2016 - Монголын Социал Демократ Намын мөрийн хөтөлбөр

Энэ удаагийн УИХ ба Аймаг нийслэлийн Иргэдийн төлеөлөгндийн сонгууль нь Монгол улсын Үндсэн хуулийн тогтолцоог төгөлдөржүүлэх, төрийн тогтолцоог сонгодог ардчилсан зарчимд нийцүүлэх, үндэсний баялагаа зөв ашиглан улс орноо хөгжүүлэн, ард иргэдээ эрх чөлөө амьдралын баталгаагаар найдвартай хангах түүхэн сонголтын цаг үе ирлээ хэмээн манай нам үзэж байна. Энэхүү түүхэн сорилт нь улс үндэстний эрх ашгийг дээдэлсэн, иргэний нийгмийг төлөвшүүлэх, бодит ардчиллыг тогтоох стратегийн зорилгоор тодорхойлогдоно Үүний тулд:

  • Улс төрийн тогтолцооны өнөөгийн гаж бүтэц, үйл ажиллагаа, арга барил зэрэг нь бүхэлдээ шинэ Үндсэн хууль нэгэнт амьдрал, практикт нийцэхгүй болсны баталгаа хэмээн үзэж Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх шаардлагатай гэж үзнэ.
  • Шилжилтийн үед эрх мэдлийг авилга, хээл хахуулийн аргаар авсан улс төрийн тодорхой бүлэглэл, бие хүмүүсийн хуйвалдааныг таслан зогсоож, тэдэнтэй хуулийн дагуу хариуцлага тооцох, тэднийг улс төрийн талбараас шударгаар зайлуулах хос зорилтыг хэрэгжүүлэх түүхэн шаардлага, зайлшгүй зорилт Монголын улс төрд тулгараад байна.

Харьцангуй асар их нөөц баялаг, том газар нутаг, цөөн хүн ам бүхий урагш хөгжин дэвжих боломжтой манай оронд нүүрлэсэн өнөөгийн улам бүр гүнзгийрч байгаа хямралыг өдөөгч гол хүчин зүйл нь төрд шургалж, ард түмнийг бэлэн мөнгөний амлалтаар хууран мэхэлж, их хэмжээний зээл гаднаас авч үр дүн муутай төслүүдэд зарцуулан луйвардаж ирсэн, үндэсний ашиг сонирхолд ноцтой хохирол учруулагч цөөн тооны олигархи явцуу бүлэглэлүүд мөн.

Энэ бүлэглэлүүд хоорондын зөрчилдөө идэгдэж, эрх мэдлийн төлөөх бохир тэмцэлдээ улс орон ард иргэдийг хохироон самууруулж буйг ард түмэн нийтээрээ нэгэнт мэдэж, жигшин зэвүүцэх боллоо. Тэд урьдын адил сонгогчдын саналыг худалдан авах, үл биелэгдэх хуурамч хөтөлбөр дэвшүүлж олон түмнийг төөрөгдүүлэх зэрэг хуучин бохир аргаа дахин дахин хэрэглэж байна. Монголчууд бид улс төр бизнесийн эдгээр бүлэглэлүүдэд олон дахин хууртвал үндэсний сүйрэлд хүрэх аюултай тулгарна гэдгийг ард түмэндээ онцлон анхааруулж байна.

МСДН өнөөгийн Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа Иргэний нийгмийн байгууллагууд, Олон нийтийн хөдөлгөөн, Улс төрийн намуудын үзэл санаа, тэмцлийн туршлагыг судалж, Монголын нөхцөл байдалд шинжилгээ, дүгнэлт хийсэн олон улсын байгууллага, гадаад дотоодын эрдэмтдийн оюун сэтгэлгээний ололтод тулгуурлан төр, нийгмийн шинэчлэлийн хөтөлбөрөө боловсруулж ард иргэд, нийт сонгогчиддоо толилуулж байна.

Манай намын хөтөлбөр нь зөвхөн энэ удаагийн сонгуульд бус Монгол эх орноо одоогийн Улс төр, Эдийн засгийн хямралт байдлаас аврах, сэргээн хөгжүүлэх, хүчирхэгжүүлэх гэсэн шинжлэх ухааны үндэстэй урт хугацаааны стратеги төлөвлөгөө болохыг нийт сонгогчиддоо толилуулж байна.

ХавсралтХэмжээ
PDF icon Election_Agenda_2016_Mongolyn_Social_Democrat_Nam.pdf5.89 MB

Сонгууль