Ерөнхийлөгчийн сонгуулийн нутаг дэвсгэрийн хороод, тэдгээрийн бүрэлдэхүүнийг нийтэд мэдээллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулах цаг хуваарийн дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо нь 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гаргасан тогтоолоороо Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн нутаг дэвсгэрийн хороод, тэдгээрийн бүрэлдэхүүнийг баталж нийтэд мэдээлснийг энд толилуулж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулинд заасанчлан бүх шатны сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг томилоход дараах заалтуудыг баримтлах ёстой. Үүнд:

1/сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нэг намын гишүүн байхыг хориглох;
2/сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд улс төрийн албан тушаалтныг оруулахыг хориглох;
3/сонгуулийн нутаг дэвсгэрийн болон салбар, хэсгийн хороодын бүрэлдэхүүнд аль нэг нэр дэвшүүлсэн намын төлөөлөл давамгайлахыг хориглох бөгөөд сонгуульд хамтарч нэр дэвшүүлсэн намуудын төлөөллийг нэг намын төлөөлөлтэй адилтган тооцох.

Хуулийн эдгээр заалтын зорилго нь сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд сонгуульд оролцож буй нам эвслийн төлөөллийг тэгш оруулснаар хороодын үйл ажиллагаанд дотоод хяналт бий болж сонгуулийн үйл явцад итгэх оролцогч талуудын итгэлийг нэмэгдүүлэхэд оршдог.

Нутаг дэвсгэрийн хороодын бүрэлдэхүүнийг намын харъяаллаар нь авч үзвэл:

Энэ жилийн сонгуулийн нэг онцлог нь шинэчлэгдэн батлагдсан Төрийн албаны тухай хууль 2009 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой төрийн зарим албан хаагчид намын гишүүнчлэлээс түдгэлзсэн байгаа явдал юм. Үүнээс өмнөх сонгуулиудын туршлагыг харахад хүн ам, боловсон хүчин харьцангуй багатай хөдөө орон нутагт төрийн албан хаагчид сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд орж, аль нэг намыг төлөөлөн ажиллах нь явдал элбэг байсан. СЕХ-ноос нутаг дэвсгэрийн хороодын бүрэлдэхүүнийг батлахдаа намаас түдгэлзсэн хүмүүсийг тухайн намаа төлөөлнө гэсэн байр суурьнаас хандсан байна. Энэ нь өмнөх УИХ-ын сонгуулиар “нам бус” нэртэй боловч аль нэг намын намын гишүүн байгаад түдгэлзсэн, орон нутгийн сонгуульд тухайн намаасаа нэр дэвшин өрсөлдөж байсан хүмүүс нам бус нэрээр тойргийн хороодын бүрэлдэхүүнд томилогдон ажиллаж байсантай харьцуулан бодоход оновчтой шийдэл болжээ.

Намаасаа түдгэлзсэн гишүүдийг тухайн намаа төлөөлж буй гэж авч үзвэл нутаг дэвсгэрийн хороодын бүрэлдэхүүнд сонгуульд нэр дэвшүүлсэн намын төлөөлөл дараах харьцаатай байгааг харж болно.

Нутаг дэвсгэрийн хороодын бүрэлдэхүүнд сонгуульд нэр дэвшүүлсэн АН, МАХН-ын төлөөлөл тус бүр 41 хувийг эзэлж тэнцүү байна.

Түүнчлэн хороодод ажиллахаар томилогдсон нийт 214 гишүүний 20 нь сонгуульд нэр дэвшүүлж оролцоогүй ч АН-ыг дэмжиж оролцохоо мэдэгдсэн ИЗН-ын төлөөлөл, үлдсэн 20 нь нам бус тодотголтой хүмүүс байна. Сонгуульд нэр дэвшүүлээгүй намын төлөөлөл болон нам бус хүмүүсийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд оруулах тохиолдолд ямар зарчим, дүрэм, журмыг мөрдөх ёстой талаар одоогоор хуулинд тодорхой заалт байхгүй.

Сонгууль