Телевизүүдэд төлбөртэй, захиалгатай нэвтрүүлгийн эзлэх хувь өсч байна

УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэл (ХМХ)-ийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, ХМХ-ээр явуулж буй сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буй талаар олон нийтэд ойлголт өгөх, далд сурталчилгааг илрүүлэх, Сонгуулийн тухай хууль болон Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ), СЕХ-ны хамтран баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих” журмын хэрэгжилтэд хяналт зорилгоор хийж буй телевизийн мониторингийн 2 дахь үеийн дүн гарлаа. Энэ нь сонгуулийн албан ёсны сурталчилгааны дунд үе буюу 6 сарын 08-14-ний өдрүүдийг хамарч байна. Мониторингд МҮОНТ, ТV9, MN25, NТV, UBS гэсэн 5 телевизийг хамрагдсан.

Хоёрдугаар үе буюу 6 сарын 07-14

1. Мониторингийн хамрагдах хугацаанд 5 телевизийн 611 цаг 26 минут 49 секундын эфирийн бичлэгт мониторинг хийснээс 96 цаг 18 минут 09 секунд нь буюу 16% нь сонгуультай холбоотой мэдээлэл байв. Энэ нь нэгдүгээр үеийн мониторингтой харьцуулахад 2 пунктээр өссөн байна. МҮОНТ-ийн нам эвслүүдэд ойролцоо цаг хуваарилжээ. Тухайлбал МАН-д хамгийн их цаг оноосон нь 19%-тай тэнцсэн бол АН-д 15% оногджээ. Бусад нам эвслүүдэд 12%-иас доош хугацаатай тэнцэх цаг ногдуулжээ. Харин арилжааны телевизүүдийн нийт дүнгээс харахад МАН-ын тухай мэдээлэл дунджаар 49%-иар давамгайлсан юм. Таван телевизийн мэдээний хөтөлбөрөөр МАН 54%, АН 29%-ийг эзэлж байна. Бие даагчдын талаарх мэдээлэл МҮОНТ-д 16%-ийг эзэлсэн бол “TV9” телевиз 6%-тай тэнцэх цаг оноосон нь арилжааны телевизүүдийн хамгийн өндөр үзүүлэлт байв.

2. Нийт 5 телевизийн дунджаар эерэг мэдээлэл давамгайлж 50%-тай тэнцсэн бол төвийг сахисан мэдээлэл 34% байна. МҮОНТ-ийн мэдээллийн 70% нь эерэг өнгө аястай байсан бол төвийг сахисан мэдээлэл 25% байна. Арилжааны сувгийн хувьд “UBS” телевизийн мэдээллийн 70% нь эерэг хандлагатай, NTV телевизийн мэдээллийн 25% сөрөг өнгө аястай байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болов.

I, II үе, 6 сарын 4-14
Далд сурталчилгаанд зарцуулсан цаг

3. Мониторингийн хоёрдугаар үед далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл ТV9 телевизээр хамгийн их нэвтрүүлсэн нь нийт сонгуультай холбоотой мэдээллийн тал хувийг эзэлжээ. Харин МҮОНТ-ийн хувьд далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл 1%-д хүрээгүй нь сайшаалтай үзүүлэлт юм.

4. Телевизүүд сонгуулийн хуулийн цагийн хязгаарлалтыг чанд баримталж байгаа нь мониторингоор харагдаж байна. Сонгуулийн тухай хуулийн 46.6 /60 минут/, 46.7 /15 минут/-д заасныг зөрчсөн тохиолдол илэрсэнгүй.

5. Сонгуулийн тухай хуулийн 46.15, 46.17 дахь заалтыг үндэс болгон мэтгэлцээн зохион байгуулах, сонгогчдын боловсролд зориулсан хараат бус сэтгүүл зүйн бүтээл бэлтгэн нэвтрүүлж байна. Гэвч телевизүүдийн зохион байгуулж буй мэтгэлцээн олон улсын хэм хэмжээнд нийцэх зарчмын дагуу бэлтгэгдэхгүй байна.

6. МҮОНТ нь сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл бэлтгэх нь арилжааны телевизүүдээс бага байна. Учир нь тус телевизийн сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл ердөө 2%-тай тэнцэв. Арилжааны телевизүүдээс NTV телевизийн нийт сонгуультай холбоотой мэдээллийн 38%-ийг сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл эзэлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байсан бол ТV9 телевиз хамгийн бага буюу 16%-тай тэнцжээ. Сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийн зарим нь далд сурталчилгаа агуулсан өнгө аястай байна. Энэ жилийн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд шинээр орсон 46.15-д “Радио, телевиз сонгогчдын боловсролд зориулсан мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг, хөтөлбөр бэлтгэж түгээх үүрэгтэй” гэсэн заалт хэрэгжиж байгаа нь өмнөх сонгуулиудтай харьцуулахад сайшаалтай байна. Өмнөх сонгуулийн тухай хуулиудад түгээх үүргийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд оногдуулж байгаагүй юм.

7. Таван телевизийн дунджаар нийт сонгуультай холбоотой мэдээллийн 67%-ийг төлбөртэй, захиалгатай нэвтрүүлгийн цаг эзэлжээ. МҮОНТ-ийн 93% нь хуулийн дагуу олгогдож буй хуваарьт цаг эзэлжээ. Арилжааны телевизүүдээс UBS телевиз 47% эзэлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт бол ТV9 телевизийн мэдээллийн 33% нь төлбөртэй, захиалгатай гэдгээ тодотголтой байв.

Б. Онон

Сонгууль