Хэвлэл мэдээлэлд МАХН, АН-ын сонгуулийн сурталчилгаа давамгайлж байна

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналтын сүлжээ”-ний хүрээнд “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагааас, 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд хийж буй хэвлэл мэдээллийн мониторингийн анхны тайлан бэлэн боллоо.  
Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн 2008 оны 6-р сарын 2-ноос хойших зургаа хоногийн хугацаанд,  өргөн нэвтрүүлгийн долоон хэрэгсэл  (МҮОНТВ, UBS, 25-р суваг, TV5, TV9, Eagle TV), нэг радио (MYОНP), өдөр тутмын гурван сонинд (Өдрийн сонин, Өнөөдөр, Зууны мэдээ), долоо хоног тутмын хоёр сонин (Сэрүүлэг, Хүмүүс) телевизийн нийт  629 цагийн, 99 цаг 10 минутын радиогийн нэвтрүүлэг бэлтгэн цацаж, өдөр дутмын сонины 18 дугаар, долоо хоног дутмын 2 сонин хэвлэгдэж, нийтийн хүртээл болжээ.

Үүнээс телевиз 6244 минут, радио 176 минутын нэвтрүүлгийг сонгуулийн мэдээлэлд, харин 4094 минутын эфирийг сонгуулийн сурталчилгаанд зориулсан байна. Мониторингийн урьдчилсан дүнгээс харвал:

1.    ХМХ-ээр хийсэн сонгуулийн сурталчилгаа тэнцвэртэй бус, МАХН, АН-ын сурталчилгаа давамгайлж байна. Бусад намын сурталчилгаа төдийлөн нөлөө үзүүлэхээргүй байна. Ялангуяа УИХ-д суудалгүй намын сурталчилгаа туйлын бага байна.
2.    Сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа мөн харилцан адилгүй, тэнцвэргүй байна.
3.    Сонгуулийн сурталчилгааны өнгө аясыг авч үзвэл, дийлэнх нь төвийг сахисан буюу эерэг мэдээлэл давамгайлсан байна. Энэ хугацаанд сөрөг мэдээлэл бага байлаа.
4.    МҮОНР энэ хугацаанд үнэ төлбөргүй сурталчилгаа хийх хуулийн заалтыг зөрчөөгүй байна. МҮОНТВ харин 83 минутын төлбөртэй сурталчилгаа хийжээ
5.    Бусад телевизийн хувьд сонгуулийн сурталчилгааны арван хувийн хязгаарлалтыг ТВ 9 телевизээс бусад нь хэтрүүлсэн байна.
6.    Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд далд сурталчилгааг нэлээн хэмжээгээр хийж байна. Өдөр дутмын сонинууд 14 000- 21 777 см2 зай талбайг, долоо хоног дутмын сонинууд гурван мянгаас зургаан мянга гаруй сантиметрийг  далд сурталчилгаанд зориулжээ. ТВ 9 телевизийн далд сурталчилгаа хамгийн бага, арилжааны бусад телевиз 19-23 хувийг далд сурталчилгаанд зориулжээ.
7.    МҮОНРТВ-ийн далд сурталчилгаа хоёроос гурван хувьтай байна.
8.    Сонгогчдын боловсрол, мэдлэгт зориулсан мэдээлэл туйлын бага байв

“Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үзэл бодлын индэр, мэтгэлцээний талбар болж, нэр дэвшигч, улс төрийн намуудын байр суурийг олон нийтэд ойлгуулж, зөв сонголт хийхэд туслах үүрэгтэй билээ.

2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн бүх хэрэгслийг хамруулах боломжгүй учир олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, зах зээл дээр харьцангуй удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж, олон нийтэд танигдсан, хамгийн нөлөөтэй гэсэн шалгуураар хэвлэл мэдээллийн хэрэгслийг сонгон авсан юм.

    Мониторингийг жирийн иргэд, “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын ажилтан нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй, сургалтад оролцож, бэлтгэгдсэн багхийж байна. Мониторингийг мэдээллийн тэнцвэрт, байдал, сонгуулийн сурталчилгааны 10 хувийн хуулийн хязгаарлалт, далд сурталчилгаа гэсэн гурван чиглэлээр, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Долгионы тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, Зар сурталчилгааны  тухай хууль, тэдгээрийн зохих зүйл заалтад үндэслэн хийж байна.

Сурталчилгааны тэнцвэрт байдал:

СЕХ-нд сонгуульд өрсөлдөхөөр албан ёсоор бүртгүүлсэн 12 нам, эвсэл байгаа ч мэдээлсэн цаг, зай талбай, мэдээллийн өнгө аясын хувьд нилээд ялгаатай байна. Үүнийг сонгуульд нэр дэвшигчид бүртгүүлэх ажиллагаа явагдаж байх үе энэхүү тайлангийн хугацаанд хамаарагдсан гэдэгтэй нэг талаар холбон тайлбарлаж, нөгөө талаар хуулийн дагуу жишиг болгох МҮОНРТ-ийн төлбөргүй сурталчилгааны хуваарь бүрэн тодорхой болоогүй байсантай холбон авч үзэж байна.
Телевизүүдэд МАХН, АН-ын сурталчилгаа давамгайлж байна. УИХ-д суудалтай бусад намаас ИЗН-ын сурталчилгаа UBS-д 15%,  Ийгл-д 12%, ЭХ орон нам- МҮОНР 13% ийг эзэлж байна. УИХ-д суудалгүй намуудад ТВ 5 суваг, 10%, 25-р суваг 9% эфирийн цагаа зарцуулжээ. 25-р суваг телевизээс (14%) бусад телевиз бие даасан нэр дэвшигчдэд хамгийн бага цаг зарцуулсан. МҮОНР-иор энэ хугацаанд сурталчилгаа явуулаагүй байна.

Өдөр тутмын сонины хувьд мөн л МАХН, АН-ын сурталчилгаа голлож байв. Өнөөдөр сонин МАХН (41%), АН (25%), Өдрийн сонин АН (41%), МАХН (33%), Зууны мэдээ - МАХН (48%), АН (34%)-ын сурталчилгаанд зориулсан бол бусад намуудад хамгийн ихдээ 5-6% ногдсон. Нийт сурталчилгаанд бие даан нэр дэвшигчдийн эзлэх хувь нь Өдрийн сонин-15%, Өнөөдөр- 11%, Зууны мэдээ- 8% байна. 

Долоо хоног дутмын сонины хувьд АН-ын намын сурталчилгаа хамгийн их байсныг сониноор нь гаргавал Хүмүүс -70%, Сэрүүлэг- 81%-тай байна. Сэрүүлэг сонин нийт сурталчилгааны 15%-ийг Иргэний эвсэлд зориулсан. Бие даан нэр дэвшигчдийн тухай сурталчилгаа хоёр сонинд адил 3-4% эзэлжээ.

Сонгуулийн сурталчилгааны чанарын хувьд 25-р суваг телевизийн нэвтрүүлгийн 28%, бусад сувгийн 50-84% нь төвийг сахисан. UBS, Ийгл телевизэд сөрөг мэдээлэл хамгийн бага, МҮОНТ, ТВ 9-д хамгийн их (13-14%) байв. Эерэг мэдээлэл МҮОНРТ-д хамгийн бага-8%, 25-р суваг телевизэд хамгийн их (69%) байлаа.

Телевизийн эфирийн цагийг хамгийн их эзэлсэн нэр дэвшигч нь Н.Болормаа (323 мин), З. Алтай  (140 мин 24 сек),  Г.Баярсайхан    (134 мин), Ц.Элбэгдорж (118 мин), сонины хамгийн их зай талбай зориулагдсан нэр дэвшигч С. Баяр (3646 см2), Б.Лхагважав (3645 см2). Бусад нэр дэвшигчид өргөн нэвтрүүлэгт 100 минутаас бага, сонинд 1775 см2-аас бага буюу зарим нэр дэвшигчдийн тухай огт дурьдагдаагүй байх нь түгээмэл байв.

Арван хувийн хуулийн хязгаарлалт:

Төлбөртэй сурталчилгаанд захиалгат гэж тэмдэглэгдсэн, эсвэл нам, мөрийн хөтөлбөрийн сурталчилгаа, сүлжээт болон сүлжээт бус нэвтрүүлэгт намын төлөөлөл, нэр дэвшигч оролцсон, нэр дэвшигчийн хөрөг, мэдээний хөтөлбөрт намуудын сонгуулийн штабаас хийсэн мэдээ, сурвалжлага, намын лого, тэмдэгтэй гарч буй мэдээ, мэдээлэл, реклам, ролик зэргийг хамруулав. 

Мониторингийн хугацаанд МҮОНР үнэ төлбөргүй сурталчилгаа хийх заалтыг зөрчөөнүй байна. Харин МҮОНТВ нийт нэвтрүүлгийнхээ 1.5 хувийг төлбөртэй сурталчилгаанд ашиглажээ. Төлбөрт сурталчилгааны арван хувийн хязгаарлалтыг авч үзвэл, ТВ 9 телевизээс ( 5.3) бусад нь энэ хязгаарлалтыг хэтрүүлжээ. Гэхдээ ТВ 5 ганцхан хувиар, UBS 1.3 хувиар, 25-р суваг дөрвөн хувиар хэтрүүлсэн бол харин Ийгл телевиз хамгийн их буюу нэвтрүүлгийнхээ 20%-ийг сонгуулийн сурталчилгаанд зориулсан байна.    

Далд сурталчилгаа:

Өдөр дутмын сонинуудаас Өдрийн сонин 21 777 см2, Өнөөдөр-14609(см2), Зууны мэдээ- (14575 см2) сонин хоёр бараг адил зай талбайг далд сурталчилгаанд зориулжээ. МҮОНТВ гурван хувийн, МҮОНР хоёр хувь, UBS 21%,  Ийгл 19%, ТВ 5 23%, 25-р суваг 22%ь ТВ 9 10%-ийн далд сурталчилгаа хийжээ.

“Глоб Интернэшнл“ ТББ нь 1999 онд байгуулагдсан ба мэдээлэл, хэвлэл мэдээлэл болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр ажилладаг. Тус байгууллага нь 2004 оны УИХ-ын, 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн  үеэр хэвлэл мэдээллийн мониторингийг хийж байгаа билээ.

Сонгууль