МАХН, Ардчилсан нам, Иргэний зориг нам, Үндэсний шинэ нам болон Ногоон нам, Социал Демократ нам, Иргэний хөдөлгөөний намаас бүрдсэн Иргэний эвсэл зэргээс УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийн санхүү, эдийн засагтай холбогдсон хэсэгт зарим судалгаа хийв. Дээрх 4 нам, нэг эвслийн хөтөлбөрөөс ерөнхийд нь авч үзэхэд үндэсний үйлдвэрлэл, дэд бүтэц, мал аж ахуй, газар тариалангаа эрчимтэй хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, материаллаг бааз, эх орны баялгаа ашиглан нөөц боломжоо дайчлах зэрэгт чиглэсэн чухал чухал зорилтууд дэвшүүлцгээсэн байна.