2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 5 дугаар сарын 29-ний өдөр
Мониторингийн энэ хугацаанд орон нутгийн багийн гишүүд 156 сонгогч, 10 нэр дэвших гэж буй хүмүүс болон нам, эсвлийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, 13 сонгуулийн хороодын ажилтнуудтай уулзаж мэдээлэл цуглуулсан ба сонгуулийн сурталчилгааны гэж хэлж болох 20 удаагийн арга хэмжээнд төрийн өмчийн 12 унаа, төрийн жинхэнэ албан хаагч 27хүн дайчлагдан ажилласан байна.
Энэ удаагийн сонгуульд оролцохоор 12 нам, 1 эвсэл СЕХ-нд бүртгүүлж батламжаа авсан байна. Эдгээрээс АН, ҮШН зэрэг намууд нэр дэвшүүлэх ажиллагаагаа явуулсан байна. Ээлжит тайлангийн энэ хугацаанд мониторингод хамрагдаж буй сонгуулийн тойргийн хувьд нэр дэвшигчийн үнэмлэхээ авч албан ёсоор сонгуулийн сурталчилгаагаа эхэлсэн тохиолдол гараагүй. Тиймээс өмнөх тайлантай адил сонгуулийн сурталчилгаа хууль ёсоор эхлээгүй үе байлаа.
Сонгуулийн тухай хуулинд зааснаар бол нэр дэвшигчийн үнэмлэхээ авч, нэр дэвшигчээр бүртгүүлснээр сонгуулийнхаа сурталчилгааг эхэлж болно, харин нэр дэвшигчийн үнэмлэхээ аваагүй тохиолдолд аливаа сурталчилгаа хийх эрхгүй байдаг. Иймээс мониторингийн орон нутгуудад сонгуулийн ухуулга сурталчилгааны арга хэмжээ намжмал байдалд хэвээр байлаа. Гэсэн хэдий ч улс төрийн нам, эвслүүд сурталчилгаагаа далд буюу өөр ямар нэгэн байгууллагын тухайлбал, төрийн бус байгууллага, холбоодын нэрийг барин сонгогчидтой уулзалт зохион байгуулах, сонин хэвлэмэл материал тараах зэргээр нам болон нэр дэвших гэж буй хүмүүсээ сурталчилсан агуулга бүхий үйл ажиллагаануудыг явуулж байгаа нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болж байна.
Мөн нэр дэвшихээр бэлдэж буй хүмүүсийн дийлэнхи сонгогчдын саналыг татах зорилгоор сонгогчдод эд бараа тараах, хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх, дайллага, цайллагад урих байдал мониторинг хийж буй орон нутгуудад элбэг тохиолдож байна.
Сонгуулийн кампанит ажил
Улс төрийн нам, эвсэл, нэр дэвших гэж буй хүмүүсийн зүгээс олон нийтэд хандсан сонгуулийн кампаний арга хэмжээ намжмал байдалд байгаа ч мониторингийн үйл явцад сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдлүүд бүртгэгдсэн хэвээр байлаа. Тухайлбал,
Онцлох үйл явдал
Дэлхийн Чингис судлалын академийн мастер улс төрч Төмөрбаатар Дорнод болон Хөвсгөл аймагт очиж иргэдтэй уулзалт хийхдээ “Одоогийн төр засаг, эрх барилцаж байгаа намуудыг олон улсын шүүхэд өгч байгаа”-г мэдэгдээд энэ жилийн сонгуулийг хууль бус хэмээн тав дахь удаагийн сонгуульд саналаа өгөхгүй байхыг иргэдэд уриалж, энэ сонгуулийг хүчингүй болгож НҮБ-ын хяналтан дор УИХ, ИТХ-ын сонгуулийг хамтад нь хийнэ” гэлээ.
Энэ нь УИХ-ын сонгуулийн хуулийн 37.11.9 дэх хэсгийг илтэд зөрчсөн үйл ажиллагаа мөн бөгөөд мониторингийн орон нутгуудад дээрх арга хэмжээ өдрөөс өдөрт өргөжин тэлж, хамрагдах сонгогчдын тоо өсөж байна.
Өргөдөл гомдол
Сонгуулийн ухуулга сурталчилгаанд холбогдох хуулийн хэм хэмжээг зөрчсөн асуудлаар мониторингийн орон нутгуудад анх удаа Өвөрхангай аймгийн тойргийн хороонд АН-аас гомдол гаргасан байна. Уг гомдол нь төрийн жинхэнэ албан хаагч сонгуулийн сурталчилгаа хийж буй асуудалтай холбоотой байна.
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн
Сонгогчдын боловсрол төв