Саналын хуудсанд хяналт тавих арга туршлага

“Ардчилсан сонгууль: Иргэний нийгмийн хяналт” олон улсын бага хуралд Филиппиний Чөлөөт Сонгуулийн Төлөөх Иргэдийн Үндэсний Хөдөлгөөний (NAMFREL) мэргэжилтэн Дамасо Ж. Магбуалын тавих илтгэл

Бид энд “саналын хуудасны аюулгүй байдал”-ын хоёр асуудлыг энд авч үзэхийг хүсч байна. Нэгдүгээрт, саналын хуудсыг хуурамчаар үйлдэх боломж-той холбоотой аюулгүй байдал, хоёрдугаарт саналын хуудсыг хэвлэх ажиллагаа-тай холбоотой аюулгүй байдал, түүнчлэн саналын хуудасны баталгаажуулалт, зөөвөрлөхөөс өмнөх хадгалалт, тухайн улсын янз бүрийн газруудад хүргэж түгээхтэй холбоотой аюулгүй байдлын асуудлууд байдаг.

            Саналын цаасан хуудасны загварыг Сонгуулийн комиссоос (COMELEC) гаргадаг. Үүнд:

1.      саналын хуудасны цаасан дээрх давтагдашгүй усан хээн тэмдэг

2.      сонгуулийн комиссоос олгосон нууцлалын тэмдэг

3.      Хэвлэлийн газраас тодорхойлсон нууцлалын тэмдэг – энэ тохиолдолд Үндэсний хэвлэлийн газар эсвэл Төв Банк гэсэн хоёр төрийн байгууллага л саналын хуудас хэвлэх эрхтэй байдаг

4.      Өгөгдсөн хот сууринд хуваарилж өгсөн кодын дугаар (нийтдээ 1,600 байдаг)

5.      Саналын хуудсанд олгосон серийн дугаар, хот суурин бүр багц серийн дугаартай байдаг.

НУУЦЛАЛЫН ОНЦЛОГУУД

            Сонгуулийн комисс болон хэвлэлийн газраас олгох аюулгүй байдлын нууцлалын тэмдгийг зөвхөн Сонгуулийн комиссийн саналын хуудасны хэвлэлт хариуцсан коммиссар, хэвлэлийн газрын дарга хоёр л мэдэж байдаг. Сонгуулийн маргааны үеэр саналын хуудас жинхэнэ эсэхтэй холбоотой асуулт гарсан тохиолдолд л тэдгээрийг ил болгодог.

            Аюулгүй байдлын энэ хоёр тэмдгийг зөвхөн хоёр хүн л мэддэг байхаас гадна энгийн нүдээр мэдэх боломжгүй юм. Жишээлбэл, 2007 оны сонгуулийн үеэр санал тоолох явцад хуурамч саналын хуудсууд илэрсэн нь дээрх нууцлалын хоёр тэмдэг байхгүй байсан байна. Тухайлбал, Сонгуулийн комиссоос олгосон нууц тэмдэг нь “Намын жагсаалт” гэдэг үгийн сүүлийн “T” үсэг байв. Энэ үсгийг томруулдаг шилээр харахад саналын хуудсанд дээрх бусад “T” үсгүүдээс тод харагдаж байв. Хэвлэлийн газрын зүгээс өгсөн нууцлалын тэмдэг нь “Үндэсний ба орон нутгийн сонгууль” гэсэн бичил бичээс байв. Энэ бичээс энгийн нүдэнд харагдахгүй бөгөөд “Намын жагсаалт” гэсэн үгийн дор байрлуулсан байжээ.

            Хот суурин газар бүрт тусгай Кодын дугаар олгосноос гадна багц серийн дугаар олгодог. Тодорхой хот сууринд олгосон тусгай кодын дугаар болон серийн дугаарыг олгохдоо сонгуульд оролцож буй улс төрийн намууд, ТББ-ууд, нэр дэвшигч нарт хэлж өгдөг байна. Үүний нэг адилаар, хот суурингийн төрийн сангийн даргаас (тэрээр саналын хуудас болон сонгуулийн жижиг сажиг хэрэглэлүүдийн хадгалан хамгаалагч байдаг) санал хураах байр бүрт тодорхой нэг багц серийн дугаар олгодог. Ер нь саналын хуудсыг хуурамчаар үйлдэхэд хангалттай цаг хугацаа байхгүйгээс гадна хуурамчаар үйлдэх боломжгүй дотоод нууцлалын бусад онцлогуудыг энд дурдсангүй.

ГАДААД АЮУЛГҮЙ БАЙДАЛ

            Хуулинд (1984 онд NAMFREL-с лоббидсон) саналын хуудас хэвлэх материалын (саналын хуудас хэвлэх цаас, бэх гэх мэт) тендерээс эхлээд Сонгуулийн комиссийн салбар хороодод тээвэрлэж хүргэх хүртэл бүхий л үйл явцад хяналт тавих үүрэгтэй хороо байгуулах тухай заажээ. Хорооо таван гишүүнээс бүрдэх бөгөөд үүний хоёрыг Сонгуулийн комиссоос, нэгийг Аудитын буюу хөндлөнгийн хяналтын комиссоос, нэгийг эрх баригч намаас, нэгийг нь мөрөг хүчний гол намаас томилдог. Цаашлаад уг хуулинд иргэний, шашины, мэргэжлийн, бизнесийн, залуучуудын болон тэдгээртэй төстэй байгууллагууд “хорооны үйл ажиллагаанд ажиглалт хийх, шаардлагатай бол эсэргүүцэл гаргах, саналын хуудасны хэвлэлт, түгээлтэд гэрчээр байлцах, хэвлэлийн газрыг хамгаалах” үүрэгтэй ажиглагчийг хамтран томилох эрх олгосон байна. Хуулийн энэ заалт нь саналын хуудасны хэвлэлт, хуваарилалтыг дээд зэргийн ил тод байлгах нөхцлийг бүрдүүлдэг.

            Хэвлэлт эхэлмэгц Филиппиний тэнгисийн цэргийнхэн уг газрыг хамгаалалтанд авч Хэвлэлийн хорооноос хэвлэлийн газрын үйл ажиллагаанд хяналт тавихаас гадна улс төрийн намууд, зохих ёсоор итгэмжлэгдсэн дотоодын хяналтын бүлгүүдийн зүгээс бүхий л үйл ажиллагааг ажиглаж, гэрчээр байлцах ажиглагч нараа илгээдэг. 1986 онд NAMFREL-с хэвлэлт эхлэх өдрөөс эхлэн 24/7 сайн дурынханыг  ажиллуулсан бөгөөд тэд саналын хуудсуудыг улсын хэмжээгээр тарааж, төрийн сангуудад  хадгалах хүртэл дагалдсан байна.

            Хэвлэлийн хорооноос хадгалах газрыг зааж өгдөг.  Манай жишээн дээр Үндэсний хэвлэлийн газрын байшинд хадгалахаар тогтсон бөгөөд бүх хэвлэгдсэн саналын хуудсуудыг орон нутгийн төрийн сангийн газруудад тээвэрлэж хүргэхээс өмнө энэ байшинд хадгалж байв. Хэвлэлт дууссаны дараа болон хадгалахаас өмнө саналын хуудас Хүлээн авч баталгаажууулах хорооноос саналын хуудас бүрт чанарын шүалгалт хийдэг. Үүнд:

-         Саналын хуудасны серийн дугааруудын үнэн зөв, нийцтэй байдлыг шалгах

-         Багц бүрт орсон саналын хуудасны тоо зөв эсэхийг шалгах

-         Хэвлэлт зөв, тод, гаргацтай болсон эсэхийг шалгах

-         Үйлдвэрлэсэн буюу хэвлэсэн саналын хуудасны тоо, Сонгуулийн комиссийн шаардсан тоотой тохирч байгаа эсэхийг тулгах ажлууд ордог.

Стандартын шаардлага хангаагүй саналын хуудсуудыг хасч, бүх оролцогч талуудыг (улс төрийн намууд, тухайн үед байгаа ТББ-ууд, Хэвлэлийн хороо гэх мэт) байлцуулан устгадаг. Үүний нэг адилаар, хэвлэлт дууссаны дараа ашиглагдаагүй үлдсэн бүх цаасыг мөн адил байдлаар устгадаг.

ТЭЭВЭРЛЭЛТ

            Тус улсын алс бөглүү газруудаас бусад хот суурин газруудад саналын хуудсыг сонгуулийн өдрөөс гурван хоногийн өмнө тээвэрлэж хүргэдэг. Тээвэрлэлтийг бүх оролцогч талуудаар хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй тээвэрлэгч байгууллагаар гүйцэтгүүлдэг. Энд мөн улс төрийн намууд, дотоодын хяналтынхан тээвэрлэж буй ачааг дагалдан явж болдог.

            Санаадын хуудсыг аймаг, дүүргээр дамжуулалгүйгээр шууд тухайн хот, суурин газрын төвд хүргэдэг. Учир нь, хэдийчинээ цөөн алхам, үе шат, зогсоолоор дайрах тусам хулгайлагдах, алдагдах, дутах, үрэгдэх аюул төдийчинээ бага байдаг.

            Тухайн хот суурингийн Төрийн сангийн гарын дарга санал хураах байранд бүртгэгдсэн сонгогчдын тооны дагуу саналын хуудсыг хуваарилахаас гадна гурван саналын хуудас нэмж олгодог. Энэ гурван нэмэлт хуудас нь санал хураалтыйг удирдан зохион байгуулж байгаа Сонгуулийн байцаагч нарын зөвлөлийн (СБНЗ) гурван гишүүнд зориулагдсан байна. Нөөц саналын хуудас гэж байдаггүй.

            Саналын хуудсуудыг Сонгуулийн өдрийн эхний цагаас хойш санал хураах байранд хүргэсэн байх ёстой.

НӨӨЦ БУЮУ ИЛҮҮДЭЛ САНАЛЫН ХУУДСУУД

            Саналын хуудасны тоо хангалттай хэмжээнээс их үед илүү саналын хуудас шургуулах явдал гардгийг бид ажигласан. 2001 оноос өмнө манай хуулинд санал хураалтын явцад гарсан алдааг засахад зориулж нийт саналын хуудасны 10 хувьтай тэнцэх нөөц саналын хуудсыг нэмж өгөх талаар заасан байв. Сонгуульд оролцох сонгогчдын ирц 80%-иас хэтрэхгүй гэж үзвэл саналын хуудасны 20 хувь хэрэглэгдэхгүй үлдэж, нөөц 10%-тайгаа нийлээд тухайн санал хураах байранд нийт 30% илүүдэл саналын хуудас байна гэсэн үг. Энэ нь хэтэрхий их бөгөөд залилан үйлдэх “сонирхол” төрүүлэх нь олонтаа байдаг. Иймээс, одоогийн хуулиар Сонгогчдын бүртгэлд орсон сонгогчдын тоон дээр СБНЗ-д зориулсан  гурван (3) саналын хуудсыг нэмсэн хэмжээний саналын хуудсыг олгож байна. Иймээс сонгогчид 100%-ийн ирцтэй, саналын хуудсанд алдаа гаргаагүй ховор тохиолдолд ч саналын хуудас дутахгүй байхюм.

            Улам олон орон нөөц саналын хуудас хэвлэхийг хязгаарлаж эхлээд байна. Жишээлбэл, Тайваньд 10%-ийн нөөцтэй хэвлэдэг байсан бол одоо дөнгөж 0,2%-н нөөцтэй хэвлэж байна. Түүнээс гадна, нөөц хуудсуудыг тойргийн сонгуулийн комиссуудад автоматаар илгээдэггүй. Өмнө туршлагад тулгуурласан албан ёсны хүсэлт гаргах шаардлагатайгаас гадна Сонгуулийн комиссийн дээд удирдлагаар батлуулах ёстой болжээ.

САНАЛ АВАХ ТУСГАЙ ЖУРМУУД

            Саналын хуудасны нууцлал, хэвлэлт, хадгалалт, түгээлтийн асуудал залилан луйварт өртөмтгий байхаасаа илүү сонгуулийн хуулиар зөвшөөрөгдсөн тодорхой практик ажиллагааны явцад залилан үйлдэгдэх, тийм оролдлого гарах явдал хэтэрхий олон тохиолддог. ‘Хилийн чанадаас санал өгөх’ (Филиппин, Сингапурт), урьдчилж санал өгөх (Тайланд), эмнэлэг, шоронгуудаас явуулын хайрцгаар санар авах (Индонези), ‘шуудангаар санал авах’ (олон оронд ажиглагддаг) зэрэг  “Санал авах тусгай журмууд” нь шаардлагатай хяналт тавигдаагүй нөхцөлд залилан үйлдэх таатай боломжууд бүрдүүлдэг болох нь ажиглагдсан байна.

            Энэ нь ‘санал авах тусгай журмууд’ дэмий гэсэн үг биш. Тэдгээр нь оролцоо, үл ялгаварлан гадуурхалтаар хангахад чиглэсэн өөрийн гэсэн утга агуулгатай. Гэхдээ зөрчил гарахаас сэргийлсэн шаардлагатай хамгаалалтыг хийлгүйгээр хэрэглэх явдал хэтэрхий олон байдаг.

            Төгсгөлд нь, энэ талаар гэгээрсэн, идэвх зүтгэлтэй иргэдийн сонор сэрэмжтэй байдал нь ард түмний хүсэл зоригийг мохоохыг хүссэн хүмүүсийг айлган сүрдүүлж чадна.

Сонгууль