Энэхүү санамж бичгийн зорилго нь 2008 оны УИХ-ын сонгуулийн үйл явцын ил тод байдлыг хангахад хамтран ажиллах талуудын гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны үндсэн зарчмыг тодорхойлон зохицуулахад оршино.
“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ нь 2008 оны УИХ-ын сонгуулийн үйл явцын ил тод байдлыг дээшлүүлэхэд иргэний нийгмийн хяналт, оролцоог сайжруулах зорилгоор 2008 оны тавдугаар сарын 12-нд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Сүлжээнд нэгдсэн төрийн бус байгууллагууд нь сонгуулийн кампанит ажлын санхүүжилт, сонгогчдын нэрийн жагсаалтад хаяг нь давхацсан иргэдийн бүртгэл, саналын хуудастай холбоотой үйл явцууд, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа, сонгуулийн хороодын үйл ажиллагааны ил тод байдал гэсэн таван чиглэлээр хяналт мониторинг хийж буй юм. Сүлжээ нь аливаа улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигч, төрийн байгууллага, албан хаагчдын нөлөөнөөс ангид хараат бус байж зөвхөн сонгогчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлын үүднээс хуулийн хүрээнд, шударгаар ажиллах ёс зүйн дүрмийг мониторингийн үйл ажиллагаандаа чандлан мөрдөж байна.
СЕХ нь өөрөөс хамаарах мэдээллээр хангах, хяналт мониторинг хийх зохистой нөхцлийг бүрдүүлэхэд Сүлжээнд дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахаар боллоо.
Үүнд: хаяг нь давхардсан иргэдийн бүртгэл, урьдчилан санал өгсөн болон зөөврийн хайрцгаар санал өгсөн сонгогчдын нэрийн жагсаалт, нэрийн жагсаалттай холбоотой хяналт тавихад шаардлагатай бусад мэдээлэл, сонгуулийн салбар хороод, тойргийн болон хэсгийн хороодын бүрэлдэхүүний талаар мэдээлэл, саналын хуудсыг хэвлэх, боож битүүмжлэх, түгээх, хүргүүлэх, зарцуулах үйл явцыг хянах боломж нөхцлөөр хангах, сонгуулийн үйл явцад ажиглалт хийж хяналт тавихад шаардлагатай бусад боломж, мэдээллээр хангана.
Энэхүүү санамж бичигт Сонгуулийн Ерөнхий хороог төлөөлөн тус хорооны нарийн бичгийн дарга Б. Баярсайхан, “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээг төлөөлөн сүлжээний зохицуулагч Д.Энхцэцэг нар гарын үсэг зурлаа.
“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ
Хэвлэлийн төлөөлөгч Б.Булгамаа
Утас-91182711