УИХ-ын 2008 оны сонгуульд оролцогч зарим намын санхүү,эдийн засгийн талаарх хөтөлбөрийн судалгаа

МАХН, Ардчилсан нам, Иргэний зориг нам, Үндэсний шинэ нам болон Ногоон нам, Социал Демократ нам, Иргэний хөдөлгөөний намаас бүрдсэн Иргэний эвсэл зэргээс УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийн санхүү, эдийн засагтай холбогдсон хэсэгт зарим судалгаа хийв. Дээрх 4 нам, нэг эвслийн хөтөлбөрөөс ерөнхийд нь авч үзэхэд үндэсний үйлдвэрлэл, дэд бүтэц, мал аж ахуй, газар тариалангаа эрчимтэй хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, материаллаг бааз, эх орны баялгаа ашиглан нөөц боломжоо дайчлах зэрэгт чиглэсэн чухал чухал зорилтууд дэвшүүлцгээсэн байна.

Үг амлалт бус, өртөг зардалтайг нь шинжихэд:

МАХН, Ардчилсан нам, Иргэний зориг нам, Үндэсний шинэ нам болон Ногоон нам, Социал Демократ нам, Иргэний хөдөлгөөний намаас бүрдсэн Иргэний эвсэл зэргээс УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийн санхүү, эдийн засагтай холбогдсон хэсэгт зарим судалгаа хийв. Дээрх 4 нам, нэг эвслийн хөтөлбөрөөс ерөнхийд нь авч үзэхэд үндэсний үйлдвэрлэл, дэд бүтэц, мал аж ахуй, газар тариалангаа эрчимтэй хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, материаллаг бааз, эх орны баялгаа ашиглан нөөц боломжоо дайчлах зэрэгт чиглэсэн чухал чухал зорилтууд дэвшүүлцгээсэн байна.

Уг хөтөлбөрүүдэд нийгмийн талын бөгөөд хөрөнгө нэлээд шаардсан, Монгол улсын төсвийн орлогоор тэдгээрийг нөхөх боломж буй эсэхийг бодогдуулсан нэлээд зорилт, амлалтууд оржээ. Эдгээрээс ихээхэн хөрөнгө шаардах, бас ард иргэдийн анхаарал татсан зарим зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг тооцож үзэхэд дараах байдал харагдаж байна.

1.Эх орны баялаг, хишгээс ард иргэдэд хүртээх зорилт:

-Энэ талаар МАХН “Эх орны хишиг сан” байгуулан иргэдэд хишиг хүртээх, Ардчилсан нам иргэн бүрт 1 сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээтэй “Эрдэнийн хувь” олгох, Иргэний эвсэл иргэн бүрт 5 сая төгрөгийн “Алтан хувьцаа” (худалдах эрхгүй ) олгохоор тус тус заажээ.

Энэ оны эхний байдлаар Монгол улсын суурин хүн амын тоо 26З5,2 мянга, жилийн дундаж өсөлт 1,4 хувь гэдгээр тооцвол АН-ын дэвшүүлсэн 1 сая төгрөг гэдгээр бол шаардагдах хөрөнгө нь 2782,8 тэрбум төгрөг, МАХН-ын “Эх орны хишиг сан” гэдгээ тайлбарлан бичиж, ярьж байгаагаар бол иргэн бүрт 1,5 сая төгрөг гэвэл 4174.2 тэрбум төгрөг, Иргэний эвслийн иргэн бүрт 5 сая төгрөг гэдгээр бол 1З914 тэрбум төгрөг шаардлагатай. Эдгээр намууд энэхүү хишгээ иргэдэд хүртээхдээ МАХН, Иргэний эвслийн бичсэн, тайлбарлаж буйгаар бол хүн бүрт хувьцаа эзэмшүүлэх замаар стратегийн орд газруудын ашиглалтаас орох ашиг орлогоор иргэд нь байнгын орлоготой, тэр нь өсч байх юм гэсэн санаа агуулж байна. Ардчилсан нам ч гэсэн энэ зорилтыг хангах боломж нь уул уурхайн ашиглалт байх ба түүний үр шимээс иргэд бүр хүртэх ёстой гэж үзжээ.

Монгол улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2ОО7 оны гүйцэтгэлээр 1851 тэрбум төгрөг, 2ОО8 онд өсч тэрбум төгрөг болох төлөвлөгөөтэй. Эндээс харахад намуудын дээрх амлалтуудын дагуу шаардлагатай хөрөнгийн хэмжээнүүд Монгол улсын төсвийн 2ОО7 оны бүх орлогоос тус бүр 1,5, 2,25 ба 7,5 дахин илүү байх тул Монгол улсын төсвийн хүрээнд шийдэх зорилт биш юм шиг, Монгол улс төсвийнхээ хагас жилээс 7 жил хагасын орлогоо зөвхөн иргэдэд “хишиг” хүртээхэд зориулна гэж байхгүй. Харин уул уурхайн ашиглалтыг сайжруулан ялангуяа стратегийн орд газраа түргэн ашиглавал ард иргэдэд хувь хүртээх боломж бий болж болохыг хэн ч үгүйсгэхгүй л байх.

Өнөөгийн яригдаад, бас ч нэлээд өгөөжтэй болохоор байгаа Оюу толгойн зэс-алтны, Тавантолгойн нүүрсний, Цагаан суваргын зэс-молибдений, Асгатын мөнгөний, Төмөртэй-Ерөөгийн төмрийн зэрэг ордуудын ашиглалтыг улс төржүүлэн хойшлуулаад байхгүйгээр гадаадын хөрөнгө оруулагч нарт болон Монгол улс, ард иргэдэд харилцан үр ашигтай байхаар зохион байгуулан хэрэгжүүлж чадвал Монгол улсын эдийн засаг хөгжин иргэдийн амьдрал дээшлэх нь баталгаатай. Тэрчлэн үйлдвэр, хөдөө аж ахуй, дэд бүтэц, ер нь улсынхаа бүхий л салбарыг эрчимтэй хөгжүүлж чадвал ард иргэд маань янз бүрийн хэлбэрээр хишиг хүртэх боломж бүрдэнэ. Гэхдээ уг хишгийг бэлэн мөнгөөр бус зах зээлийн шилдэг хэлбэр болох хувьцаагаар дамжуулан олгох нь олон давуу эерэг талтай.

Ийнхүү буй болох хөрөнгө мөнгийг ард түмэндээ амьдралд нь тус болох ямар хэлбэрээр хүртээх вэ гэдэг бол ухаан, зарчим шаардсан, ирээдүйг бодсон том бодлого байх учиртай байх. Олсон жаахан мөнгөө “баян, ядуу, чадвартай, чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй эсэх, хөдөөд амьдардаг, эсвэл олон хүүхэдтэй зэргийг огт харгалзахгүйгээр хүн бүрт адил тэгш хуваан өгнө” гэдэг бол ухаантай бодлого, сайхан зорилт биш гэж үзнэ.

Монголд манайдаа мундагг баян хүмүүс цөөнгүй боллоо. Гэтэл ядарсан, чадлаараа зүтгээд амьдрал нь олигтой сайжирдаггүй хүн, айл өрх олон. Энд тэгшитгэх бүгдэд хүртээх бодлогоор хандах нь зохисгүй. Баян хүнд 1 сая төгрөг ч бай, 5 сая төгрөг ч бай юу юм бэ? Тэдэнд энэ мөнгө дэмжлэг, хишиг бус, магадгүй мөрийтэй тоглох, эсвэл амарч зугаалан нэг орой хэрэглэх л мөнгө байх. Иймээс байгалийн баялгийн хишгийг ард иргэдэд хүртээхдээ юуны урьд хөрөнгийн эх үүсвэрийн боломжийг сайтар тооцох, тэрчлэн хүмүүсдээ хэнд, яаж хүртээх вэ гэдгийг олон нийтээр хэлэлцүүлэн гаргах хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзнэ.

Энэхүү хишгийг хувьцаа хэлбэрээр олгох, тэр нь байнга ногдол ашиг өгч байдаг байх нь чухал.

2.Цалин орлогыг өсгөх зорилт:

МАХН, Үндэсний шинэ намын хөтөлбөрт цалинг үе шаттай өсгөж, 2О12 онд одоогийнхоос З дахин нэмэгдүүлнэ гэсэн байхад Иргэний зориг нам нь төрийн албан хаагчид, эмч, багш нарын сарын цалинг 8ОО мянган төгрөгт хүргэх зорилт дэвшүүлсэн байна.

Монгол улсад 2ОО7 оны гүйцэтгэлээр ажил эрхлэгч нийт 898,9 мянган иргэн бий. Нэг хүний сарын дундаж цалин нь 17З мянган төгрөг.Цалингийн сан нь сард 155,5 тэрбум, жилд 1866 тэрбум төгрөг. Эхний үед цалинг нэг дахин өсгөх гэвэл дээрх хэмжээгээр бүтээгдэхүүний өртөг, төсвийн зарлага нэмэгдэнэ. Энэ нь 2О12 он гэхэд жилд 56ОО тэрбум төгрөг болно. Хөдөлмөрийн бүтээл өсч, хүмүүсийн идэвх, хариуцлага сайжирч, цалингийн өсөлт нь олон эерэг нөлөө үзүүлэх боломжтой тул хөрөнгийн эх үүсвэр бий болох болно гэж тооцсон байх л даа.

Гэхдээ цалинг хэрхэн яаж, хэзээ нэмэх, энэ нь үнийн өсөлт болон бусад үзүүлэлтэд ямар сөрөг нөлөө үзүүлэхийг сайтар тооцож үндэслэлтэй судалгаа дүгнэлт гаргах үндсэн дээр шийдэх нь нэн чухал.

Иргэний зориг намын дэвшүүлснээр төрийн албан хаагчид, эмч, багш нарын цалинг сард 8ОО мянган төгрөг болгоно гэвэл Монгол улс нийт 128,1 мянган албан хаагч, багш, эмч төсвөөс дунджаар 1 хүн сард 18О мянган төгрөгийн цалин авсан 2ОО7 оны гүйцэтгэлээр тооцоолж 8ОО мянган төгрөгийн цалинтай болгох гэвэл сард 1О2,5 тэрбум, жилд 1229,8 тэрбум төгрөг төсвөөс нэмж гаргах шаардлагатай болно. Энэ нь МАХН, Үндэсний шинэ намын дэвшүүлсэн З дахин өсгөх зорилтоос 48 хувиар их бөгөөд төсвийнхний цалин өссөн байхад улс ардын аж ахуйд нийт ажиллагсдын хөдөлмөрийн хөлс мөн өсөх нигууртай. Цалинг нэмэгдүүлэх зорилтыг төсвийн орлогын болон хөдөлмөрийн бүтээмжийн өсөлттэй холбон түүний эерэг, сөрөг нөлөөллүүдийг сайтар тооцож хэрэгжүүлэх шаардлагатай болно.

З.Өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилт:

МАХН, Үндэсний шинэ намын хөтөлбөрт “2О12 онд өрхийн сарын дундаж орлогыг 1 сая төгрөгөөс дээш болгох, Ардчилсан нам нь дундаж орлоготой өрхийн тоог нийт өрхийн 6О-аас дээш хувь хүртэл нэмэгдүүлэх, Иргэний эвсэл нь өрх бүрийг “Хөгжлийн босгоор” алхуулж, доод тал нь 1 сая төгрөгийн орлогод хүргэх зорилтууд дэвшүүлсэн байна.

Монгол улс 2ОО7 оны эцсээр 645,7 мянган өрх айлтай бөгөөд нэг өрхийн сарын дундаж орлого нь 263,7 мянган төгрөг. Энэ орлогыг 1 сая төгрөг болгохын тулд З,79 дахин өсгөхөд Монгол улсын дүнгээр сард 645,7 тэрбум, жилд 7743,9 тэрбум төгрөг шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл нэг өрхийн одоогийн орлогыг сард 736,З мянган төгрөг, жилд 8,8 сая төгрөгөөр өсгөж чадвал өрх бүр сард 1 сая төгрөгийн орлоготой болно. Ийнхүү нэг өрх одоогийн орлого З,2 сая төгрөгтэйгээ нийлээд, жилд 12 сая төгрөгийн орлоготой болно. Энэ нь одоогийн байдлаар нэг өрхөд 4,1 хүн ногдож, тэдний 1-2 нь ажил эрхэлж, хөтөлбөрүүдэд зааснаар одоогийнхоос З дахин өссөн цалин, тэтгэвэр, тэтгэмж, тэрчлэн хүүхдийн мөнгө, нийгмийн баялгийн хувь хандиваар хувьцааны орлого авна гэдгээр тооцвол нэлээд дөхөж очих орлого болохоор байна. Өрхийн орлого ингэж өсөх эсэх нь хөтөлбөрүүдийн бусад зорилт, нэн ялангуяа үндэсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, ашигт малтмалыг зохистой ашиглан боловсруулах үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зорилтын хэрэгжилттэй холбоотой нэлээд шахуу зорилт бөгөөд намууд мөрийн хөтөлбөрт заасан ийнхүү зорилтоо хангахын тулд Монгол улсаа 2О21 он хүртэл хөгжүүлэх цогц бодлогын заалтуудыг хэрэгжүүлэхэд бүх ажлаа чиглүүлбэл зохино.

4. Тэтгэврийг өсгөх зорилт:

МАХН, Үндэсний шинэ намын хөтөлбөрт тэтгэврийг үе шаттай өсгөж, 2О12 онд одоогийнхоос З дахин нэмэгдүүлэхээр заажээ. 2ОО7 оны гүйцэтгэлээр Монгол улсад 294 мянган хүн нийт 277,7 тэрбум төгрөг, нэг хүн сард 78,7 мянган төгрөгийн тэтгэвэр төсвөөс авч байгааг үндэслэн тооцож үзэхэд эхний жилд нийт 28О тэрбум төгрөг, 2О12 онд 84О тэрбум төгрөгөөр тэтгэврийн санг нэмэгдүүлэх шаардлагатай болох ба 1 хүнд сард дунджаар 2З6 мянган төгрөгийн тэтгэвэр олгодог болно.Хэдийгээр энэ нь тэтгэвэр авагчдад сайхан хэрэг мөн боловч бодит боломж буй эсэхийг тооцож үзэхэд, цалинг З дахин өсгөсөн ч нийгмийн даатгалын шимтгэлээр цалингаас төлөх мөнгө тэтгэврийн өсөлтийг нөхөхгүй, улсын төсвөөс түүний ЗО гаруй хувийг нөхөн олгох шаардлага гарахаар байна. Өөрөөр хэлбэл тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2О12 онд гэхэд төсвөөс жилд 26О тэрбум төгрөг нэмж гаргахад хүрэх болно.

5. Тэтгэмжийг нэмэгдүүлэх зорилт:

МАХН, Үндэсний шинэ намын хөтөлбөрт тэтгэмжийг тэтгэврийн адил З дахин нэмэгдүүлэхээр заажээ.

Монгол улс 2ОО7 онд нийт 11О мянган хүнд 46,6 тэрбум төгрөгийн тэтгэмж (хүүхдийн мөнгөн тэтгэмж, шинэ гэр бүлд олгох тусламжийг оруулахгүйгээр тооцоход ) олгосон байх бөгөөд нэг хүнд сард З5,З мянган төгрөгийн тэтгэмж ногдож байна. Дээрх зорилт нь төсвийн тэтгэмжид зориулсан санхүүжилтийг эхний жилд 5О тэрбум төгрөг, 2О12 онд 15О тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхийг шаардана.

6. Орон сууцны хөнгөлөлт:

Энэ талаар намуудын дэвшүүлсэн зорилт бараг ижил бөгөөд МАХН орон сууцны зээлийн хүүг жилд 6%, эргэн төлөгдөх хугацааг 25 жил гэсэн бол Иргэний зориг нам зээлийн хүүг 8 хувиас доош буулгах, төлөх хугацааг 2З жил болгох, Ардчилсан нам “Гэр хороололд оршин суугчдад орон сууцных нь зээлийн урьдчилгаа төлбөрийг төрөөс хариуцах, Иргэний эвсэл хүүг 6 хувиас хэтрэхгүй, төлөх хугацааг ЗО жил болгохоор тус тус заажээ.

Монгол улс 2ОО7 оны гүйцэтгэлээр нийт З14 тэрбум төгрөгийн барилга угсралт, засварын ажил гүйцэтгэсний 27 хувь буюу бараг 9О тэрбум төгрөгийн орон сууцны барилга барьж, түүнийхээ 85 хувийг ашиглалтад оруулжээ.

Барилгын байгууллагууд 2ОО мянган м2 орон сууц барихад 1ОО тэрбум төгрөгийн зээл жилийн 1,8-2,З хувийн хүүтэй авч ашигласан байна. Хэрэв зээлийн хүүг 6 хувь болгоно гэвэл жилд хүүгийн зөрүүгээр 18-2О тэрбум төгрөг улсаас арилжааны банкуудад олгох шаардлагатай болох юм.

7. Хүүхдийн мөнгөн тэтгэмж:

Намуудын мөрийн хөтөлбөрт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг үргэлжлүүлэн олгохоор заасны дээр Ардчилсан нам мөнгөний ханш уналттай уялдуулж, хэмжээг нь өсгөх, Иргэний зориг нам олгох мөнгөний хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх, Үндэсний шинэ нам хүүхдийн мөнгийг сард 2О мянган төгрөгт хүргэхээртус тус заасан байна.

Улсын хэмжээгээр 2ОО7 онд нийт 948,7 мянган хүүхдэд сард ЗООО төгрөг, жилээр ЗЗ,2 тэрбум төгрөгийн мөнгөн тэтгэмж олгосон. Уг мөнгийг сард 2О мянган төгрөг болгох гэвэл одоогийнхоос 6,67 дахин өсгөх шаардлагатай бөгөөд хүүхдийн жилийн дундаж өсөлт 1,4 хувь гэвэл улсын төсвөөс энэ зориулалтаар гаргах санхүүжилтийг эхний жилд 22О тэрбум төгрөг, цаашдаа 4 жилд 9З5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагатай. Ийм боломж төсөвт гарч тэр нь үр дүн өгнө гэхэд асар их эргэлзээтэй.

8. Өндөр настанд үзүүлэх дэмжлэг:

МАХН-ын мөрийн хөтөлбөрт өндөр настанд олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээг жил дараалан өсгөж, 2О12 онд одоогийнхоос З дахин өсгөнө. Иргэний зориг нам: Өндөр настны тэтгэврийн доод хэмжээг 18О мянган төгрөг болгоно. Иргэний эвсэл: Уул уурхайн ашиг орлогоос”Талархлын сан” байгуулж, ахмад бүрт 1О сая төгрөгийн тэтгэлэг олгоно” гэсэн зорилтууд дэвшүүлжээ.2ОО7 оны гүйцэтгэлээр Монголд 19З,6 мянган өндөр настан нийтдээ 2ОО тэрбум төгрөг, нэг хүнд дундчаар сард 1ОЗ мянган төгрөг, жилд 1236 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Хэрэв тэтгэврийг дундчаар сард 18О мянган төгрөг болгоно гэвэл одоогийнхыг 75 хувиарөсгөх, 2О12 онд З дахин нэмэгдүүлэх гэвэл улсын төсвөөс олгох өндөр насны тэтгэврийн нийт хэмжээ доод тал нь жилд 15О тэрбум төгрөг, дээд өсөлт нь 6ОО тэрбум төгрөг болно.

Эдгээр нь тэтгэвэр, тэтгэмжийн бодлоготой нягт уялдана. Хэрэв өндөр настан бүрд 1О сая төгрөгийн тэтгэлэг олгоно гэвэл бүгд 19З6 тэрбум төгрөг шаардлагатай болно. Ийм хэмжээгээр төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд маш хүнд, биелэх боломжгүй зорилт юм.

Настанг нөхөн сэргээх, өөрөө сувилах төвүүдийг аймаг, нийслэл, бүс нутагт байгуулж, төсвөөс санхүүжүүлнэ гэсэн Иргэний зориг намын зорилтыг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтаар болон ажиллагааны зардалд наад зах нь 5 тэрбум төгрөг төсвөөс шаардана.

9. Эхчүүдэд үзүүлэх халамж:

МАХН-ын мөрийн хөтөлбөрт “Шинээр З дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд ЗОО мянган төгрөгийг 1 удаа, “Алдарт эх” П одонтой эхэд 5ОО мянга, “Алдарт эх” 1 одонтой эхэд 1 сая төгрөгийн тэтгэмж жил бүр олгоно. Гурав хүртэл насны хүүхэдтэй эхэд хүүхэд асарсны тэтгэмжтэй чөлөө олгоно.

Иргэний зориг нам: “Ээж бүрт хүүхэд төрүүлэхийн өмнөх 6 сар, төрүүлсний дараах 18 сард төрийн дунд шатны албан хаагчийн сарын цалинтай дүйцэхүйц хэмжээний цалин сар бүр олгож эхэлнэ. Эхчүүдэд төрөхийн өмнө болон төрсний дараа эмнэлгийн үйлчилгээ авахад нь тодорхой мөнгөний дүн бүхий эмчилгээний төлбөрийн карт олгоно. Энэ картыг цаашид нийт ард иргэдэд хүртээл болгоно” гэжээ.

Монголд “Алдарт эх” П одонтой 924ОО, “Алдарт эх” 1 одонтой З9ЗОО эх бий. МАХН-ын хөтөлбөрийн дагуу олгох мөнгө жилд 85 тэрбум төгрөг болно.Энэ нь бага биш боловч мөнгө. Хөрөнгийн боломжтой бол эхчүүдийг баярлуулах нь дамжиггүй.

Эхчүүдэд цалинтай чөлөө олгоход төрөхийн өмнөх 6 сар, төрсний дараах 18 сард хамаарах 12О мянган эх байгаа бөгөөд дундач цалин сард 18О мянган төгрөгөөр тооцвол төсвөөс жил бүр 3ОО тэрбум төгрөг, 24 сарын хугацаанд 6ОО тэрбум эхчүүдэд олгоно. Эхчүүдэд эмнэлгийн үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлэх төлбөрийн карт олгодог болоход одоо манай улсад эмнэлгийн үйлчилгээний нэг хүнд ногдох жилийн зардал 55 мянган төгрөг байгаагаар тооцоход жилд нийтдээ 7 тэрбум шаардлагатай бөгөөд харин цаашдаа нийт иргэдэд уг картыг хэрэглэдэг болвол жилд 15О орчим тэрбум шаардлагатай болно. Ийнхүү нийт иргэдэд ийм карт эзэмшүүлснээр төсвөөс олгох зардал нь одоогийн эрүүл мэндийн зардлын хэмжээтэй тэнцэж, улсын нэгдсэн төсвийн зарлагын бараг 8 хувийг эзэлнэ. Улсын төсөвт ийм боломж гарах эсэх нь эргэлзээтэйн дээр эрүүл мэндийн салбар зах зээлийн харилцаанаас татгалзах сөрөг нөхцлийг буй болгоно.

1О. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх халамж:

МАХН-ын хөтөлбөрт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүйгээр эмнэлгийн тусламж олгох”, Иргэний зориг намын хөтөлбөрт “Нийгмийн эмзэг бүлэгт хамаарах иргэдэд 1 удаа давхар бүрээстэй гэр улсаас олгох”-оор тус тус заасан.

2ОО7 оны эцсийн байдлаар манай улсад нийгмийн эмзэг бүлэгт хамаарах 72 мянган иргэн байгаагаар тооцоход эмнэлгийн тусламж үнэгүй олгоход 4 тэрбум төгрөг, давхар бүрээстэй гэр олгоход 7О тэрбум төгрөг төсвөөс зарцуулах шаардлагатай болох болно. Эдгээр нь байж болох боловч заавал бүгдэд нь гэр олгох шаардлага гарахгүй л болов уу.

11. Алслагдсан нутаг, говьд амьдарч, ажиллаж буй иргэдэд үзүүлэх халамж:

МАХН-ын хөтөлбөрт: “Алслагдсан болон говийн бүсэд амьдарч, ажиллаж буй иргэдэд нийгмийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх, нэмэгдэл олгох тогтолцоо бий болгоно”, Ардчилсан нам: “Алслагдсан ба говийн бүсийн аймаг, сумдын иргэдэд зарим хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээний оновчтой хэлбэрийг хэрэгжүүлнэ”, Үндэсний шинэ нам: “Хязгаар нутгийн иргэдэд бүс нутгийн нэмэгдлийг орлогын 2О хувиар тооцож олгоно” гэсэн заалтууд дэвшүүлсэн байна.

Монгол улсын баруун бүсэд 8ЗО-аад мянган иргэн, үүнээс ажиллагсад 17О мянга, говийн аймгуудад 25О-иад мянган хүн, үүнээс ажиллагсад 9О мянга, төрийн албан хаагчид баруун бүсэд 16 мянга, говийн аймагт 1О мянга амьдарч, ажилладаг одоогийн байдлаар тооцоход тэдгээрийн сарын дундач цалин 17О мянган төгрөг гэвэл алслагдсаны ба говийн нэмэгдлээр (2О хувь) улсын хэмжээнд 9 тэрбум төгрөг, төсвөөс төрийн албан хаагчдад 9ОО сая төгрөг нэмж зарцуулах шаардлага гарна. Харин алслагдсан ба говийн бүсэд амьдрагч, ажиллагч нийт иргэдэд хөнгөлөлт үзүүлэх гэвэл чамгүй их хөрөнгө шаардлагатай бөгөөд улсын төсөв түүнийг даах эсэх нь эргэлзээтэй.

12. Оюутан, залуусын талаар:

Энэ талаар намуудын мөрийн хөтөлбөрт нэлээд анхаарч, дараах заалтууд тусгажээ.

МАХН: Оюутны нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хөнгөлөлт үзүүлэх, гадаад оронд суралцагчдын тоог З дахин нэмэгдүүлэх, сумдын засаг даргын тамгын газрын захиалгаар дотоодын их, дээд сургуульд суралцах гэрээ байгуулсан оюутны сургалтын зардлыг төрөөс хариуцах, 5ОО км-ээс дээш алслагдсан сургуульд суралцаж буй оюутны ирэх, очихын зардлыг төр жилд 1 удаа хариуцна.

Ардчилсан нам: Жил бүр дотоод, гадаадын их, дээд сургуулиудад 1ООО-5ООО оюутныг нэн шаардлагатай мэргэжлээр сургаж, төрөөс санхүүжүүлнэ. Төрийн бус зардлаар суралцаж нэн шаардлагатай мэргэжлээр төгсссөн иргэнээ 1ОООО-1ОО.ООО хүртэл доллараар нэг удаа урамшуулж тодорхой салбарт гэрээгээр ажиллуулна.

Иргэний зориг нам: 18-28 насны залуусын боловсролыг дэмжих зорилгоор нэг удаа 8О мянган төгрөгийн сургалтын тэтгэлэг олгоно. 8ООО залуусыг гадаадад сургана.

Үндэсний шинэ нам: Дээд боловсролыг үнэ төлбөргүй болгоно.

Иргэний эвсэл: Хүн бүрийг мэргэжилтэй болгох бодлого хэрэгжүүлнэ. 18 нас хүрсэн иргэн бүрт 1О сая төгрөгийн зээлийн эрхийг төрөөс баталгаажуулна.

Дээрх зорилтуудаас үзэхэд оюутан, залууст төрөөс зарцуулах хөрөнгө нэлээд өсч, боловсролын зардалд улс төсвийнхээ 17 хувийг зарцуулдаг байсан бол энэ нь үлэмж нэмэгдэхээр байгааг зарим зорилтын үзүүлэлтээр тооцвол дараах байдалтай байна:

Манайд Улаанбаатараас 5ОО км-ээс дээш алслагдсан 1О аймгийн 8О-1ОО мянган оюутан суралцдаг. Тэдний ирэх, буцах зардалд жилд төсвөөс 12-15 тэрбум төгрөг зарцуулна. Бусад аймаг, хотод суралцагчдыг хамруулбал энэ зардал өснө.

Гадаадад төрийн зардлаар 7ОО оюутан суралцдаг. Энэ тоог З дахин өсгөх, эсвэл оюутны тоог 5ООО, 8ООО болгоно гэвэл сургалтын жилийн зардал ЗО тэрбумаас 7О тэрбум, 12О тэрбум төгрөг болж өснө.

18-28 насны залууст 1 удаа 8О мянган төгрөг олгоход жилд 65-7О тэрбум төгрөг шаардагдана. Одоогийн 218 их, дээд сургуульд (үүнээс төрийн өмчийнх 89, төрийн өмчийн бус 123, гадаадын 6) суралцаж байгаа 15О мянган оюутны сургалтыг үнэ төлбөргүй болгоно гэвэл төсвийн зардал жилд 8О тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ.

“Тэгш боломж” зээлийн сан байгуулж, 18 нас хүрсэн иргэн бүрт 1О сая төгрөгийн зээлийн баталгаа гаргахад нийт 16ОО гаруй мянган иргэнд зээлийн сан (16ООО тэрбум) байгуулахад хязгааргүй их мөнгөний шаардлага гарахаар байна.

Энэ бүгдээс үзэхэд зөвхөн оюутан, залууст зориулсан дээрх зорилтуудыг хэрэгжүүлнэ гэхэд боловсролын нийт зардлын одоогийн хэмжээтэй дүйцэхүйц хөрөнгө нэмэх шаардлагатай болох тооцоо гарч байна. Ийм боломж ирэх сонгуулийн 4 жилд бүрдэж чадахгүй байх.

13. Хөгжлийн сан:

МАХН, Үндэсний шинэ намын хөтөлбөрт сум бүрийг 5О саяас доошгүй төгрөгийн эх үүсвэр бүхий “Сумын хөгжлийн сан”-тай болгоно.

Иргэний эвсэл: Сум бүрт 1ОО сая төгрөгийн зээлийн сан байгуулна.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол улсын З4О сум, дүүрэгт нийт 17-З4 тэрбум төгрөгийн сан байгуулах төсвийн хөрөнгө шаардагдана.

14. Иргэний нийгмийн байгууллагын санхүүжилт:

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт “Хүн амын орлогын албан татварын нэг хувийг иргэний нийгмийн байгууллагын санхүүжилтэд зарцуулдаг болно” гэж заасан. Манай улсад хүн амын орлогын албан татвар жилд 75-8О тэрбум төгрөг байдаг.

Улсын хэмжээнд иргэний нийгмийн (хуулийн хэллэгээр бол төрийн бус байгууллага ) 2171 байгууллага (2ОО6 оны тооллогын дүнгээр ) бий. Үүний дотор малчид, тариаланчдын бүлэг гэхэд 222, тодорхой мэргэжлийн чиглэлийн иргэд нэгдэн байгуулсан байгууллага 128, улс төрийн байгууллага 4О, олон нийтийн байгууллага 727, хүмүүнлэгийн ба нийгмийн халамжийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага 45 гэх мэтийн олон чиглэлээр өөрсдөө нийлэн нэгдсэн байдаг. Эдгээрт 15 мянган хүн ажилладаг. Нэлээд нь өөрсдийн дур сонирхлоор цалин хөлсгүй ажиллана.

Энэ олон янз бүрийн чиглэлийн байгууллагад төсвийн санхүүжилтээр 75О-8ОО сая төгрөгийг яаж хуваан өгнө гэдэг нь эргэлзээтэйн дээр хэрэв улсаас санхүүжилт өгвөл ийм байгууллагын тоо үлэмж өсөх нь мэдээж.

15. Үнийн зохицуулалт:

Иргэний зориг нам: “Хангамж, нийлүүлэлт, мөнгөний оновчтой бодлого явуулснаар үнийн өсөлтийг хязгаарлана.

Үндэсний шинэ нам: “Эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болно. “Нэг улс нэг үнэ” систем нэвтрүүлнэ”. “Улаан буудай, цагаан будаа, мах, төмс, хүнсний ногоо, хуурай сүүний үнийг төрөөс зохицуулж, үйлдвэрлэгч, дотоодын компаниудыг татвараас 1ОО хувь чөлөөлнө” гэжээ.

Эдгээр зорилтууд нь эдийн засгийн бодлогыг оновчтой явуулах, хүнсний бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах гэсэн ерөнхий зөв зүйтэй агуулгатай боловч түүнийг хэрэгжүүлэх хөшүүрэг, механизм зах зээлийн эдийн засгийн өнөө үед бараг үгүй юм. Үнийн өсөлтийг хязгаарласнаас ямар хүнд байдалд ордгийг Монголын эдийн засаг социализмын үед болон зах зээлд шилжих явцад энгийн үгээр бол мах цусаараа мэдэрсэн. Үнийг хязгаарлах боломж байхгүй.

“ Нэг улс нэг үнэ” гэдэг тогтолцоо төлөвлөгөөт эдийн засгийн үед элдэв татаас, санхүүжилт, суутган тооцоололт, үнийн зөрүү гэх мэт олон хэлбэрээр “бөөний үнээр” дамжин хэрэгжиж байсан ч үр дүн өгөөгүй, зах зээлийн үед энэ систем амьдрах, хэрэгжих боломжгүй. Жишээ нь гэхэд алслагдсан аймагт бараа (гурил, цай, давс, даавуу г.м ) хүргэх тээврийн зардлыг нийгмийн нийт бүтээгдэхүүний 8О хувийг хувийн салбар эзэлж буй өнөөгийн нөхцөлд хэн нэг нь хариуцан төлөх боломж байхгүй.

16. Хөрөнгө мөнгө ихээр шаардах, эсвэл орлого бууруулах бөгөөд хэрэгжүүлэх боломж нь эргэлзээтэй зарим зорилтын талаар:

а) Малчид, жижиг аж ахуй эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулж төрөөс дэмжинэ (МАХН) гэсэн нь З66 мянган малчин, жижиг бизнес эрхлэгч 1ОО орчим мянган хүний асар том асуудал бөгөөд эдгээрийн нийгмийн даатгалын шимтгэлийг төсөв хариуцна гэвэл ирээдүй багатай, хувь хүмүүсийн хариуцлагыг сулруулсан тогтолцоо болно байх.

Одоогийн байдлаар 5ЗО мянган хүн нийгмийн даатгалд даатгуулж, 24О тэрбум төгрөгийн шимтгэл төлж байгаа. Малчид, жижиг аж ахуй эрхлэгчид орлого багатай хэдий ч 4ОО шахам мянган хүний нийгмийн даатгалын шимтгэлд төсвөөс үлэмж их мөнгө гаргах шаардлагатай.

б) Сүм хийдийг төрөөс хөрөнгө оруулалтаар дэмжинэ (Үндэсний шинэ нам). Монголд олон төрлийн шашны сүм хийд өсч нэмэгдсээр байна. Эдгээрт хөрөнгө оруулалтыг төрөөс өөрөөр хэлбэл улсын төсвөөс олгох нь улсын эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх бодлогын нэг хэсэг баймааргүй бодогдоно.

в) Албан тушаалтны иргэнд учруулсан хохирлыг нөхөн төлөх “Төрийн хариуцлагын сан” байгуулна (Иргэний эвсэл). Албан тушаалтны иргэнд хохирол учруулсан бол тэр хүн өөрөө хариуцах учиртай атал төрөөс сан байгуулах нь хариуцлагыг улам сулруулах, татварын мөнгийг зүй бус, хариуцлагагүй зүйлд зарцуулахад хүргэх болно.

г ) Хөдөлмөрийн хөлсийг цагаар тооцдог системд шилжинэ. (Иргэний эвсэл)

Ажил дээрээ байж, хүмүүст харагдаж л байвал цалин хөлсөө авч байдаг ийнхүү цагаар тооцдог тогтолцоо ялангуяа өнөөгийн манай нөхцөлд тохирохгүй, үр дүн өгөхгүй нь магад.

д ) Орон нутагт жижиг бизнес, хувиараа аж ахуй эрхлэгчдийг татвараас чөлөөлнө. (Иргэний эвсэл)

Ийм тогтолцоо нь орон нутагт зөвхөн жижиг бизнес эрхлэхийг урамшуулахын хамт аж ахуй эрхлэгч бүх хүн, компани татвар төлөхгүй бол аймаг, сум яаж бие даах, амьдрах вэ? Ямагт улсын төсвийг шүтэж амьдрах тогтолцоо нь ирээдүйгүй, үйлдвэрлэл хөгжүүлэх хөшүүрэг болохгүй.

УИХ-ын 2ОО8 оны сонгуульд зарим намуудаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг дээр дурьдсанаар товч судалж үзэхэд санхүү, эдийн засаг, төсвийн боломжийн хувьд одоогийн байдалд бус, ирээдүйн өсөлтөд тулгуурласан зорилтууд дэвшүүлжээ гэж ойлгогдож байна.

УИХ, Засгийн газраас зөв бодлого явуулж, шийдвэртэй арга хэмжээ авч хэрэгжүүлж чадвал огт биелэхгүй зорилт гэж байх учиргүй. Гэхдээ хоосон амлалт болоод өнгөрөх зорилт дэвшүүлбэл тэр шиг эх орны хөгжилд саадтай зүйл байхгүй.

Иймээс ч намуудын зорилт хир биелэх боломжтой, хүнд, хэцүү, эргэлзээтэй, боломжгүй, худал хоосон гэх нь тийм ч амархан, хэн нэгний хэлчих асуудал эс боловч мэргэжлийн үүднээс тоон дээр түшиглэн хэлэхэд дээрх байдлууд байгааг товч бичсэндээ хүлцэл өчье.

2ОО8-О6-12{joscommentenable}

Сонгууль