Сонгогчдын нэрийн жагсаалтыг эцэслэн хүлээлгэж өгөв

Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв СЕХ-нд сонгогчдын нэрийн жагсаалтыг эцсийн байдлаар нь хүлээлгэн өглөө. Тус төв Монгол Улсын хэмжээгээр сонгуулийн насны 1,561,248 иргэн байгааг бүртгэжээ. Үүнээс нийслэлд 608,568 орон нутагт 952,887 сонгогч байна. 

ИМБУТ-ийн дарга Б.Мөнхбаатарын мэдээлснээр тус төвөөс энэ оны гуравдугаар сарын 28-ны өдөр СЕХ-нд 1,552,539 сонгогчийн нэрсийн жагсаалтыг эхний байдлаар хүлээлгэн өгсөн. Аймаг, нийслэлээс ирүүлсэн бүртгэлийн дүнг нягталж үзэхэд 116,568 иргэний хаяг хоёроос зургаан газарт давхардан бүртгэгдсэн байсан.

СЕХ-ны вэб сайтад байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад буруу бүртгэгдсэн хаяг нэрээ 30 гаруй мянган иргэн зохих засвар хийлгэж шинэчлүүлжээ. Үүнд ТЕГ-аас давхар хяналт тавьж байгаа гэж тэд мэдээлж байна.

Огт хаягийн бүртгэлгүй, бичиг баримтаа үрэгдүүлсэн, бичиг баримт аваагүй иргэдийг илрүүлэн бүртгэснээр 10 гаруй мянгаар эхний бүртгэл нэмэгдсэн гэж ИБМУТ-ийнхөн мэдээлж байна.

Хаягийн давхардалтай 116,568 иргэний мэдээллийг засаж залруулсанаар сонгогчдын тоо 100 орчим мянгаар буурах байсан боловч харин нэмэгджээ.  

Сонгууль