“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага болох Глоб Интернэшнл төв нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Мониторингийн зорилго нь МУ-ын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, иргэд, сонгогчдыг сонгуульд үнэн бодит мэдээлэлтэйгээр оролцоход нь хувь нэмэр оруулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж буй сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буйг олон нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэх, Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ, СЕХ-ны хамтран баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих” журмын хэрэгжилтэд хяналт тавих явдал юм.
41.6. Олон нийтийн радио телевизээс бусад радио телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт /60 минут/-аас илүүгүй байна.
41.7. Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хоногт гарах нийт хугацаа /60 минут/-ны хорин таваас илүүгүй хувь /15 минут/ нь нэг нам, эвслээс нэр дэвшигчид ноогдоно.
41.14. Радио телевизийн мэдээний хөтөлбөрөөр нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гарсан мэдээ нь сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хугацаанд хамаарахгүй боловч нэг нам эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээг хоногт таван минутаас хэтрүүлэхийг хориглоно.
41.28. Радио, телевизийн мэдээллийн хөтөлбөр, сургалтын болон хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуур сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно.
МУ-ын Ерөнхийлөгчийн 2021 оны телевизийн мониторингид МҮОНТ, ТV9, 25 дугаар суваг, NTV, Монгол HD гэсэн 5 телевизийг хамруулав. Дээрх телевизүүдийг сонгохдоо Хэвлэлийн хүрээлэн, Максима ХХК-ны 2020 оны судалгаанд суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, цаг үеийн мэдээний хөтөлбөр нэвтрүүлдэг, зах зээлд 4-өөс дээш жил оршин тогтносон зэрэг шалгуурыг үндэслэв.
Сурталчилгааны 2 дүгээр үе буюу 2021 оны 5 дугаар сарын 28-аас 6 дугаар сарын 1
- Тайлангийн хугацаанд 5 телевизийн 465 цаг 20 минут 18 секундын бичлэгт мониторинг хийснээс 28 цаг 40 минут 59 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байв. Энэ нь нийт эфирийн 6%-ийг эзэлж байна.
- МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн хамгийн их цагийг МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх эзэлсэн нь 47%-д хүрсэн бол АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэд 28%-тай тэнцэх цаг оногдов. Харин ЗХЭЭ-ээс нэр дэвшигч Д.Энхбатад оноосон цаг 25% хүрсэн юм.
- Арилжааны 4 телевизийн нийт сонгуультай холбоотой мэдээлэлд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 53%, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 45%, ЗХЭЭ-аас нэр дэвшигч Д.Энхбат 2% тус тус эзэлжээ. Өөрөөр хэлбэл, арилжааны телевизүүдийн хувьд ч МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхэд хамгийн их цаг оноосон хэвээр байна. Тухайлбал ТV9 телевиз 53%, NTV телевиз 53%, Монгол HD телевиз 56%, 25 дугаар суваг телевиз 51%-тай тэнцэх цаг тус тус оноов.
- Таван телевизийн дунджаар нэр дэвшигчдийг магтаж сайшаасан өнгө аястай мэдээлэл 85%-иас өсөж 93%-д хүрчээ. Төвийг сахисан мэдээллийн хэмжээ буурч 2% болов. МҮОНТ-ийн мэдээллийн 95% нь эерэг хандлагатай байсан бол төвийг сахисан мэдээлэл ердөө 3%, сөрөг мэдээлэл 2% байна. Арилжааны телевизүүдийн хувьд NTV, Монгол HD телевизийн мэдээллийн 97% нь адил тэнцүү эерэг хандлагатай байсан нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин TV9 телевизийн сөрөг өнгө аястай мэдээлэл 9%-д хүрсэн нь бусдаасаа их байна.
- МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийг хэлбэрийн хувьд ангилан үзвэл захиалгатай сурталчилгаа 55%, далд сурталчилгаа 20%, сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл 30%-ийг тус тус эзлэв. Харин арилжааны 4 телевизийн дунджаар нийт сонгуультай холбоотой мэдээллийн 47%-ийг захиалгатай, төлбөртэй сурталчилгааны цаг эзэлж, сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл буурч 38% болов. Нийт сонгуультай холбоотой мэдээллийн 15%-ийг далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл эзэлж байна. Хамгийн их далд сурталчилгааны шинжтэй мэдээллийг 25 дугаар суваг телевиз нэвтрүүлсэн нь 20% хүрсэн бол, хамгийн их сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийг TV9 телевиз нэвтрүүлсэн нь 43% болжээ.
- Өмнөх сонгуулиудтай харьцуулахад хараат бус, сонгогчдын боловсролд зориулсан сэтгүүл зүйн бүтээл нэмэгдэх хандлага ажиглагдаж буй ч бүтээлийн чанар, үр дүнг сайжруулах нь нэн чухал асуудал хэвээр байна. МҮОНТ-ийн сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл 30%-д хүрсэн нь өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны дүнтэй харьцуулахад 5 пунктээр өссөн үзүүлэлттэй байна.
- Сонгуулийн тухай хуульд заасан цагийн хязгаарлалт буюу 41.6 /60 минут/, 41.7 /15 минут/-ын зөрчил илрээгүй. Харин 41.14 /таван минут/ дахь заалтуудыг зөрчсөн 37 секундээс 4 минут 9 секундын хооронд 3 тохиолдол бүртгэгдэв.
Глоб Интернэшнл төв
Утас: 11-324627, 99170361