Монголын хилийн шугамд ойрхон орших хоёр бяцхан толгойг хаант Орос авах гэжээ. Богдын засгийн газар, “өөрийн газар нутгийг өгөхгүй” гэж мэдэгдвэл, хаант Орос, “Хоёр толгойнхоо нэгийг өгөхгүй бол хоёуланг цэргийн хүчээр булааж авна” гэж сүрдүүлсэн бололтой.
Хөөрхий манай муу хаад ноёд хүчин мөхөсдөөд, хоёр толгойнхоо нэгийг өгөхөөр Орост айлтгажээ. Тэгтэл оросууд хоёр толгойн нэгийг бэрзээнтээр битүү бүтээчихлээ гэнэ. Богдын засгийн газарт одоогийн манай гишүүдээс дутахгүй ухаантай түшмэлүүд байсан хэрэг. Тэд ухаан уралдуулж гарчээ. Мэдээж монгол ухаанаараа л уралдахаас өөр ямар ухаанаар уралдахав. “Оросууд хоёр толгойн нэгийг бүтээчихлээ? Энэ их учиртай. Тэр толгойд асар их баялаг байж таарна. Тэгэхээр тэр толгойг өгч болохгүй, нөгөө толгойг өгье” гэж шийдэв.
Монгол ноёдын энэ саналыг оросууд тун дургүй хүлээн авч нөгөө бүтээгээгүй толгойг арга буюу авсан аж.
Гэтэл бүтээлгүй орхисон нь цул алтан толгой, бүтээсэн нь жирийн шороон толгой байв. Оросууд хоёр толгойг судалчихаад монгол ноёдыг даажигнасан хэрэг.
Японы жижиг гарын хилийн наймаачид, завиар далай гатлан эх газрын эрэг хавийн монгол царайтай цаа бугатангууд дээр ирж, панз үсэргэжээ. Тэд эхлээд эгшигт хайрцгийнхаа дуу хөгжмийг том цагаан хоолойгоор чангаруулж, анир чимээгүй онгон дагшин тайгыг цочоолоо. Гоё дуу хөгжмийн ая данд хөтлөгдөн цаатангууд олноор цугларав. Хөгжимд сэтгэл нь уярсан цаатангууд хамаг булганыхаа үнэт арьсаар япончуудаас гоё дуутай хөгжим авах гэлээ. Япончууд дуртайяа зөвшөөрч хамаг булганы нь арьсыг хамж авсан боловч ганц эгшигт хайрцгаа өгсөнгүй, зөвхөн цагаан хоолойгоо салгаж өгөөд байв. Цагаан хоолой япончуудад олон байсан юмсанж.
Бөөн баяр хөөр болсон цаатангууд урцандаа цуглараад нөгөө цагаан хоолойн аль ч талд чихээ нааж чагнаад хөгжим дуугарсангүй. Тэд учрыг лавлахаар япончууд дээр очтол, цаадуул нь аль хэдийнэ захгүй далайдаа бараа тасарсан байжээ.
Онигоо домгийг орхиод, “Бороо гоулд”-ыг аваад үзье. Бороогийн ордыг наад тал нь 15 жилийн нөөцтэй гээд эхний 5 жилд татваргүй ашиглахаар тогтвортой байдлын гэрээ хоёр тал хийгээд үзэглэжээ. Бороогийн нөөц хэд билээ? Канадын технологи ямар хүчин чадалтай юм бол? гэдгийг нягтлах ухаан манай сайдуудын “цаатан” толгойд орсонгүй. Нүдээ аниад л мутарлаж орхиж.
Дараа нь монгол сайдууд канадчуудад, “5 жил болчихлоо. Давай, татвар өгөөтөх” гэвэл, цаадуул нь, “танай Бороогийн нөөц дууссаан. Бид явлаа, баяртай” гэжээ. Канадчуудтай хийсэн тогтвортой байдлын гэрээгээ одоо хэр манай сайдууд, “цаатангууд цагаан хоолойгоо яаж байлаа”, яг л тэдэн шиг, толгойгий нь зөв харуулж нэг уншаад, буруу харуулж бас нэг уншаад, юу ч ухаарахгүй тэнэгтэж сууна. Бороогийн олон жилийн нөөцийг орчин үеийн мангас шиг техник 5 жил хүргэлгүй залгижээ. Өөрөөр хэлбэл, татвар төлөх хугацаанаасаа өмнө амжуулах ёстой байсан шинэ колончлогчдын цахилгаан төлөвлөгөө ийнхүү хэрэгжиж буй нь тэр. Бороогийн орд гээд байгаа чинь дан алт шүү дээ. Уул овоо шиг алтаа манай ханхалзсан сайдууд ард түмэнд сохор зоосны ашиггүй тавиад туусан түүх. Харин өөрсдөө “бяцхан” авилгаар подхийсэн нь мэдээж.
Богдын засгийн газар болон цаатангуудын мангуутсаныг манай өнөөдрийн Төр засаг давтаад л, ичмээр ч юм шиг, уйлмаар ч юм шиг!
Одоо Оюутолгой гээд л сүржигнээд байна. С. Баяр Н. Алтанхуяг хоёр, “сөрөг хүчнээс болоод хоёр толгойгоос орж ирэх байсан асар их мөнгөө алдаж хохирлоо” гэж гаслалдаад л, “хамтарсан засаг байгуулж, энэ их баялгийг ард түмэндээ зүгээр өгье” гээд л тэврэлдээд байсан.
Яг гэрээ хийх гэтэл, итгэж болох бодит мэдээлэл огт байхгүй, бүх юм хав харанхуйг мэдэв. “Оюутолгой” хэрэгт хийх толгой болохыг хоёр намын дарга мэдэрч, айсандаа Эрдэс баялгийн сайдаар Д. Зоригтыг томилж бялууруулсан юмсанж. Зоригт зоригтой ч, зориг нь дэндүү гэнэн байвал, хаашаа тэнэж үхнэ ээ. Гэрээ хийж буй ажлын хэсгийн ахлагч түүний яриаг сонсоод байхад толгой нь бараг л миний толгой шиг мэдээлэлгүй, хов хоосноос зайлахгүй. Ахлагчийн толгойд Оюу толгойн нөөц, гүний ус, хөрөнгө оруулагч гадаадын компани нь, хөрөнгөтэй юу, хөрөнгөгүй хулгайч уу? гэх мэтээс эхлээд их юм хоосон зэрэглээтнэ. Олон юм нуршихын оронд, асар том төслийн гэрээ хийж буй хөрөнгө оруулагч канад хамд нь, Лондонгийн шүүхэд үзүүлэх хүчин төгөлдөр ажлын газрын пропуск байна уу, үгүй юү? гээд л ойлгочих, ард түмэн минь! Одоо бүр байчаад, “Айвенхоу майнз” гэгч Канадын компани биш, “Айвенхоу майнз монголиа ИНК” нэртэй манай компани болж таарлаа. Манай компани манай улсыг хулхидвал, Лондонгийн шүүх авч хэлэлцэхгүй. Лондонгийн шүүхэд хамаагүй болбол, муу “пропускны” хэрэг ч юу байхав.
Нэг талаар бүх юм “монгол маягаар, хариуцлага, тооцоо” гэж ядаргаатахгүй амар болж буй юм биш үү?