Өнгөрсөн баасан гарагт 2020 оны УИХ-ийн сонгуульд иргэний нийгмийн ажиглагчаар хөндлөнгийн хяналт тавин ажилласан 200 гаруй залуучууд батламжаа гардан авлаа.
Иргэний нийгмийн хөндлөнгийн ажиглалт гэдэг нь ямар нэгэн нам, улс төрөөс хараат бусаар сонгуульд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх, залуучуудын сонгуулийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, сонгуулийн үйл явцад зөрчил будлиан гарахаас сэргийлж шударгаар зохион байгуулахад хувь нэмрээ оруулах зорилготой сайн дурын үйл ажиллагаа юм.
Иргэний нийгмийн ажиглагчид 2012 оноос эхлэн дөрөв дэх удаагаа сонгох эрхийн манаанд зогсож, хараат бус, хөндлөнгийн ажиглалт хийлээ. Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн "Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" болон "Бодлогод залуусын хяналт" ТББ нь 2020 оны УИХ-ын сонгуулийн 200 гаруй иргэний нийгмийн ажиглагчийг бэлтгэн сонгуулийн cанал хураах, тоолох, дүнг гаргах үйл явц болон техникийн тооллого хийх хэсгийн хороодыг сонгох, тооллого хийх үйл явцууд Сонгуулийн тухай хуулийн дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьж ажилласан юм.
Иргэний нийгмийн хяналтад нийт 112 хэсгийн хороо хамрагдсанаас Улаанбаатар хот дахь 99 хэсгийн хороо, Баянхонгор, Дорноговь, Төв, Хэнтий, Дархан-Уул аймгийн 13 хэсгийн хороодод нийт 200 гаруй ажиглагчид хяналтыг амжилттай тавьж ажилласан.
Эдгээр сайн дурын залуучуудын хичээл зүтгэл, нийгэмдээ оруулсан хувь нэмрийн үлэмжийг цохон тэмдэглэж Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг “Сайн дурынхан гэдэг бол цагтай хүмүүсийг хэлдэггүй, үнэт зүйлтэй хүмүүсийг хэлдэг” хэмээн батламж гардуулах үйл ажиллагааг нээж үг хэлсэн юм.
2020 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛИЙН ИРГЭНИЙ НИЙГМИЙН АЖИГЛАЛТ ХИЙСЭН ЗАЛУУСЫН ТӨЛӨӨЛӨЛ
Г.Чинзориг, "Хүчирхэг хөвгүүд" ТББ-ын ерөнхий зохицуулагч, 2016 оны УИХ сонгууль, 2017 оны ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны УИХ сонгуулийн иргэний нийгмийн ажиглагч:
Иргэний нийгмийн ажиглагч хийснээрээ сонгуулийн үйл явц хэрхэн явагддаг, шударга сонгууль явуулахад хөндлөнгийн ажиглагч ямар чухал нөлөөтэй, залуучуудын улс төрийн оролцоо ямар чухал болохыг мэдэж авсан. Энэ жилийн сонгууль COVID-19тэй холбоотойгоор маш онцлогтой боллоо. Сонгогч нар маань өмнөх сонгуулиудтай харьцуулахад илүү дэг журамтай, ариутгал сайтай, зай хоорондыг сайн барьж байсан. Мөн ажиглагч нар маань энэ жил анх удаа ажиглалтын үйл явцаа цахимаар бөглөж техник технологийн дэвшлийг ашигласан давуу талтай байлаа. Гэхдээ анхаарах зүйлүүд ч мөн байсан нь хэсгийн хороодын дэд бүтцийн асуудал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлгүй байсан явдал. Жишээлбэл: Сонгуулийн санал өгөх хэсэг маань хоёр давхарт налуу замгүй, шаттай байснаас болоод тэргэнцэртэй иргэд маань үүрүүлж орж ирж байсан. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайль үсэгтэй саналын хуудас байсангүй. Мөн томруулдаг шил хүртээмжтэй байгаагүй.
А.Алтанбаяр, 2016 оны УИХ сонгууль, 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн ажиглагч, 2020 оны УИХ сонгуулийн иргэний нийгмийн ажиглагчдын багийн ахлагч:
Ажиглагч хууль хэрэгжиж байгаа эсэхийг ажиглахаас гадна сонгууль хэрхэн явагддаг, сонгуулийн үйл явцад ажиглагч нар, намууд яаж оролцдог, хар хайрцаг нь үнэн юм уу, худлаа юм уу гэх зэрэг эргэлзээгээ арилгах боломжтой. Энэ жилийн сонгуулийн санал хураах өдөр маш их бороотой байсан боловч ирцийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулбал нэмэгдсэн, залуучуудын оролцоо дээшилсэн гэж харж байна. Сонгогчид маань саналаа өгөхдөө дээл хувцсаа өмсөж сонгуулиа хүндэтгэж байсан ч "дээлтэй" гэж залуучуудыг шахахаас илүүтэйгээр "саналаа ямар ч хувцастай байсан өгөх эрхтэй шүү, заавал сонгууль өгөх эрхээ эдлээрэй" гэж хэлмээр санагдсан. Залуучууд маш их идэвхтэй байгаа, тэр идэвхийг нь улс төр битгий хугалаасай гэж хүсч байна. Энэ оноос эхлээд Монгол улс маш их хэмжээний өр төлж эхлэх гэж байна, тиймээс залуучуудын татварыг бүү нэмээсэй, залуучуудыг битгий ашиглаасай, энэ олон залуучуудын урмыг хугалж дахиж ийм их хэмжээний өрөнд битгий автуулаасай гэж сонгогдсон гишүүдээсээ хүсэж байна. Энэ сонгуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгууль өгөх нөхцөл байдлыг сайжруулахгүй, тэдгээр иргэдийн сонгох эрхийг зөрчиж байна гэж харсан. Сонгуулийн байрны зай талбай жижиг, гаднаа машины зогсоол байхгүй, маш их түгжрэлтэй мөртлөө санал авах байр хүнгүй зэрэг зөрчлүүдийг дараа дараагийн удаа засаасай гэж хүсэж байна. Санал авах байр давчуу байгаагаас үүдэж даамал хэнд санал өгч байгааг харах боломжтой байсан. Зарим сонгуулийн байранд "МАН-ын Хүчээ нэгтгэе" гэдэг уриатай самбар хүртэл байсан.
Э. Солонго, 2020 оны УИХ сонгуулийн иргэний нийгмийн ажиглагч:
Сонгуульд өөрийн хувь нэмрээ оруулах, шударга зүйлийн ар тал болж ажиллахыг хүссэн учраас энэ сонгуульд ажиглагчаар ажилласан. Шийд- Сонго- Хяна буюу хяналтын хэсэгт нь ажиллаад, сонгууль хэр шударга болж байгаа эсэхэд өөрийн биеэр оролцсондоо баяртай байгаа. Мөн "COVID-19" цар тахалтай холбоотой нийгэмд үүсээд байсан хүнд нөхцөл байдлын үед бид сонгуулиа амжилттай зохион байгуулж энэ бүхнийг туулж гарсандаа баяртай байна.
Зургийг: Бодлогод Залуусын Хяналт ТББ