Сонгуулийн явцад өргөдөл, гомдол маргаан шийдвэрлэх үйл явцыг хянах нь

Сонгуулийн явцад өргөдөл, гомдол маргаан шийдвэрлэх үйл явцыг хянах нь: 2008 оны Гүржийн Ерөнхийлөгчийн сонгуулийг ажигласан туршлага, сургамж

Танилцуулга

Өглөөний мэнд, ноёд хатагтай нар аа. Намайг Тамар Цваниа гэдэг. Өнөөдөр та бүхэнтэй сонгуулийн бие даасан хяналтын ач холбогдол, давуу талуудын тухай ярилцах гэж байгаадаа таатай байна.

Юуны түрүүнд би өөрийн улсын тухай товч танилцуулъя. Гүрж бол Кавказын бүсэд оршдог, хүн ам нь 5 саяас хэтрэхгүй жижиг улс. Газарзүйн байрлал нь тус улсыг өмнөд Кавказын улстөр, соёлын төвийн үүрэг гүйцэтгэхэд нөлөөлсөн. Энэ үүрэг нь зөвхөн өнгөрсөнд хамаарахгүй, одоо ч тийм бөгөөд ялангуяа Гүрж улс ардчиллын зарчмуудыг мөрдсөн, бүрэн тусгаар, либерал улс болохоо дэлхий дахинд тууштай зарлан тунхагласнаас хойш ач холбогдол нь улам өссөн.

Би Гүрж дэх НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрт сонгуулийн асуудал хариуцсан бие даасан шинжээчээр ажиллаж байна. Түүнчлэн сонгуулийн асуудлаар Гүржийн хамгийн хүчирхэг, төрийн бус, бие даасан, дотоодын ажиглагч байгууллага болох- Шударга Сонгууль, Ардчилалын төлөөх Олон Улсын Нийгмэлэг-т 8 жил ажиллахдаа сонгуулийн ажиглалтын чиглэлээр ихээхэн туршлага хуримтлуулсан. Энэ илтгэл 2008 оны 01-р сарын 05-нд Гүржид явагдсан Ерөнхийлөгчийн Сонгуулийн үйл явцын тухай юм. Гүржид сонгуулийн дараах үе, тухайлбал санал тоолох үйл явц болон эцсийн дүнг нэгтгэн гаргах нь ихээхэн ач холбогдолтой. Түүнчлэн сонгуулийн үр дүнгийн тухайд өргөдөл, гомдол гаргах нь сонгогчдын жинхэнэ саналыг баталгаажуулах, сонгуулийн үр дүнг шударга байлгахын тулд хийгдэх зайлшгүй алхам гэдгийг Гүржид явагдсан сүүлийн сонгууль харуулж байна.

Нөхцөл байдлыг шинжлэх нь

Гүрж улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш Ерөнхийлөгчийн, Парламентын, Нутгийн өөрөө удирдах байгууллагын, Мужийн дээд зөвлөлийн сонгуулиуд зохион байгуулсан. 2003 оноос хойшхи сонгуулиуд илүү шударга, эрх чөлөөтэй болсон ч олон улсын ажиглагчид, бусад сонгуулийн оролцогчид төрөл бүрийн зөрчил дутагдлуудыг илрүүлж дурдсаар ирсэн.

Өнгөрсөн сонгуулиудийн туршлага, Олон улсын болон дотоодын байгууллагуудын ажиглалтын тайлангаас харахад сонгуулийн үйл явцын хамгийн их шүүмжлэл хүлээж буй хэсэг нь “санал хураах өдрөөс өмнөх үе” юм. Цаашилбал бодит байдал дээр сонгуулийн өмнөх үе нь сонгуулийн үр дүнг тодорхойлох хамгаас чухал хэсэг байдаг. Тиймээс ихэнх ажиглагчид сонгуулийн өмнөх үед анхаарлаа хандуулдаг.

Гүржийн Ерөнхийлөгчийн Сонгууль

2007 оны 11 сарын эхээр Гүржийн улс төр олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орлоо. Сөрөг хүчнийхний нэгдэн зохион байгуулсан жагсаал 6 өдөр үргэлжлэв. Жагсагчид үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан Парламентын сонгуулийг 2008 оны намар Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулах өөрчлөлт оруулахоос өмнө урьдын зохицуулалтыг даган сонгуулийг 2008 оны хавар товлохыг шаардаж байлаа. Хэдэн өдрийн дараа жагсагчдын гол шаардлага нь Гүржийн ерөнхийлөгчийг огцруулах болж хувирав. Жагсагчдын хүчтэй шаардлага, улстөрийн шүүмжлэлт нөхцөл байдал Гүржийн ерөнхийлөгчийг 2008 оны 01-р сарын 05-нд явагдсан Ээлжит Бус Ерөнхийлөгчийн Сонгуулийг зарлаж, өөрөө огцроход хүргэсэн.

Ерөнхийдөө олон улсын хийгээд дотоодын ажиглагчид 2008 оны Ээлжит Бус Ерөнхийлөгчийн Сонгуулийг ардчилсан сонгуулийн олон улсын стандартын дагуу болсон хэмээн үзжээ. Хэдий тийм боловч сонгуулийн ерөнхий эерэг хандлагаас гадна анхаарал татахуйц олон асуудлууд байна.

Товчоор хэлбэл ихэнх зөрчил дутагдлууд одоогийн сонгуулийн хууль, сонгууль зохион байгуулагчид болон сонгуулийн ерөнхий уур амьсгалтай холбоотой. Төрийн өмч хөрөнгийг сонгуульд ашигласан, төрийн албан хаагчид сонгуулийн кампанит ажилд идэвхтэй оролцсон, айлган сүрдүүлсэн, эрх зүйн хэм хэмжээг хугацааг нь тулгаж өөрчилснөөр сонгуулийн хэвийн процедур алдагдсан, сонгогчдийн нэрсийн жагсаалтын оновчтой бус, эрх зүйн орчны тодорхой бус байдал, улстөрийн туйлшрал, олон нийтийн зүгээс сонгуулийг зохион байгуулагчдад болон нэр дэвшигчдэд итгэл алдрах, улстөрийн бодлого алдагдах, санал тоолох болон сонгуулийн үр дүнг тооцох үеэр гарсан томоохон зөрчлүүд зэргийг олон улсын болон дотоодын ажиглагчид тоочиж байна. Бүх оролцогчид, ажиглагчид маш бага санал сонгуулийн үр дүнд нөлөөлж, эцсийн хувь заяаг шийдсэн гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Гэвч сонгуулийн хувь заяаг шийдсэн тэр бага саналын шударга эсэх нь зөрчлийн талаархи хэлэлцэн шийдвэрлэгдээгүй олон гомдол, нэхэмжлэлүүдтэй адил маргаантай юм.

ЕАБХАБ(Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага), АХЭБ(Ардчилал, Хүний Эрхийн Байгууллага)-аас гаргасан Сонгуулийн Дараах Үеийн Тухай Тайланд “...сонгуулийн үйл ажиллагааны бусад талууд, тухайлан санал тоолох болон хүснэгтлэх, түүнчлэн сонгуулийн дараа гарсан өргөдөл гомдлыг шийдвэрлэх процесс нь ЕАБХАБ-н зарим стандарттай зөрчилдөж байна” гэжээ.

Сонгуулийн үр дүнгээс үзэхэд 2-р шатны сонгууль болоход тун ойрхон байгааг үл харгалзан Сонгуулийн Төв Хороо чухал гомдол, нэхэмжлэлүүдийг авч хэлэлцээгүй. Нэгдүгээр сарын 13-нд Сонгуулийн Төв Хороо сонгуулийн дүнг зарласан. Сонгуулийн Төв Хороон дахь сөрөг хүчний төлөөлөл сонгуулийн үеэр гарсан зөрчилтэй холбоотой маш олон гомдлыг СТХ хэлэлцээгүй байгаа тул сонгуулийн дүнг гаргах боломжгүй хэмээн маргажээ. Сонгуулийн эцсийн үр дүнг зарлахыг дэмжиж СТХ-ны 7 гишүүн саналаа өгсөн бол сөрөг хүчний 6-төлөөлөл эсрэг санал өгсөн юм.

2008 оны Ерөнхийлөгчийн Ээлжит Сонгуулийн дараа Гүржийн улстөрийн нөхцөл байдал маргаантай хэвээр үлдэж, сонгогдсон ерөнхийлөгч ард түмний ихэнх хэсгийн хувьд нэр хүндгүй болсон билээ. Өнөөдөр сонгуулийн оролцогчид, ялангуяа ажиглагчид санал тоолох, эцсийн үр дүнг гаргах, ялангуяа гомдол, нэхэмжлэл гаргах процедур Гүржийн сүүлийн сонгуулийн хувь заяаг шийдсэн хэмээн үзэж буй.

Гомдол, нэхэмжлэлүүдийг тоймлон үзвэл

Гүржид сонгуулийн нэхэмжлэл, гомдолтой холбоотой эрх зүйн орчин тодорхойгүй, өөр хоорондоо зөрчилтэй байна. Энэхүү тодорхой бус байдал нь сонгуулийн нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй байх, түүнчлэн хуулийг оновчтой бус тайлбарлах үндэс болсон. Гүржийн Сонгуулийн Нэгдсэн Хууль сонгуулийн маргаантай холбоотой процедурыг зохицуулдаг. Сонгуулиар гарсан зөрчилтэй холбоотой гомдол, нэхэмжлэлүүд, сонгуулийн комиссын шийдвэрүүд шүүх болон сонгуулийн дээд шатны хорооны алинд нь ч шилжиж болно. Гомдлыг шийдвэрлэх процедуртай холбоотой хуулийн заалтуудын тодорхой бус, ойлгомжгүй байдал нь сонгууль зохион байгуулагчид болон шүүхийн зүгээс тэдгээр гомдлыг амжилттай няцаахуйц тайлбар хийх боломж олгосон билээ.

2008 оны Ерөнхийлөгчийн Ээлжит Бус Сонгуулийн үеэр сонгууль зохион байгуулагчид болон шүүх хэдийгээр тэдний зарим нь ноцтой баримтуудыг агуулсан байсан ч зөрчилтэй холбоотой маш олон гомдол саналуудыг хангалттай, бүрэн дүүрэн авч хэлэлцэж, шийдвэрлээгүй. Ихэнх гомдлууд хэлбэрийн шаардлага хангаагүйн улмаас буцаагдсан юм; Сонгуулийн Төв Хороо ирсэн гомдлуудыг буцаах эсэхийг чөлөөтэй шийдэх эрхтэй байсан бөгөөд зарим гомдол, нэхэмжлэлүүд тэдний үндсэн агуулгад нөлөөлөхөөргүй жижиг алдаатай байсан ч тэднийг буцаажээ. Олон өргөдөл гаргагчид СТХ-ны зүгээс тэдний өргөдлийг процедурын алдаатай хэмээн Сонгуулийн Нэгдсэн Хуулийг үндэслэн буцаахыг харцгаасан.

Ерөнхийдөө сонгуулийн өмнөх үед цөөн тооны албан ёсны гомдол, нэхэмжлэл гарсан бол сонгуулийн үеэр болон, сонгуулийн дараа маш олон өргөдөл, нэхэмжлэл бичигдэж, тэдний цөөн хэсэг нь л хэлэлцэгдсэн юм.

Сонгуулийн өмнөх үеийн гомдол, нэхэмжлэлүүд

Сонгуулийн өмнөх үед маш бага тооны гомдол шүүх, дүүргийн сонгуулийн хороодод иржээ. Дотоодын ТББ-ууд, сөрөг хүчнийхний үзэж буйгаар сонгуулийг зохион байгуулагчид болон шүүхэд итгэх иргэдийн итгэл алдарсан нь ийм цөөн тооны гомдол ирэх шалтгаан болсон ажээ. Нэмж хэлэхэд сонгууль зохион байгуулагчид зөрчлийг өөрсдийн санаачилгаараа хэлэлцэн шийдвэрлэх талаар юу ч хийгээгүй юм.

Сонгуулийн хороодтой холбоотой ихэнх гомдлууд хангалттай шалгагдсангүй. Сонгууль зохион байгуулагчид мэргэшлийн ур чадвараа алдаж, улстөрийн сонирхолдоо хөтлөгдөж байгаа нь илт байв. Тэд гомдлуудыг хэлэлцэх үедээ дотоодын хуулийг ч, олон улсын стандартыг ч үл хүндэтгэсэн билээ.

Сонгуулийн үеэр шүүхүүд сонгуультай холбоотой хэд хэдэн хэргийг ил тод, мэргэжлийн чиг хандлагаа баримталж шийдвэрлэсэн. Гэвч зарим чухал хэрэгтэй холбоотой шийдвэрүүд нь хууль зүйн үндэслэл муутай, хангалттай эрх зүйн дүн шинжилгээ хийгээгүй байдал харагдсаар байв.

Сонгуулийн дараах гомдол саналууд

Нийтдээ 1000 гаруй гомдол, нэхэмжлэл сонгуулийн өдөр буюу сонгуулийн дараа гарсан бөгөөд ихэнх гомдлууд Сонгуулийн Хэсгийн Хороонд ирсэн байлаа. Гэхдээ тэдний заримыг нь л Хэсгийн Хорооны дарга бүртгэж авсан юм. Ихэнх гомдол, нэхэмжлэлүүд сонгуулийн үр дүнг гаргах болон санал тоолох зэрэг Сонгуулийн Хэсгийн Хорооны үйл ажиллагаанд гарсан зөрчил, дутагдалтай холбоотой байв. Цөөн тооны гомдол нь сонгогчдийн саналыг нэгтгэн дүгнэх Дүүргийн Сонгуулийн Хорооны ажиллагаанд хамаатай байв. 1000 гомдол, нэхэмжлэлээс ойролцоогоор 400 орчим нь Дүүргийн Сонгуулийн Хороон дээр шийдвэрлэх байсан ч одоогийн сонгуулийн хууль тогтоомжийн дагуу Дүүргийн Сонгуулийн Хороо нь Хэсгийн Хорооны гаргасан шийдвэрийг хүртэл өөрчлөх эрхгүй байсан.

Ерөнхийдөө бүх шатны сонгуулийн байгууллагууд, түүнчлэн шүүх сонгуулийн саналын үр дүнг хүснэгтлэх, санал өгөх, тоолохтой холбоотой гарсан олон зөрчлүүдийг хангалттай хэлэлцэн шийдвэрлээгүй юм. Давхардсан санал өгсөн, саналын хуудсыг нугалсан, авилгалдсан гэх мэт ноцтой зөрчлүүдийн талаар гаргасан гомдол ердөө л тухайн Хэсгийн Хороо байрладаг хотын нэрийг бичээгүй(хуулиар шаардаагүй), өргөдөл гаргагчийн хаяг байгаагүй гэх мэт яльгүй шалтгаанаар буцаагджээ. Бүх буцаагдсан гомдол техникийн болон эрх зүйн хэлбэрийн шаардлага хангаагүй гэсэн байв.

Эцэст нь Сонгуулийн Төв Хороо 24 гомдлыг авч хэлэлцсэнээс 5 нь Хэсгийн Хороогоор шийдэгдсэн байсныг дурьдах хэрэгтэй юм. Мөн Сонгуулийн Хэсгийн Хорооны 8 шийдвэрийг шүүх хүчингүй болгожээ.

Эрх зүйн орчны тодорхойгүй байдал, холбогдох байгууллагуудын улстөрийн нөлөөнд орсон зэрэг нь гомдол, нэхэмжлэлийг шударга, зохистой байдлаар шийдвэрлэхгүй байх шалтгаан болсон. Нөгөө талаас нэхэмжлэл гаргах явцад өөрийн гомдол, нэхэмжлэлээ зөв, үр дүнтэй гаргах тал дээр мэдлэг дутагдсан. Тиймээс ч ЕАБХАБ/АХЭБ-аас Ээлжит Бус Ерөнхийлөгчийн Сонгуульд зориулан гаргасан зөвлөмжийн 35-р зүйлд: “Улстөрийн намууд, ТББ-ууд цаашдаа хуульчдад зориулан сонгуулийн хууль тогтоомж, зөрчлийг илрүүлж, баримт нотолгоо цуглуулах, гомдол гаргах процесс, шаардлага хангасан гомдол, нэхэмжлэл гаргаж сурах чиглэлээр сургалт зохион байгуулах хэрэгтэй” хэмээн тэмдэглэжээ.

Авсан сургамжууд

Дээр дурьдсан зүйлсэд үндэслэн сонгуулийн мониторинг хийгч байгууллагууд өөрсдийн хуримтлуулсан туршлагаа улам арвижуулж, үр дүнтэй, стратегитай ашиглах шаардлага байгааг цохон тэмдэглэж байна. 2008 оны Ээлжит Бус Ерөнхийлөгчийн Сонгуулийн сургамжаас үүдэн сонгуулийн мониторинг хийгч байгууллагууд мониторинг чиглэлээ илүү нарийвчилж, ирээдүйн сонгуулиудад мониторингийн шинэ хандлагаар хандах юм. Гомдол, нэхэмжлэлтэй холбоотой Гүржийн сонгуулийн туршлага нь сонгуулийн үеүдийг зөв үнэлэх, үр дүнтэй ажиглалт хийхийн тулд бодит стратеги боловсруулахад сонирхолтой жишээ болно. Түүнчлэн шударга нөхцөл, сонгуулийн нийт уур амьсгал тааламжтай байх нь үр дүнтэй ажиглалт хийхэд угтвар нөхцөл болдог. Гомдол, санал гаргах эрх нээлттээй байх нь сонгууль цэвэр, шударга болоход ихээхэн тустай. Сонгууль шударга байхын тулд сонгуулийн байгууллагууд, шүүхийн тогтолцоо тухайн гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахдаа хойрго биш байх хэрэгтэй. Мөн гомдол гаргагч албан ёсны гомдол гаргах механизмыг ашиглах, гарсан үр дүнг хүлээн зөвшөөрдөг байх нь чухал.

Энэхүү туршлага нь олон улсын хувьд анхаарал татах асуудал болно. Сонгуулийн бүх оролцогчид, ялангуяа ажиглагчид гомдол, нэхэмжлэл гаргах процедурыг шинээр авч үзэж, энэ чиглэлд зохистой хандлагыг төлөвшүүлэх хэрэгтэй юм. Ерөнхийдөө доорхи нөхцлүүд хангагдсан үед олон нийтийн зүгээс сонгуулийн үйл явц, үр дүнд хандах хандлага эерэг байдаг байна:

-Гомдол гаргах процедуртай холбоотой эрх зүйн орчин ойлгомжтой, шударга байх
-Гомдол гаргачид элдэв сүрдүүлэг, заналхийллээс хамгаалагдсан
-Сонгуулийн байгууллага өөрөө гомдол, маргаантай холбоотой бие даасан шийдвэр гаргах эрх мэдэл, боломж, мэргэшилтэй -Гомдол, нэхэмжлэл нь мэргэжлийн түвшинд хийгддэг -Гомдол, нэхэмжлэл нь зохистой хийгддэг
-Гомдол гаргах, түүнийг хүлээн авах процедур энгийн, тодорхой
-Улстөрийн оролцогчид, бие даасан ажиглагчид, сонгуулийн байгууллагын ажилтнууд өөрсдөө гэх мэт сонгуультай холбоотой аливаа этгээд санал хураах, тоолохтой холбоотой асуудлаар гомдол, нэхэмжлэл гаргах нь чөлөөтэй, шаардлагагүй элдэв хязгаарлалт байхгүй
-Гомдол, саналыг ил тод, хугацаанд нь шийдвэрлэдэг, эдгээр шийдвэрүүд нь олон нийтэд нээлттэй г.м...

Гомдлыг үр дүнтэй, ил тод шийдвэрлэх механизм нь луйврын ажиллагаа, буруу үйлдлийг зогсоож чадах бөгөөд сонгуулийн байгууллагын ажилтнуудын албан үүргээ гүйцэтгэх үедээ гаргадаг алдаа дутагдлыг нээн илрүүлж, засч чадах юм. Энэ нь зөвхөн сонгуулийн үр дүн хүчинтэй/хүчингүй талаарх эргэлзээг нэмэгдүүлэгч элдэь асуудалд бус харин санал хураах ажиллагаа, сонгуулийн гомдол нэхэмжлэлд ил тод, хариуцлагатай ханддаг стандартыг хадгалахад ихээхэн ач холбогдолтой.

Дүгнэлт

Сонгууль бол иргэд тэдний амьдралд нь нөлөөлөх шийдвэрт оролцох, өөрсдийн төлөөлөлтэйгөө хариуцлага тооцох чухал арга замуудын нэг билээ. Итгэж болох сонгуулиар баталгаажсан улстөрийн хууль ёсны эрх нь засгийн газруудын хувьд тогтвортой хөгжилд тулгарч буй олон сорилтуудыг даван туулах чухал мандат болно.

Санал хураахтай холбоотой бэрхшээлүүд, нэхэмжлэл гомдлыг шийдвэрлэж чаддаг үр дүнтэй, ил тод механизм нь сонгууль зохион байгуулагчийн хариуцлагыг өндөрсгөж, ингэснээрээ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх олон нийтийн болон улстөрд оролцогчдийн хандлагыг эерэг болгоход туслах юм. Бүх оролцогчдод хүлээн зөвшөөрөгдөхүйц маргаан шийдвэрлэх тогтолцоо нь сонгогчийн шийдвэрийг бодитоор хадгална.

Сонгууль хууль ёсны байх эсэх нь аливаа алдаа, сонгуулийн хууль бус үйлдлийг хууль ёсоор залруулах эсэхээс хамаардаг нь илэрхий. Орчин үеийн ардчилалд сонгуулийн маргааныг шийдвэрлэж чаддаг сайн тогтолцоо нь улстөрийн тогтолцооны тогтвортой байдлыг хангах үндэс болдог. Ийм тогтолцоо аливаа улсад ардчилсан засаглалыг хүчирхэгжүүлж, хүний үндсэн эрхийг хамгаалахад чиглэх нь мэдээж.

Тиймээс сонгуулийн маргааныг үр дүнтэй шийдвэрлэдэг тогтолцоог бий болгоход хамгаас чухалчлан үзэх зүйл бол процедур, сонгуулийн үйл ажиллагаа нь эрх зүйн хувьд баталгаажсан гомдол, нэхэмжлэл гаргах тогтолцоо юм. Энэ тогтолцоо энгийн, хууль ёсны сонгууль явуулах баталгаа болно. Түүний чухал хэсэг нь тогтолцооны үр дүнтэй байдлыг баталгаажуулагч дотоодын бие даасан, хараат бус иргэний нийгмийн ажиглалт билээ.

Тамар Цваниа
Гүрж улс
2008 оны 03-р сарын 28

Сонгууль