Сонгууль зарлахаас өмнөх кампанит ажлын мониторингийн тайлан 04/21 - 05/14

2008 оны 4 дугаар сарын 21-ний өдрөөс 5 дугаар сарын 14-ний өдөр

Мониторингийн энэ хугацаанд орон нутгийн багийн гишүүд 90 сонгогч, 10 нэр дэвших гэж буй хүмүүс болон нам, эсвлийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, 6 сонгуулийн хороодын ажилтнуудтай уулзаж мэдээлэл цуглуулсан ба сонгуулийн сурталчилгааны гэж хэлж болох 62 удаагийн арга хэмжээнд 28 төрийн өмчийн унаа, 98 төрийн жинхэнэ албан хаагч дайчлагдан ажилласан байна.

Тус мониторинг нь УИХ-аас сонгуулийг товлон зарлахаас өмнөх 24 хоногийн хугацаанд үргэлжилсэн. Сонгуулийн кампанит ажил энэ хугацаанд маш идэвхитэй байж, сонгууль зарлахаас өмнөх 5 хоногийн хугацаанд улам идэвхижиж, УИХ-аас сонгуулийг товлон зарласан өдөр дуусгавар болсон.

УИХ-ын сонгуулийн шинэ хуулиар сонгуулийн хугацааг 75 хоног байсныг богиносгож 45 хоног болгосон, мөн сонгуулийн ухуулга сурталчилгаанд урлагийн тоглолт, шоу, уралдаан тэмцээн зэргийг хориглож, тойргийг томсгосон нь сонгууль зарлахаас өмнөх кампанит ажлыг дэвэргэсэн. Энэ хугацаанд нам, эвсэл, нэр дэвших гэж буй хүмүүс урлагийн тоглолт, шоу, уралдаан тэмцээн, дайллага, цайллага, хүлээн авалт зохион байгуулж, сонгогчдод эд бараа тарааж, эмнэлгийн үнэ төлбөргүй үйлчилгээг үзүүлэх зэргээр албан ёсны сонгуулийн кампанит ажлын хугацаанд хориглосон хэлбэрүүдийг өргөнөөр ашиглалаа.

Ингэхдээ,

  • өөрийн бичсэн ном, товхимлыг сурталчлах \Үгс, Иргэн та эрхэм дээд баялаг, Ногоон нүдэн лам зэрэг ном\
  • эрхэлж буй ажлаа танилцуулах, тайлагнах \УИХ-ын гишүүн тойрогтоо ажлаа танилцуулах, тайлагнах, Засаг дарга ажлаа тайлагнах, эсвэл ажил шалгах, томилолтоор яваа нэрээр урлагийн тоглолт, эмнэлгийн үзлэг хийх эмч нар дагуулан явах\
  • төрийн бус байгууллагын болон сан, клубуудыг сурталчлах \Ховдын ирээдүй хөгжил сан, Иргэн та баялаг сан, Хөвсгөл шинэ зуун клуб, Ногоон нүдэн лам уншигчдын клуб\
  • компани, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг сурталчлах \Нью прогресс групп, Солонго хороолол\
  • элдэв тэмдэглэлт баяр, ойн арга хэмжээ, аян зохион байгуулах “Хүмүүс сонины уншигчдын клубын Сайн үйлсийн аян шоу тоглолт, Хөвсгөл шинэ зуун клубын нэг жилийн ойн хүрээнд бөхийн барилдаан, гар бөмбөгийн болон язгуур урлагийн тэмцээн”

нэрийдлээр сонгогчдыг олноор цуглуулах, уулзалт зохион байгуулах, эд бараа тараах, бэлэг өгөх, хонжворт сугалаа зохион байгуулж байна. Тухайлбал, энэ хугацаанд зөвхөн Хөвсгөл аймагт гэхэд МАХН, АН-ын нэр дэвших гэж буй хүмүүсийн зүгээс 57 гэрийг сугалаа сугалуулах замаар тараасан байна.

Сонгуулийн кампанит ажил

Мониторингийн багийн ажигласан арга хэмжээний хүрээнд сонгогчид болон хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настнууд зэрэг нийгмийн бүлгүүдэд ямар нэгэн бэлэг, урамшуулал өгөх, дайллага, урлагийн тоглолт, шоу, уралдаан, тэмцээн зэрэг олон нийтийг хамарсан тусгай арга хэмжээ маш олноор зоион байгуулагдсан. Мөн нам, эвсэл, нэр дэвших гэж буй хүмүүсийн зүгээс эмнэлгийн үйлчилгээг төлбөргүйгээр үзүүлэх тохиолдол ч гарч байна. Тухайлбал,

  • Ховд аймагт МАХН-аас нэр дэвших гэж буй С.Бямбацогт 4 сарын 25-нд өөрийн компаниа сурталчилж, өндөр настан, өрх толгойлсон эмэгтэйчүүдтэй уулзалт, зохион байгуулж, 1 л савласан сүү, шахмал цай, Хүмүүс сонины тусгай дугаар өгч, урлагийн тоглолт үзүүлсэн байна. Мөн 12 баг тус бүрээс 1 өрхөд 25 кг гурил, бэлэн хувцас өгсөн.
  • Дорнод аймагт 5 дугаар сарын 4-ний өдөр “100 гэр” төслийн хүрээнд 100 өрхөд гэр өгсөн бол 5 дугаар сарын 13-ны өдөр МАХН-аас нэр дэвших гэж буй Ц.Жанлав хөдөөд 50, аймгийн төвд 50 гэрийг иргэдэд олгосон байна.
  • Сүхбаатар дүүрэгт нэр дэвших гэж буй УИХ-ын гишүүн Сү.Батболд тойргийн иргэдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, оношлох эмчлэх үзлэгийг 6,7,8,9 дүгээр хороонд зохион байгуулж, 3200 орчим хүнийг хамруулсан байна. Мөн Өвөрхангай аймагт МАХН-аас нэр дэвших гэж буй Г.Шийлэгдамба Уянга сумын Жаргалант багт эрүүл мэндийн үзлэг зохион байгуулсан байна.
  • Ховд аймагт АН-аас нэр дэвших гэж буй Т.Лхагва, Н.Хүрэлсүх нар цэнгүүн, МАХН-аас нэр дэвших гэж буй Л.Пүрэвдорж “Талархлын тоглолт” шоу зохион байгуулсан байна. 
  • Хөвсгөл аймагт МАХН-аас нэр дэвших гэж буй Ц.Даваасүрэн 5 дугаар 9,10-ны өдрүүдэд нийтдээ 4 удаа, 1050 хүнийг хамруулсан урлагийн тоглолт, хүлээн авалтыг зохион байгуулсан байна. 
  • Сүхбаатар дүүрэгт АН-аас нийслэлийн музей үзэх үнэ төлбөргүй аяллыг зохион байгуулж, үүндээ бүх хороодыг хамруулж, үдийн цай уулган, гар утасны нэгж тараасан байна.

Төрийн эх үүсвэрийг сонгуулийн кампанид ашиглах

Нэр дэвших гэж буй хүмүүсийн зүгээс зохион байгуулж байгаа арга хэмжээнд төрийн жинхэнэ албан хаагчид оролцох, төрийн унааг ашиглах зэрэг зөрчлүүд гарч байна. Тухайлбал,

  • Энэ тайлангийн хугацаанд Хөвсгөл аймагт нийт 12 төрийн жинхэнэ албан хаагч сонгуулийн кампанит ажил гэж хэлж болохуйц арга хэмжээнд оролцож, 14 цагийг зарцуулсан байна.

Хуулиар хориглосноос өөр, бусад хэлбэрээр  санал худалдан авах /сонгогчдын саналыг татах/

Энэ хүрээнд төгсөх ангийн сурагчид буюу шинэ сонгогчдод их дээд сургуулийн урилга гардуулах, сургалтын төлбөрийг нь төлөхөөр эсвэл төлбөрөөс чөлөөлөхөөр амлах, үнэ төлбөргүйгээр сургалт зохион байгуулах, тоглолтын билет тараах зэргээр сонгогчдын саналыг татах ажлуудыг хийж байна.

  • Сүхбаатар дүүрэгт нэр дэвших гэж буй УИХ-ын гишүүн Сү.Батболд “Залуу үе хөгжил” клубын үйл ажиллагааны хүрээнд Чингис зочид буудалтай хамтран тус дүүргийн 7,8,9,10 дугаар хорооны 18-аас дээш насны охидыг хамарсан зөөгчийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулахаар олон нийтэд зар тарааж 5 дугаар сарын 17-ноос 6 дугаар сарын 8-ныг дуустал бямба, ням гаригуудад хичээллэхээр болсон байна.
  • Ховд аймагт 11 дүгээр ангийн элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүүхдүүдэд багш нараар давтлага өгүүлж, багш нарийн төлбөрийг нь нэр дэвшигч төлсөн байна. Мөн зургийн цомгийн үнийг төлж, иргэний үнэмлэх аваагүй хүүхдүүдэд үнэмлэхийг олох ажил зохион байгуулсан байна.
  • Дорнод аймагт сонгогчдод МАХН-аас ОХУ-ын Агийн буриадын ардын дуу бүжгийн “Амар сайн”  чуулгын тоглолтын билетийг үнэ төлбөргүй тараасан байна. \уг билетийн үнэ 2500 төгрөг байсан байна\.
  • Ховд аймагт МАХН-аас нэр дэвших гэж буй С.Бямбацогт улсын их дээд сургуульд суралцах 200 оюутны сургалтын төлбөрийг төлөхөөр амласан байна.

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн
 Сонгогчдын боловсрол төв

Сонгууль