь эдгээр зарчмыг тууштай хэрэгжүүлэх чухал нөхцөл болдог. Сонгуулийн бүхий л үйл явц, түүний дотор сонгуулийн байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр, тэдгээрийн үндэслэл, санал тоолох, дүнг гаргах үйл явц зэрэг нь ил тод, иргэд хянах боломжтой байх нь нэг талаас хуулийг гажуудуулах, сонгуулийн үйл явц болон үр дүнд хөндлөнгөөс зүй бусаар нөлөөлөх аливаа үйлдлээс урьдчилан сэргийлж иргэд сонгуулийн эрхээ саадгүй эдлэх үндэс болдог ба нөгөө талаас сонгуулийн үйл явцад итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй.
2016 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулах бэлтгэл ажил ид өрнөж буй энэ үед Сонгуулийн Ерөнхий Хорооны зүгээс нэн түрүүнд анхаарах ёстой нэг асуудал нь сонгуулийн автоматжуулсан системд ашиглах програм хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулан гэрчилгээ олгох үйл ажиллагаа юм. Энэ үйл ажиллагааг сонгуульд оролцогч бүх талуудын тасралтгүй хяналт дор ил тодоор зохион байгуулах нь маш чухал ач холбогдолтой билээ.
2016 оны 3 дугаар сард Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, Нийгмийн Бодлого Хөгжлийн Судалгааны Хүрээлэнгээс хамтран Улаанбаатар хот болон 13 аймагт нийт 5,000 иргэнийг оролцуулан хийсэн олон нийтийн санал бодлын тандалт судалгааны дүнгээс харахад сонгуулийн автоматжуулсан системд итгэх иргэдийн итгэл маш сул байна.
Түүнчлэн сонгуульд оролцож буй нам эвсэл, хяналт тавьж буй зарим төрийн бус байгууллагуудын төлөөлөгчдийн хувьд санал тоолох автомат төхөөрөмжийн талаар мэдээлэл, мэдлэг хангалтгүй байгаа нь ажиглагдаж байна. Иймд сонгуулийн дүнг гаргахад гол үүрэгтэй энэхүү төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангаж, сонгуульд бэлтгэх ажлыг ил тод зохион байгуулахад СЕХ дараах алхмуудыг нэн яаралтай авах шаардлагатай гэж Сүлжээний зүгээс үзэж байна.
ШУДАРГА СОНГУУЛИЙН ТӨЛӨӨ ИРГЭНИЙ НИЙГМИЙН ХЯНАЛТ СҮЛЖЭЭ