УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог 4889 “хий үзэгдэл”-тэй

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн Филантропи хөгжлийн төлөө төв, Завхан аймгийн Хуульч эмэгтэйчүүдийн холбоо төрийн бус байгууллагууд хамтран 2008 оны тавдугаар сарын 28-наас эхлэн УИХ-ын сонгуулийн 22 болон есдүгээр тойргуудад сонгогчдын нэрийн жагсаалтад мониторинг хийж байна. Энэ хугацаанд эзгүй айлын хаалга мөргөх, ухуулж тайлбарлаад байхад учир ойлгохгүй зарим баг хороодын засаг дарга нарт баримт бүртгэлээ хураалган дүрэмдүүлэх, нохойд зуулгаж гэмтэх гэх мэт олон бэрхшээлийг даван туулж, хавсарга тавьсан хаврын өдрүүдэд хаяг нь давхардсан 50 мянган иргэнийг олж бүртгэлийг нь тулгаж шалгалаа. 

 Одоо эдгээр иргэний бүртгэлийг сонгогчдын нэрийн жагсаалтад үнэн зөвөөр нь оруулах, байхгүйг нь жагсаалтаас хасуулж цэгцлэх ажлыг хийж байна. Уг ажлын зорилго нь сонгууль бүрээр будлианы эх сурвалж болдог хэмээн хэл ам дагуулсаар ирсэн нэрийн жагсаалтыг дээрх хоёр тойргийн хэмжээнд үнэн зөв гаргахад хувь нэмэр болох, сонгогчдыг эрх ашгийг хамгаалан сонгуулийн будлианаас сэргийлэхэд оршино.

Тавдугаар сарын 28-наас Зургадугаар сарын 10 хүртэлх хугацаанд УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог буюу нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргийн нийт 22 хорооны сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 29545 иргэний хаягаар очиж тулгалт хийхэд 19760 хүн буюу 67 хувь нь янз бүрийн шалтгаанаар бүртгэгдсэн хаяг дээрээ байхгүй байна. Тухайлбал, нас барсан 15, өөр газар шилжин суурьшсан 2913 иргэн, түр оршин сууж байгаад нүүсэн 2596 хүн, огт байхгүй 4889 сонгогч байна.

Хайгаад олдохгүй, оршин суугаа гэж бүртгэгдсэн хаяг дээрээ байхгүй ийм сонгогчдыг сонгуулийн олон улсын практикт “хий үзэгдэл” гэж хочилдог. Тэгэхээр 22 дугаар тойрог 4889 хий үзэгдэлтэй болж таарч байна. Тухайлбал, мониторингийн явцад Баянзүрх дүүргийн 15-р хорооны 6-р байрны 23 тоотод 18 хүн байна гэж бүртгэснийг шалгахад тэднээс нэг нь ч энэ хаяг дээр оршин суудаггүй, оронд нь огт өөр хүмүүс амьдарч байна. Нягтлан үзвэл уг тоот нь түрээсийн байр бөгөөд оршин суугчид нь байнга солигддог болох нь тодорхой болжээ. Энэ байрны 18 тоотод нь 14 хүн байна гэж бүртгэснээс тав нь л байдаг, 21 тоотод 11 хүн байна гэсний дөрөв нь байдаг, 22 тоотод 11 оршин суудаг гэсний нэг нь ч байдаггүй, 17 тоотод 10 хүн байна гэсний гурав нь л байх жишээтэй. Ийм маягаар үргэлжилсээр хий үзэгдлийн тоо одоогийн байдлаар 4889 болчихоод байна. Энэ бол 22 дугаар тойргийн хорооны сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 150 мянга орчим сонгогч бүртгэгдсэн байгаас зөвхөн 20 хувьд нь мониторинг хийхэд гарч байгаа дүн.

Филантропи хөгжлийн төлөө төв өнөөг хүртэл тус тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй 150 мянга орчим хүнээс нийт 49 мянгынх нь бүртгэлд хаягийн тулгалт хийгээд байна. Бид мониторингийн сүүлийн дүнг зарим иргэний хаягаар дахин очиж тулгалт хийн нягталсны үндсэн дээр нэгтгэх ажлыг одоо хийж байна. Сонгуулийн хуулиар нам эвслээс өөр этгээд нэрийн жагсаалтыг бүтнээр нь авч хянах боломжгүй учир үүнээс цааш бидний хийж чадах зүйл үнэндээ хомс. Гэтэл хэдхэн хоногийн дараа сонгууль болно. Тэгэхээр дээрх тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтын үлдсэн гуравны хоёр хувьд нь ямар зөрчил байгааг хэн ч мэдэхгүй байсаар сонгууль болдгоороо болоод өнгөрөх нь. Уг нь ардчилсан сонгуулийн олон улсын жишгээр сонгогчдын нэрийн жагсаалт нь ямар нэг хэлбэрээр олон нийтэд ил тод байх учиртай баримт бичиг байдаг. Нэрийн жагсаалтыг сонгууль болохоос хангалттай хугацааны өмнө ил болгож, үнэн зөв эсэхийг сонгуульд оролцогч нам эвсэл, нэр дэвшигч, иргэний нийгмийн байгууллагууд хянах боломжоор тэгш хангагдах нь олон талаар ашигтай бөгөөд сонгуулийг шударга явуулахад онцгой чухал нөлөөтэй юм. Түүнээс төрийн эрх мэдэлтнүүд нь нууц гэж ам таглан хав дарж байгаад сонгууль болохоос өмнөхөн гаргаж үзүүлсэн болоод будлиантай ч байсан, үгүй ч байсан сонгуулиа явуулчихдаг манайх шиг улс цөөхөн.

УИХ-ын сонгуулийн хуулийн 20.4-т хэсгийн хороод сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгууль болохоос 15-аас доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавьж, нийтэд чөлөөтэй танилцах бололцоо олгоно гэж заасан боловч лав л бидний мониторинг хийсэн хэсгийн хороод биелүүлэхгүй байгаа байдал ажиглагдаж байна. 20.4-р заалт нь сонгуулийн үйл явцын ил тод байдлыг хангахтай холбоотой манай сонгуулийн хуулинд орсон цөөхөн чухал заалтын нэг юм. Энэ сонгуулиар хэсгийн хороод сонгогчдын нэрсийн жагсаалтыг 2008 оны 6-р сарын 9-ний өглөө гэхэд нэгтгэж, 2008 оны 6-р сарын 14-нд нийтэд чөлөөтэй танилцах бололцоо олгож өөрийн байранд ил тавих үүрэгтэй байсан. Гэтэл 2008 оны 6-р сарын 14, 15-ны өдрүүдэд 22-р тойргийн 42 хэсгийн хорооны 34-ийнх нь байдалтай танилцахад сонгогчийн нэрсийн жагсаалтыг нэгтгэж дуусаагүй, ил тавиагүй байв. Иргэний нийгмийн хяналт сүлжээнээс хуулиа биелүүлэх шаардлагыг хүргүүлсэн боловч 6-р сарын 19-нд зарим нэг хэсгийн хороон дээр дахин очиж үзэхэд нэрийн жагсаалт нь сураггүй хэвээрээ байлаа.

Цаашид сонгууль болгонд будлианы эх сурвалж болдог гэж хэл ам дагуулсаар ирсэн сонгогчдын нэрийн жагсаалтын асуудлыг нэг мөр цэгцлэхэд жагсаалтыг иргэний нийгмийн байгууллагууд бүхэлд нь авч, хяналт тавих боломж нөхцлийг хуулиар бий болгох нь зүйтэй болохыг УИХ-д шинээр сонгогдох эрхэм гишүүд эрх биш ойлгоно гэж найдаж байна.

Сонгууль