2008 - Монгол Ардын Хувьсгалт Намын мөрийн хөтөлбөр

Монгол Улсын улс төрийн ууган байгууллага-шинэчлэгдсэн МАХН: 2004 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлж, эх орныхоо өнөөгийн байдлыг шинжлэн судалсны үндсэн дээр улс орноо хөгжүүлэх, үндэснийхээ аюулгүй байдлыг ханган бэхжүүлэхэд чиглэсэн алсын хараатай, амьдралд нийцтэй, түмнээ дэмжсэн, төгөлдөршилтийг эрхэмлэсэн төрийн бодлого хэрэгтэй хэмээн үзэж, Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлоготой нягт уялдан хэрэгжих мөрийн хөтөлбөрөө арван хоёр багц зорилтоор нэгтгэн боловсруулж сонгогч түмэндээ өргөн толилуулж байна. Манай намын сонгуулийн мөрийн хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улсын эрчимтэй хөгжлийн шинэ үе эхэлж, эдийн засгийн жилийн дундаж өсөлт 10 хувиас доошгүй болно. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2012 он гэхэд 5 мянган ам.долларт хүрнэ. 

НЭГ. Хүн амын амьдралын чанарыг сайжруулах зорилт

Улс орны маань эзэн нь ард түмэн билээ. Хүнээ тэтгэх нийгмийн үүрэг, иргэнээ дэмжих төрийн үйлчилгээг хэрэгжүүлэх үүднээс хүн амынхаа амьдралын чанарыг сайжруулах талаар дараахь зорилт дэвшүүлж байна.
Гэр бүл,  хүүхдийг дэмжих  бодлого хэрэгжүүлнэ. 
Шинээр гэр бүл бологсод, шинэ төрсөн хүsүхдэд төрөөс олгож буй мөнгөн тэтгэмжүүдийг үргэлжлүүлж, шинээр 3 дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд 300 мянган төгрөгийг нэг удаа, Алдарт эх-II одонтой эхэд 500 мянга, Алдарт эх-I одонтой эхэд 1 сая төгрөгийн тэтгэмжийг жил бүр  олгоно.
Гэр бүлийн харилцааны үнэт зүйл, ёс зүй төлөвшүүлэх,  соён гэгээрүүлэх, зөвлөлгөө өгөх,  дэмжин туслах үйлчилгээний шинэ төрлүүдийг хөгжүүлж ”Гэр бүл- Улсын үндэс”  хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Гурав хүртэлх насны хүүхэдтэй эх (эцэг)-д  хүүхэд асарсны тэтгэмжтэй чөлөө олгох, богиносгосон цагаар ажиллах, гэрээгээр болон гэрээрээ ажил үүрэг гүйцэтгэх  бололцоог өргөтгөнө.
Бага насны хүүхдийг асран халамжлах ясль, цэцэрлэг зэрэг байгууллагын үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд  татвар, зээлийн бодлогоор  дэмжлэг үзүүлнэ.
Хүүхэд, өсвөр үеийнхнийг  эх оронч үзлээр хүмүүжүүлэх, амьдрах ухаанд сургахад чиглэгдсэн ном зохиол, бүтээл туурвилыг төрөөс хөхиүлэн дэмжинэ.
Хүүхдээр хүнд хөдөлмөр хийлгэн мөлжих, хүүхдийн эрхийг зөрчих аливаа хэлбэрийн эсрэг тууштай тэмцэнэ.
Иргэн бүр сэтгэл хангалуун амьдрах эдийн засаг, нийгмийн нөхцлийг бүрдүүлнэ.
Үнэ ханшны өсөлт, өөрчлөлтийг тухай бүр тооцож, цалин тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай өсгөж 2012 он гэхэд одоогийнхоос 3 дахин нэмэгдүүлнэ.  
Үнэ, тарифыг зохиомлоор өсгөхийг хязгаарлана.
Иргэн бүр тогтвортой орлоготой байх эдийн засгийн орчин бүрдүүлж,  2012 онд дундаж өрхийн сарын орлогыг нэг сая төгрөгөөс дээш болгох боломжийг хангана.
Хувь хүмүүс гар аргаар нүүрс, алт, бусад баялаг олборлодог хүнд хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор  хууль гаргаж, орчин үеийн бичил уурхай болгон хөгжүүлнэ.
Алслагдсан болон говийн бүсийн зарим сум, байгалийн хүнд нөхцөлд амьдарч, ажиллаж буй иргэдэд нийгмийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх, нэмэгдэл олгох оновчтой тогтолцоог бий болгоно.
Хөдөлмөрийн чадвартай хүн амыг ажлын байраар хангах чиглэл баримталж жил бүр 60 мянгаас доошгүй ажлын байр бий болгоно.

Нийгмийн хамгаалал, халамжийн тогтолцоог төгөлдөршүүлнэ.
Өрх бүрийн амьжиргааны түвшин, амьдралын нөхцөл байдал, орлогыг бодитой тодорхойлж, шаардлагатайд нь нийгмийн туслалцаа,  дэмжлэг үзүүлэх, ядуу зүдүү байдлаас ангижруулах цогц арга хэмжээ авна.
Төрөөс үзүүлж буй нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай, нэг цэгийн болгоно.
Иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийнхэн халамжийн үйлчилгээ үзүүлбэл урамшуулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
Ахмад настанд үзүүлэх дэмжлэг, бүрэн тэтгэврийн доод хэмжээг жил дараалан өсгөж, 2012 онд одоогийнхоос 3 дахин өсгөнө.
Малчид, жижиг аж ахуй эрхлэгчид, ажилгүй иргэдийг нийгмийн суурь даатгалд хамруулж, төрөөс дэмжих тогтолцоонд шилжинэ.
{mospagebreak}
ХОЁР. Эрүүл мэндийн бодлогын төгөлдөршил

Иргэний эрүүл мэнд бол нийгмийн баялаг мөн. Монголын иргэн бүрийг эрүүл мэндийн орчин үеийн найдвартай, чанартай, хүртээмжтэй үйлчилгээнд хамрагддаг болгох зорилгоор дараахь зорилтыг дэвшүүлж байна.

Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг шинэчлэн сайжруулна.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн алслагдсан аль ч газарт  шаардлагатай үед цаг алдалгүй хүрч тусламж үзүүлэх “Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” байгуулж ажиллуулна.
Элэг, зүрх судас, хоол боловсруулах эрхтний нарийн мэргэжлийн төрөлжсөн эмнэлэг  байгуулна.
Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэн бүр жилд нэг удаа нарийн мэргэжлийн цогц үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй хийлгэх боломжийг бүрдүүлнэ.
Төлбөрийн чадваргүй, амьдралын түвшин доогуур болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үнэ төлбөргүй авах эрхийн бичиг олгоно.
Эрүүл мэндийн зөвлөлгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах “Эмнэлэг-эрүүл ахуйн төв”-үүдийг сум бүрт байгуулж ажиллуулна.
Сумын хүн эмнэлгийг 2-оос доошгүй эмчтэй болгож, зүрхний цахилгаан бичлэгийн  болон ариутгалын тоног төхөөрөмжөөр хангана.
Уламжлалт анагаах ухааны эмчилгээ, үйлчилгээг төрөөс дэмжиж хөгжүүлнэ.
Усны хатуулаг, эрдэсжилт ихтэй нутаг дэвсгэрийн сум, төв суурин газруудад ус зөөлрүүлэх дэвшилтэт технологи нэвтрүүлнэ.
Иргэд, ялангуяа өсвөр насныхан, залуучуудыг мансууруулах бодис хэрэглэх, нийгмийн халдварт өвчинд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг бодлого, зохион байгуулалттайгаар хэрэгжүүлнэ.
Хүн ам, ахмад настанд зориулсан эмнэлэг-сувиллын газруудыг олшруулж,  аймаг бүрд байгуулна.
Нийтийн биеийн тамир, спортын материаллаг баазыг өргөтгөхөд төрөөс бүх талын дэмжлэг үзүүлнэ.

Эрүүл мэндийн үйлчилгээнд шинэ менежмент, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололтуудыг нэвтрүүлнэ.
Улсын хэмжээнд эрүүл мэндийн болон цахим эмнэлгийн нэгдсэн сүлжээг бий болгоно.
Оношлогоо, эмчилгээ, сувилахуйн орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр орон нутгийн  нэгдсэн эмнэлгүүдийг хангана. 
Эрүүл мэндийн үйлчилгээнд “Урьдчилан сэргийлэх нь эмчлэхээс хялбар” зарчмыг баримталсан шинэ аргачлал нэвтрүүлнэ. 
Эрүүл мэндийн үйлчилгээ, судалгаа шинжилгээний ажлын санхүүжилтэд улсын төсөв, эрүүл мэндийн даатгалаас гадна хувийн салбарын оролцоог төрөөс дэмжинэ.
Эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн цалин хангамж, нийгмийн хамгааллыг  сайжруулж,   авилга, шан харамж зэрэг зохисгүй үзэгдлийг арилгана.
Эм, эмийн түүхий эдийг импортоор оруулахад тавих чанарын хяналтыг сайжруулж, хангамжийг нэмэгдүүлнэ.
{mospagebreak}
ГУРАВ. Монгол хүний оюуны чадварыг хөгжүүлэх зорилт

Нийгмийн оюуны салбарын чанарыг төгөлдөршүүлэх нь улс орныг зөв баримжаагаар хөгжүүлэх, хувь хүний амьдрах чадварыг дээшлүүлэх үндсэн нөхцөл мөн. Үүнийг хангах зорилгод нийцүүлэн дараахь зорилтыг хэрэгжүүлнэ.

Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг өргөжүүлж, төрөл, хэлбэрийг олшруулна.

Сургуулийн өмнөх хамран сургалтыг 2012 он гэхэд 70 хувьд хүргэнэ.
Баг бүрт гэр цэцэрлэг байгуулж ажиллуулна. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг төрөөс бүрэн хариуцна.
Хүүхдийн цэцэрлэгийн суудлын тоог нэмэгдүүлж, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэн цэцэрлэгийг тоглоом наадгайгаар бүрэн хангана.

Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлж, боловсролын хүртээмж, чанарыг дээшлүүлнэ.
ЕБС-ийн сурагчдыг сурах бичгээр төрөөс хангана.
ЕБС-ийн хичээлийн 3 ээлжийг арилгаж, сурагчдын дотуур байрын хүрэлцээг нэмэгдүүлнэ.
“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгож өргөжүүлнэ.
ЕБС-ийн нэг компьютерт ногдох хүүхдийн тоог 3 дахин бууруулна. ЕБС-ийн бүх багшийг зөөврийн компьютертэй болгоно.
Багш бэлтгэх ажлыг чанаржуулах цогц арга хэмжээ авч, ерөнхий боловсролын нийт сургуулийг мэргэжлийн багшаар бүрэн хангана.
Албан бус боловсролын тогтолцоог төгөлдөршүүлнэ.

Дээд боловсролын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.
Их, дээд сургуулиудад инженер, технологи, байгалийн шинжлэл, багш, эмч, хөдөө аж ахуйн мэргэжлээр суралцагчдын нийт суралцагчдын дотор эзлэх хувийн жинг  нэмэгдүүлнэ.
Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг мэргэжлийн болон мастер багшаар бүрэн хангаж, шинэ техник, технологи бүхий орчин үеийн лабораторитой болгон суралцагчдын тоог 3 дахин нэмэгдүүлнэ.
Их сургуулийн хотхон байгуулна. Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дотуур байрыг бүрэн тохижуулна.
Өндөр хөгжилтэй гадаад оронд суралцагчдын тоог 3 дахин нэмэгдүүлнэ.
Оюутны сурлагын дүнтэй холбож сургалтын төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх, тэтгэлэг олгох, номын сан, нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хөнгөлөлт үзүүлэх зэргээр оюутны сурах  боломжийг төрөөс бүрдүүлнэ. 
Хөдөөгийн сумдын Засаг даргын Тамгын газрын захиалгаар дотоодын их, дээд сургуульд суралцахаар албан ёсны гэрээ байгуулсан  оюутны  сургалтын зардлыг төрөөс хариуцна.
500 км-ээс дээш алслагдсан сургуульд суралцаж буй оюутны ирэх очихын зардлыг төр жилд нэг удаа хариуцна.
Багшийг чадваржуулах, сургалтын бааз, лабораторийг сайжруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

Соёл урлагийг төрөөс дэмжин хүртээмж, чанарыг нь дээшлүүлнэ.
Сумдын соёлын төвийг шинэчлэн тохижуулж байнгын ажиллагаатай болгоно.
Бүх музейг цахим дохиоллын хамгаалалттай болгож, музейн сан хөмрөгийг баяжуулах зардлыг 3 дахин нэмэгдүүлнэ.
“Үндэсний урлагийн ордон” байгуулна.
Соёлын ажилтан, уран бүтээлчдийн бүтээл, туурвилыг төрөөс дэмжих хөрөнгийг 2 дахин нэмэгдүүлнэ.
Монгол Улсын түүхийн сэдэвтэй бүрэн хэмжээний уран сайхны киног төрөөс захиалан  хийлгэдэг болно.
Мэргэжлийн урлагийн байгууллагын шилдэг бүтээл, туурвилыг хөдөөгийн иргэдэд хүргэх үйлчилгээг төрөөс дэмжинэ.
Үндэснийхээ зан заншил, эрхэмлэл, иргэдийнхээ хэвшин тогтсон сүсэг бишрэлийг хүндэтгэнэ.

Шинжлэх ухаан, технологийг тэргүүлэх чиглэл болгон эрчимтэй  хөгжүүлнэ.
Шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлон хөгжүүлж, дотоод, гадаадын  хөрөнгө оруулалт татах, хамтарсан үйлдвэр байгуулах, тоног төхөөрөмж худалдан авах хэлбэрээр шинэ технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлнэ.
Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр нарийн мэргэшсэн эрдэм шинжилгээний ажилтан, залуу судлаачдыг гадаад, дотоодод бэлтгэх, давтан сургах, мэргэшил дээшлүүлэх ажлыг бодлогоор дэмжинэ.
Эрдэм шинжилгээний бүтээлийн үнэлгээг өсгөх, ажилтнуудад зэрэг дэвийн нэмэгдэл олгох, ажиллах нөхцлийг сайжруулах зэргээр цалин, хангамжийг нэмэгдүүлнэ.
Мэдлэг-баялгийг үйлдвэрлэх, хүртээх, ашиглах агуулга бүхий инновацийн тогтолцоог төлөвшүүлж, технологи дамжуулах төвүүдийг байгуулж, эрдэм шинжилгээний байгууллагын туршилт, сорилтын баазыг шинэчлэн бэхжүүлнэ.
Шинжлэх ухаан, технологийн салбарыг бие даасан тогтолцоо болгон хөгжүүлнэ.
Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн дэлхийн дундаж түвшинд хүрч тоноглогдсон орчин үеийн 2-оос доошгүй эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулна.
{mospagebreak}
ДӨРӨВ. Байгаль орчны бодлогын төгөлдөршил

Байгаль орчин бол бидний амьдарч, аж төрөхийн үндсийн үндэс мөн. Онгон байгалиа ашиглахдаа унаган төрхийг нь хадгалах зорилгоор дараахь арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.

Байгаль орчны бодлогыг үндэсний хэмжээнд шинэчлэн тодорхойлж, дэс дараатай хэрэгжүүлнэ.

Байгаль хамгаалахдаа байгалиа ашиглах бүх хэлбэрийг хараа хяналттай болгож, нутгийн хүн амд түшиглэсэн менежментийг нэвтрүүлж, байгалийн аялал жуулчлал хөгжих нөхцлийг бүрдүүлнэ.
Хүний эрүүл мэнд, байгаль орчин, бэлчээр, тариалангийн талбайд хор хөнөөл учруулж буй  алт олборлолтыг зогсооно.
Ашигт малтмалыг байгальд ээлтэй арга, технологиор ашиглах, ашигласан орд газрыг нөхөн сэргээх ажлыг хянах үр нөлөөтэй арга зүйг хэвшүүлнэ.
Ашигт малтмалын орд газрын хайгуулын, ашиглалтын зөвшөөрлийг олгохдоо байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг тодорхой шалгуурын дагуу сонгон шалгаруулсан мэргэжлийн байгууллагаар хийлгэж, түүнийг үндэслэн шийдвэр гаргадаг тогтолцоонд шилжинэ. 
Уулуурхай, орд ашиглалтын хяналт шинжилгээний хөтөлбөр, байгаль хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө, даалгаврыг олон нийтэд ил тод, хүртээмжтэй байлгана.
Байгаль орчны судалгаа, шинжилгээний цогцолбор төвийг  байгуулан ажиллуулна.
Ус, намгархаг газрын экосистемийг хамгаалах, зохистой ашиглах голын сав газрын  менежментийн  загвар бий болгоно.

Экологийн тэнцвэрт байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах шинэ менежмент нэвтрүүлнэ.
Монгол орны ховордсон амьтан, ургамлын төрөл зүйлийг сэргээн нутагшуулах, тарималжуулах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөж хэрэгжүүлнэ.
Байгаль орчныг хамгаалах “Иргэдийн нөхөрлөл”-ийн хэлбэрийг хөхиүлэн дэмжиж нутгийн иргэдийн оролцоог идэвхижүүлнэ.
Цөлжилттэй тэмцэх хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэх гадаад, дотоод эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
Ан агнах, загас барих, самар жимс, эмийн ургамал түүхэд үйл олноор устгах, үр үндсийг нь хөнөөх зохисгүй явдал гаргуулахгүй байхад чиглэсэн мэдээлэл сурталчилгааг нэмэгдүүлж, төрөөс тавих хяналтыг чангатгана.
Байгаль орчинд хоргүй, утаа багатай, хатуу,  шингэн, хийн түлшийг өргөн ашиглах санал, санаачлагыг хөхиүлэн дэмжинэ. 
Гал түймэр, хортон м ‎эрэгч, шавьжтай тэмцэх ажлын зардлыг 5 дахин нэмэгдүүлж технологийн горимын дагуу зохион байгуулна.
Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулна.
Улаанбаатар хот, томоохон суурин газруудын утаа, агаарын бохирдлыг багасгана.

Байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулахад чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлнэ.
Эх орны нөхцөлд зохицсон тарьц, суулгацыг дотооддоо үржүүлэх, үйлдвэрлэлийн зориулалттай модны хэрэглээг импортоор хангахыг  дэмжинэ.
Монгол орны гол мөрний усны ихэнхи нөөцийг бүрдүүлдэг сав газрын эх ундрагыг улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт хамруулан хамгаална.
Хүн амыг эрүүлжүүлэх, өвчин эмгэгийг анагаах ашигтай чанар нь батлагдсан рашаан  усанд хамгаалалтын горим тогтооно.
Булаг шандны эх ундаргыг хашиж хамгаалсан, гар худаг гарган ашиглаж, бэлчээр нэмэгдүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, байгаль орчинд халтай хандаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг нь зогсоож, хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг тогтолцоог бий болгоно.
{mospagebreak}
ТАВ. Малчнаа тэтгэсэн бодлогын төгөлдөршил

Малчин хүн Монголын нийгмийн тулгуур хүч, мал аж ахуй манай эдийн засгийн гол үндэс мөн. XXI зууны малчныг бэлтгэх үүднээс дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Мал аж ахуйн үйлдвэрлэл, бизнесийг дэмжиж, малчид хөлжих,  мэдээлэл технологийн боловсролоо дээшлүүлэх боломжийг сайжруулна.
Бага оврын 8 мянган тракторыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт малчдад хөнгөлөлттэй үнээр олгоно.
Малчин бүрийг нийгмийн даатгалын нэрийн данстай, эрүүл мэндийн даатгалтай болгоно. 
Малчдыг малын хөлийн татвараас чөлөөлж, энэ мөнгөөрөө малынхаа тэжээлийн нөөцийг бүрдүүлэхэд зарцуулна.
Хөдөөг хөгжүүлэх зорилгоор сум бүрийг 50 саяас доошгүй төгрөгийн эх үүсвэр бүхий “Сумын хөгжлийн сан”-тай болгоно.
Сүү, цагаан идээгээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг дэлхийн түвшингийн технологиор боловсруулж дотоод, гадаадын зах зээлд нийлүүлнэ.
Мал аж ахуйн салбарт хөдөлмөрөө хорших, хөрөнгө хүчээ нэгтгэх, хоршоо, нөхөрлөл, хамтлаг болон зохион байгуулагдаж ажиллахыг зээл, татварын бодлогоор дэмжинэ.
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн борлуулах биржийн сүлжээ байгуулж, хүн амыг хүнсний хомсдол, үнийн өсөлтийн дарамтаас, малчид, тариаланчдыг түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалтын бэрхшээл, үнийн уналтаас хамгаалах арга хэмжээ авна.
Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, сүргийн бүтэц, малын үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулна.
Сум, багийн төвд гахай, тахиа, зөгийн болон хүлэмжийн аж ахуй эрхлэн хөгжүүлэхийг дэмжинэ.
Мал сүргийг эрүүлжүүлэх арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлнэ. Малын угаалга, тарилга, туулгалт, вакцинжуулалт зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг төрөөс хариуцан санхүүжүүлнэ.
Орон нутагт цас, борооны ус хуримтлуулах инженерийн хийцтэй хиймэл усан сан, хөв байгуулах ажлыг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж, ашиглалтгүй бэлчээрийг усжуулна.
Малын хулгайг таслан зогсоох шийдвэртэй арга хэмжээ авна.
{mospagebreak}
ЗУРГАА. Газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх зорилт

Газар тариалан эрхлэгчид бол ард түмнийхээ хүнсний амин дэмийг бүтээгчид мөн. Тэднийхээ хөдөлмөр зүтгэлийг төрөөс дэмжиж дараахь зорилтуудыг хэрэгжүүлнэ.

Газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэхдээ нэгжээс авах ургацыг тогтвортой нэмэгдүүлж эрчимжүүлэх бодлого баримтлана.
Газар тариалан эрхлэгчдийн газар өмчлөх, эзэмших  асуудлыг оновчтой  шийдвэрлэн урт хугацаанд тасралтгүй хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлнэ.
Газар тариалангийн мэргэшсэн ажилчин, тариаланчдыг бэлтгэнэ.
Атаршсан талбайг хөрсний эвдрэлтэй тэмцэх шинэ технологийн дагуу тариалангийн зориулалтаар сэргээн ашиглаж, жилд 300 мянган га-д улаан буудай тариалдаг болно.
Улаан буудай, гурил, төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, импортын хамааралгүй орон болно.

Газар тариалангийн үйлдвэрлэлд экологид халгүй шинэ техник, технологи нэвтрүүлнэ.
Тариалан эрхлэгчдэд бага оврын 12000 тракторыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт хөнгөлөлттэй үнээр нийлүүлж, том, дунд оврын техникийн лизингийн үйлчилгээ нэвтрүүлнэ.
Услалтын систем засварлах, шинээр барихад улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, шинээр 40 мянган га тариалангийн талбайг усжуулна.
Хөрс, байгаль, цаг уурын нөхцөлд дасан зохицсон таримлын шинэ сортуудыг бий болгож, таримал ургамлын үрийн үндэсний сантай болно.
Газар тариалангийн салбарт урт хугацаатай, бага хүүтэй зээл олгоно.
Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэг дор хослуулж, харилцан бие биеэ дэмжин хєгжих нөхцлийг бүрдүүлнэ. Өрхийн тариалан эрхлэхийг бүх талаар дэмжинэ.
{mospagebreak}
ДОЛОО. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх бодлого


Үндэсний үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, стратегийн орд газруудыг зохистой ашиглах нь улс орны эдийн засгийг бэхжүүлэх гол суурь мөн. Орчин үеийн шинжлэх ухааны ололт, шинэ дэвшилтэт технологид тулгуурласан үйлдвэржилтийн бодлого хэрэгжүүлнэ.

Геологи уул уурхайн үйлдвэрлэлийг дэмжиж, стратегийн ордуудыг зүй зохистой ашиглах нэгдсэн бодлого боловсруулан хэрэгжүүлнэ.

Нарийн сухайт, Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоо, Төмөртийн овооны ордуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, техник, технологийг шинэчлэх, байгаль орчны нөхөн сэргээлтийг стандарт шаардлагын дагуу хийх зорилтуудыг хэрэгжүүлнэ.
Уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж, Таван  толгойн нүүрсний, Оюу толгойн зэс-алтны, Цагаан суваргын зэс-молибдены, Асгатын мөнгө-холимог металлын, Ерөөгийн төмрийн,  Мардайн ураны ордуудыг  ашиглана.
Баруун, Хангайн болон Зүүн бүсийн ордуудын судалгааг нарийвчлан хийж ашиглах замаар бүс нутгийн хөгжлийг дэмжинэ.
Өмнө олгогдсон ашигт малтмалын лицензийг хянан цэгцлэнэ.
Дотоод, гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг улс орныхоо хэрэгцээ, олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож тогтвортой байлгана.
Уул уурхайн томоохон төслүүдийг санхүүжүүлэхдээ бонд гаргах, зээл авах, хувьцаа эзэмшүүлэх, шууд хөрөнгө оруулалт хийх, урьдчилсан санхүүжилт авах, зарим хэсгийг худалдах зэргээр хөрөнгө оруулалтын арга хэрэгслүүдийг өргөн ашиглана.
Стратегийн зарим орд газруудыг түшиглэн үндэсний корпораци, групп байгуулах замаар Монголын иргэн бүрийг хувьцаа эзэмшигч болгож, ашгаас нь тогтмол хувь хүртэж байх нөхцөл, арга замыг судалж хэрэгжүүлнэ.
Стратегийн томоохон ордуудыг аж ахуйн эргэлтэд оруулж олсон ашгаас    “Эх орны хишиг” сан байгуулах тусгай хууль гаргаж, улсынхаа хөгжилд тустай, иргэн бүрийнхээ амьдралд өгөөжтэй хэлбэрээр зарцуулна. 

Үндэсний брэнд-бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хөнгөн, хүнсний үйлдвэрүүдийг сэргээн хөгжүүлнэ.
Монгол ноолуур, арьс шир, хонь, тэмээний ноос,  малын хялгас, хөөврийг боловсруулах өндөр технологитой жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, хөнгөлөлттэй зээл олгох тусгай сан байгуулна.
Нийслэл болон орон нутгийн томоохон хотуудад экологийн цэвэр сүү, цагаан идээ,  мах махан бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлнэ.
Чацарганыг үндэсний брэнд-бүтээгдэхүүний түвшинд иж бүрэн боловсруулж, зах зээлд гаргана.
Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хянах үндэсний  лаборатори байгуулж, олон улсын жишиг стандартыг нэвтрүүлнэ.
Бага оврын трактор, тээврийн хэрэгсэл, дагалдах тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэж, угсрана.
Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, Говьсүмбэр аймаг болон бүсийн төвүүдэд үйлдвэрлэл-технологийн парк байгуулна.
Дарханы хар төмөрлөгийн, Эрдэнэтийн зэс молибдений  боловсруулах үйлдвэрүүдэд технологийн шинэчлэл хийнэ.
Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, цемент, арматурын төмрийн хэрэгцээг  дотоодын үйлдвэрүүдээс хангадаг болно.
Үндэсний компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд төрөөс бүх талын дэмжлэг үзүүлнэ.
Аялал жуулчлалын тусгай бүсүүдийг байгуулж, гадаадын жуулчдын тоог 2012 онд нэг саяд хүргэнэ.
{mospagebreak}
НАЙМ. Дэд бүтцийг хөгжүүлэх бодлогын төгөлдөршил

Зам, тээвэр харилцаа холбоо, түлш эрчим хүч, барилга байгууламжийн чанар, хүртээмж нь хүн амын аятай тухтай амьдралын гол нөхцөл мөн. Дэд бүтцийн найдвартай сүлжээг бий болгох зорилгоор дараахь зорилтуудыг шийдвэрлэнэ.

Мянганы замын төслийн барилга, байгууламжийг эрчимтэй үргэлжлүүлнэ.
Бүх аймгийн төвийг  нийслэл Улаанбаатар хоттой   хатуу хучилттай  авто замаар холбоно.
Хөвсгөл нуур, Хорго, Тэрхийн цагаан нуур, Хужирт,  Өгийнуур зэрэг аялал жуулчлалын томоохон төвүүдийг хатуу хучилттай замаар холбоно.
Замын-Үүд-Улаанбаатар-Алтанбулаг, Ярант-Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлээр хатуу хучилттай авто зам тавьж Азийн авто замын сүлжээнд холбогдоно. 
Улаанбаатар-Мандалговь-Оюутолгой-Тавантолгой чиглэлийн хатуу хучилттай авто зам барина.

Зорчигч тээвэр, ачаа тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
Улаанбаатар хотын ачаалал ихтэй уулзваруудад давхар зам барьж, авто зогсоол байгуулан замын түгжрэлийг эрс багасгана.
Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээвэрт хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр парк шинэчилж, хөрөнгө оруулалт хийнэ.
Нийслэлд шингэрүүлсэн хий, цахилгаанаар ажилладаг тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлнэ.
Аймгийн төв, томоохон суурин газарт нийтийн зорчигч тээврийн байнгын үйлчилгээг зохион байгуулж, шаардлагатай хөдлөх бүрэлдэхүүнээр хангана.
Улс болон хот хоорондын гол замуудын дагуу 100-150 км тутамд үйлчилгээний тохилог цогцолбор барина.
Хилийн боомт, бүсийн төвүүдэд ачиж буулгах үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

Иргэний агаарын тээврийн хөгжлийг эрчимжүүлнэ.
Төв аймгийн Хөшигийн хөндийд олон улсын нисэх буудал байгуулж, Улаанбаатарын дэд бүтцэд холбоно.
Говь-Алтай, Увс аймгийн төвд нисэх буудлыг хатуу хучилттай хөөрөх, буух зурвасын хамт, Баян-Өлгий, Завхан аймгийн төв, Ховдын Булган, Хөвсгөлийн Хатгалд онгоц хөөрөх, буух хатуу хучилттай зурвас шинээр байгуулна.
Улсын  хэмжээнд нисэх буудлуудыг нисэхийн аюулгүй байдлын тоног төхөөрөмжөөр бүрэн хангана.
Аймаг, сумдад нислэг хийх онгоцны тоо, нислэгийн чиглэлийг нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг дээшлүүлнэ.
Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад хотуудад олон улсын агаарын тээврийн үйлчилгээг нээн ажиллуулна. 

Төмөр замын тээврийн үйлчилгээний чанар, хамрах хүрээг өргөтгөж,  техник, технологийн шинэчлэл хийнэ.
УБТЗ-ын техник, технологийг шинэчилж, тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг 30 хувиар нэмэгдүүлнэ.
Ачаалал ихтэй хэсгүүдэд төмөр замын хос шугам барьж, цахилгаанжуулна.
Монгол Улсын төмөр замын тээврийн дамжин өнгөрүүлэх чадавхийг нэмэгдүүлнэ.
Говийн болон зүүн бүс нутгуудад төмөр зам тавьж,  ашигт малтмалын том орд-суурин газруудыг төмөр замаар холбоно.
Улаанбаатарт төмөр замын зорчигч үйлчилгээний олон улсын буудлыг шинээр барина.
Багануур, Багахангай, Налайх, Рашаант, Батсүмбэрийн чиглэлийн галт тэрэгний тоог нэмэгдүүлж, дагуул хотууд хөгжих тээврийн нөхцлийг бүрдүүлнэ.

Түлш, нефть бүтээгдэхүүн, эрчим хүчээр дотоодынхоо хэрэгцээг хангаж, цаашдаа эрчим хүч экспортолдог улс болох зорилтыг дэс дараатай хэрэгжүүлнэ.
Газрын тосны бүтээгдэхүүний олборлолтыг нэмэгдүүлж, газрын тос боловсруулах, нүүрснээс хий, шингэн түлш гаргах үйлдвэр байгуулан  нефть бүтээгдэхүүн  үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангадаг болохыг  зорино.
Одоо барьж буй усан цахилгаан станцуудыг ашиглалтад оруулах, дулааны шинэ цахилгаан станц байгуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн үйлдвэрлэлийг дэмжих зэргээр эрчим хүчний шинэ эх үүсвэрийг  ашиглан айл өрх бүрийг найдвартай эрчим хүчээр хангана. 
Атомын цахилгаан станц байгуулах асуудлыг судалж шийдвэрлэнэ.

Их барилга, хот байгуулалт, орон сууцны төлөвлөлтийн оновчтой бодлого хэрэгжүүлнэ.
Орон сууц барих санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, орон сууцны урт хугацаатай  зээлийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн тогтолцоог бий болгон орон сууцны урт хугацааны зээлийн жилийн хүүг 6 хувь хүртэл бууруулж, эргэн төлөгдөх хугацааг 25 жил болгоно. 
Гэр  хорооллыг оршин суугчдынх нь оролцоотойгоор орон сууцны хороолол болгон хөгжүүлэх  төлөвлөлтийг аймаг, нийслэл, бүсийн төв хотуудад хэрэгжүүлнэ.
Орон сууцны шинэ хотхон, хорооллын дэд бүтцийг байгуулахад хувийн хэвшлийн оролцоог дэмжинэ.
Өндөр орон сууц, томоохон үйлдвэрлэлийн барилга барих үндэсний чадамжийг нэмэгдүүлнэ.
Хот, суурин газрын хүн амын 80 хүртэл хувийг төвлөрсөн усан хангамжтай болгоно.
Барилгын байгууллагуудыг үндэсний мэргэжилтэн, мэргэжлийн ажилчдаар хангана.

Мэдээлэл,  харилцаа холбооны үйлчилгээг өргөжүүлж, иргэн бүрт  хүртээмжтэй болгоно.
Айл өрх бүрийг интернетийн хэрэглэгч болгох, малчдыг гар утас ашиглах нөхцлийг бүрдүүлэх, шилэн кабельд холбогдсон сумдад электрон шуудангийн  үйлчилгээ нэвтрүүлнэ.
Сум бүрийг телевизийн 10-аас дээш суваг үзэх боломжоор хангана.
Хөдөөгийн иргэдэд зориулсан мэдээллийн технологи ашиглах богино хугацааны сургалтууд зохион байгуулж, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хүрээг өргөтгөнө.
Сумдын шууданг 7 хоногт 2-оос доошгүй удаа, багийн шууданг нэг удаа хүргэдэг болгоно.
{mospagebreak}
ЕС. Эрх зүйт төрийн төгөлдөршил

Төр тунгалаг, төрийн ой санамж сайн байх нь нийгэмд шударга ёсыг хэрэгжүүлж, хуулийг дээдлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах, иргэнд үйлчлэх зорилтуудаа биелүүлэх үндсэн нөхцөл мөн. Төрөө төгөлдөршүүлэх үүднээс дараахь арга хэмжээ авна.

Эрх зүйн шинэтгэлийг зохистой үргэлжлүүлж, хууль бодитой үйлчлэх нөхцлийг бүрдүүлнэ.

Үндсэн хууль батлагдсанаас хойших үеийн туршлага, сургамжийг дэнслэн үзэж, ардчилал, зах зээлийн тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн шинэтгэлийн шинэ үе шатыг хэрэгжүүлнэ.
Сонгуулийн тогтолцоог шинэчлэн боловсронгуй болгоно.
Монголын ард түмний язгуур эрх ашиг, түүх, соёлын онцлогт нийцсэн, өнөөгийн хүрсэн түвшин, нөхцөл байдлыг харгалзсан, шинжлэх ухааны үндэслэлтэй, боловсруулалтын  шаардлагыг сайтар хангасан, чанартай, үйлчлэх чадвартай  хууль тогтоомжууд гаргахыг эрх зүйн шинэтгэлийн гол зарчим болгон хэрэгжүүлнэ.
Хуулийн зохицуулалтыг илүү оновчтой болгох, заалтуудынх нь зөрчил, давхардлыг арилган, уялдаа холбоог нь сайжруулж, хууль хэрэгжих механизмыг нарийвчлан тогтоож  хэрэгжүүлнэ.

Иргэн бүр хуулийн өмнө адил тэгш байх зарчмыг чанд баримтлан хууль дээдлэх ёсыг  хэвшүүлнэ.
Төр нь иргэддээ үйлчилж ил тод, шударгаар ажиллах, иргэд нь төрөө хүндэтгэж хууль ёсыг чандлан сахих явдлыг төр-иргэний харилцааны үндсэн зарчим болгон хэрэгжүүлнэ.
Хуулийг хэрэгжүүлэхэд  төрийн албан хаагчид үлгэрлэн манлайлж,  гагцхүү  хуульд  захирагддаг байх зарчмыг  төрийн албанд чанд баримтлана. 
Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлж, хууль дээдлэх ёсыг амьдралын бүх хүрээнд хэвшүүлэхийн төлөө ажиллана.
Шүүхийн тогтолцоонд шинэтгэл хийх, шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдал, гагцхүү хуульд захирагдан шударгаар  ажиллах орчин нөхцлийг бүрдүүлнэ.

Хүний аюулгүй байдлыг хангах төрийн үүргийг тууштай ханган  биелүүлнэ.
Ёс суртахууны доройтол, архидалт, мансуурал, садар самуун зэрэг нийгмийн гаж үзэгдэлтэй хуулийн хүрээнд тууштай тэмцэж нийгмийг эрүүлжүүлнэ.
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг хангаж хүний наймаа, хулгай дээрэм, хүчирхийллийн илрэлтэй шийдвэртэй тэмцэл явуулна.
Байгаль-экологийн аюулгүй байдалд тавих төрийн хяналтыг эрс чангатгаж, хүнс, эм, барааны аюулгүй байдлын стандартыг шинэчлэн тогтооно.
Нийгмийн зохион байгуулалт, эмх цэгц, сахилга, дэг журмыг сайжруулах,  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангахын төлөө тууштай арга хэмжээ авна.
Орчны эрүүл ахуй, аюулгүй байдлын үнэлгээнд иргэний нийгмийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлнэ.

Төвлөрлийг сааруулж, нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлнэ.
Удирдлагын тогтолцооны төвлөрлийг сааруулж, нутгийн удирдлагын  идэвхи санаачилгыг нь өрнүүлнэ.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийг өөрийгөө тэтгэх чадвартай нийгэм-эдийн засгийн цогцолбор болон хөгжихөд нь төрөөс дэмжлэг үзүүлнэ.
Нутгийн хурал, захиргааны эрх мэдлийн зохистой харьцаа тогтоож,  нутгийн захиргаанд иргэдийн зүгээс тавих хяналтыг хүчтэй болгоно.  
Мэргэшсэн, чадварлаг ажилтнуудаар орон нутгийн хурал, захиргааг бэхжүүлж, нутгийн удирдлагын чадавхийг дээшлүүлнэ.

Төрийн ажил, үйлчилгээг ил тод, авилгаас ангид, хүнд сурталгүй болгож, хууль, шударга ёсны дагуу хариуцлага хүлээдэг төрийн албаны ардчилсан тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлнэ.
Төрийн албыг цомхон, чадварлаг, хариуцлагатай, ёс зүйтэй ажилладаг болгон шинэчлэнэ.
Төрийн албан хаагчдыг шилж сонгох, мэргэжил ур чадварыг нь дээшлүүлэх, идэвхижүүлэх тогтолцоог төгөлдөршүүлнэ.
Төрийн албан хаагч тогтвортой ажиллах, мэргэжлийн хувьд өсч дэвжих нөхцөл, боломжийг тодорхой зааж журамлан төрийн албанд тохиолдлын хүн орж шургалах боломжийг арилгаж, ирээдүйдээ итгэлтэй ажиллах нөхцлийг бүрдүүлнэ.
Төрийн байгууллага, албан тушаалтнуудын ажлыг үнэлж дүгнэхдээ үр дүнг олон нийтэд тайлагнасан байдал, шударга ёс, төрийн албаны ёс зүйн үнэлгээ зэргийг гол шалгуур болгон баримтлана.
Төрийн албан тушаалтнууд төрийн албаны ёс зүйг чанд мөрддөг болгон хэвшүүлж, ёс зүйн алдаа гаргавал уучлалт гуйдаг, хариуцлага хүлээдэг болгоно.
Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны нээлттэй, тунгалаг  байдлыг өргөтгөж, төрийн нууцад хамаарахаас бусад мэдээлэлтэй иргэд танилцах бололцоо бүрдүүлнэ.
Төрийн албыг олон түмний хараа, хяналтад ил тод байлгаж, төсвийн хөрөнгийг захиран зарцуулсан байдал, түүний үр нөлөөг олон нийтэд тогтмол тайлагнадаг болгоно.
Элдэв хязгаарлалт, хүнд суртал, чирэгдэл учруулж байгаа журам заавруудыг хүчингүй болгон зөвшөөрлийн тоог цөөлөх замаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хуулийн хүрээнд хэвийн ажиллах нөхцлийг хангана.
Иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, нэгжийн шат дамжлагыг цөөлж, нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлнэ.
Ажил, амьдралаа авилгаас ангид зохион байгуулах нийгэм-сэтгэл зүйн уур амьсгал төлөвшүүлэхийн төлөө идэвхитэй үйл ажиллагаа явуулна.
Төрийн өндөр албан тушаалтнаас сонирхлын зөрчлийн мэдүүлэг авдаг болно.
Авилгын эсрэг тэмцэлд олон түмний оролцоо, хяналтыг хангах төр, иргэдийн хамтын ажиллагааны оновчтой, үр нөлөөтэй механизм бүрдүүлнэ.

Төр, иргэнийг холбосон бүртгэл, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгоно.
Бүртгэл мэдээллийн удирдлага, зохион байгуулалтын оновчтой бүтцийг бий болгож, хүн амын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ.
Иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн эрх зүйн бүртгэл мэдээллийн нэгдсэн санг байгуулж ашиглана.
Иргэд шилжин суурьшихдаа хаягийн бүртгэлээс хасуулж, шинэ хаягийн бүртгэлд орох үйлчилгээг чирэгдэлгүй хөнгөн шуурхай болгоно.
Бүртгэл мэдээллийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд онлайнаар мэдүүлэг авч, хариуг онлайнаар болон шуудангаар илгээдэг журамд шилжинэ.
Мэргэжлийн хяналтыг салбарын хяналттай уялдуулж мэргэшсэн үйлчилгээ болгон хөгжүүлнэ.
Хяналтын байгууллагуудыг орчин үеийн техник, технологи бүхий лабораторитай болгож,  мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр хангана.
{mospagebreak}
АРАВ. Иргэдийн оролцоо, иргэний нийгмийн төгөлдөршил

Иргэдээ идэвхжүүлж, иргэний нийгмийг төлөвшүүлэх нь ардчилсан нийгмийн төгөлдөршилтийн нэг гол үзүүлэлт мөн. Төр-иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлж, иргэний нийгмийг дэмжих зорилгоор дараахь арга хэмжээ авна.

Шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хяналт тавих бүх шатны үйл явцад иргэдийн идэвхитэй оролцоог хангана.

Нийтийг хамарсан аливаа асуудлыг шийдвэрлэх бодлого боловсруулахад иргэд, сайн дурын хамтлаг, сонирхлын бүлгийг оролцуулах боломжийг өргөтгөнө.
Төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдэд газар эзэмшүүлэх,  гэмт хэрэгтэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах, хот  тохижилт зэрэг орон нутгийн асуудлыг шийдвэрлэхэд  иргэдийн нийтийн хурлын үүрэг, нөлөөг өндөржүүлж, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангана.
Нийтийн эрх ашгийг хөндсөн томоохон хуулиудыг батлахаас 45-аас доошгүй хоногийн өмнө  иргэдээр нээлттэй хэлэлцүүлж санал авдаг журмыг хэвшүүлнэ.

Иргэд эвлэлдэн нэгдэж Үндсэн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй бүх хэлбэрийг дэмжиж, иргэний нийгмийн байгууллагуудыг бэхжүүлэх эрх зүйн орчинг сайжруулна.
Төрийн бус байгууллагын тухай хуулийг өөрчилж,  иргэний нийгмийн бүх төрлийн байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн шинэ орчин  бүрдүүлнэ.
Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудыг төрөөс  дэмжинэ.
Ажил мэргэжлийн чиглэлээр байгуулагдсан иргэний нийгмийн байгууллага дүрмээр хүлээсэн чиг үүрэгтэй хамаарах салбарынхаа  үйл ажиллагааны төлөө хариуцлага  хүлээх эрх зүйн орчин бүрдүүлнэ.
Төрийн чиг үүргийг иргэний нийгмийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх  хүрээг өргөжүүлнэ.
Иргэний нийгмийн байгууллагаас төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд  хяналт тавих эрхийг нь холбогдох хууль тогтоомжид тусган хэрэгжүүлнэ.
Нийгэмд тулгамдсан зарим зорилтыг шийдвэрлэхэд төрийн оролцоо, зохицуулалтыг тодорхойлох чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудтай зөвшилцөх арга хэлбэрийг бий болгоно.

Хувийн хэвшлийн хөгжлийг тууштай дэмжинэ. 
Төр, хувийн хэвшлийн зүй зохистой түншлэлийг тал бүрээр дэмжин хөгжүүлж, хамтын ажиллагааны оновчтой хэлбэрүүдийг бий болгоно.
Үндэсний болон бүс нутгийн хөгжлийн бодлого, салбарын хэмжээний  эрх зүйн зохицуулалтын тодорхой шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллана.
Хувийн хэвшлээс иргэдэд үзүүлж буй хүмүүнлэгийн үйлсийг төрөөс дэмжинэ.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөг хангаж, мэдээллийн  хүртээмжийг сайжруулна. 
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн эрхийг хамгаалж, үүрэг хариуцлагыг тодорхойлсон  эрх зүйн зохистой орчин бүрдүүлнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, өмчлөлийн төвлөрлийг аль болох сааруулж, өмчлөгчөөс сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нөлөөлөх,  шахалт үзүүлэхийг хязгаарлах бодлого  хэрэгжүүлнэ. 
Сэтгүүлчид ур чадвараа сайжруулах, нийгмийн амьдралын тодорхой салбар, чиглэлээр мэргэшихийг төрөөс дэмжинэ.
Иргэдэд шинжлэх ухааны мэдлэг, иргэний улс төр, эрх зүйн  боловсрол олгох,  амьдрах арга ухаанд сургах, эх оронч үзэл төлөвшүүлэх, ардчилал, шударга ёсны  үнэт зүйлсийг иргэн бүрийн итгэл үнэмшил болгон хэвшүүлэхэд чиглэсэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэлийн үйл ажиллагааг дэмжинэ.
Иргэдийн мэдээллийн эрх чөлөөг хангах эрх зүйн орчин бүрдүүлнэ.
{mospagebreak}
АРВАН НЭГ. Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого

Чих сонор, хараа хурц төр улс орныхоо аюулгүй байдлыг хангаж чадна. Үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр дараахь арга хэмжээ авна.

Монгол Улсын иргэд аюулгүй орчинд ажиллаж, амьдрах баталгааг хангах бүх талын арга хэмжээ авна.

Үндэсний аюулгүй байдлыг хангах үзэл баримтлал, эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.  
Үндэсний аюулгүй байдлын тогтолцоог хүн төрөлхтний болон үндэсний ашиг сонирхолд нийцүүлэн төгөлдөршүүлнэ.
Иргэдийн идэвхитэй оролцоо, мэдээлэл холбооны шинэ техник, технологи, мэргэжлийн удирдлагад түшиглэсэн орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлж бэхжүүлнэ.
Зэвсэгт хүчний чадавхи, бэлэн байдал, энхийн болон олон талт бусад үүрэг биелүүлэх чадварыг нэмэгдүүлнэ.
Экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийг нөхөн сэргээх зэрэг ажил үүрэг биелүүлэхэд зэвсэгт хүчнийг оролцуулна. Энэ зорилгод нийцүүлэн цэргийн дүйцүүлэх албаны үүргийг нэмэгдүүлнэ.
Цэргийн байгууллагад тавих иргэний хяналтыг боловсронгуй болгон иргэн, цэргийн харилцааг төлөвшүүлнэ.
Цэргийн албан хаагчдын амьдралын чанарыг сайжруулах, нийгмийн хамгааллын хүрээг өргөжүүлэх, офицер, ахлагч, тэтгэвэр чөлөөнд байгаа ахмадууд, тэдний гэр бүлийнхнийг эмнэлэг, амралт сувиллаар үйлчлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ.
Хил орчмын ард иргэдийн амгалан тайван амьдрах нөхцлийг хангаж, улсын хил хамгаалалтын нэгдмэл тогтолцоог баталгаажуулж, хил дамнасан болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр холбогдох байгууллагуудын оновчтой бүтцийг бий болгоно.
Хилийн аюулгүй байдлын санг бүрдүүлж, улсын хил хамгаалалтад орчин үеийн техник, технологийн ололтыг нэвтрүүлж, улсын хил хамгаалалтын найдвартай байдлыг хангана.
Улсын хилийн хамгаалалтад орон нутгийн ирг ‎эдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, урамшуулал, хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авна.

Гамшигтай тэмцэх үйл ажиллагааг боловсронгуй болгон засаг захиргааны нэгж, бүс нутгийн чадварыг сайжруулна. 
Гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, хор уршгийг нь арилгахтай холбогдсон улсын нэгдсэн төлөвлөлт-мэдээллийн тогтолцоог бий болгоно.
Гамшгийн мэдээллийн сан байгуулж, хөрш орнууд, бүс нутгийн гамшгаас сэргийлэх хамтарсан үйл ажиллагаанд нэгдэх,  уялдуулах арга хэмжээг авна.
Гамшгаас хамгаалах хүч хэрэгслийг орчин үеийн шаардлага, хэрэгцээнд нийцүүлэн бүрдүүлнэ.
Улсын болон орон нутгийн нөөцийн н ‎эр төрөл, тоо хэмжээ, байршлыг оновчтой болгоно.
Олон улсын терроризмын аюул нэвтрэхээс сэрэмжилнэ.
Терроризм, зохион байгуулалттай г ‎эмт хэрэг, хүний болон мансууруулах бодисын наймаатай тэмцэх үндэсний мэдээллийн санг бүрдүүлнэ.
{mospagebreak}
АРВАН ХОЁР. Гадаад бодлого

Улс орны хөгжлийн олон улсын орчинг хангахад чиглүүлэн гадаад бодлогоо төгөлдөршүүлэх нь үндэсний аюулгүй байдлын чухал баталгаа мөн.          

Гадаад бодлогын үзэл баримтлал, зарчмуудыг даяаршлын үеийн дэлхий дахины шинэ нөхцөл байдал, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эдийн засаг, нийгэм, батлан хамгаалах бодлоготой  нягт уялдуулан боловсруулж хэрэгжүүлнэ.

Нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд улс орнуудтай найрсгаар харилцаж,  харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлнэ.
ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг бүхий л түвшинд  хөгжүүлнэ.
Гадаад орнуудын улс төр, эдийн засгийн бодит сонирхлыг Монгол Улсад бий болгохдоо үндэсний аюулгүй байдал, ард түмний язгуур эрх ашгийн үүднээс зохистой тэнцвэрийг хадгалах бодлого явуулна.
Монгол Улсынхаа хөгжлийг хурдасгахад НҮБ болон олон улсын бусад байгууллагаас дэмжлэг авах бодлого хэрэгжүүлнэ.
Монгол орныхоо байгаль, түүх, соёлыг гадаад ертөнцөд сурталчлан таниулах, бусдын ололт, дэвшлийг эх орондоо нэвтрүүлэхэд чиглэсэн  идэвхитэй үйл ажиллагаа явуулна.
Дэлхий дахины болон бүс нутгийн улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанд харилцан ашигтай байх зарчмыг баримтлан идэвхитэй оролцоно.
Хилийн чанад дахь иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалж, гадаад харилцааг улам бүр иргэншүүлнэ.
Улс орныхоо өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, худалдааг үр ашигтай болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийг хангахад  гадаад харилцааны үр нөлөөг дээшлүүлнэ. 

Нийгэмд шударга ёс, хариуцлагын тогтолцоог бий болгож, Монгол хүн ирээдүйдээ итгэлтэй, амгалан тайван, сэтгэл хангалуун амьдрах боломжийг хангаж,  Монгол Улсаа өнө мөнхөд цэцэглүүлэн хөгжүүлэх нь  бидний зорилго мөн.
Монгол Ардын Хувьсгалт Нам улс орон, ард түмнийхээ төлөө билээ.  Манай хөтөлбөр бол амлалт төдий биш, ард нийтийн хүлээлт, нийгмийн өнөөгийн хэрэгцээ шаардлагын тусгал юм.

Нам  хичээе,  Та  дэмжээрэй.

Сонгууль