Гүржийн сонгуулийн мониторингийн туршлага

Бидний үйл ажиллагаа зөвхөн сонгууль болж буй өдрийн ажиглалтаар хязгаарлагддагүй бөгөөд сонгуулийн өмнөх ба дараах үед ч мониторинг хийдэг. Маш олон өргөдөл, саналыг чадварлаг хуульчид бэлтгэн сонгуулийн хороод болон шүүхийн байгууллагуудад илгээдэг. ГЗХХ хэзээ ч сонгуулийн үеэр гардаг элдэв зөрчил илрүүлэхийг өөрийн зорилгоо болгож байгаагүй бөгөөд хамгаас чухал, нэн түрүүний зорилт нь сонгуулийг амжилттай явуулахад дэмжлэг үзүүлэх явдал гэдгийг онцлон хэлэх хэрэгтэй юм.

Сонгуулийн кампанит ажлын мониторингийн туршлага, стратеги, үр дүн 

 “Ардчилсан сонгууль: Иргэний нийгмийн хяналт” олон улсын бага хуралд Гүржийн Залуу хуульчдын холбооны мэргэжилтэн Нино Ломжариягийн тавьсан илтгэл

1.      Гүржийн Залуу Хуульчдын Холбооны товч түүх

ГЗХХ-нь Гүржид  шударга нийгмийг бий болгоход хувь нэмэр болох зорилгоор залуу хуульчдыг нэгтгэсэн холбоо маягаар байгуулагдсан. Холбоо нь 1994 онд албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд ашгийн бус, төрийн бус, бие даасан байгууллага юм.

12 жилийн турш идэвхтэй үйл ажиллагаа явуулахдаа ГЗХХ Гүржийн засаг захиргаа, газарзүйн мужуудаар таран байрласан найман салбар бүхий хүчирхэг сүлжээ, 700 гаруй гишүүнтэй тус улсын нөлөө бүхий төрийн бус байгууллага болсон юм. Гүржийн иргэд ГЗХХ-г шударга ёс, ил тод байдал, эрх зүйт ёс, хүний эрхийн төлөө ажилладаг тэргүүлэх иргэний нийгмийн байгууллага гэдгээр нь сайн мэддэг.

Тус байгууллагын үндсэн зорилго нь “Шударга ёсыг бий болгохын тулд Эрх зүйт ёс” гэсэн ганц өгүүлбэрт нэгтгэн зангидагддаг.

ГЗХХ-ны ерөнхий ассамблейгаас батлаж, бүх төсөл, хөтөлбөрүүдийг тэдгээрийн дагуу явуулж байхаар тус байгууллагын гүйцэтгэх зөвлөлд илгээсэн үндсэн 4 стратегийн зорилт байдаг. Эдгээр нь:

  • Олон нийтийн эрх зүйн ухамсар болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Эрх зүйт ёсыг төлөвшүүлэх;
  • Хүний үндсэн эрх, эрх чөлөө, нэр төрийг хамгаалах;
  • Сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг бий болгох;
  • Хууль зүйн мэргэшлийг хөгжүүлэх; Мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг төгөлдөршүүлэх.

2.      ГЗХХ-ны сонгуулийн өмнөх мониторинг хийсэн туршлага

ГЗХХ нь 1999 оны парламентын сонгуулиас эхлэн тус улсад явагдсан бүх сонгуулиудыг ажиглах тал дээр ихээхэн идэвхтэй ажиллаж ирсэн. Бидний үйл ажиллагаа зөвхөн сонгууль болж буй өдрийн ажиглалтаар хязгаарлагдаагүй бөгөөд сонгуулийн өмнөх болон дараах үед ч мониторинг хийдэг. Маш олон өргөдөл, саналыг чадварлаг хуульчид бэлтгэн Сонгууль, Хууль Зүйн байгууллагуудад илгээдэг бөгөөд энэ нь ГЗХХ-ны нэрийн хуудас болж тус байгууллагыг бусад энгийн сонгуулийн мониторинг хийгч байгууллагуудаас ялгаж өгдөг.

ГЗХХ хэзээ ч сонгуулийн үеэр гардаг элдэв зөрчил илрүүлэхийг өөрийн зорилгоо болгож байгаагүй бөгөөд хамгаас чухал, нэн түрүүний зорилт нь сонгуулийг амжилттай явуулахад дэмжлэг үзүүлэх явдал гэдгийг онцлон хэлэх хэрэгтэй юм.

Өмнө дурьдсанчлан ГЗХХ-ноос хийгддэг мониторинг нь сонгуулийн өмнөх үе, санал хураах өдөр, түүнчлэн сонгуулийн дараах үеийг хамардаг.

Гүржид сонгуулийн өмнөх шударга, ил тод байдлыг баталгаатай хангахын тулд бид юу хийдэг вэ?

Сонгуулийн өмнөх үед ГЗХХ-ноос хэрэгжүүлдэг үйл ажиллагаа:

1.      Сонгуулийн өмнөх кампанит ажлыг ажиглах зорилготой мониторинг ажлын хэсгүүдийг тус байгууллагын төв, орон нутгийн салбаруудыг түшиглэн байгуулах

2.      Хэрэв зөрчил илэрвэл стратегийн өмгөөллийн үйл ажиллагаа явуулах

3.      Нэр дэвшигчдийн сонгуулийн өмнөх сангуудад мониторинг хийх

4.      Сонгуулийн хуультай холбоотой хууль зүйн зөвлөмж бэлтгэх

5.      Сонгуультай холбоотой хууль, журмуудыг боловсронгуй болгох тал дээр СТХ(Сонгуулийн Төв Хороо)-той хамтарч ажиллах

6.      Улстөрийн намууд болон бусад ТББ-уудтай хамтарч ажиллах

Сонгуулийн өмнөх цаг үед ГЗХХ-ноос ажиглагчид, сэтгүүлчид, сонгууль зохион байгуулагчдын төлөөлөлд зориулсан сургалт зохион байгуулж, сонгуулийн өмнөх кампанит ажлын мониторинг хийсэн тухай илтгэлүүд хэвлүүлдэг.

2.1.             Мониторинг ажлын хэсгийн үйл ажиллагаа

Сонгуулийн өмнөх мониторинг хийх ажлын хэсгүүд ГЗХХ-ны төв, орон нутгийн салбарууд дээр байгуулагдана. Тэдгээрийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь сонгуулийн өмнөх кампанит ажил Гүржийн сонгуулийн хууль, журмын дагуу явагдаж байгаа эсэхийг тодорхойлох юм. Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд тэд:

  • Төвийн болон орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд сонгуулийн өмнөх кампанит ажлын үйл явцын талаар хэрхэн мэдээлж буйг ажиглах
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж буй сонгуулийн сурталчилгаанд мониторинг хийж, СТХ-нд тайлан бичих
  • Сонгуулийн өмнөх кампанит ажлын хүрээнд нэр дэвшигчийн хийж буй хэвлэлийн хурал, сурталчилгааны уулзалтуудад оролцох.

Эдгээр үйл ажиллагааны үр ашиг нь юу вэ?

Ажлын хэсгийн гишүүдийн мониторинг хийсний үр дүнд сонгуулийн өмнөх процедурыг зөрчсөн дараахь тохиолдлууд илэрсэн:

  • Төрийн өмчийн барилга байгууламжийг сонгогчидтой сурталчилгааны уулзалт хийх газар болгон ашиглах
  • Төв, орон нутгийн төрийн албан хаагчид сонгуулийн кампанит ажилд оролцох
  • Засаг захиргааны өмч, нөлөө бүхий хүмүүсийг сонгуулийн кампанит ажилд ашиглах
  • Сонгогчдод эд бараа тараах буюу тараахаар амлах
  • Мэдээллийн хэрэгслээр сүрдүүлэх, гэх мэт

2.2.            Сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэрх стратегийн өмгөөлөл

Сонгуулийг ажиглах албан ёсны бүртгэлтэй байгууллагын хувьд ГЗХХ нь сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр ямар нэг зөрчил дутагдал илэрвэл шүүх, сонгуулийн байгууллагад нэхэмжлэл гаргадаг. Эдгээр гомдол, нэхэмжлэлийн зорилго нь хуулиар тогтоогдсон сонгуулийн процедурыг бодитоор хэрэгжүүлж, зөрчлийг арилгах явдал юм.

Жишээ: ГЗХХ дараахь тохиолдлуудад албан ёсоор Сонгуулийн Төв Хороонд захидал бичин, шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан:

  • Төрийн албан хаагчид сонгуулийн өмнөх кампанит ажилд оролцсон
  • Сонгогчдод эд бараа тараасан, сонгогчдыг “хахуульдсан”
  • Засаг захиргааны өмчийг сонгуулийн өмнөх кампанит ажилд ашигласан.

Эдгээр зөрчил, дутагдлуудыг ГЗХХ илрүүлж, зөрчил гаргасан төрийн албан хаагчид, сонгуульд нэр дэвшигчидэд сонгуулийн хууль, засаг захиргааны хуулийн дагуу торгууль хүлээлгэхийг шаардсан.

Энэ үйл ажиллагааны үр дүн нь юу байв?

Сонгуулийн Төв Хороо болон Захиргааны Хэргийн Шүүх дээрх бүх гомдол, саналыг үгүйсгэсэн боловч “сонгогчдыг хахуульдсан” хэргийн тухайд нэр дэвшигчийн мэдэгдэл нь сонгуулийн хуулийг зөрчсөн боловч үүнийг нэр дэвшигчийн төлөөлөгчид няцаасан. Шүүх хэрэв нэр дэвшигч өмнөх мэдэгдлээ давтвал түүний төлөөлөгчид дахин энэхүү мэдэгдлийг “няцааж” чадахгүй гэдгийг тэмдэглэсэн. 

Эдгээр гомдол нэхэмжлэлүүд нь хэдийгээр тодорхой үр дүнд хүрээгүй ч(нэг ч зөрчил гаргагч торгууль хүлээгээгүй) ирээдүйд гарч болох зөрчлүүдээс сэргийлэх механизм болсон. Хамгаас чухал нь шүүх дээр ийм ажиллагаа болсны дараа энэ төрлийн зөрчил буурсан бөгөөд зөрчил ихэсч байгаад олон нийтийн анхаарлыг хандуулж чадсан явдал болно.

2.3. Сонгуулийн санхүүжилтийн мониторинг   

Сонгуулийн өмнөх мониторингийн хүрээнд ГЗХХ дараахь асуултуудад хариулт өгөх үүднээс улстөрчдийн сонгуулийн сангуудад мониторинг хийдэг:

  • Улстөрчдийн сонгуулийн сангуудын ил тод байдлын түвшин ямар байна?
  • Хууль зүй тухайн сонгуульд оролцогчдыг хариуцлагатай байлгаж үнэхээр чадаж байна уу?
  • Ямар агентлаг сонгуулийн кампанитай холбоотой санхүүгийн үйл ажиллагааг хянаж, энэ нь хир үр дүнтэй байна?

Мониторинг хийх аргачлал

  • Мониторинг хийхдээ бид эхлээд сонгуульд оролцогчдоос СТХ-нд илгээсэн тайлан, илтгэлийг шинжлэн үздэг
  • Мөн мониторинг хийх явцдаа сонгуульд оролцогчдоос өөрсдөөс нь шууд мэдээлэл хүлээн авна
  • Сонгуульд оролцогчидийн зүгээс Сонгуулийн Төв Хороонд илгээсэн тайлан болон тухайн телевиз, радио, сонин, мэдээллийн хэрэгслээр цацагдсан улстөрийн сурталчилгааны тухай тэдгээрийн СТХ-нд илгээсэн тайланг хооронд нь харьцуулан дүгнэдэг

Мониторинг хийх явцад илэрсэн асуудлуудыг 2 хэсэгт хуваан авч үзэж болно:

Зөрчлүүд

  • Сонгуулийн Төв Хороонд илгээсэн сонгуульд оролцогчийн мэдээллүүд нь бүрэн гүйцэд биш
  • Намууд хугацааны дунд үед илгээсэн мэдээлэл болон сүүлийн мэдээллийн хооронд зөрөө гарах
  • Зарим нь төлбөртэй сурталчилгаанд зарцуулсан цагаа мэдээлэхгүй байх
  • Зарим сонгуульд оролцогчид сонгуулийн сан хаагдсаны дараа хандив авсан байх

Хууль зүйн хийдэл

  • Сонгуулийн кампанит ажлын данс нь хаагдсаныг батласан бичиг баримтыг намууд Сонгуулийн Төв Хороонд ирүүлэх тухай Сонгуулийн Хуульд тусгаагүй
  • Сонгуулийн үр дүн гарснаас хойш 20 хоногийн дотор сонгуулийн кампанит ажлын данс хаагддаг. Хуулиар намууд сонгуулиас хойш 8 хоногийн дотор тайлангаа бичиж ирүүлнэ. Тиймээс тайлан ирүүлснээс хойш данс хаагдах хүртэл хугацаа нь хяналтаас гадуур үлддэг;

Мониторинг хийсний үр дүн нь юу байв?

Сонгуулийн дансуудын ил тод байдлыг хангах үүднээс ГЗХХ улстөрчдөд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандан зөвлөмжүүд илгээсэн. ГЗХХ мөн сангуудийн мэдээлэл, тайланг хүлээн авдаг тогтолцоонд өөрчлөлт оруулах төслөө Сонгуулийн Төв Хороонд хүргүүлсэн. Гэвч СТХ саналыг няцаасан бөгөөд шинэ хувилбарыг хэрэгжүүлээгүй.

Зарим тэргүүлэх улстөрийн хүчнүүд “сайхан сэтгэл” гаргаж хуулийн эцсийн хугацааг хүлээлгүй сайн дураараа мэдээллээ илгээснийг дурьдах хэрэгтэй.

Түүнчлэн 2006 оны орон нутгийн сонгууль, 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр мэдээллийн хэрэгсэл, улстөрчдийн тайлан илтгэлүүдэд цөөн тооны техник алдаа байсныг тэмдэглэе.

3.      Сонгуультай холбогдох бусад байгууллагуудтай хорших нь

Гүржийн парламент Сонгуулийн Төв болон Дүүргийн Хороод, Олон улсын болон Орон нутгийн ТББ-ууд, Улстөрийн Намууд, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэх мэт сонгуультай холбоотой бусад байгууллагуудтай хамтран ажиллах нь манай зүгээс сонгуулийн өмнөх үед баримтлах стратегийн нэг хэсэг болдог.

Бид Гүржийн парламентад сонгуулийн хуультай холбоотой зөвлөмж, санал хүргүүлэх аргаар хууль зүйн үйл ажиллагаануудад идэвхтэй оролцдог.

Мөн сонгуулийн өмнөх үеийн ажиглалтдаа үндэслэн тулгамдаж буй асуудлуудаар иргэний нийгэм, улстөрийн намууд, сонгуулийн байгууллагын төлөөлөгчдийг оролцуулсан хурал, дугуй ширээний ярилцлага хийдэг.

Энэ үйл ажиллагааны үр дүн нь юу вэ?

Парламент, улстөрийн намуудын төлөөлөгчид бидний санал болгосон зөвлөмжүүдийн зарим хэсгийг хэлэлцэж батлахад бэлэн болсон.

Орон нутгийн болон Олон улсын шинжтэй ТББ-ууд сонгуультай холбоотой мэдээлэл солилцож, зөрчлийг арилгах бидний оролдлогыг улам хүчирхэгжүүлж байна.

Сонгууль