Сонгуулийн явцад иргэний нийгмийн хяналт

Сонгуулийн хяналт нь зөвхөн санал хураах өдрийн үйл явц, санал тоолох ажиллагааг ажигласнаар хязгаарлагддаггүй. Сонгуулийн үр дүнтэй хяналт нь өргөн хүрээний үйл ажиллагааг хамруулдаг. Иймээс сонгуулийн хяналт, сонгуулийн ажиглалт хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй. Сонгуулийн хяналтыг сонгуулийн бүх үе шатанд хийнэ. Тухайлбал улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийг бүртгэх, сонгуулийн хороодыг байгуулах, сонгогчийн нэрсийн жагсаалтыг гаргах, баталгаажуулах, сонгогчийн үнэмлэх, саналын хуудсыг хэвлүүлэх, сонгуулийн сурталчилгаа , өргөдөл гомдлыг шийдвэрлэх гэх мэт. Харин сонгуулийн ажиглалтыг сонгуулийн санал авах, санал тоолох, сонгуулийн нэгдсэн дүн гаргах явцад хийдэг. Тэгэхээр сонгуулийн ил тод байдлыг бүрэн хангана гэдэг нь сонгуулийг хянах ажиглах боломжийг сонгуулийн эрх зүйн хүрээнд болоод практикт нээж хангаж өгөхийг хэлж буй бөгөөд энэ нь ардчилсан төрийн үүрэг мөн.

Сонгуулийн явцад иргэний нийгмийн хяналт хийх нь

  1. Яагаад иргэний нийгмийн хяналт хийдэг вэ?
    Сонгуулийн хяналтыг хараат бус хийх хамгийн гол зорилго бол сонгуулийг шударга хийх. Энэ зорилго нь тухайн нийгэмд ардчилал хэр удаан хугацаанд хөгжснөөс үл хамаардаг. Өөрөөр хэлбэл шинээр ардчилал хөгжиж байгаа улс орнуудад ч, шилжилтийн ардчилалтай орнуудад ч мөн ардчиллын олон арван жилийн уламжлалтай оронд ч сонгуулийн хяналтыг ийм л зорилготой хийдэг.

  2. Ямар ач холбогдолтой вэ?
    Сонгуулийн явцад иргэний нийгмийн хяналт хийх нь олон талын ач холбогдолтой. Ялангуяа шинээр ардчилал хөгжиж байгаа эсхүл шилжилтийн ардчилалтай орнуудад сонгуулийн ач холбогдлыг гүйцэд үнэлдэггүй хүмүүсийн ойлголтыг өөрчилж сонгогч бүрийн оролцоо чухал болохыг ойлгуулдаг. Мөн сонгуулийн өмнөх хяналт, түүний тухай мэдээлэл сурталчилгаа, санал хураах үед сонгуулийн хянагчид байх зэрэг нь иргэдийн сонгуульд итгэх итгэл үнэмшлийг нэмэгдүүлж, оролцох урам зоригийг сэргээдэг.
    Сонгуулийн хяналтын явцаас, түүний үр дүнгээр олон нийтэд зориулан хийсэн мэдээлэл, мэдэгдэл, илтгэл, тайлан зэрэг нь сонгуулийг улам шударга болгох бодлогын чанартай өөрчлөлтөнд хүргэдэг. Санал хураах үед сонгуулийн хэсэг дээр байх нь элдэв бульхай, алдаа, хууль зөрчсөн үйлдлийг арилгах, таслан зогсооход ач холбогдолтой. Сонгуулийн сурталчилгаа, санал хураалтын үед ямар нэг гэнэтийн үйлдэл гарахад хянагчдыг явуулах нь элдэв сөрөг үр дагавраас сэргийлэх ач холбогдолтой. Саналын хуудсын тооллогыг хянах, сонгуулийн хэсгийн дүнг сонгуулийн хороотой зэрэгцэн нэгтгэх зэрэг нь албан дүн үнэн эсэхийг батладаг. Эцэст нь хараат бус хянагчдын үйлдсэн сонгуулийн дараах үнэлгээ нь сонгуулийн явцын тухай улс төрийн хүчнүүдийн байр суурьд нөлөөлж болно.

  3. Олон улсын шилдэг туршлага
    Филиппин улсад 1986 оны 2 сарын 7-нд ерөнхийлөгчийн сонгууль болсон. Энэ сонгуулийг NAMFREL (National Citizens Movement for Free Election) гэдэг тухайн сонгууль болохоос 30 сарын өмнө зохион байгуулагдсан байгууллага хянасан. Тэр үед Филиппиний иргэд Фердинанд Маркос хэмээх дарангуйлагч ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүсэл, зориг бага, айдастай байсан. Олон иргэд сонгуульд оролцохыг эсэргүүцэж байсан. Харин НАМФРЕЛ-ийн идэвхтнүүд иргэдийг сонгуульд оролцон ардчиллаа сэргээхийг уриалж байсан. Тэд орон даяар өрнөсөн сонгуулийн хяналтыг зохион байгуулахдаа 500,000 сайн дурынхныг дайчлан сургаж сонгуулийн өдөр бүх хэсэг, 85,000 хэсэгт хяналт хийж, сонгуулийн дүнг маш шуурхай нэгтгэн гаргаж засгийн газрын байгуулсан Сонгуулийн комиссийн алдааг харуулж чадсан. Үүний дүнд Филиппиний хүн амын ихэнх нь сонгуулийн албан дүнг эсэргүүцэн босч Маркосын дарангуйллыг төгсгөл болгосон түүхтэй. Иймэрхүү байдлаар иргэний нийгмийн хяналтыг амжилттай хийдэг латин америк, африк, зүүн европын олон орныг дурдаж болно.

  4. Иргэний нийгмийн хяналтыг хэн хийдэг вэ?
    Иргэний нийгмийн хяналтыг нам бус, жинхэнэ иргэний нийгмийн байгууллага гэсэн шалгуурыг хангасан магадлан итгэмжлэх эрх бүхий байгууллагууд хийдэг. Учир нь сонгуулийн албан тушаалтнууд, улс төрийн намын ажиглагчид зарим тохиолдолд хэвлэл мэдээллийнхэн ч бас ямар нэг байдлаар улс төрийн намтай холбоотой тэдний ашиг сонирхлыг хамгаалагчид байдаг тул нам бус иргэний нийгмийн байгууллагууд л хараат бус хяналт хийх чадвартай байдаг.
    Учир нь ихэнх тохиолдолд нам бус иргэний нийгмийн байгууллагууд нь сонгуулийн үр дүнг бус харин сонгуулийн явц ямар болов гэдгийг анхаардаг. Тэдний хувьд аль нам, эсхүл хэн гэдэг нэр дэвшигч ялсан нь онц сонин бус харин сонгууль чөлөөтэй, шударга болсон уу гэдэг л сонин байдаг. Тийм учраас хэрэв иргэний нийгмийн байгууллагууд үр дүнтэй хяналт, ажиглалт хийж чадвал тэдний хийсэн сонгуулийн үнэлгээ нь сонгуулийн хороо эсхүл улс төрийн хүчнийхний хийсэн үнэлгээнээс илүү найдвартай болно.

  5. Юу хянадаг вэ?
    Сонгуулийг аль болох шударга болгох гэсэн анхаарал, зүтгэл нь сонгуулийн хяналт хийх үйл ажиллагааны хүрээг ихээхэн тэлсэн. Тийм учраас сонгуулийн хяналт нь зөвхөн сонгуулийн өдрийн санал хураалт, тооллогын явцын ажиглалтаар хязгаарлагдахаа аль хэдийн больсон. Сонгуулийн үр дүнтэй хяналт нь өргөн хүрээний үйл ажиллагааг хамруулдаг.
    Иймээс сонгуулийн хяналт, сонгуулийн ажиглалт хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй.
    Сонгуулийн хяналтыг сонгуулийн бүх үе шатанд хийнэ. Тухайлбал улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийг бүртгэх, сонгуулийн хороодыг байгуулах, сонгогчийн нэрсийн жагсаалтыг гаргах, баталгаажуулах, сонгогчийн үнэмлэх, саналын хуудсыг хэвлүүлэх, сонгуулийн сурталчилгаа , өргөдөл гомдлыг шийдвэрлэх гэх мэт. Харин сонгуулийн ажиглалтыг сонгуулийн санал авах, санал тоолох, сонгуулийн нэгдсэн дүн гаргах явцад хийдэг.
    Иргэний нийгмийн байгууллага сонгуулийн хяналт, ажиглалтыг хийхдээ мөрддөг ёс зүйн дүрэмтэй. Түүний хамгийн гол зарчим нь аль нэг нам, нэр дэвшигчид онцгойлсон эерэг болон сөрөг хандлага гаргахгүй байх явдал юм.

Иргэний нийгмийн хяналт хийх эрх зүйн орчин

Сонгуулийн ил тод, шударга байдлыг хангахын тулд сонгуулийн бүх үе шат, бүх түвшинд иргэний нийгмээс хяналт, ажиглалт хийх эрх зүйн орчин байх ёстой.

Ийм эрх зүйн орчныг бий болгож хэрэгжүүлж чадсанаар сонгууль шударга, чөлөөтэй, ил тод болох нөхцөл бүрдэнэ.

Сонгуулийн эрх зүйн орчны олон улсын стандарт нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний улс төрийн эрхийн олон улсын пакт, Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах олон улсын конвенци, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах конвенци, Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн конвенци мөн америк, европ, африк тивийн хүний эрхийн гэрээ, дүрэмд ч сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэх эрх зүйн хэм хэмжээг тусгасан байдаг.

Энэ нь улс орнуудын үндэсний хууль, тогтоомжид тусгалаа олохын зэрэгцээ үүний хэрэгжилтийг хянах иргэний нийгмийн эрхийг хагасан байдаг.

Жишээ нь:

Румыны 1992 онд баталсан сонгуулийн хуулийн зүйл 51: … Санал хураалтыг эрх бүхий гадаад, дотоодын сайн дурынхан ажиглаж болно. Ажиглах эрхийг гагцхүү хүний эрхийг хамгаалах зорилготой, сонгуулийг хянах магадлан итгэмжлэл бүхий төрийн бус байгууллагын төлөөлөгчид олгоно. Ийм байгууллага нь аливаа улс төрийн нам, улс төрийн байгууллагын гишүүн биш хүнийг ажиглагч хийхээр томилно гэж заасан байдаг.

Тэгвэл манай орны хувьд байдал ямар байна?

1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн 21.2-т УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно гэж заасан. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 5-р зүйлийн 1-5д “…иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно” . “…сонгууль бүх нийтийн…, шууд байх бөгөөд түүнд сонгогч ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө өгнө ” , “…саналаа нууцаар өгөх бөгөөд ийнхүү саналаа өгөх боломжоор хангагдсан байна.” “Сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно” гэж заажээ.

Иргэд нууцаар, чөлөөтэй, хэн нэгний нөлөөнд оролгүй саналаа өгч сонгуульд оролцож чадав уу? Сонгуулийн нэгдсэн дүн нь иргэдийн сонголтыг ямар нэг бульхайгүйгээр илэрхийлж байна уу гэдгийг иргэний нийгмээс хянах эрх зүйн орчин байна уу?

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9-р зүйлд сонгууль бэлтгэн явуулах ажил ил тод байна, тус зүйлийн 1, 2,3-т сонгуулийг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд нийтээр дагаж мөрдөх шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ, сонгуулийн үйл ажиллагааны талаар үнэн бодитой мэдээлэл тараахыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сонгуулийн байгууллагад үүрэг болгосон.

Эдгээр заалтаас үзэхэд иргэний нийгмийн байгууллага ямар ч байсан сонгуулийн бэлтгэлийн явцад хяналт хийх эрх нь нээлттэй байна гэж ойлгож болох юм. Энэ бол дэвшилттэй сайн заалт бөгөөд сонгуулийн ил тод байдлыг хангахад чиглэгдсэн байна. Гэхдээ харамсалтай нь сонгуулийн бэлтгэл ажлын ил тод байдлыг бүрэн хангах заалтыг тусгаагүй мөн зарим заалт нь ил тод байдалтай шууд зөрчилдөж байна.

Тухайлбал:

  1. Сонгуулийн нэрийн жагсаалтыг эцэслэхээс өмнө бүртгэлийг нэгтгэн баталгаажуулах явцыг ил тод байлгах заалт байхгүй тул үүнд хяналт хийх боломжгүй.

  2. “Сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараахыг хориглоно гэсэн тус хуулийн 20.8 заалт нь хяналт хийх боломжийг шууд хязгаарласан байна. Хэдийгээр энэ хуулийн 20.2-т нэрийн жагсаалтыг санал авахаас 15 өдрийн өмнө ил тавьж чөлөөтэй танилцуулна гэсэн боловч энэ нь зөвхөн хувь хүний хувьд ач холбогдолтой бөгөөд иргэний нийгмийн хувьд нэрийн жагсаалтад хяналт хийх боломжийг олгоогүй.

Үүнээс гадна УИХ-ын сонгуулийн тухай хуульд иргэний нийгмийн байгууллагаас санал хураах, тоолох, сонгуулийн нэгдсэн дүн гаргах явцыг ажиглах эрхийг хуулийн 46.8-д заасан нам, эвсэл, бие даан нэр дэвшигчээс өөр этгээд ажиглагч томилох, ажиллуулах эрхгүй гэсэн заалтаар хязгаарласан. Өөрөөр хэлбэл иргэний нийгмийн байгууллага сонгуулийн санал авах, тоолох, нэгдсэн дүн гаргах явцыг ажиглах эрхгүй. Үүнээс үзэхэд иргэний нийгмийн байгууллагад сонгуулийн хяналт, ажиглалт хийх хангалттай эрх зүйн орчин бүрдээгүй байна. Иймд сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед энэхүү чуулганаас дараах зөвлөмж гаргахыг хүсч байна.

Үүнд:

  1. УИХ-ын сонгуулийн 9.2-ын сонгууль бэлтгэн явуулах ажил ил тод байна гэсэн заалттай зөрчилдөж буй 46.8 заалтыг хүчингүй болгож сонгуулийн явцад хөндлөнгийн ажиглалт хийх хүсэлт гаргасан иргэний нийгмийн байгууллагыг олон улсын жишгээр ажиглагчаар оролцох эрхээр хангах,

  2. Сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилан авах, түүнийг эцэслэн баталгаажуулах явцыг хянах, нягтлах боломжийг нээн хуулийн 20.8 заалтыг өөрчлөх зэрэг болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Г.Уранцоож, Хүний эрх хөгжил төвийн тэргүүн

Сонгууль