Сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд бэлтгэх үйл явцад хийж буй мониторингийн явц

2012 оны сонгуулиас эхлэн сонгуулийг зохион байгуулахад гарсан нэг  томоохон өөрчлөлт бол саналыг автоматаар тоолох болсон явдал билээ. Үүнтэй холбоотой автоматжуулсан системийг ашиглан санал тоолох, дүнг нэгтгэх, дамжуулахад гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, сонгуулийн үйл явцын ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Сүлжээний гишүүн МИДАС ТББ сонгуулийн автоматжуулсан системийн мониторингийг 2012 оны УИХ-ын сонгуулиас эхлэн хариуцан хэрэгжүүлсэн билээ. 

Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн хяналт үргэлжилж байна 

2021 оны МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сонгуулийн автоматжуулсан системд багтах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг туршиж баталгаажуулан, гэрчилгээ олгох үйл ажиллагаа нам, эвсэл, ТББ-уудаас томилсон ажиглагчид байлцан хяналт тавив. Энэ хүрээнд СЕХ-ны Мэдээлэл технологийн ажлын хэсэг Доминион вотинг компанитай онлайн харилцаж программын шинэ хувилбар 5.14-ын эх кодоос түүвэрлэн үзэж танилцав. Үүнд СЕГ,Тагнуулын ерөнхий газар, МАН, ХҮН намын төлөөлөл, Доминионы төлөөлөгчид болон ТББ-ын төлөөлөл оролцлоо. Түүнчлэн хэсгийн хороод руу илгээхээр бэлтгэсэн санал тоолох төхөөрөмжүүдээс түүвэрлэн авч Орц – модем залгах, USB оролт, CF картын 2 оролт, цахилгааны болон баттерей залгах оролтыг болон Уникал Пассворд шалгаж үзэв. Хяналт 2021 оны 6-р сарын 5-нд орон даяар сонгуулийн дүнг дамжуулах, дүнг нэгтгэж харуулах программыг шалгахад оролцож хяналт тавина. 

Сонгуульд оролцож буй нам, эвсэлд сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс гурван хоногийн өмнө өгнө

Сонгуулийн хууль тогтоомжийн хүрээнд ажиглалт хийхээр бүртгэгдсэн ТББ-ууд сонгогчдын нэрийн жагсаалттай зөвхөн танилцах бололцоотой бөгөөд тулгалт хийж хянах бололцоо хомс байдаг. Харин сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслийн хувьд сонгуулийн нэрийн жагсаалтын хуулбарыг авч хянах эрхтэй ч 2020 онд баталсан МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу санал хураах өдрөөс 3 хоногийн өмнө авч болохоор байгаа нь хяналт тавих бололцоог хязгаарлахын зэрэгцээ аливаа зөрчил илрүүлсэн нөхцөлд шийдвэрлүүлэх боломж хомс байдал ажиглагдаж байна. 

Сонгогчдын нэрийн жагсаалтын хяналтыг хариуцан ажиллаж буй МИДАС ТББ-ын зүгээс хамгийн олон сонгогчтой Баянзүрх дүүрэгт дараах шалгууруудад үндэслэн сонгогчдын бүртгэлээс мэдээлэл түүвэрлэн авч шалгаж байна. Үүнд, нэг хаяг дээр олон хүн (6-аас дээш) бүртгэлтэй байгаа эсэх; нэг хаяг дээр байгаа хүмүүсийн гэр бүлийн бүтэц сэжигтэй эсэхийг регистрийн дугаар, нас, хүйсээс үндэслэн тооцоолон тодруулах, төсөөтэй нэр, регистртэй хүмүүсийг илрүүлэх, шилжилт хөдөлгөөн, түр хасав төлөвийн тоо нэг хаяг дээр олон байгаа эсэхийг хянаж үзээд хаяг дээр нь очиж тулгалт хийн хянаж байна. Мөн хэвлэл мэдээлэл, бусад эх үүсвэрээс сэжигтэй гэж үзээд, хандсан мэдээллийн  дагуу тодорхой хаягууд дээр очин мэдээллийг нягталж буй болно. Баянзүрх дүүрэг нь нийт 28 хороотой бөгөөд эдгээрт 103 хэсгийн хороо байгуулагдан ажиллаж байна. Мониторингийн явцад баримтжуулж буй жишээг үзэхэд хаягаар нь очиж шалгах үед сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс цөөн тооны хүн амьдардаг, илүү бүртгэлтэй иргэдийн талаар оршин суугчид нь мэдэхгүй байх, хаяг дээр амьдардаггүй, шилжилт хөдөлгөөн хийхгүйгээр шилжсэн гэх мэт тохиолдлууд нэлээд гарч байна.

Тухайлбал, 

  •  .. тоотод сонгуулийн насны 16 хүн бүртгэлтэй байсан. Хаягийн дагуу очиж гэрийн эзэдтэй уулзаж www.burtgel.gov.mn цахим хуудаснаас шалгах явцад тэр айлын хөршүүд нь тааралдан тэд нар бас .. тоот гэсэн хаягтай бөгөөд энэ 16 хүн нь 2 тусдаа хашаатай 2 өөр айл боловч ийнхүү олон жилийн хугацаанд нэг хаяг дээр бүртгэлтэй байгааг тодруулсан
  •  Алтан Өлгийн ..-р гудамж ... тоотод 11 хүн бүртгэлтэй, үүнээс 1 хүн түр хасав төлөвтэй. Тодруулахад сонгуулийн насны 3 хүн л амьдардаг бусдыг нь танихгүй гэсэн учир www.burtgel.gov.mn цахим хуудас руу орж шалгахыг зөвлөсөн. Ингээд шалгаж үзэхэд 8 хүнийг нь огт танихгүй байсан. Эгч нь утсаар холбогдож дахин лавлахад өмнө нь энэ хаяг дээр амьдарч байгаад намар шилжүүлгээ хийлгээд явчихсан 2 хүн хасагдаагүй байна гэсэн. Үүнээс гадна .... гэдэг хоёр хүнийг огт танихгүй гэж байсан. Урд талынх нь хашааны .... гэдэг айлынх хашаа нь тоот хаяггүй учир эхнэр, хадам ээжийн хамтаар энэ айл дээр бүртгэлтэй байдаг гэсэн
  • 1932 тоотод өөр регистр, өөр овогтой олон хүн нэг дор амьдарч байгаа нь анхаарал татсан. Хаягаар нь очиж шалгахад “ХОРИН АЙЛ буюу Тамара эмээгийнх” гэж олны дунд нэрлэгддэг Монголын Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн “ЗАЯЮ ТАЙШ”ТББ байсан. 4 айлын нэр дээр газар нь байдаг, 2 гэрт 11 ам бүл амьдарч байсан. Сонгогчдын нэрсийн жагсаалт дээрх тоотой таарч байсан. 
  • 1872 тоотыг ойролцоо тоотой айлуудын дунд нэг бүрчлэн самнаж хайсан боловч олоогүй.
  • “Өөрийнх нь хадам ээж болон хөдөө амьдардаг 2 хамаатан нь бас өөрийнх нь хаяг дээр бүртгэлтэй байгаагаа мэдэж авсан” хэн хаана бүртгэлтэйгээ мэддэггүй

Нийслэлийн хэмжээнд хаягжилт замбараагүй байгаа нь сонгогчдын нэрийн жагсаалтыг үнэн зөв гаргахад болон хяналт тавихад бэрхшээл учруулж буйг юуны өмнө анхааралдаа авах шаардлагатай байгааг онцлох нь зүйтэй.  Тухайлбал, захын, алслагдмал хороодын хувьд:

  • Зохион байгуулалт муутай хашаанууд (1587 тоот айлыг хайх үед 1581 тоот хашаа байрлах гудамжаар ороод хайх үед тус гудамжинд нь 1440 тоот, 1864 тоот дугаартай айлууд байсан) Сэлбийн 33-р гудамж нь 808 тоотоор дуусаад 34-р гудамж 812 байхгүй 
  • Хаягжилтгүй
  • Хаягжилт тэмдэг тэмдэглэгээ нь олон жилийн хугацаанд бүдгэрч, харагдахгүй болсон
  • 1 хаягийн бүртгэлтэй 2 тусдаа хашаа (хоорондоо хол зайтай) байсан
  • 1 хаяг дээр хашааг хуваасан, 2 тусдаа айл амьдардаг. 

Орон сууцны хорооллын хувьд байрны дугаарыг давхардуулж өгөх байдал нэлээд байна

  • “Баянмонгол “ Хороолол 403,405,408 дугаартай байр байхад , “ Санрайз хотхон 403,405,408 -р байрууд байна / 25-26-1 хэсгийн хороонд / 
  • “ Сүмбэр Орд “ хотхонд 601,603 дугаартай байрууд байхад “ Чухаг -2 “ хотхонд 601, 603 байрууд байна/25-26-7 хэсгийн хороонд / 
  • “ Эмералд “ хотхоын 501,502,503 дугаартай байрууд “ Нэйшнл Парк “ хотхоны 501,502,503 байрууд байна. 
  • “ Энканто “ хотхоны 207,208 дугаартай байрууд байхад “ Эду “ хотхонд 207,208 дугаартай байрууд байна. 

Сонгогчдын нэрийн жагсаалтад хяналт тавьж буй иргэний нийгмийн ажиглагчдад хэсгийн хороод мэдээлэл өгөхөөс цааргалах, сонгуулийн хэсгийн хорооноос хаяг аваад очиход хаяг дээр байх айл урьдчилж мэдээлэл авсан байх тохиолдол гарч байна.

Сонгуулийн хууль тогтоомжийн дагуу сонгогчид өөрийн болон хаяг дээрээ бүртгэлтэй байгаа бусад сонгогчдын мэдээллийг шалгах замаар хяналт тавих бололцоотой. УБЕГазраас 2021.05.12-ний байдлаар https://election.burtgel.gov.mn хаягаар давхардсан тоогоор 325 мянга орчим хандалт хийгдэж, 1650 хүн санал гомдол гаргажээ. Гэвч техникийн хүндрэл гарснаас дээрх датабааз хагас өдөр ажиллаагүй, түүнчлэн “I’m not robot” хэсгийг англи хэлгүй хүмүүс ойлгож бөглөж чадахгүй хүндрэл учирч байгааг цаашид анхаарах нь зүйтэй. 

С. Энхжаргал
МИДАС ТББ

Сонгууль