Сонгогчдын нэрийн жагсаалтыг ил болгоход хувь хүний нууцыг хамгаалах асуудлыг хэрхэн шийдвэл зохих вэ? (Сонгогчийн асуулт)
2007 оны 12-р сарын 26-нд УИХ-ын шинэчлэн баталсан УИХ-ын сонгуулийн хуулийн сонгогчийн нэрийн жагсаалтыг ил болгохтой холбоотой 20.1 болон 20.2 заалтууд нь үзэл санааны хувьд ардчилсан сонгуулийн зарчим, олон улсын жишиг стандартад нийцсэн дэвшилттэй өөрчлөлт болсон. Нэрийн жагсаалтын үнэн зөв эсэхийг сонгуульд оролцогч нам эвсэл, нэр дэвшигч, иргэний нийгмийн байгууллагууд хянах боломжоор тэгш хангагдах нь олон талаар ашигтай бөгөөд сонгуулийг шударга явуулахад онцгой чухал нөлөөтэй боловч ийнхүү ил болгох нь жагсаалтад буй хувь хүний мэдээллийн нууцыг хэрхэн хамгаалах вэ гэсэн асуултыг бий болгодог. Ийм болгоомжлол нь бусад улс оронд ч тохиолддог бөгөөд хувь хүний нууцыг хамгаалах үүднээс янз бүрийн журмууд гарган мөрдөх нь түгээмэл арга болох нь олон улсын туршлагаас харагдаж байна. Тухайлбал, Европын холбоонд Convention for the Protection of Individuals with regard to Automatic Processing of Personal Data гэх мэт эрх зүйн актууд үйлчилж байна.
Монгол улсын УИХ-ын сонгуулийн хуулиас... 20.1.Сум, дүүргийн иргэний бүртгэл хариуцсан ажилтны тухайн сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт оршин суугаа сонгогчдын хаягийн бүртгэлийг үндэслэн иргэний үнэмлэхтэй тулган шалгаж гаргасан нэрийн жагсаалтыг аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл, мэдээллийн алба нь Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд хүргүүлэх бөгөөд уг төв нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн хэмжээнд нэгтгэн хоёр хувь үйлдэж, санал авах өдрөөс 3 сарын өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. |
Манай орны хувьд сонгогчдын нэрийн жагсаалт дахь хувь хүний мэдээллийн нууцыг хамгаалахын тулд нам эвслээс өөр этгээд нэрийн жагсаалтын хуулбарыг авч нягтлах боломжийг хуулиар хаасан нь тийм ч оновчтой хувилбар биш юм. Энэ нь нэг талаас бие даан нэр дэвшигчид болон сонгогчдын нийтлэг эрх ашгийн төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудад тэгш бус ялгавартай хандсан хэрэг мөн. Нөгөө талаас нам эвсэлд тусгайлан итгэл хүлээлгэж, нэрийн жагсаалтыг өгчихөөд, бусдаас нь нууцалж орхивол хувь хүний нууцын талаар санаа зовохгүй, амар сууж болно гэж тайлбар хийх нь энэ асуудалд хэтэрхий гоомой хандсан хэрэг болно.
Олон улсын туршлагаас харахад сонгогчдын нэрийн жагсаалт дахь хувь хүний мэдээллийн нууцыг хэрхэн хамгаалах асуудлыг шийдвэрлэсэн арга зам нь тухайн улс орны нийгэм, улс төрийн байдлаас хамаараад янз бүр байдаг. Ихэнхи тохиолдолд үндэстнээр ялгаварлан гадуурхах, үндэс угсааных нь байдлаас болж хомроглон хэлмэгдүүлэх магадлал өндөр, геноцид болж байсан түүхтэй орнуудад сонгогчийн нэрийн жагсаалтыг нууцлах бодлого баримталдаг ба үүнээс өөр нөхцөлд нэрийн жагсаалт нь олон нийтэд ямар нэг хэлбэрээр ил байх зарчмыг барьдаг байна. Ингэж гэмээн сая олон нийт жинхэнэ утгаараа нэрийн жагсаалтад өргөн хүрээнд хяналт тавих боломжтой болж нэрийн жагсаалтай холбоотой гардаг элдэв булхайнаас сэргийлэх нөхцөл бүрддэг.
Манай улсын хувьд сонгогчийн нэрийн жагсаалтыг нам, эвсэл, нэр дэвшигчид, сонгогчид болон тэдний эрх ашгийг төлөөлдөг иргэний нийгмийн байгууллагууд хянах боломжоор тэгш хангах нь ашигтай хувилбар мөн. Харин хувь хүний нууцыг хамгаалахын хувьд Хорват, Гүрж, Украин зэрэг нийгэм, улс төрийн нөхцөл байдлын хувьд манайхтай төстэй, шилжилтийн ардчилал бүхий орнуудын туршлагыг харгалзан үзэж одоогийн хуулинд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.
Тухайлбал, Гүрж, Хорват зэрэг улсад сонгогчдын нэрийн жагсаалтыг албан ёсны (official) болон нийтийн (public) гэж ялган, нийтийн гэсэн тодотголтой жагсаалтад сонгогчийн талаар ямар мэдээлэл оруулах нь зүйтэй болохыг хувь хүний нууцын тухай хуультай уялдуулан тогтоож, улмаар нам эвсэл, нэр дэвшигч, иргэний нийгмийн байгууллагууд, сонгогчид чөлөөтэй үзэж, шалгаж болохоор зохицуулсан нь авууштай санаа мөн.
1. Хорватын туршлага (Хорватын ГОНГ бодлогын судалгааны төвөөс ирүүлсэн жишээ):
Хорватын Парламентаас 2007 онд Сонгогчийн нэрийн жагсаалтын талаар хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулан шинэчлэн баталсан. Энэ шинэ хуулиар санал хураах өдрийг хүртэл 14 хоног болтол сонгогч өөрийн бүртгэлийг жагсаалтад үнэн зөв орсон эсэхийг жил тойрон шалган нягтлах боломжтой болсон бөгөөд буруу зөрүү бүртгэгдсэн тохиолдолд өргөдөл гарган жагсаалтад зохих засвар хийлгэх эрхтэй. Нэрийн жагсаалтыг интернетэд байрлуулсан байдаг.
Сонгогчийн нэрийн жагсаалтын талаар хуулинд шинээр орсон нэг заалт нь сонгогчийн овог, нэр, хаяг бүхий жагсаалтыг нийтэд ил болгох тухай зохицуулалт юм. Ингэснээр улс төрийн нам, нэр дэвшигчид жагсаалтыг давхар хянах боломжтой болсон ба энэ нь сонгуулийн үйл явцын ил тод байдлыг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй зохицуулалт болж өгсөн. Сонгогчийн нэрийн жагсаалтын тухай хуулинд зааснаар жагсаалтыг зөвхөн нягтлан шалгах зорилгоор ашиглах ба хувийн нууцыг хамгаалахад онцгой анхаарахыг тусгайлан заасан.
Хорватад өнгөрсөн сонгуулийн үеэр намууд сонгогчийн нэрийн жагсаалтыг сонгуулийн сурталчилгааны материал түгээхэд ашигласан зөрчил гарсан нь цаашид нэрийн жагсаалтыг нийтийн болгоход зорилго, зориулалтынх нь талаар сайтар мэдээлэх, намууд, нэр дэвшигчид, сонгогчдыг энэ талаар гэгээрүүлэх арга хэмжээг орхигдуулалгүй авах шаардлагатайг харуулж байна.
2. Гүржийн туршлага (Гүрж дэхь НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрөөс ирүүлсэн жишээ)
Гүржийн Сонгуулийн хуулийн 9-р зүйлд сонгогчийн нэрийн жагсаалтыг албан ёсны, нийтийн гэж ангилаад эдгээр нь тус тусдаа ямар мэдээлэл агуулахыг тодорхой заасан байдаг. Нийтэд зориулсан жагсаалтад зөвхөн сонгогчийн овог, нэр, төрсөн он, сар, өдөр, оршин суугаа хаягийг бичсэн байдаг бол албан ёсны жагсаалтад дээрхээс гадна паспортын дугаар, жагсаалтад бүртгэгдсэн он, сар, өдрийг бүртгэсэн байдаг. Сонгогчийн нэрийн жагсаалтыг ил тавих, нягтлан шалгах, нэрийн жагсаалтын талаар өргөдөл гомдол гаргах хуулийн хугацаанд зөвхөн нийтэд зориулсан жагсаалтын хуулбарыг намууд, нэр дэвшигчид, иргэний нийгмийн байгууллагууд, сонгогчид авах, нягтлан шалгах боломжтой.
Гэвч Гүржийн энэ практикт сул тал байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Тухайлбал нэрийн жагсаалтын аудит хийхэд сонгогчдын бүртгэлд паспортын дугаар нь буруу бүртгэгдсэн тохиолдолд тэрхий зөрчлийг илрүүлэх, батлахад хүндрэлтэй.
Үүнийг харгалзан үзээд Гүржийн мэргэжилтний зөвлөснөөр Монголын хувьд дараах арга хэмжээг авах нь зүйтэй байж болох юм.
- Нэрийн жагсаалтын албан ёсны хувилбар, нийтэд зориулсан хувилбарыг ялгавартай байхаар зохицуулах
- Нийтийн гэсэн тодотголтой нэрийн жагсаалтын хувилбарыг бүх оролцогч талууд хуулбарлан авч, нягтлан шалгах боломжоор хангах
- Сонгогчийн нэрийн жагсаалтыг анхны байдлаар шалгаж нягталсны дараа аливаа зөрчил илэрсэн тохиолдолд намууд, иргэний нийгмийн байгууллагууд нь сонгуулийн байгууллагатайгаа хамтран албан ёсны жагсаалтад зохих өөрчлөлтийг оруулан буруу мэдээллийг залруулах эрхтэй байхаар хуулиар зохицуулах
Ингэснээр сонгогчийн нэрийн жагсаалтын бүрэн бүтэн байдал, жагсаалтад итгэх оролцогч талуудын итгэл нэмэгдэж, улмаар сонгууль шударга явагдахад нөлөөлөх боломжтой болно.
3. Филиппиний туршлага (Филиппиний Чөлөөт Сонгуулийн Төлөөх Иргэдийн Үндэсний Хөдөлгөөн (NAMFREL))
Филиппинд сонгогчийн нэрийн жагсаалтыг бүх сонирхогч талууд, түүний дотор магадлан итгэмжлэгдсэн иргэний нийгмийн байгууллагууд шалгах боломжийг хуулиар баталгаажуулан хангасан байдаг. Ингэхдээ сонгогчийн нэрийн жагсаалт дахь хувь хүний мэдээллийн нууцлалыг хамгаалахын тулд олон нийтэд ил болгох нэрийн жагсаалтад сонгогчийн овог, нэр, хаяг, санал өгөх хэсгийн хорооны дугаарыг оруулсан байдаг ба энэ нь жагсаалтад давхардан орсон нэрийг илрүүлэн хасах, бүртгэгдээгүй сонгогчдыг шинээр нэмэх зэргээр нэрийн жагсаалтын аудит хийхэд хангалттай байдаг.