Хугацаат цэргүүдийн 20-30 хувь нь иргэний үнэмлэхгүйгээс сонгуульд оролцох эсэх нь тодорхойгүй байна

Сонгогчын үнэмлэхийг олгож эхлэхэд дөрөв хоног үлдээд байхад хугацаат цэргийн албан хаагчдын 20-30 орчим хувь нь иргэний үнэмлэхгүй байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орж бүх сонгогчдод иргэний үнэмлэх, регистрийн дугаарыг үндэслэн сонгогчийн үнэмлэх олгох тухай заалт орж батлагджээ. СЕХ энэ тухай БХЯ болон ЗХЖШ-д мэдэгдсэний дагуу 2008 оны эхний ээлжийн албан хаагчид иргэний үнэмлэхтэйгээ цэргийн албанд ирсэн байна. Гэтэл 2007 оны хоёрдугаар ээлжийн цэргүүд өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу баримт бичгүүдээ бүрдүүлж иргэний үнэмлэхгүй цэрэгт иржээ.

Сонгогчын үнэмлэхийг олгож эхлэхэд дөрөв хоног үлдээд байхад хугацаат цэргийн албан хаагчдын 20-30 орчим хувь нь иргэний үнэмлэхгүй байна.

Сар хүрэхгүй хугацаанд бүх хугацаат цэргийн албан хаагчдын тал хувийнх нь иргэний үнэмлэхийг гэрээс нь авчирах, дахин болон шинээр олгуулах гэдэг ажил амар биш юм гэж БХЯ-ны Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Бадамбазар хэллээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орж бүх сонгогчдод иргэний үнэмлэх, регистрийн дугаарыг үндэслэн сонгогчийн үнэмлэх олгох тухай заалт орж батлагджээ. СЕХ энэ тухай БХЯ болон ЗХЖШ-д мэдэгдсэний дагуу 2008 оны эхний ээлжийн албан хаагчид иргэний үнэмлэхтэйгээ цэргийн албанд ирсэн байна. Гэтэл 2007 оны хоёрдугаар ээлжийн цэргүүд өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу баримт бичгүүдээ бүрдүүлж иргэний үнэмлэхгүй цэрэгт иржээ.

Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу цэрэг татлагыг зохион байгуулдаг. Энэ нь хугацаат цэргийн албан хаагч ямар баримт бичгээр цэрэгт татагдах тухай заасан байдаг бөгөөд иргэний үнэмлэхийн оронд цэргийн үүрэгтний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нэг хувь зурагтай байх ёстой гэнэ.

Ядаж гурван сарын өмнө энэ тухай мэдэгдсэн бол байдал арай л хүндрэл багатай байх байсан гэж Ж.Бадамбазар хэлж байгаа боловч СЕХ-ны Нарийн бичгийн дарга Баярсайхан бүх цэргийн албан хаагчид иргэний үнэмлэхтэй байх тухай тушаалыг 2001 онд БХЯ болон ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар гаргасан байдаг. Энэ дагуу бүх цэргийн албан хаагчид иргэний үнэмлэхээ биедээ авч явж байх ёстой гэж байлаа.

Цэргийн албан хаагчдын 80 орчим хувь нь иргэний үнэмлэхээ гэртээ үлдээсэн ба хөдөө орон нутгаас ирсэн албан хаагчдын гэр орон нь нүүгээд хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тохиолдол цөөнгүй байна. Ялангуяа саяхан болсон байгалийн гамшгийн улмаас өөр аймаг руу нүүсэн байх нь элбэг байгаа гэж БЗД-ийн цэргийн штабын ажилтан дэд хурандаа Ч.Цог хариулж байна. Мөн багагүй хүндрэл учруулж буй асуудал нь огт иргэний үнэмлэхээ аваагүй болон хаяж үрэгдүүлсэн явдал гэнэ. Нийт иргэний үнэмлэхгүй цэргийн албан хаагчдын 10 орчим хувь нь огт иргэний үнэмлэхээ аваагүй мөн 10 орчим хувь нь гээж үрэгдүүлсэн байна гэж БХЯ-наас мэдээлж байгаа.

Цэргийн албан хаагчдын материал зохих газартаа хүрсэн болохоор үлдсэн хугацаанд амжуулж үнэмлэхийг ирүүлэхээр хичээж байгаа. Гэвч зарим аймгийн засаг даргын тамгын газар энэ ажилд огт санаа тавихгүй байна. Тухайлбал нэг аймагт 130 иргэн үнэмлэхгүй байгаагийн 10 орчим хувь нь хугацаат цэргийн албан хаагчид байхад цэргийн албан хаагчдын иргэний үнэмлэхийг олгох асуудлыг шууд хойш нь тавьчихаж байна.

Шинээр болон дахин авч байгаа цэргүүдийн зургийг анги нэгтгэлүүд нь авахуулж цэргийн штаб руу иргэний үнэмлэх авахад шаардагдах бүх материалын хамт явуулна. Тэд тухайн оршин суугаа аймгийн Засаг даргын тамгын газарт нь явуулаад иргэний үнэмлэх гарахаар нь дахин шилжүүлэг хийлгээд цэргийн штаб руу явуулж анги нэгтгэлүүд нь штаб дээр цэргүүдээ авч ирж гарын үсэг зуруулан үнэмлэхийг олгох юм байна. .

2004 онд хугацаат цэргийн албан хаагчид сонгогчийн үнэмлэхээ цэргийн үүрэгтний үнэмлэх дээр үндэслэн авч сонгуульд оролцжээ. Учир энэ баримт бичиг нь цэргийн насны буюу 49 хүртэлх насны бүх эрэгтэйчүүдийн нийгмийн байдал болон иргэний бүртгэлийн мэдээллийг багтаасан байдаг бөгөөд 18 нас хүрсэн л бол албан ёсоор энэ баримт бичгийг олгодог юм байна.

Иргэний үнэмлэхийн хураамж 6,000 төгрөг байдаг ба яаралтай гаргуулж байгаа тул энэ хураамж хоёр дахин нэмэгдэж 12000 төгрөг болох юм байна. Энэ хураамжийг хугацаат цэргийн албан хаагчийн цалингаас /сард 8,500 төгрөг олгодог./ төлүүлж байгаа юм байна.

Сонгууль