“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ байгуулагдлаа

Нээлттэй нийгэм форум, Сонгогчдын боловсрол төв, Глоб интернэшнл ТББ, Филантропи хөгжлийн төлөө төв, Хүний эрх хөгжил төв, Мидас төрийн бус байгууллагууд нэгдэн 2008 оны УИХ-ын сонгуулийн үйл явцын ил тод байдлыг сайжруулахад иргэний нийгмийн хяналт, оролцоог хангах зорилготой “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ байгуулагдлаа.  Сүлжээнд оролцогч байгууллагууд нь өнөөдөр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Улаанбаатар хот, 2008 оны 5 дугаар сарын 14 – Нээлттэй нийгэм форум, Сонгогчдын боловсрол төв, Глоб интернэшнл ТББ, Филантропи хөгжлийн төлөө төв, Хүний эрх хөгжил төв, Мидас төрийн бус байгууллагууд нэгдэн 2008 оны УИХ-ын сонгуулийн үйл явцын ил тод байдлыг сайжруулахад иргэний нийгмийн хяналт, оролцоог хангах зорилготой “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ байгуулагдлаа.  Сүлжээнд оролцогч байгууллагууд нь өнөөдөр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Оролцогч байгууллагууд нь аливаа улс төрийн нам, эвсэл холбоод, нэр дэвшигчийн нөлөөнөөс ангид хараат бус байж зөвхөн сонгогчдын эрх ашгийг төлөөлөн, хуулийн хүрээнд, ил тод ажиллах гол агуулга бүхий ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох юм.

Тус сүлжээ нь 2008 оны УИХ-ын сонгуулийн үйл явцыг доорхи таван чиглэлд хяналт тавина.

-    Cонгуулийн кампанит ажлын санхүүжилт
-    Cонгогчдын нэрийн жагсаалт
-    Cонгуулийн хороодын үйл ажиллагааны ил тод байдал
-    Саналын хуудастай холбоотой үйл явц
-    Хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа

Хяналтын явцын үр дүнг сонгуулийн кампанит ажлын үеэр олон нийтэд байнга тайлагнах бөгөөд эцсийн үр дүнг сонгууль дууссаны дараа мэдээлнэ.

Түүнчлэн сүлжээнээс сонгуулийн үйл явцыг хянахад иргэдийг татан оролцуулах зорилгоор санал хүсэлт шүүмжлэл, мэдээ мэдээлэл хүлээн авах 1977 шууд утсыг 2008 оны 5 дугаар сар 20-ноос эхлэн ажиллуулах юм.  Утсаар хүлээн авсан санал шүүмжлэлийн тойм, мониторингийн үр дүн, сонгуулийн явцын талаархи судалгаа, тойм шинжилгээ, мэдээ, сонгогчийн боловсролд хувь нэмэр болох нийтлэл, бусад мэдээллийг www.sanal2008.mn вэбсайтаар дамжуулан олон нийтэд байнга хүргэнэ.

Тэрчлэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд мэдээллийг түргэн шуурхай дамжуулах зорилгоор Хэвлэлийн төв ажиллаж буй бөгөөд энэ төв Нээлттэй нийгэм форумын байранд байрлаж байна.

Сонгуулийн олон улсын стандартын дагуу иргэний нийгмийн хяналт нь сонгуулийг ил тод, шударга явуулахад нэн чухал үүрэгтэй арга хэрэгсэл юм. Дэлхийн олон улс оронд иргэний нийгмийн байгууллагууд, тэр дундаа төрийн бус байгууллагад сонгуульд хяналт тавих эрхийг хуулиар нээн олгож сонгуулийн бүхий л явцад хяналт тавих боломжоор хангадаг ба ингэснээр сонгууль ил тод, хяналттай, шударга явагдах нөхцөл бүрддэг.

Хэвлэлийн төвийн утас: 313207, 9118271
Хэвлэлийн төлөөлөгч: Б.Булгамаа
Сүлжээний зохицуулагч: Д.Энхцэцэг 

Сонгууль