Сонгуулийн хэсгийн хороодын бүрэлдэхүүнд нэг намын төлөөлөл давамгайлж байна

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн Хүний эрх хөгжил төв нь 2008 оны 6 сарын 8-ны өдрөөс эхлэн сонгуулийн хэсгийн хороодын бүрэлдэхүүн, СЕХ, тойрог, хэсгийн хороодын үйл ажиллагааны ил тод байдал, саналын хуудас хэвлэх журам батлах явц, саналын хуудсыг хэвлэх, түгээх, хадгалах явцад мониторинг хийж байна. Мониторингт УИХ-ын сонгуулийн 26 тойргоос Төв аймгийн 14-р тойргийн хороо, Хэнтий аймгийн 18-р тойргийн хороо, Cонгинохайрхан дүүргийн 26-р тойргийн хороо, Сүхбаатар дүүргийн 23-р тойргийн хороо, Хан-Уул дүүргийн 21-р тойргийн хороог сонгон авч хяналт хийсэн болно. Мөн эдгээр тойргийн хороо бүрээс 2 хэсгийн хороог түүвэрлэн хамруулж байна. 

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 17, 18-р заалтын дагуу мониторинг хийсэн тойргуудад сонгуулийн салбар, хэсгийн хороодыг санал авах өдрөөс 30 хоногийн өмнө буюу 5 сарын 27-29-ны өдрүүдэд байгуулсан. 

Сонгуулийн салбар, хэсгийн хороодыг байгуулахтай холбоотой сонгуулийн хуулийн 14.3.3-т сонгуулийн хороодод “сонгуульд оролцогч аль нэг нам эвслийн төлөөлөл давамгайлахыг хязгаарлах”, 14.3.4-т “дарга, нарийн бичгийн дарга нэг намын гишүүн байхыг хориглох” 14.3.5-т “сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд төрийн улс төрийн албан тушаалтныг оруулахыг хориглох”, 14.3.6-т “сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүн Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч байхыг хориглох” гэж  заасан. Хуулийн эдгээр заалтын зорилго нь сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд нам эвслийн тэнцвэртэй төлөөллийг оролцуулж, улмаар хороодын үйл ажиллагаанд дотоод хяналтыг бий болгоход оршино. Ингэснээр сонгуулийн хороодын бие даасан хараат бус үйл ажиллагаа баталгаажих учиртай. Сонгуулийн аль ч шатны байгууллагын бүрэлдэхүүнийг сонгохдоо эдгээр заалтуудыг чанд баримтлах ёстой.

Мониторинг хийсэн таван тойрогт нийт 46 салбар хороо, 244 хэсгийн хороо байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр салбар, хэсгийн хороодын бүрэлдэхүүний 76% нь МАХН, АН-ын гишүүд байгаагийн зэрэгцээ хэсгийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарын 95% нь зөвхөн дээрх хоёр намын гишүүдээс сонгогдсон байна.

Хэсгийн хороодын бүрэлдэхүүнийг авч үзэхэд, хамгийн ноцтой зөрчил Төв аймгийн 14-р тойргийн хороонд гарчээ. Тус тойрогт нийт 83 хэсгийн хороо байгаагаас 14-ийнх нь бүрэлдэхүүнд нь нэг намын төлөөлөл давамгайлсан байгаа нь сонгуулийн хуулийн 14.3.3-р заалтыг ноцтой зөрчиж байна. Эдгээр 14 хэсгийн хорооны нийт гишүүдийн 50 хувиас илүү нь МАХН, эсвэл АН-ын намын төлөөлөл сонгогджээ. Үүнд:

Хэсгийн хорооны дугаар Нийт гишүүдийн тоо МАХН-ын төлөөлөл АН-ын төлөөлөл
8 11 6  
12 9 5  
13 9 5  
14 11 7  
19 11   6
20 11   6
26 11 6  
29 11   6
30 11   6
37 13 7  
39 11 6  
56 11 6  
69 11 6  
78 13 7  


Ийм маягаар хууль зөрчсөн нэг намын төлөөлөл давамгайлсан бүрэлдэхүүн бүхий хэсгийн хороодын асуудлыг СЕХ яаралтай анхааралдаа авч, сонгуульд оролцогч нам эвслийн төлөөллийг бүрэлдэхүүнд нь тэнцвэртэй оруулах талаар шуурхай арга хэмжээ авах нь зүйтэй байна. Түүнчлэн Төв аймгийн 14-р тойргийн холбогдох салбар хороодод Сонгуулийн хуулийн 14.3.3 заалтыг ноцтой зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцох шаардлагатай. 

Дээр дурдсанчлан сонгуулийн байгууллагын бие даасан хараат бус үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдүүлэхэд УИХ-ын сонгуулийн ажиллагааг бүх талын тэнцвэртэй оролцоог хангасан бүрэлдэхүүн зохион байгуулах учиртай. Гэтэл сонгуулийн байгууллагын бүрэлдэхүүнд парламентад суудалтай улс төрийн намын төлөөлөл давамгайлсан байдал тодорхой харагдаж байна. Түүнчлэн сонгогчдын эрхийг улс төрийн үзэл баримтлалаас нь үл хамааран тэгш хамгаалах үүрэгтэй иргэний нийгмийн нэг ч төлөөлөл сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд байхгүй байна.

Салбар хэсгийн хороодын бүрэлдэхүүний талаар олон нийтэд хүртээмжтэй мэдээлэхгүй байна

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 17.1, 18.1 заалтын дагуу салбар хэсгийн хороодын бүрэлдэхүүнийг байгуулаад харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд  ил тод мэдээлэх ёстой. Хуулинд хэдий хугацааны дотор ямар хэлбэрээр мэдээлэл хийхийг тодорхой заагаагүй. Мөн энэ талаар СЕХ-ны журам байхгүй. СЕХ-ноос өмнө нь тойргийн хороодын бүрэлдэхүүнийг нийтэд мэдээлсэн жишгээр бол нас хүйс, эрхэлж буй ажил, албан тушаал намын харьяаллыг бүрэн мэдээлсэн жагсаалтыг нийтэд танилцуулах ёстой. 

Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн тойргийн хороонууд хэсгийн хорооны бүрэлдэхүүний бүрэн жагсаалтыг Улаанбаатар таймс сонинд гарган харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэдэд мэдээлсэн байна.

Харин Хэнтий, Төв аймгийн тойрогт хэсгийн хорооны бүрэлдэхүүнийг байгуулсан талаараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр товч мэдээлэх, тойргийн хорооны самбарт салбар, хэсгийн хорооны бүрэлдэхүүний тухай зарим статистик мэдээлэл зэргийг байрлуулах байдлаар нийтэд мэдээлсэн.  Бүрэлдэхүүний бүрэн жагсаалтыг орон нутгийн сонин хэвлэлээр хүртээмжтэй мэдээлээгүй байлаа. Үүнээс үүдэн салбар хэсгийн хороодын бүрэлдэхүүний асуудлаар олон нийт хяналт тавих боломжгүй байна. Ялангуяа Төв аймгийн дээр дурдсан хуулийн зөрчилтэй асуудлаар олон нийтийн зүгээс гомдол санал гаргаж хуулийн зөрчлийг цаг тухайд нь арилгуулах талаар санаачлага гаргах боломж байхгүй байна.

Сонгууль