Улс төрийн зарим нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт хийсэн шинжилгээ

Энэ шинжилгээ МАХН, АН, БНН, ИЗН, ҮШН, Иргэний эвсэл зэрэг субъектын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хамарсан болно. Нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийхдээ эрх зүйт ёс (Rule of Law)-ны нийтлэг зарчмыг хэрэгжүүлэх, төлөвшүүлэх, төгөлдөршүүлэх үзэл баримтлалыг хэрхэн тусгаж, ажил хэрэг болгох арга зам, шийдлийг оновчтой тодорхойлсон байдлыг гол шалгуур, үзүүлэлт болгов.

(Эрх зүйт ёс (Rule of Law )-ны зарчмын аспектээр )

Энэ шинжилгээ МАХН, АН, БНН, ИЗН, ҮШН, Иргэний эвсэл зэрэг субъектын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хамарсан болно. Нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийхдээ эрх зүйт ёс (Rule of Law)-ны нийтлэг зарчмыг хэрэгжүүлэх, төлөвшүүлэх, төгөлдөршүүлэх үзэл баримтлалыг хэрхэн тусгаж, ажил хэрэг болгох арга зам, шийдлийг оновчтой тодорхойлсон байдлыг гол шалгуур, үзүүлэлт болгов.

Эрх зүйт ёс нь хүн төрөлхтөний улс төр, эрх зүйн үнэт зүйл, үзэл санаа төдийгүй  аливаа  төр улсын чанарыг хэмжих хэмжүүр, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хэрэгжүүлэх механизм, орчин үеийн төр ёсны тэргүүлэх загвар гэж өдгөө нийтээр хүлээн зөвшөөрөгджээ. Тийм учраас улсын хууль тогтоох байгууллагад төлөөлөгчөө оруулах, улмаар  засгийн эрх мэдлийг барих, барихад оролцохын төлөө   мөрийн хөтөлбөр уралдуулж байгаа улс төрийн нам, эвслийн чансааг тодорхойлох хамгийн гол шалгуур, үзүүлэлт нь эрх зүйт ёсны стандарт байх нь эргэлзээгүй юм. Энэ үзэл баримтлалын үүднээс улс төрийн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт үнэлгээ хийхдээ эрх зүйт ёсны  дараах 7 гол шалгуурыг агуулгын стандарт болгон авч үзэж, мөн эрх зүйт ёсны хэлбэрийн шаардлага буюу хууль зүйн тенхикийн стандартыг нэмэлт үзүүлэлт болгон шинжилгээ хийлээ. Үүнд:

1. Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг  боловсронгуй болгох үзэл баримтлал

2. Хүний үндсэн эрхийн баталгааг хангах талаарх зорилт

3. Хууль дээдэх ёсыг  хангах, хэрэгжүүлэх арга зам

4. Үндсэн хуульт ёсыг дээдлэн сахих талаарх зорилт

5. Хараат бус шүүхийг тогтоох үзэл баримтлал

6. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль ёсыг чандлан сахидаг дэг журмыг тогтоох

7. Иргэний нийгмийг төлөвшүүлэн хөгжүүлэх зорилт

8. Эрх зүйт ёсны хэлбэрийн стандартын талаар дэвшүүлсэн зорилт зэрэг болно.  

 Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг хамгаалах, боловсронгуй болгох, төгөлдөршүүлэх нь эрх зүйт ёсны нэг гол шаардлага, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үндсэн механизм, Үндсэн хууль, үндсэн хуульт ёс оршин тогтох үндэс юм. Тийм учраас 1789 оны Францын “Хүний болон иргэний эрхийн тунхаг”-т  төрийн эрх мэдлийг хуваарилаагүй улс оронд хүний эрх хангагдаж, үндсэн хууль бодитой орших бололцоо байхгүй гэж тунхагласан билээ. Дээрх намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт  монголын төрийн тогтолцооны хамгийн эмзэг, бас хамгийн их хүлээлт бүхий энэ асуудлыг зөвхөн ҮШН намын мөрийн хөлбөрт “эрх мэдэл хуваарилах сонгодог зарчимд нийцүүлнэ” хэмээн дурьсаныг эс тооцвол бусад нам, эвслийн мөрийн хөтөлбөрт энэ талаар огт авч үзээгүй байна. Монгол улсад төрийн эрх мэдлийн хуваарилалт зөв голдрил дээр зогсож чадаагүй, эрх мэдлийн тэнцвэр, хяналт алдагсан нь судалгааны төвшинд ил тод болсон асуудал боловч эдгээр улс төрийн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орон зай эзэлж чадаагүй байна.

Улс төрийн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт  хүний үндсэн эрхийн хэрхэн баталгаажуулах, хэрэгжих нөхцөлийг яаж хангах талаарх зорилтыг судалж үзвэл оновчтой шийдэл бүхий үзэл баримтлал, зорилт олдсонгүй. Гэтэл өдгөө монгол улсад хүний үндсэн эрх шууд хэрэгжиж байх ёстой (self-executive) гэх эрх зүйт ёсны зарчим ойголтын төвшинд ч орон зайгаа бүрэн эзлээгүй, хүлээлт бүхий зорилт хэвээр  байна. Монгол улс цаашид эрх зүйт төр, иргэний нийгмийг төлөвшүүлэн хөгжүүлэхийн тулд хүний үндсэн эрхийн хамгаалалтыг улам бэхжүүлэх, өөрөө хэрэгжих механизмд нь саад болсон хориг тээгийг чөлөөлөх, бусад эрхээс ялган зааглах зэрэг ажилтай зайлшгүй тулгарна.Тийм учраас төрий жолоо атгах, атгалзахын төлөө хүч сорьж байгаа улс төрийн намуудын сонгуулийн  мөрийн хөтөлбөрөөс  энэ асуудлыг хайх нь зүйн хэрэг юм. Энэ хэрэгцээ, шаардлага, үзэл санааг удирдлага болгон намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг задлан шинжилвэл МАХН хүний амьд явах эрхтэй холбоотой зарим стандартыг мөрийн хөтөлбөртөө оруулсан байна. Тухайлбал, “Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг хангаж, хүний наймаа, хулгай дээрэм, хүчирхийллийн илрэлтэй шийдвэртэй тэмцэл явуулна”, “...иргэдийн амь нас аюулгүй байдлыг хангахын төлөө тууштай арга хэмжээ авна” гэжээ. Энэ зорилт хүний үндсэн эрхийн нэгдмэл тогтолцоотой харьцуулбал зөвхөн зарим нэг тал хэсгийг л хамарч байгаа болохоор цогцоор зорилт дэвшүүлсэн хэмээн үзэх аргагүй юм.

АН “иргэдийн нэр төр, өмч хөрөнгө, орон гэрийн халдашгүй дархан байдлыг хуулиар баталгаажуулна” гэсэн бол Иргэний эвсэл иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ” гэснээс хэтрээгүй байна. Бусад намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хүний үндсэн эрхийн асуудлыг хөндөөгүй байна.  

Эдгээрээс харахад засаг төр байхын гол утга учир болсон хүний үндсэн эрхүүдийг  бусад эрхээс ялган тодорхойлж, шүүхээр  хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх зорилт манай улс төрийн намуудын ой санамжид бүрэн суугаагүй, зарим тал элементийг хөндөх төдий төвшинд  байна гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Үндсэн эрх- зуунаас зуунд шалгарч үлдсэн, тасралтгүй хөгждөг, хэнээс ч гуйдаггүй, өөрөө хэрэгжих ёстой, хүнээс салгах аргагүй эрхүүдийн цогц юм. Чухамхүү тухайн улс хүний  үндсэн эрхийг хамгаалалт, баталгаажуулалтын  төвшнөөрөө олон улсын  хүрээнд хүний эрхийн индексийг яаж хангаж байгааг илтгэх гол үзүүлэлт болохоос гадна төрийн дэглэмийн шинж чанарыг тодорхойлох, бүхэлдээ улсын мөн чанарын толь гэдэг талаас нь хараагүй мэт санагдана.

    Хууль дээдлэх ёс бол эрх зүйт ёсны нэг амин сүнс мөн. Хууль дээдлэгдэх эсэх нь олон нийтийн эрх зүйн соёлоос шалтгаалах хэдий ч  хамгийн гол нь хууль өөрөө хүлээн зөвшөөрөгдөхүйц байгаа эсэхээс шууд хамаардаг. Хууль хүлээн зөвшөөрөгдөхийн тулд агуулгын болон хэлбэрийн стандартыг хангасан байх учиртай. Хууль хүлээн зөвшөөрөгдсөнөөр хэрэгжиж, дээдлэгдэж, улмаар хүмүүсийн хамгаалалтад орно. Тийм учраас Эрнан де Сото “хууль хүмүүсийг хамгаалаагүй цагт хуулийг хүмүүс хамгаалдаггүй юм” гэж хэлсэн. Ийм хуулиудтай болох явдал монголын хойшлуулшгүй зорилт юм. Уг асуудалд улс төрийн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр хэр анхаарсныг задлан шинжилвэл энэ талаар цогц үзэл баримтлал дэвшүүлсэн нам, эвсэл алга байна.  

Харин МАХН, АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр уг асуудалд түлхүү анхаарчээ. МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн  “Эрх зүйт төрийн төгөлдөршил” гэсэн хэсэгт эрх зүйн шинэтгэлийн шинэ үе шатыг эхлүүлнэ гээд “Монголын ард түмний язгуур эрх ашиг, түүх соёлын онцлогт  нийцсэн, өнөөгийн хүрсэн түвшин, нөхцөл байдлыг харгалзсан, шинжлэх ухааны үндэслэлтэй, боловсруулалтын шаардлагыг сайтар хангасан, чанартай, үйлчлэх чадвартай хууль тогтоомжуудыг гаргахыг эрх зүйн шинэтгэлийн гол зарчим болгон хэрэгжүүлнэ” гэж заасан байна.  Энэ хэсгээс харахад МАХН -ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хууль дээдлэгдэх гол нөхцөл болсон агуулгын болон хэлбэрийн шаардлагын  зарим талыг дэвшүүлсэн байна. Гэхдээ эрх зүйн хэм хэмжээнд тавих агуулгын стандартыг зөвхөн үндэсний хэмжээгээр хязгаарласан тал ажиглагдаж байна.  Байх ёстой зүйл буюу эрх зүйн үнэт зүйлд өдгөө хил хязгаар үгүй бөгөөд нийтлэг утга чанартай, түгээмэл шаардлага болсон билээ. Монгол улсын хуулиуд эрх зүйн үнэт зүйлээс хол хөндий улмаар Үндсэн хууль болон Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, ковенцуудад ч нийцээгүй хэм хэмжээ ч олонтаа байгаа нь нууц биш билээ. Иймээс хуульд тавих агуулгын шаардлагыг хэрхэн хангах тухай асуудал бас л асуудал хэвээр үлдэж байна.

АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт эрх зүйн иж бүрэн шинэтгэл хийх зорилт дэвшүүлж, түүнийхээ үндэслэлийг “Иргэдийнхээ эрх, эрх чөлөөт байдлыг орчин цагийн шаардлагад нийцүүлэн хангах, улс төрийн харилцааг эрүүлжүүлж хариуцлагажуулах, орон нутгийн эрх мэдлийн хомсдолыг арилгах” гэж заасан байна. Энэ нь монгол улсын хуулиудыг хүний эрх, эрх чөлөөний нийтлэг стандарттай нийцүүлнэ гэсэн агуулгатай байна гэж үзэж болно. Гэхдээ агуулгыг илэрхийлэх зөв хэлбэр буюу хууль зүйн зөв техникгүй бол хууль мөн л доголдож, цаасан дээр үлдэх нөхцөл болдог. Тийм учраас АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хууль дээлэгдэх ёсны нэг том багана хууль зүйн техникийн стандарт мөн л анхааралд нь өртөөгүй үлдсэн байна.     

МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт  эрх зүйн хэм хэмжээ тодорхой байх, зөрчилгүй байх, шатлан захирагдаж байх зэрэг хууль зүйн техникийн нийтлэг зарчмыг хэрэгжүүлэхийг онцолсон байна. Хууль зүйн техникийн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн, нийтээр даган биелүүлж байгаа арваад зарчим, стандарт бий. Тэдгээрийг биелүүлэх, хэрэгжүүлэх, баримтлах явдал Монгол улсын хууль тогтоох үйл ажиллагаанд ус агаар мэт үгүйлэгдэж байгаа билээ. Тэдгээрээс МАХН гурвыг онцолсон бол АН хууль нийтлэг байх гэсэн ганцхан зарчмыг хууль тогтоох ажиллагааны гол зарчим болгоно гэсэн байна. Монголд улсын хууль тогтоох ажиллагаанд баримтлах ёстой иж бүрэн стандартаас ийнхүү зарим нэгийг  нь сугалан дурьдсан нь хөтөлбөр боловсруулсан багийн мэргэжлийн  чадвар дутсантай холбоотой байж мэдэх юм.  Харин хууль тогтоох ажиллагаанд хууль зүйн техникийн нарийн хууль байдаг гэдгийг мэргэжлийни бус төвшинд мэдэрч, алаг цоог ч гэсэн хөндсөн нь дэвшил юм.

Эдгээрээс дүгнэж үзвэл хууль дээдлэх ёс хэрэгжих уг үндэс болсон хууль өөрөө хүлээн зөвшөөрөгдөхүйц агуулга, хэлбэртэй байх шаардлагыг улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө цогц байдлаар тусгаагүй  байна. Сайн хуулийг хүмүүс биелүүлэх төдийгүй хамгаалаад, хэрэгжүүлээд явдаг. Тийм учраас хууль дээдлэгдэх эсэх нь хуулиас өөрөөс нь шалтгаалдаг. Хуулийн чанар, хүлээн зөвшөөрөгдөх үндсийн талаар намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусаагүй байна. Харин МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлж, хууль дээдлэх ёсыг амьдралын бүх хүрээнд хэвшүүлэхийн төлөө ажиллана” гэж заасан байна. Иргэдийн эрх зүйн боловсрол, соёл хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлэхэд  чухал хэдий ч хууль өөрөө хүлээн зөвшөөрөгдөхүйц байх нь хамгийн гол асуудал юм. Энэ асуудал мөн л улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гадна үлджээ.

 МАХН “Нийтийн эрх ашгийг хөндсөн томоохон хуулиудыг батлахаас 45-аас доошгүй хоногийн өмнө иргэдээр нээлттэй хэлэлцүүлж саналыг авдаг журмыг хэвшүүлнэ”, Иргэний эвсэл “Интернэтэд 60 хоногийн өмнө нийтэлж, нээлттэй хэлцүүлэг хийгээгүй хуулийн төслийг УИХ-д хэлэлцэхийг хязгаарлана” гэж сонгуулийн мөрийн хөтөлбөрт заасан нь хуульд олон нийтийн санаа бодлыг тусгах, улмаар хууль хүлээн зөвшөөрөгдөхөд тус дөхөм болох механизмыг санал болгосон байна.

 Амин сүнстэй, хүлээн зөвшөөрөгдөх, хүмүүсийн хамгаалалтад байхаар хуулийг сайн парламентгүйгээр төсөөлөх аргагүй. Парламентийн чанарыг дээшлүүлэх, төлөөлөх чадварыг хангах, хууль тогтоох ажиллагааны арга, технологийг хөгжүүлэх, улмаар төрийн тогтолцоог  боловсронгуй болгох талаар улс төрийн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тодорхой зорилт  тусгаагүй байна.  Харин Иргэний эвсэл мөрийн хөтөлбөртөө  “...төрийн тогтолцоог бүрдүүлэгч гол хуулиудыг өөрчилж, ард нийтийн өргөн хэлэлцүүлгийн үндсэн дээр улс төрийн цоо шинэ, шударга парламентийн тогтолцоог бүрдүүлнэ” гэж заасан бол ҮШН  “Монголын төрийн тогтолцоог засаглал хуваах, эрх мэдэл хуваарилах сонгодог зарчимд нийцүүлэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн засаглал тогтоох талаар ард нийтийн санал асуулга явуулна” гэж заажээ.

Иргэний эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт дэх парламентийн шинэ тогтолцоо бүрдүүлэх санаа нь бүрхэг хэдий ч парламентийн өнөөгийн тогтолцоог боловсронгуй болгох шаардлага байгааг олж харсан мэт санагдана. ҮШН төрийн тогтолцоог боловсронгуй болгох талаар нэлээд суурь шинжтэй асуудал дэвшүүлсэн хэдий ч “Ерөнхийлөгчийн засаглал тогтооно” гэсэн ойлгомжгүй нэр томьёог хэрэглэсэн байна. Ерөнхийлөгчийн засаглал тогтооно гэвэл нэг хүний засаг тогтоох нь гэсэн ойлголт төрж мэднэ. Энэ утгаараа орчин үеийн ардчиллын үнэт зүйлд нийцэхгүй. Харин Ерөнхийлөгчийн улсын хэлбэрт шилжүүлнэ гэвэл өөр агуулгатай болж, засгийн газраа парламентийн гадуур төрийн тэргүүн байгуулж, засгийн газар парламентийн хяналт дор ажиллдаг төрийн тогтолцоог чиг баримжаа болгож байна гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, АНУ лугаа адил төрийн тогтолцоог тогтоохыг зорьж байгаа юм байна гэж ойлгоно.

МАХН, АН зэрэг улс төрийн томоохон нам төрийн тогтолцоог боловсронгуй болгох талаар сонгуулийн мөрийн хөтөлбөртөө зарчмын шинжтэй үзэл баримтлал тусгаагүй нь  төрийн одоогийн тогтолцоог  зөв зүйтэй гэж үзэж байгаатай нь холбоотой болов уу. Харин улс төрийн нам, эвсэлийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт төрийн тогтолцооны институтын төвшний  өөрчлөлтөд түлхүү анхаарсан нь харагдана. Тухайлбал, ихэнхи нам УИХ-ын сонгуулийн тогтолцоог  өөрчилж, хувь тэнцүүлсэн тогтолцоонд шилжүүлэх, орон нутгийн эрх хэмжээг өргөтгөх, төрийн байгууллагыг үйлчилгээний байгууллага байх соёл, арга хэвшилд шилжүүлэх талаар нийтлэг үзэл баримтлалтай нь харагдаж байна. Жишээ нь, Төр, төрийн байгууллага иргэний хоорондын харилцаанд АН “төр удирддаг бус зохицуулдаг, төрийн албан хаагчийг татвар төлөгчдөд зөвшөөрөл олгодог бус харин үйлчилдэг зохистой хэв, гольдролд нь оруулна” гэсэн бол  Иргэний эвсэл  төрийн байгууллага иргэндээ хүнд сурталгүй үйлчилдэг стандарт журам хэрэгжүүлнэ, МАХН “төрийн байгууллага иргэний хоорондын харилцааг “төр нь иргэдээ үйлчилж ил тод, шударгаар ажиллах, иргэд төрөө хүндэтгэж хууль ёсыг чандлан сахих явдлыг төр- иргэний хоорондын харилцааны үндсэн зарчим болгон хэрэгжүүлнэ” гэжээ. Институтын төвшний эдгээр арга хэмжээ чухал хэдий ч тогтолцооны шинжтэй зөрчлийг шийдвэрлэх хүчин зүйл болж чадна гэж үзэхгүй байна.

Үндсэн хуульт ёсны зарчмуудыг ягштал баримтлах, хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх нь  эрх зүйт ёсны нэг гол шаардлага юм. Үндсэн хуульт ёсны зарчмыг хэрэгжүүлэхийн гол агуулга нь хууль тогтоох ажиллагааг  Үндсэн хууль,  Монгол улсын нэгдэн орсон олон улсын нийтээр дагаж мөрдөх гэрээ, конвенцуудтай холбоход оршдог. Ингэснээр хүний эрх, эрх чөлөөний эрх зүйн хамгаалалт үндэсний хүрээнийнээс хальж, дэлхий нийтийн түгээмэл стандарттай холбогдож, эрх зүйн баталгаа хангагддаг.  Монгол улсын хууль тогтоомжуудыг үндсэн хуульт ёсны зарчмуудад болон Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, ковенцуудтай нийцүүлэх, цаашид нийцэл зохицолын нь хангах явдал нэн тулгамдсан зорилт юм. “Монгол улсын мянганы хөгжлийн зорилтууд”-ын 9-р зүйлд энэ асуудлыг бие даалган авч үзсэн билээ. Гэтэл улс төрийн нам, эвсэлийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг энэ аспектаар шинжилж үзвэл өлгөж авах, үнэлэлт дүгнэлт өгөхүйц шинэ содон санаа, сэдэл алга байна.   

Хараат бус шүүхийн тогтолцоог тогтоох нь эрх зүйт ёсны нэг чухал стандарт юм. Адам Смит чөлөөт худалдаа, хараат бус шүүх байгуулах нь эрх чөлөөт нийгмийн хамгийн гол асуудал. Бусад нь түүнийг дагаад тогтдог юм гэж хэлсэн гэдэг.Улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт эрх чөлөөт нийгмийн энэ чухал институтыг хэрхэн хөгжүүлэх, ялангуяа шүүх, шүүгчийн хараат бус байдлыг яаж хангах талаарх байр суурийг шинжилж үзвэл зөвхөн АН, МАХН  л энэ асуудалд анхаарлаа хандуулжээ. Бусад намууд хараат бус шүүхийг тогтоох талаар сонгуулийн мөрийн хөтлбөртөө дурьдаагүй байна. МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт  “Шүүхийн тогтолцоонд шинэтгэл хийх, шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдал, гагцхүү хуульд захирагдан шударгаар ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн бол АН “Улс төрөөс хараат, иргэнээ алагчилдаг, хаалттай шүүхийг халж, хараат бус, ил тод, иргэний эрх чөлөөт байдлыг хангахын төлөө ажилладаг шударга шүүхийн тогтолцоог бүрдүүлнэ Шүүхийн хараат бус шударга ажиллах нөхцөлийг бүрэн бүрдүүлж, улсын төсөвд эзлэх шүүхийн төсвийн хувь хэмжээг хуульчилна” гэжээ.  Энэ хоёр нам хоёул шүүхийн шинэтгэл хийх, шүүх хараат бус ажиллах тал бүрийн орчин, нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэдэг дээр үзэл баримтлал нэгдмэл байгаа нь дээрх зорилтоос харагдана. Харин АН “улсын төсөвд эзлэх шүүхийн төсвийн хувь хэмжээг хуульчилна” гэснээрээ хараат бус шүүхийн эдийн засгийн баталгааг хангах арга замыг илүү тодорхойлж чадсан байна. Мөн АН зарим ялимгүй хэрэг маргааныг хялбаршуулсан замаар шийдвэрлэдэг хуультай болно гэсэн зорилт дэвшүүлсэн нь шүүн таслах ажиллагааны өмнө байгаа бас нэг шийдвэрлэх ёстой асуудлыг дэвшүүлсэн байна. 

Шүүх эрх мэдэл бол гүйцэтгэх эрх мэдэл шиг удирдлагын чиг үүрэг хэрэгжүүлдэггүй, хууль тогтоох эрх мэдэл шиг нийтээр дагах хууль тогтоодоггүй атлаа хүний эрх, эрх чөлөө, хуульт ёс хэрэгжих баталгаа болж байдгаараа төрийн эрх мэдлийн чанарыг харуулж байдаг төрийн нэн  чухал институт юм. Хараат шүүхтэй улс орон ардчиллын замаар хөгжих ямар ч ирээдүй байхгүй. Хараат шүүхтэй улсад шударга ёсны үнэлэмж  гэж байхгүй. Хараат шүүхтэй улсад  шударга сонгууль ч бас бололцоогүй. Ийм чухал асуудалд улс төрийн намууд  анхаарлаа хандуулахгүй, хандуулсан нэг нь тодорхой судалгаа, тооцоонд тулгуурлаагүй тунхагийн шинжтэй зорилт дэвшүүлсэн нь харамсалтай. Шүүхийн эрх зүйг иж бүрнээр тогтоох, шүүгчийн албаны болон хувийн хараат бус байдлын стандартыг нарийвчлах, шүүх дэх мэргэжлийн болон захиргааны удирдлагыг хэрхэн зааглах, шүүгчдийг сургах, бэлтгэх, шүүхийн бүтэц, зохион байгууллалтыг тойрсон олон асуудал улс төрийн болон мэргэжлийн шийдэл хүлээж байгаа билээ.

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ хууль ёсыг чандлан сахих нь эрх зүйт ёсны нэг стандарт юм.  Уг асуудалд улс төрийн нам, эвсэлийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт хэрхэн анхаарсныг судалж үзвэл МАХН “Хуулийг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчид үлгэрлэн маналайлж, гагцхүү хуульд захирагдаг байх зарчмыг төрийн албанд чанд баримтална” хэмээн заасан нь эрх зүйт  ёсны энэ стандарт МАХН-ын анхааралд байна гэж үзэж болохоор байна. Бусад намууд энэ стандартыг сонгуулийн  мөрийн хөтөлбөртөө цогц байдлаар тусгаагүй бөгөөд түүнд холбогдох зарим тал, элементийг хөнджээ. Тухайлбал, АН “төрийн алба дахь ашиг сонирхлын зөрчлийг шийдвэрлэх орчин бүрдүүлж, төрийн албан хаагч бүрт нийтлэг үйлчлэх “Ёс зүйн хууль” гаргана” гэсэн бол Иргэний эвсэл төрийн үйлчилгээний стандарт гаргаж, мөрдүүлэх, хөнгөн шуурхай, нээлттэй, ил тод байдлыг хангах тухай заажээ. ИЗН  төрийн албыг хүнд сурталгүй, хөнгөн шуурхай болгож, хээл хахуулаас   ангижруулах талаар дурьдсан байна. Эрх зүйт  ёсны  энэ стандарт ардчилал хөгжсөн улс орнуудад ч доогуур үзүүлэлттэй байх нь олонтаа байдаг. Тийм учраас гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас үйл ажиллагаандаа хууль дээдлэх ёсыг ягштал баримтлах явдал иргэн хууль дээдлэхээс илүүд авч үздэг юм. Манай улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтбөлбөрт энэ стандарт цогц байдлаар сууж өгөөгүй байгаа нь эрх зүйт ёсны энэ стандарт монголын гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагааны зарчим, улмаар соёл болон хэвшихэд ихээхэн цаг хугацаа хэрэгтэй байгааг харуулж байна.

Иргэний нийгмийг төлөвшүүлэн хөгжүүлэх нь эрх зүйт ёсны стандарт хэрэгжиж, эрх зүйт төр төлөвшин тогтох нэг гол нөхцөл мөн.  Энэ ерөнхий шалгуурын үүднээс улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг шинжилж үзвэл МАХН, АН  иргэний нийгмийг төлөвшүүлэн хөгжүүлэх талаар тодорхой зорилт дэвшүүлсэн байна. МАХН “Иргэдийн оролцоо, иргэний нийгмийн төгөлдөршил” бүлэг асуудлыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн байна. МАХН монгол улсад иргэний нийгмийг төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлэхдээ хоёр гол асуудалд анхаарлаа хандуулжээ. Үүнд:

1.      Шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хяналт тавих бүх шатны үйл явцад иргэд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах

2.: 7pt; line-height: normal; font-size-adjust: none; font-stretch: normal">      Иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, төрийн байгууллагаас иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, иргэний нийгмийн байгууллагын эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх

Энэ хоёр зорилт бол монголын өнөөгийн нөхцөлд иргэний нийгмийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд зайлшгүй  тулгамдсан зорилт мөн нь эргэлзээгүй юм. Үүнээс гадна МАХН-ын сонгуулийн хөтөлбөрт иргэний нийгмийг институчилэх талаар дэвшүүлсэн механизмын шинж чанартай чухал заалт бол “Иргэний нийгмийн байгууллагаас төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих эрхийг нь холбогдох хууль тогтоомжид тусган хэрэгжүүлнэ “ гэж заасан явдал юм. Энэ бол төрийн байгууллагын үйл ажиллагаанд  иргэний нийгмийн хяналтыг тогтоож, сонгодог утгаараа ард түмний засгийг хэрэгжүүлэх үйл хэрэгт үнэхээр том алхам болох юм. МАХН иргэний нийгмийн байгууллага үйл ажиллагааныхаа төлөө бас хариуцлага хүлээж байх ёстой гэдгийг онцолж, түүнийг эрх зүйн зохицуулалттай болгох тухай зорилт дэвшүүлсэн нь иргэний нийгмийн байгууллагуудын төлөвшилд эерэг хандлага авчирах магадлалтай. МАХН-ын иргэний нийгмийг төлөвшүүлэн хөгжүүлэх талаар дэвшүүлсэн өөр нэг чухал зорилт бол “Нийгэмд тулгамдсан зарим зорилтыг шийдвэрлэхэд төрийн оролцоо, зохицуулалтыг тодорхойлох чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудтай зөвшилцөх арга, хэлбэрийг бий болгоно”  гэсэн зорилт юм. Энэ зорилтын ач холбогдол нь төрийн дур зоргыг хязгаарлах, иргэний нийгмийн байгууллагын үүргийг дээшлүүлэх нэн чухал хөшүүрэг болохуйц санал, санаачилга юм.  МАХН-аас дэвшүүлсэн эдгээр зорилт хэрэгжвэл Монгол улсын Үндсэн хуулийн оршил хэсэгт заасан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлон хөгжүүлэх тухай үзэл баримтлал бодит биелэл болох, сүүлийн 20-иод жилд  иргэний нийгмийг төлөвшүүлэн хөгжүүлнэ гэсэн төр засгийн олон арван тунхаг бодитой хэрэгжих суурь нөхцөл болно. Иргэний нийгмийн талаар МАХН-ын дэвшүүлсэн зорилт нь  улс төрийн ардчиллын хүрээний бусад зүйлүүдтэй нь харьцуулахад нэлээд нарийн бодлого, судалгаатай, үзэл баримтлалын төвшинд боловсруулсан мэт санагдана.

АН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Шударга ёс- Иргэни нийгэм” гэсэн бие даасан  бүлэг зорилтыг дэвшүүлж, “...иргэний нийгмийг цогцлоон хөгжүүлэх нь Ардчилсан намын язгуур зорилт мөн” хэмээн тодорхойлжээ. Харин энэ язгуур зорилтоо хэрэгжүүлэх арга зам, механизмыг   дэлгэрүүлж тодорхойлсонгүй. Зөвхөн төр засгийн бодлого үйл ажиллагааг монгол хүний эрх ашигт захируулна, иргэдийн амьдрал үйл ажиллагаанд хамаатай шийдвэрийг өөрсдөө гаргадаг, түүнд оролцдог байх хэвшлийг тогтооно гэснээс төдийлэн хэтрээгүй байна. Орчин үеийн үндсэн хуульт ёсны онол, иргэний нийгмийн нийгмийн тэргүүлэх үзэл баримтлалын үүднээс авч үзвэл төрийн дур зоргыг хязгаарлах, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах хамгийн найдвартай механизм- иргэний нийгэм гэж  үзэх нийтлэг хандлага аль хэдийн бий болсон билээ.

ИЗН, ҮШН, БНН –ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт иргэний нийгмийг төлөвшүүлэн хөгжүүлэх талаар зорилт дэвшүүлээгүй байна. Харин Иргэний эвслийн мөрийн хөтөлбөрт “Төрийн үйлчилгээг иргэний нийгмийн байгууллагуудад гэрээлэн шилжүүлэх үйл ажиллагааг өргөжүүлнэ” гэсэн заалт байна. Эдгээрээс авч үзвэл дээрх нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт эрх зүйт ёс төлөвшин тогтох хамгийн шимтэй хөрс суурь болсон иргэний нийгмийг төлөвшүүлэн хөгжүүлэх стандарт эдгээрийн нам, эвслийн анхааралд өртөөгүй байна гэж үзэж болохоор байна.

2008 оны УИХ-ын сонгуульд мөрийн хөтөлбөр боловсруулан оролцож байгаа дээрх 6 нам, эвсэл эрх зүйт ёсны агуулга, хэлбэрийн нийтлэг стандартыг Монгол улсын өнөөгийн нөхцөлд болон цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар цогц үзэл баримтлал дэвшүүлээгүй байна гэж дүгнэж байна. Эрх зүйт ёсны агуулга болон хэлбэрийн стандартууд нь хоорондоо нягт уялдаатай, нарийн учир шалтгааны холбоотой учраас зарим нэг тал элементийг дэвшүүлэх нь хэрэгжих баталгааны талаасаа эргэлзээ төрүүлж байгаа юм. Тухайлбал, төрийн эрх мэдлийг жинхэнэ ёсоор хуваарлаагүй нөхцөлд хүний эрх, эрх чөлөөний стандартууд хэрэгжих баталгаагаа шууд алдах жишээтэй. Гэтэл нэг л нам төрийн эрх мэдлийн хуваарилалтыг сонгодог зарчмын дагуу болгоно гэсэн зорилт дэвшүүлжээ. Хүний эрх, эрх чөлөөний  талаар бусад улс төрийн намууд ямар нэг хэмжээгээр зорилт дэвшүүлсэн атлаа түүний хэрэгжих баталгаа болсон төрийн эрх мэдлийн хуваарлалтыг хөндөөгүй  нь бас л сонирхол татаж байгаа юм.

Улс төрийн нам, эвсэл сонгуульд мөрийн хөтөлбөр дэвшүүлэхдээ шинжлэх ухааны нарийн үндэслэл бүхий тооцоо, бодлогын судалгаанд тулгуурлан асуудалд цогцоор хандах арга, зарчмыг баримталж, хол ойрын зорилтыг тодорхойлохоос илүү олон нийтийн санаа бодолд таалагдах гэсэн өнгө аястай өнөө, маргаашийн хурц асуудлыг тойрсон хатуухан хэлбэл мэргэжлийн бус арга, сэтгэлгээгээр хандсан тал нийтлэг ажиглагдав.

2008 оны 06-р сарын 17

Сонгууль