2008 - Ардчилсан Намын мөрийн хөтөлбөр

Ардчилсан Нам ард түмэндээ ээлтэй, ардчилал, хөгжил дэвшлийн төлөө улс төрийн хүчний хувьд ард түмнийхээ хүсэл зорилгод тулгуурлаж ойрын 10 жилд улс орноо хөгжүүлэх 10 зөв бодлогыг хулгана жилийн босгон дээр нийтэд зарласан. Уг бодлогын эхлэл болгож УИХ-ын 2008 оны сонгуулийн үр дүнгээр хэрэгжүүлэх хөтөлбөрөө Ардчилсан Нам дараах байдлаар товч томъёолж байна.

Иргэн бүрт - Эрдэнийн хувь

Ардчилсан Нам ард түмэндээ ээлтэй, ардчилал, хөгжил дэвшлийн төлөө улс төрийн хүчний хувьд ард түмнийхээ хүсэл зорилгод тулгуурлаж ойрын 10 жилд улс орноо хөгжүүлэх 10 зөв бодлогыг хулгана жилийн босгон дээр нийтэд зарласан. Уг бодлогын эхлэл болгож УИХ-ын 2008 оны сонгуулийн үр дүнгээр хэрэгжүүлэх хөтөлбөрөө Ардчилсан Нам дараах байдлаар товч томъёолж байна.

Эзэн монгол хүн

Жам ёсны эрхээ эдэлсэн, эрх чөлөө, хувь заяандаа эзэн болсон Монгол хүн л тусгаар, бүрэн эрхт улс орныхоо хөгжил дэвшлийн баталгаа гэдэгт бид гүнээ итгэдэг. Хувь хүнээс өнгөтэй өөдтэй бүхнийг нь булаан авч нийгмийн сайн сайхан хэмээх хийсвэр үзлийн төлөө золиосолдог хуучин тогтоцын үлдэнгэрийг халж дуусгана.

Улс нийгмийн сүр хүчээс илүүтэй хувь хүн, айл гэрийн аз жаргалыг эрхэмлэн дээдэлнэ. Иргэд өөрийн авъяас чадал, эрдэм билгээ өөрийнхөө сайн сайхны төлөө шударгаар зориулах боломжийг нээнэ. Иргэд нь эрх чөлөөтэй, баян чинээлэг, эрдэм чадал бүрэн, ёс суртал өндөр, эрүүл чийрэг байхын хэрээр эх орон нь хөгжилтэй, хүчирхэг болдог шалгарсан чиглэлийг Монгол улсын хөгжлийн баримжаа болгоно.

- Авлигад идэгдсэн засаг, улс төржих төрийн алба, иргэдээ ялгаварлах захиргаа, хүнд сурталт түшмэд, хүнийг үл ойшоох үйлчилгээг бид эцэслэнэ.

- Нутгийн өөрөө удирдах ёсыг иргэдийн мэдэлд бүрэн шилжүүлж, иргэд нь нутаг усныхаа асуудлыг мэддэг эзэд нь болно. Үүний тулд төсөв, санхүү, татвар, өмчийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ. Төсвийн удирдлага, санхүүжилтийн хуулийг хүчингүй болгоно.

- Төрд эрх мэдэл олгож, байгууллагад зориулан хууль бүтээдэг арга, хандлагыг халж иргэнээ эрх мэдэлжүүлж, төрийг үүрэгжүүлж, албан тушаалтны ажил үүргийг нарийвчлан зохицуулсан хууль бүтээх арга, зарчимтай болно.

- Төрийн албыг цомхон, чадварлаг, өндөр бүтээмжтэй ажиллуулах удирдлага, зохион байгуулалтын хэлбэрийг сонгож хэрэгжүүлнэ. Шаардлагагүй төрийн байгууллагуудыг татан буулгана.

- Иргэдийн нэр төр, өмч хөрөнгө, орон гэрийн халдашгүй дархан байдлыг хуулиар баталгаажуулна. Иргэд мал хөрөнгө, амь биеэ аргагүй хамгаалалтад орж гэмт халдлагыг няцаасан бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.

- Төр, нийгмийн бүх салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг үл тэвчдэг соёлыг хэвшүүлнэ.

- Төрийн албан дахь сонирхлын зөрчлийг шийдвэрлэх орчин бүрдүүлж, төрийн албан хаагч бүрт нийтлэг үйлчлэх "Ёс зүйн хууль" гаргана.

- Улс төрөөс хараат, иргэнээ алагчилдаг, хаалттай шүүхийг халж хараат бус, ил тод, иргэний эрх, эрх чөлөөт байдлыг хангахын төлөө ажилладаг шударга шүүхийн тогтолцоог бүрдүүлнэ. Шүүхийн хараат бус шударга ажиллах нөхцөлийг бүрэн бүрэлдүүлж, улсын төсөвт эзлэх шүүхийн төсвийн хувь хэмжээг хуульчилна.

- Төр иргэнээ гадна, дотны аливаа халдлагаас батлан хамгаална. Орчин үеийн олон улсын харилцаа, шинэ хандлагад тохирсон батлан хамгаалах бодлого хэрэгжүүлнэ. Энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно.

- Сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бэхжүүлж, Ази, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн интеграцчилалд идэвхтэй оролцож, гадаад харилцааны уламжлалт чанарыг хадгална.

Хувь хүн, өрх гэрийн баян, чинээлэг амьдрал Монгол улсын хөгжлийн тулгуур байх болно гэдгийг бид одоогоос 18 жилийн өмнө анхлан тунхагласан. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө Ардчилсан Нам тууштай тэмцсэн, зүтгэсэн. Цаашид ч ажил хөдөлмөртэй, өмчтэй, орлоготой, амьдрал, хувь заяа, эрх чөлөөндөө эзэн болсон Монгол хүнийг хэлбэрэлтгүй дэмжинэ. Айл өрхийн амьдралын өсөн нэмэгдэх түвшинг Монгол улсын хөгжлийн гол хэмжүүр гэж бид үзнэ.
{mospagebreak}
Ажилтай, орлоготой, амгалан амьдрал

Бид "улс баян бол иргэн баян" гэдэг хуучинсаг ойлголтыг халж "иргэн баян бол улс баян" гэдэг бодитой, амьдрах чадвар нь шалгагдсан зарчмыг тууштай баримтална. Ардчилсан Намаас хүмүүс биднийг ажилтай болгоод өгөөч гэж хүссэн. Ажиллаад олдог орлогыг маань амьдрахад хүрэлцээтэй болгож өгөөч гэж хүссэн. Бидний бүхий л ажил үйлс эцэстээ энэ хүсэлтийг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

- Айл өрх нэг бүрээс доод тал нь ажилгүй байгаа нэг хүнийг мэргэшүүлж ажилтай болгоно.

- Иргэн бүртээ хөрөнгөтэй, хувьтай, харилцах данстай, зээлийн түүхтэй, даатгалтай байх нөхцөл бүрэлдүүлнэ.

- Монгол улсын иргэнд газар өмчлөх эрхийг нь бодитой эдлүүлнэ. Хотын иргэд хөдөөд, хөдөөгийнх нь хотод газар, хөрөнгө өмчлөх эрхээ эдэлж, газар өмчлөлийг иргэд, өрх гэрийн амьдралд өгөөжтэй байхаар зохион байгуулна.

- Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, ажилд гадны ажиллах хүч ашиглахыг хориглоно. Гадаадын ажилчдын бүртгэлийг нарийвчилж тоог хязгаарлах бодлого баримтална.

- Малчин өрхийн орлогын эх үүсвэрийг тогтвортой байлгахад онцгой анхаарна. Тэргүүний ээлжинд түүхий ноолуурын доод үнийг 30.000 төгрөгнөөс унагахгүй, хонь, тэмээний ноосны үнийг 3000-6000 төгрөгт хүргэх бодлого баримтлана.

- Зэвсэгт хүчин, хил хамгаалалт, онцгой байдал, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, дотоодын цэргийн байнгын албан хаагчид тэтгэвэрт гарах, хүндэтгэх шалтгаанаар албанаас чөлөөлөгдөх тохиолдолд 1 удаа 5 сая төгрөгийн, хэрэв албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдвал 25 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгоно.

- Иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийг бодит ажил болгож, залуу гэр бүл болон орлого багатай иргэдэд зориулсан орон сууцны зээлийн бодлого хэрэгжүүлнэ.

- Ирэх 5 жилд нийтдээ 140 мянган орон сууц барьж ашиглалтад оруулна.

- Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно. Мөнгөний ханш уналттай уялдуулж хэмжээг нь өсгөнө.

- Амьжиргааны баталгаажих доод түвшин гэх ойлголтыг аажмаар халж, дундаж орлоготой өрхийн тоог нийт өрхийн 60-аас дээш хувь хүртэл нэмэгдүүлнэ.

Бид амандаа хоолгүй нэгнээ амин зуулгатай залгуулж, амь зуулгатай айл өрхийг арвидсан хөрөнгө хураах боломжтой болгоно. Бид айл өрхийнхөө амин зуулгыг нэг нэг шатаар ахиулж, орц хонгилд хоног төөрүүлэгчдийг орон гэртэй, орох оронтойг нь сууцтай, орон сууцтайг нь эргэлтийн хөрөнгөтэй болгох эдийн засгийн орчинг бүрдүүлнэ.

Юм хийж бүтээх, ур чадвараа дээшлүүлэх, ажил амьдралтай болох, орлогоо нэмэгдүүлэхийн төлөө эрмэлзэж байгаа хүн бүрийг бид бүх талаар дэмжинэ. Өдөр тутам иргэн бүрээс булаан авч байгаа авлига, хүнд суртлын өртгийг арилгаж түүнд төлдөг мөнгө, хөрөнгө, баялгийг иргэддээ үлдээхийн төлөө тууштай тэмцэнэ. Дарамт болдог бус, ажилтай болоход нь, амьдралд нь тусалдаг төрийг иргэд хүсч байгааг бид сайн ойлгож байна.
{mospagebreak}
Монголдоо үйлдвэрлэе

Монголд үйлдвэржилтийн бодлогыг дэс дараатай тууштай хэрэгжүүлж хүн амын орлогын байнга, өсөн нэмэгдэх нөхцөлийг бүрэлдүүлнэ. Монголчууд ардчилсан хувьсгалынхаа хоёрдахь шатанд бүгдээрээ дундаж, дундааас дээгүүр амьдралын түвшинд хүрч чадна гэж бид үзэж байна. Монголдоо хийвэл монголчууддаа ашигтай тусах бүхнийг бид эх орондоо үйлдвэрлэх чиглэлийг баримтлана.

- Эх орондоо мал аж ахуй, уул уурхайн гаралтай түүхий эдийг боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн хийх болон ган, барилга, эрчим хүч, нүүрс химийн үйлдвэрийг эн тэргүүнд хөгжүүлнэ.

- Инженер техникийн сэхээтэн, мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчин бэлтгэх ажлыг бид Монгол улсын ирээдүйд чиглэсэн гол хөрөнгө оруулалтын нэг гэж үзнэ.

- Хүнсний хараат болон баталгаагүй байдлыг өөрчилж чанартай, дотоодын үйлдвэрлэлийн мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоогоор хүн ардынхаа хэрэгцээг бүрэн хангах бодлогыг цаг алдалгүй хэрэгжүүлнэ.

- Хориглосноос бусад үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай техник тоног төхөөрөмжийг импортын татвараас бүрэн чөлөөлнө.

- Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийг дэмжих, зээлийн хүүг бууруулах бодлого баримтлаж ажиллана. Хөрөнгийн болон санхүүгийн үйлчилгээний салбарыг эрчимтэй хөгжүүлнэ.

- Мал, малын гаралтай болон ХАА-н бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн нэгдсэн сүлжээ бүхий биржийг техникийн дэвшилд тулгуурлан байгуулна. Хөдөөгийн иргэд мал, бусад бараа бүтээгдэхүүнээ байгаа, суугаа газар бүртээ зах зээлийн үнээр арилжиж мөн үнээр гол нэр төрлийн бараагаа худалдаж авах нөхцөлийг бүрэлдүүлнэ.

- Эрүүл Монгол малын органик бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах бодлого хэрэгжүүлнэ.

- Эрчим хүчний байгальд ээлтэй, найдвартай үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, улмаар эрчим хүч экспортлох бодлого хэрэгжүүлнэ.

- Төрөөс эдийн засаг, бизнес, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийвэл "Хамгийн сүүлд төр оролцоно" гэдэг зарчмыг чанд баримталж ажиллана.

- Үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдэд учирч байгаа төрийн дарамтыг үйлдвэрлэгчид, бизнесийн төлөөлөлтэй хамтран арилгах, тэдний ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар заавал санал зөвлөмжийг нь сонсох зарчим баримтална.

- Чөлөөт үйлдвэрлэл, хувийн хэвшлийг хөгжүүлэх стратегийг оновчтой тодорхойлж, Монгол улс бизнес эрхлэлтийн тааламжтай орчны үзүүлэлтээрээ Азид эхний аравт багтах зорилт тавьж ажиллана.

- Бизнесийн үйл ажиллагаанд гомдол,зөрчил илэрсэн тохиолдолд хяналт шалгалтын байгууллагыг зөвхөн дуудлагаар  оролцдог болгоно.

- Бизнес эрхлэгчдэд зориулж тогтоосон стандарт, хууль журмыг мөрдөх сургалтыг төрийн зардлаар тодорхой үе шаттай явуулна. Аливаа бизнесийг эхлүүлэхэд ийм сургалт зөвлөлгөөг мэргэжлийн байгууллагаар заавал өгүүлдэг болно.

- Жижиг, дунд үйлдвэрийг бойжуулах, мэргэжил дадлага эзэмшүүлэх сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг ажилгүйдэл ихтэй, хүн ам төвлөрсөн газруудад байгуулна. Түүнд шаардагдах дэд бүтцийн, эрчим хүчний, барилгын болон түрээсийн зардлыг төр хариуцна.

- Ажил эрхлэлт, мэргэжлийн сургалт, үйлдвэржилтийг дэмжихэд зориулж 2009 оны улсын төсөв, хөгжлийн сангаас 150 тэрбум төгрөг зарцуулна. Жил бүр уг хөрөнгийн хэмжээг доод тал нь 2 дахин нэмэгдүүлж 2010 онд 300 тэрбум, 2011 онд 600 тэрбум төгрөг гаргана.

- Бүх аймаг, хот, нийслэлийг хамарсан "Үйлдвэржилтийн газрын зураг" гаргаж, уг бодлогыг шат дараатай, олон улсын стандартад нийцсэн төсөл, судалгаанд тулгуурлан хэрэгжүүлнэ. Үйлдвэржилт, уул уурхай, хөгжлийн асуудал эрхэлсэн яам бий болгоно.

- Үйлдвэржилт, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын олон улсын стандартад нийцсэн 200 сая доллараас багагүй хөрөнгө шаардагдах эхний 10 төслийг 2009 онд багтаан нийтэд зарлана. Хөрөнгө оруулалтын төсөл, судалгаа гаргах үндэсний чадавхийг бий болгоно.

- Үйлдвэржилтийн чиглэлд гарч буй санал санаачлага бүрт анхааралтай хандаж, хэрэгжүүлэхэд нь төрөөс байж болох тусламж дэмжлэгийг үзүүлнэ. Тухайлбал "Зөвхөн Монголдоо үйлдвэрлэе", "100 үйлдвэр", "Баян Монгол", орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх зэрэг саналыг бүрэн хэрэгжүүлэхийг зорино.

Монгол орон өнөөдөр шинжлэх ухаанжсан атлаа цэвэр байгалийн гаралтай мал аж ахуй ба хүнд үйлдвэр хөгжүүлсэн хүчирхэг орон болох бодит боломжийн өмнө тулж ирээд байна. Дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтод тулгуурласан байгальд ээлтэй, олон улсын зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүнийг монголчууд эх орондоо үйлдвэрлэснээр Монгол улсын эдийн засгийн чадавхи, үр өгөөж тууштай нэмэгдэх төдийгүй "Made in Mongolia" нь дэлхийд өрсөлдөх бүрэн чадвартай бүтээгдэхүүний брэнд нэр болох болно. Үйлдвэрийн шат дамжлага бүр ажлын байр, бизнес болж бие биенээ дэмжсэн хамаарал бүхий цогцолбор үүсгэж, нийгэмд бүтээлч, итгэлтэй хариуцлагатай хамтын ажиллагаа, найрсал тогтож, үйлдвэрлэл бүтээмжийн соёл төлөвшинө.
{mospagebreak}
Эрдэнийн хувь

Монгол орны хөрсөн доорхи баялаг бол Монголын ард түмний өмч мөн. Ард түмэн өөрийн өмчийн үр шим, түүний ашгаас хувь хүртдэг байх ёстой гэдгийг иш үндэс болгон "Эрдэнийн хувь" санаачлагыг Ардчилсан Намаас дэвшүүлсэн. Энэ санаачлагыг ашигт малтмал арвинтай, түүнийгээ ашиглан хөгжиж, дэвжсэн бас иргэддээ хувь хүртээж чадсан сайн туршлагад тулгуурлан, ард олноороо хэлэлцүүлэн шийднэ.

Монгол улсын иргэн бүрийг амьдран суугаа газар, ажил хөдөлмөрийн онцлог, нас хүйсний ялгааг үл харгалзан дээрхи бодлогод хамруулна. Эрдэнийн хувь нь Монгол хүн бүрт баталгаат ажил хөдөлмөр, хөрөнгөжих хувийн өмч, сурч боловсрох, эрүүл байх, орон байртай, аюулгүй, хангалуун амьдрах орчинг бүрдүүлэхэд чиглэнэ. Иргэд хөрөнгө санхүүгийн зах зээлд идэвхтэй оролцох, хуримтлал үүсгэх, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх, өрх гэрийнхээ амьдралд эзэн байх бодит боломжийг Эрдэнийн хувь Танд олгоно.

- Стратегийн ордуудын 50-иас доошгүй хувийн ашиглалтыг ойрын жилүүдэд түүний дотор Таван толгой, Оюу толгой, Төмөртэйн ордын ашиглалтыг нэн даруй эхлүүлнэ.

- Эх орны түүхий эдэд түшиглэсэн бензин шатахуун үйлдвэрлэх хүчин чадлыг бий болгож, дотоод хэрэгцээгээ ойрын 5 жилд багтаан хангах зорилт хэрэгжүүлнэ.

- Монгол улс, орон нутгийн стратегийн хөгжил, үйлдвэржилтийн бодлогод зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд ойн сав, усны хагалбар газарт ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулахыг хориглоно.

- Алтны 300 килограммаас ихгүй шороон болон үндсэн ордны ашиглалтыг зогсооно.

Эрдэнийн хувийг нэг бол идэж ууж дуусгадаг, эсвэл авлига хээл хахуулийн үүр уурхайд хийж шатаадаг явдлыг хэрхэвч гаргуулахгүй. Уул уурхайн ашиглалтыг "буух эзэнтэй, буцах мөртэй", ил тод, хариуцлагатай, эзэн хүндээ, эх байгальдаа ээлтэй байхаар дэлхийн шилдэг стандартад нийцүүлэн хэрэгжүүлэхийг эрхэмлэнэ.

Бид хүн бүр уурхайчин  байх боломжгүй харин уул уурхайн хөгжлийн үр шимээс хүртэгч байх ёстой гэсэн чиглэлийг хатуу баримтлана. Иргэн бүртээ Эрдэнийн хувь олгоно. Үнэлэгдэх хэмжээ нь нэг сая төгрөг байна. Эрдэнийн хувийн хэлбэр, нөхцөл, эх үүсвэр, зориулалт болон бусад шаардлагатай харилцааг хувь иргэн, айл өрх, улс орны хөгжил дэвшилд өгөөжтэй байхаар хуульчлан зохицуулна.
{mospagebreak}
Эрүүл бие, саруул ухаан

Энэ бол эрүүл мэнд, боловсрол, хувь хүний хөгжлийн тухай бодлого. Монгол улсын хөгжил дэвшлийн төвд Монгол хүн байна. Хүн бүр хойч үеэ эрүүл, боловсролтой, сайн хүн болоосой гэж хүсдэг. Хүн бүр эрүүл бол айл гэр амгалан. Айл хотлоороо энх бол улс үндэстний баясгалан. Бид Монгол хүн бүрийн эрүүл мэнд нь Монгол улсын эрүүл энх гэж үздэг. Бид иргэн хүний боловсрол эрдмийг эх орны хөгжлийн гол хүч гэж хардаг. Ардчилсан Нам нь эрдэмтэй, эрүүл монгол хүнийг эх орны маргааш гэж итгэдэг.

- Чанартай эмч, сувилагч, чанартай багш, мэргэжилтэнгүйгээр эрүүл мэнд, боловсролын чанартай үйлчилгээг төсөөлөх аргагүй. Иймээс энэ салбарт ажиллагсадын мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх, нийгмийн үнэлэмжийг өсгөхөд онцгой анхаарна.

- Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, биеийн тамир, спортын салбарын хөгжилд зарцуулах хөрөнгийг өмнөх жилийн төсвөөс байнга нэмэгдүүлж төлөвлөнө.

- Шинжлэх ухааны сүүлчийн ололтод тулгуурласан эмнэлгийн нарийн мэргэжлийн оношлогоо шинжилгээ, эмчилгээ үйлчилгээний төвүүдийг байгуулахыг дэмжинэ.

- Эрүүл мэнд дэх төрийн оролцоог даатгалын үйлчилгээгээр солих бодлогыг шат дараатай хэрэгжүүлнэ. Эрүүл мэндийн даатгалыг гэр бүлийн даатгалын тогтолцоонд шилжүүлж, даатгалын олон төрөл хэлбэрийг дэмжинэ.

- Дунд сургуулиудад ерөнхий боловсролыг эхний 10 жилд чанартай олгож, харин сурагчдыг 11 болон 12 дугаар ангид нь ирээдүйд эзэмших мэргэжлээ сонгон суралцах, англи хэл, компьютерийг иж бүрэн эзэмших нөхцөлөөр хангана.

- Бүх шатны сургуульд иргэний боловсрол олгох сургалтыг дэмжинэ. Дунд сургуулийн зайлшгүй шаардлагатай сурах бичгүүдийн стандарт, чанарыг жигдэлж хэвлэлтийн зардлыг төрөөс хариуцна.

- Ажил олгогчийн захиалгаар суралцагчдыг дэмжинэ. Жил бүр дотоодын болон гадаадын их дээд сургуулиудад 1000-5000 оюутныг нэн шаардлагатай мэргэжлээр сургах "20 жилийн хөтөлбөр" гаргаж төрөөс санхүүжүүлнэ. Шаардлагатай мэргэжлийн жагсаалтыг Засгийн газраас зарлана.

- Гадаад, дотоодын их сургуулийг нэн шаардлагатай мэргэжлээр төрийн бус зардлаар төгссөн иргэнээ 10 мянгаас 100 мянга хүртэл доллараар нэг удаа урамшуулж тодорхой салбарт гэрээгээр ажиллуулна.

- Усан бассейн, спорт тоглоомын заал бүхий бүрэн тоноглогдсон биеийн тамир, спортын цогцолборыг нийслэлийн дүүрэг, аймгийн төвүүдэд барьж байгуулна. Нийтийн биеийн тамир, спортын олныг хамарсан арга хэмжээг бодлогоор дэмжинэ.

- Эмнэлэг боловсролын төрөлжсөн цогцолбор, оюутны нэгдсэн хотхон байгуулахыг дэмжинэ. Их тэнгэрийн амыг Монголын шинжлэх ухаан, өндөр технологи, чанартай боловсролын нээлттэй бүс болгож хөгжүүлнэ.

- Бага насны хүүхэд, зарим иргэдийг бичиг үсэгт сургах, мөн алслагдмал нутгийн айл өрхөд боловсрол, эрүүл мэндийн орчин үеийн үйлчилгээ үзүүлэх зайны, суурин болон явуулын төвүүдийг байгуулж ажиллуулна.

- Багш эмч нарт зориулсан мэргэжлийн улсын хэмжээний онлайн сүлжээг төрөөс дэмжиж, мэдээллийн технологи, зайнаас сургалт, оношлогоо, эмчилгээ хийх дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглах суурь чадвар эзэмшүүлнэ.

- Багш, эмч, сургуулийн сурагчдыг компьютерээр хангах бодлого хэрэгжүүлж сургууль, эмнэлгийн интернетийн үйлчилгээний зардлыг төрөөс даана.

- Улаанбаатар болон аймгийн төвүүдийн үйлчилгээний газрыг тамхигүй орчноор зарлана. Архи, тамхи хэмээх хортой эдийн засгийн аргаар тэмцэнэ. Монголчууд нийтээрээ  архи тамхи хэрэглэдэггүй  үндэстэн болох хөдөлгөөн өрнүүлнэ.

Бид нэг талаас иргэдийнхээ амь зуулга, амьжиргааны асуудлыг гүйцэд шийдсэнээр хүмүүс эрүүл мэнддээ, боловсролдоо санаа тавих, мөнгө зарцуулах боломжийг гүйцэд бүрдүүлнэ. Нөгөө талаас эмч багш нарын нэр хүнд, орлогыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарт өөртөө ашигтай, үйлчлүүлэгчддээ дарамтгүйгээр ажил хөдөлмөр, бизнесээ эрхлэх нөхцөлийг хангана. Үүнээс гадна хөдөөнийх нь хотыг, хотынх нь гадаадын эмнэлгийг барааддаг өрөөсгөл байдлыг эцэс болгоно. Монгол улсыг эмчилгээ, боловсролын үйлчилгээгээр хөгжингүй орны түвшинд хүргэх зорилтыг бид тууштай хэрэгжүүлнэ.
{mospagebreak}
 Шударга ёс, иргэний нийгэм

Монголд шударга ёс тогтоох, иргэний нийгэм цогцлоон хөгжүүлэх нь Ардчилсан Намын язгуур зорилт мөн. Төр засгийн бүх түвшний бодлого үйл ажиллагааг Монгол хүний эрх ашиг, иргэдийн үйлчилгээнд захируулна. Иргэн бүр эсвэл тэдний сонгосон төлөөлөл нь байгаа суугаа газар, баялаг бүтээмждээ эзэн болдог, амьдрал үйл ажиллагаанд нь хамаатай шийдвэрийг өөрсдөө гаргадаг, түүнд оролцдог байх хэвшлийг тогтооно.

Ардчилсан тогтцод шилжсэнээс хойш баталж гаргасан хууль тогтоомж цөөдөөгүй. Харин хүн бүр хуулийн өмнө тэгш байж чадахгүй, шударга ёс бүрэн хэрэгжихгүй байна. Шударга ёсны хомсдолыг арилгасан цагт төр шударга, иргэн нь журамтай болно. Төр нь удирддаг бус зохицуулдаг, төрийн албан хаагчийг татвар төлөгчдөд зөвшөөрөл олгодог бус харин үйлчилдэг болгон зохистой хэв, гольдрилд нь оруулна.

- Иргэдийнхээ эрх, эрх чөлөөт байдлыг орчин цагийн шаардлагад нийцүүлэн хангах, улс төрийн харилцааг эрүүлжүүлж хариуцлагажуулах,  орон нутгийн эрх мэдлийн хомсдлыг арилгах зорилтыг иш үндэс болгон хууль, эрх зүйн иж бүрэн шинэтгэл хийнэ.

- Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчилж, улс төрийн намуудыг шинэчилэн бүртгэнэ.

- Сонгуулийн болон сонгуулийн санхүүжилтийн хуулийг ардчилсан, иргэнлэг, шударга байх жишигт нийцүүлэн өөрчилнө.

- Төрийн албаны хуулийг өөрчилж төрийн албыг иргэдэд, олон нийтэд үйлчилдэг үйлчилгээ болгон хэвшүүлнэ. Төрийн албан хаагчид зээлийн тогтолцоонд хамрагдахыг урамшуулж, хуулийн хүрээнд шударгаар ажиллаж амьдрахад нь тусална.

- Хуулиар шаардагдах мэдээлэл, баримт бичгээ бүрэн бүрдүүлсэн тохиолдолд иргэний үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн болон бизнес эрхлэх зөвшөөрлийг ажлын нэг өдөрт багтаан олгодог болно.

- Төрийн ажил үйлчилгээ, тендерийг тунгалаг, нээлттэй, ил тод орчин, нэг цэгт шалгаруулж олон нийтэд мэдээлдэг болно.

- Төрөөс олгодог зөвшөөрөл, тавьдаг хяналт, гарын үсэг, шийдвэр, ажил үйлчилгээний жагсаалтыг төрөлжүүлж боломжтойг нь хувийн, мэргэжлийн, иргэдийн үүсгэл санаачлагын байгууллагаар гүйцэтгүүлэхээр хуульчлан шилжүүлнэ.

- Хууль тогтоомж, журам зааврыг хүчингүй болгох, төрийн байгууллагыг татан буулгах, албан тушаалтанд хариуцлага ноогдуулах харилцааг хуульчилж, хэрэгжилтийг хангаж ажиллана.

- Авлигын гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтны улс нийгэмд учруулсан мөнгөн хохиролыг нэмэгдэл ялд тооцож нөхөн төлүүлдэг болно. Авсан авлигын нэг сая төгрөг тутамд нэг жилийн нэмэгдэл ял ноогдуулахаар хуульчилна.

- Хүн амын орлогын албан татварын нэг хувийг иргэний нийгмийн байгууллагын санхүүжилтэд зориулдагболно.

- Хууль, шүүхийн байгууллагын ажилтнуудыг юуны өмнө хүний эрх, эрх чөлөөт байдлыг хангахын төлөө ажилладаг жишиг, соёл, дадалд сургана. Төрийн төлөө зүтгэдэг бус хүний төлөө ажилладаг, иргэний эрхийг дээдэлдэг шинэ үеийн хуульчдыг бэлтгэх, ажлын байраар хангахад онцгой анхаарна.

- Иргэнээ чирэгдүүлсэн удаан хугацааны шүүн таслах журмыг өөрчилж ялимгүй хэрэг, маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэг хуультай болно.

- Хууль зөрчсөн, эрх нь зөрчигдсөн хүүхэд, залуучуудад баримтлах энэрэнгүй хууль зүйн бодлоготой болно. Хүний эрхийг өмгөөлөх эрх зүйн таатай орчин бүрдүүлнэ.

- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нөхөн олговорыг Дээд шүүхийн шийдвэрт үндэслэн хүнд суртал, чирэгдэлгүй шууд өгнө.

- Хуулийн дагуу, шударгаар ажиллаж амьдрах нь аливаа хүний хувьд нэр төр, алдар хүнд, бахархал байдаг хэвшлийг нийгэмд урамшуулан тогтооно.

Авлигатай хийх тэмцэл, шударга ёсыг тогтоох, иргэний нийгмийг төлөвшүүлэх ажлыг улс төрийн эсвэл хувийн эрх ашгийн асуудлаас ангид авч үзнэ. Дээрхи үйл ажиллагаа бодлогын хэрэгжилтийг нийтийн үнэт зүйлийг хамгаалах, хамгийн гол нь цөөнх нь хожиж баяждаг, олонхи нь хохирч ядуурдаг ёс бус үзэгдлийг эцэс болгоход чиглүүлнэ.

Авлигатай улс орон ядуу, үндэсний дархлаа султай, элдэв хямрал, үнийн өсөлтөд илүүтэй хохирч байгааг Монголчууд бид хангалттай үзэж байна. Шинэ нөхцөл байдалд хүндрэл бэрхшээлтэй асуудлыг хуучин аргаар шийдэх гэж оролдож цаг, боломж алдсанаас авлигатай үр бүтээлтэй, тууштай тэмцэж шударга ёс, хүний эрхийн үнэлэмжийг сэргээх нь иргэн нэг бүрт улам өгөөжтэй, нийтийн хөгжил дэвшилд хэрэгтэй гэж  бид үзнэ.
{mospagebreak}
Шинэ хөдөө, Шинэ Улаанбаатар

Энэ бол хөдөөг ч, Улаанбаатарыг ч шинэчлэн хөгжүүлэх бодлого. Монгол хүн орон нутагт ч, нийслэлд ч, хаана ч ажиллаж амьдарч бай, нийгмийн харилцаанд ижил тэнцүү оролцдог, орчин үеийн шаардлагатай үйлчилгээг ялгаагүй авдаг байх таатай нөхцөл бүрдүүлэхийн төлөө бид ажиллана. Зах зээлийн багтаамж, үйлчлүүлэгчийн тоо хэмжээ зэргийг зохицуулах боломж хомс боловч зам, харилцаа холбооны шинэтгэл зэрэг нь холыг ойртуулж, хотыг наашлуулж байна. Орон нутийн өөрийгөө удирдах эрхийг жинхэнэ ёсоор олгох, хол зайдуу нутагт бизнес эрхлэхэд үзүүлэх хөнгөлөлтөөр дамжуулан бараа үйлчилгээний үнийг хаа сайгүй жигдэлж, амьдралын чанарыг хот, хөдөө хоёрт зэрэг сайжруулах бодлого барина.

- Бүс нутаг, аймаг, хот суурин сумдын онцлог бололцоонд суурилсан хөгжлийн төсөл боловсруулж, дэд хөтөлбөр болгон хэрэгжүүлнэ.

- Нийслэл Улаанбаатарыг шинэчлэх хөгжүүлэхтэй холбогдсон тусгай хөтөлбөр гаргаж, хэрэгжилтийг нь зохион байгуулна.

- Нийслэл болон төв суурин газрын ажилгүйдлийг арилгах, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг үйлдвэржилт, дэд бүтцийн хөгжил, орон сууцжуулах бодлоготой уялдуулан цогцоор нь шийдвэрлэнэ.

- Улаанбаатарын агаарын бохирдол, утааны болон байгаль орчин, иргэдийн аюулгүй байдалд заналхийлж буй хорт бодис, хордлогын асуудлыг улс үндэстэнд тохиож байгаа нэн даруй йчшийдвэрлэх гамшиг гэж үзнэ. Үүнд олон улсын болон

мэргэжлийн байгууллагууд, үндэсний чадавхийг бүрэн дайчилж, уг асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж цаг алдалгүй хэрэгжүүлнэ.

- Нэн тэргүүнд утаатай байгууламжийг утаагүй, бохирдолгүй байгууламжаар солих санаачлагыг дэмжинэ. Гэр хороололд оршин суугчид шинээр орон сууцанд орвол ажил орлогоос нь хамааруулан орон сууцных нь зээлийн урьдчилгаа төлбөрийг төрөөс хариуцна.

- Цэвэр, эрүүл амьдрах нийтлэг эрх ашгийн үүднээс тодорхой шаардлага, стандартад нийцүүлэн зарим гэр хороололд инженерийн байгууламж барих ажлыг судалж хэрэгжүүлнэ.

- Иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах болон онцгой нөхцөл, хямрал, гамшгийн үед ажиллах үндэсний болон аймаг нийслэлийн байгууллагын чадавхийг нэмэгдүүлж, мэргэжлийн болон техникийн хангалтын түвшинг дээшлүүлнэ.

- Улаанбаатар болон бусад төв сууринд хог хаягдлаас ангижрах, цэвэр усны хангамж, бохирын асуудлыг шийдвэрлэх орчин үеийн аргыг нэвтрүүлж, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж барих санал санаачлагыг дэмжинэ. Нийслэлийн хүн амын цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлнэ.

- Нийслэлд хууль зөрчсөн, маргаантай, ашиглахгүй байгаа газруудын зөвшөөрлийг цуцалж, нийслэлийн 1 ба 2 дугаар бүсэд шинээр газар олголтыг зогсооно.

- Хот, суурин газар, аймаг, сумын төвд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулан өргөжүүлэхийг дэмжинэ. Шинээр баригдах барилга байгууламжид орчны тохижилт, ногоон бүс хийх нэмэлт шаардлага тавина.

- Нийслэл болон бүх хот сууринг орчин үеийн бусад хот суурингийн адил иргэдээрээ хэлэлцүүлсэн дүрэм, өөрийн бахархал, онцлогтойгоор хөгжихийг дэмжинэ.

- Нийслэл болон аймгийн төвүүдэд байгаа барилгуудад газар хөдлөлтийг тэсвэрлэх зэрэглэлийг тогтоож, мэдээллийг олон нийтэд ил тод болгоно. Барилгын чанар стандартыг олон улсын түвшинд нийцүүлэн шинэчилж мөрдүүлнэ.

- Монголын эртний нийслэл Хар хориныг жишиг хот болгож хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж, хэрэгжилтийг зохион байгуулна.

- Дархан, Эрдэнэт болон тодорхой шаардлага хангасан аймгийн төвүүд, зарим томоохон суурингуудыг хотын статустай болгож хөгжүүлэхийг мөн нийслэл, аймаг, хотын иргэд удирдлагаа-засаг даргаа шууд сонгодог тогтолцоонд шилжихийг зөв гэж үзнэ.

- Төв суурин газар иргэдийн гүйх, биеийн тамираар хичээллэх, дугуйгаар зорчих зай талбайг чөлөөлж, тохижуулна.

- Улаанбаатар хот болон төв суурин газар, засмал замын дагуу хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарна. Замын дүрмийг чанд сахиж хөдөлгөөнд оролцдог соёлыг хэвшүүлнэ.

- Нийслэлийн орчинд өндөр хурдны зам барих, аймаг хотын төвийн замыг засаж сайжруулах, тээврийн хэрэгслийн бөглөрөл, зогсоол, гаражийн болон нийтийн тээврийг орчин цагийн шаардлагад нийцүүлж шийдвэрлэхэд чиглэсэн төсөл санаачлагыг дэмжинэ.

- Алслагдсан болон говийн бүсийн аймаг, сумдын иргэдэд үзүүлэх зарим хөнгөлөлт үйлчилгээний оновчтой хэлбэрийг хэрэгжүүлнэ.

- Аймаг, сум, дүүрэгт орон нутгийн хөгжлийг дэмжих банк санхүүгийн оновчтой бүтэц байгуулж, шаардлагатай хөрөнгийг зээлээр олгоно. Зах зээл, хариуцлагын зарчмыг хөсөрдүүлж, аливаа зээлийг хүчингүй болгох популист үйлдлийг хуулиар хориглоно.

- Сум, суурингийн олон нийт цуглардаг байгууллагуудад усанд орох, бие засах газруудыг орчин үеийн стандартад нийцүүлэн бий болгоно.

- Хот, томоохон суурин газрын оршин суугчдыг хүнсээр хангах эрчимжсэн аж ахуй байгуулж мах, сүү, гурил, төмс хүнсний ногоог нөөцлөх агуулахын сүлжээг бий болгоно.

- Гурилын үйлдвэр, улсын нөөц, газар тариалан дэмжих санд тушаасан улаан буудайн тонн тутамд жил бүр зах зээлийн борлуулалтын дундаж үнийг харгалзан мөнгөн урамшуулал олгоно.

- Улаан буудай, төмс, хүнсний ногоо, малын тэжээл тариалсан иргэн, аж ахуйн нэгжийн тариалангийн талбайг даатгахад төрөөс 10-30 хувь хүртэл даатгалын төлбөрийг хариуцах баталгаа өгдөг болно.

- Малыг эрүүлжүүлэх, үүлдэр угсааг нь сайжруулахад зориулж жилд төсвөөс 30-аас доошгүй тэрбум төгрөг зарцуулна. Мал эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхэд онцгой анхаарч, мэргэжилтэн тутамд ноогдох нормативыг ажлын ачааллыг нь харгалзан зохистой тогтооно.

- Малын байршлыг тогтоох, биржээр арилжиж борлуулах, хулгайгаас сэргийлэхэд тустай, дохиолол код бүхий ээмгийг мал аж ахуйд хэрэглэх санаачлагыг дэмжинэ. Малчдыг гэрчилгээжүүлнэ.

Хот суурин газар, хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа хүмүүс, бизнесийн байгууллагууд нөөц боломжоо ашиглан бие биенээ нөхөж, харилцан ажиллах бүхий л боломж нөхцөлийг бүрдүүлэхэд бид онцгой анхаарна. Монгол бол нэг л улс, нэг л ард түмэн. "Улаанбаатарын Монгол, хөдөөгийн Монгол" гэх ялгарал байх ёсгүй.

Монгол хүн бүр хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт, техникийн дэвшлийг ашиглаж ажил амьдрал, ахуйн хэрэгцээгээ ижил тэнцүү хангах боломжтой байх ёстой гэж бид үзнэ. Хотоос хөдөөд ажлын байр нэмсэн, үйлдвэрлэл үйлчилгээг тэтгэсэн хөрөнгө оруулалтыг мөн дэмжинэ. Хот хөдөөд ялгаагүй хүмүүс бүтээж, үйлдвэрлэж, ажил хөдөлмөр хийж сэтгэл тэнүүн амьдрах нь бидний "Шинэ хөдөө-шинэ Улаанбаатар" хөтөлбөрийн зорилго юм.
{mospagebreak}
Хавтгай Монгол, дэд бүтэц

Дэлхийн иргэншил, техникийн дэвшилтэй хөл нийцүүлж, нээлттэй амьдрах боломж Монгол улсад ардчилалтай хамт бий болсон. Жирийн Монгол хүн бүр хүртэх ёстой энэ боломжийг нээхэд, түүнийг улам нэмэгдүүлэхэд "Хавтгай Монгол-Дэд бүтэц" хөтөлбөрийн зорилт оршиж байгаа юм. Монгол орны газар зүйн байршил ч орчин үеийн харилцаа холбооны болон зам техникийн хөгжил дэвшлийг илүү үр ашигтай ашиглахыг шаардаж байна. Манай орны дэд бүтцийн хөгжлийн дорой, тусгаарлагдмал байдал нь улс орны хөгжил дэвшлийн өргөн боломжийг боогдуулж байгаа нь үнэн. Гэвч энэ салбарын хөгжил нь Монголын ард түмэнд асар их боломжийг нээж чадна.

- Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Архангай, Хөвсгөл, Булган, Завхан, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий зэрэг аймгийн төвүүдийг засмал замаар холбоно.

- Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүдийн өндөр хурдны зам барина. Мөн чиглэлд төмөр замын хоёрдох шугамыг нээнэ.

- Эх орны зүүн хязгаараас баруун хязгаарыг холбосон төмөр замын нэн шаардлагатай хэсгүүдийг үйлдвэржилт, бүс нутгийн орчин нөхцлийг харгалзан барина.

- Эрчим хүчний шинэ, хямд эх үүсвэрүүдийг ашиглана. Цөмийн эрчим хүчийг ашиглах талаар нарийвчилсан судалгаа хийнэ.

- Олон улсын үйлчилгээний шаардлага стандартад нийцсэн онгоцны шинэ буудлууд барьж татваргүй барааны, онгоц үйлчилгээ засварын, бараа тээвэрлэх, нөөцлөх агуулах, үйлчилгээний иж бүрэн цогцолбор байгуулна.

- Аймаг, бүсийн төвүүдийн онгоцны буудлын зэрэглэлийг нэмэгдүүлж, хатуу хучилттай зурвас байгуулна.

- Аялал жуулчлал, үйлчилгээ, бизнесийн салбарт агаарын хөлөг ашиглах өргөн боломжийг нээхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжинэ.

- Шуудан, харилцаа, холбооны бизнесийн эрчимтэй хөгжих орчин бүрдүүлнэ. Шуудангийн хаяг, кодын нэгдсэн систем нэвтрүүлнэ. Цахим худалдааг дэмжинэ.

- Европ Азийг холбосон мэдээллийн хурдны замын бүтээн байгуулалтад Монгол Улс идэвхтэй оролцоно.

- "Цахим Монгол-хоёр" хөтөлбөр хэрэгжүүлнэ. Монгол улс өөрийн хиймэл дагуул хөөргөнө.

- Сонирхсон иргэдэд аутсорсингийн дотоод, гадаад зах зээлд гарч ажиллах, программ хангамжийн бизнес эрхлэхэд нь туслана.

Монгол хүн бүр дэд бүтэц, үйлдвэрлэл, технологийн хөгжлийн ачаар цаг хугацаа, хол ойр, бартаа саад үл харгалзан бусадтай ижил түвшинд эдийн засаг, худалдаа, санхүү, мэдээллийн солилцоонд орж чаддаг болно. Монголд дэд бүтэц хөгжсөнөөр бүс нутгийн хөгжилд ч таатай нөхцөл бүрэлдэнэ. Европ, Азийг холбосон төмөр зам, авто зам, агаарын зам, мэдээллийн замын зангилаа болон улс орныхоо газар зүйн байрлалын боломжийг цаг алдалгүй ашиглах нь Монгол улсын хөгжлийн болон үндэсний ашиг сонирхолд илүүтэй нийцнэ гэж бид үздэг.
{mospagebreak}
Байгаль ээж

Монгол газрын үзэсгэлэн, цэвэр байгаль, уул ус, ой билчээр, говь тал маань Монголчууд бидний нэрийн хуудас. Унаган байгаль, газар усаа цэвэр ариунаар үлдээх нь Монгол хүний, Монгол төрийн язгуур бодлого байх ёстой. Байгальдаа хүн бүр төрүүлж өсгөсөн ээж шигээ хандаж, Монгол улсыг байгальд ээлтэй бодлого хэрэгжүүлдэг орон болгох нь бидний зорилго. Дэлхийд унаган төрхөө хамгийн сайн хадгалж үлдсэн Төв Азийн гайхамшигт байгалийн өвд багтах Монгол нутгаа хамгаалахдаа дараахь чиглэл баримтална.

- Нутаг усны хөгжлийн асуудлыг тухайн газарт үе удмаараа амьдарч буй айл өрхийн амьдралаас ангид шийддэг бодлогыг бид таслан зогсооно.

- Байгаль орчинд хохирол учруулсан аливаа үйл ажиллагааг хатуу цээрлүүлэх хуулийн үйлчлэлийг бодитой хэрэгжүүлнэ.

- Эхний зарчим нь байгаль орчин гэдэг бодлого баримталж, байгальд халтай, нөхөн сэргээх баталгаа байхгүй бол эдийн засгийн хувьд ямар ч ашигтай төсөл хөтөлбөрөөс татгалзана.

- Аливаа төсөл, үйлдвэрлэлийг байгаль орчны стандартад нийцсэн үнэлгээгүйгээр эхэлдэг, хэрэгжүүлдэг үйлдлийг хуулиар хориглоно. Учирсан хохирлыг бүрэн арилгадаг, хариуцлага тооцдог, заавал хэрэгждэг тогтолцоог бүрдүүлнэ.

- Сүүлийн жилүүдэд цаг уурын өөрчлөлт, хүний хүчин зүйлийн улмаас сүйдсэн экосистемийг нөхөн сэргээх ажлыг эхлүүлнэ.

- Цэвэр агаар, цэвэр орчны хуулийг хэрэгжүүлж, байгаль сүйтгэж, бохирдуулан доройтуулсны төлбөрийг төлдөг зарчмыг хатуу баримтална.

- Байгаль орчны эвдрэл сүйтгэл, цөлжилт хуурайшилт, ой ургамал, билчээрийн нөөц хомсдол талхлалттай тэмцэх үндсэн аргыг усжуулалтын бодлоготой нэн тэргүүнд уялдуулж "Ус" хөтөлбөр хэрэгжүүлнэ.

- Монголын хилийг давж урсдаг, усны нөөц сайтай гол мөрний усны тодорхой хувь, цас борооны усыг хуримтлуулах, хиймэл усан сан, нуур цөөрөм бий болгох, усан хоолой, шуудуу урсац барих, ашиглах ажлыг өргөн хүрээтэй өрнүүлнэ.

- Говь хээр, цөлжилт ихээр явагдаж байгаа бүсүүдэд баян бүрд үүсгэх, худаг ус гаргах, усжуулах  бүх л санал санаачлагыг дэмжинэ. Жил бүр хөдөө сумын баг бүрт усны нэг эх үүсвэр -худаг нэмж гаргана.

- "Ногоон хэрэм" хөтөлбөрийн хэрэгжилтийг идэвхжүүлнэ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж жил бүр төсөвт 50-иас доошгүй тэрбум төгрөг тусгана. Сум бүрт 200 га-гаас багагүй ногоон байгууламж, чацарганы талбай нэмж байгуулна.

- Ой мод, төмс хүнсний ногоо, тариа буудай тарьж ургуулах, үржүүлэхтэй холбогдсон чанартай боловсрол, шинжлэх ухааны ололтыг төрөөс тусгайлан дэмжинэ.

Хөгжингүй орнуудын түүх, хөгжиж байгаа орнуудыг дайрсан экологийн гамшиг нь сургамжаас гадна байгалийг зөв ашиглаж, сэргээж болох ихээхэн туршлага үлдээжээ. Хүн төрөлхтний хурааж хуримтлуулсан туршлага сургамж шинжлэх ухаан, технологийн шинэ эрэмбэд хүрэх боломжийг нээж байна. Монгол хүн байгальтайгаа зөв харьцаж, байгалийнхаа баялагийг зөв ашиглаж, зөв амьдрах их нөөц боломж бий гэдэгт бид итгэж байна.
{mospagebreak}
Манайд ирээрэй

Монгол орны түүхийн гайхамшиг, унаган байгаль, хүн ардын маань уламжлалт ёс заншил, өвөрмөц онцлог зэрэг нь аялал жуулчлалыг татах таатай нөхцөл гэж бид үзэж байна. Аялал жуулчлал нь Монголд хөгжих ирээдүйтэй бас үндэсний уламжлал, соёл, байгаль орчин, ард иргэдэд ээлтэй, өгөөжтэй бизнес юм. Мөн аялал жуулчлал нь тухайн орноос үйлчилгээний өндөр соёл, стандарт, аюулгүй, амгалан орчин шаарддаг. Ийм түвшнийг хангасан аялал жуучлалыг хөгжүүлэх нь улс орны эдийн засгийн өрөөсгөл бүтцийг өөрчлөх, улс, орон нутаг, хүн амын орлогыг нэмэгдүүлэх найдвартай, хамгийн боломжит эх үүсвэр гэж Ардчилсан Нам үзэж байна.

- Байгаль орчныг хамгаалах, үндэсний уламжлал, түүх ёс заншлыг сэргээх үйлстэй уялдуулан аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлж, аялал жуулчлалын тусгай бүс, цогцолбор газруудыг  байгуулна.

- Өнөөдөр аялал жуулчлалын салбарт хөдөлмөрийн чадвартай хүн амын нэг хувь буюу 15 мянган хүн ажиллаж байгааг доод тал нь таван хувь буюу 75 мянган хүн болгож нэмэгдүүлэх зорилт тавина.

- Аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа нэг иргэний жилийн орлогыг 10 сая төгрөгт хүргэнэ.

- Дотоодын болон олон улсын онгоцны нислэгийн тоог өнөөгийн түвшнээс доод тал нь 4 дахин нэмэгдүүлнэ.

- Нэн тэргүүнд Япон, Өмнөд Солонгос, Шенгений орнуудаас ирэх жуулчдыг Монголд визгүй зорчдог болгоно.

- Аялал жуулчлал, үйлчилгээний салбарт үндэсний аж ахуйн нэгж, ажиллагсадыг дэмжинэ.

Аялал жуулчлалын салбарыг ирээдүйд Монголыг тэжээх хамгийн боломжтой салбар гэж бид үзэж байна. Жил ирэх тутам энэ салбарын дэлхийн эдийн засагт эзлэх хувь хэмжээ өсөж, жуулчдын тоо ч нэмэгдэж байна. Монгол улс энэ өсөн нэмэгдэж буй бизнесээс боломжийн хувь хүртдэг байхын тулд энэ салбарын хөгжлийн олон талт онцлогийг харгалзсан, оновчтой бодлогыг боловсруулж одооноос идэвхтэй хэрэгжүүлэх нь зүйд нийцнэ.

Монгол хүн эх орон, эрх чөлөө, их хувь заяандаа эзэн болж чадна гэдэгт бид эргэлзэхгүй байна. Монгол хүн ажилтай, орлоготой, амгалан амьдрах бүрэн боломжтой гэдэгт бид итгэдэг. Монголдоо үйлдвэржилтийн бодлогыг дэс дараатай, тууштай хэрэгжүүлж хүн ардаа орлогын байнгын өсөн нэмэгдэх, баталгаатай эх үүсвэртэй болгох бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлэхээ бид амлаж байна. Бид иргэддээ Эрдэнийн хувь өгч амьдралаа өөд татахад нь туслах болно. Бид эрдэмтэй, эрүүл Монгол хүнийг эх орныхоо хөгжил цэцэглэлтийн баталгаа гэж үздэг.

Манай намын язгуур зорилт нь Монголд шударга ёсыг тогтоох, иргэний эзэнт нийгэм байгуулахад оршдог. Монгол хүн хотод ч хөдөөд ч ижилхэн сайхан амьдрах ёстой гэж бид үздэг. Бурхнаас заяасан газар нутгийнхаа байршлыг ашиглаж зам харилцаагаа орчин цагийн жишгээр хөгжүүлснээр Монгол дэлхийн хавтгайд тодорно гэдэгт бид итгэдэг.

Монголын үзэсгэлэн, Монголын байгаль нь Монголчуудын нэрийн хуудас. Монголчууд хүн төрөлхтний хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулах хувьтай ард түмэн. Монгол бол бусад орны ард иргэдэд үзүүлэх, таниулах өвөрмөц түүх соёл, өв уламжлалтай орон. Монголчууд ч эрх чөлөө, их түүх, эх орноороо бахархах бахархалтай, бусдын адил нэр бүтэн, нүүр бардам амьдрах боломжтой хүмүүс.

Ардчилсан Нам бол Монголын шинэ мөрөөдөл, шинэ түүхтэй чацуу нам. Мөн ард түмэнтэйгээ ижил зовлон, жаргалтай нам. Бас амласнаа биелүүлдэг, ард түмнийхээ эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьдаг нам. Бидний ажилд ард түмний маань санал бодол, оролцоо дэмжлэг ус агаар мэт чухал байдаг. Хүмүүс биднээс ажилгүйг нь ажилтай, ажилтайнх нь орлогыг нэмэгдүүлж өгөөч гэж хүссэн. Үнийн өсөлт, хүнд суртлын дарамт хэрээс хэтэрч байна гэж хэлсэн. Хөгжил дэвшилд хүргэх зөв бодлого хэрэгтэй гэж хүссэн. Бид энэ орны эзэн нь юм бол эрхээ эдэлье гэж хүссэн. Бид тэр бүгдийг Монгол хүн Танд өгнө. Таны хэлснийг бид сонсож, бодож, ярилцаад дээрхи хөтөлбөрийг боловсрууллаа.

Их үйл хэрэг энгийн байдаг. Монгол улсын иргэн Таны илэрхийлсэн санал бодол бидний хөтөлбөр, зорилт боллоо. Энэ бодлого Монголын ард түмнийг эрин зууны их хөгжилд хүргэх хөтөч нь болно. Та бид олуулаа хэлэлцэж зөв бодлогоо тодорхойлж чадлаа. Хамтдаа хийх бидний сонголт ч зөв байна гэдэгт  бид итгэлтэй байна. Ардчилсан Намаас Улсын Их Хурлын 2008 оны сонгуульд нэр дэвшигчид энэ хөтөлбөрийг манлайлан хэрэгжүүлнэ. Бид түмний төлөө зүтгэвэл зүтгэсэн шиг зүтгэе, ажлыг хийвэл хийсэн шиг хийе гэж ярилцсан. Бүр "ардаа ангилахгүй, ад шоо үзэхгүй, өргөн түмнийхээ буянаас өнчин ишиг ч дутаахгүй" ажиллая гэж бид бие биендээ тангарагласан.

Монголынхооо ирээдүйг бид өөдрөгөөр төсөөлж байна. Өнөөгийн хүндрэлтэй олон асуудлыг шийдэх шийдэл, гарах гарцыг бид тод харж байна. Бид Монголоо хөгжлийн шинэ замд хөтөлж чадна. Ирж яваа он жилүүдэд Монголоо хөгжингүй улс болгоё, хүн ардаа сайн сайхан, амгалан амьдралд хүргэе гэж бид чин сэтгэлээсээ хүсэж байна. Одоо Монголын хувь заяа Монгол улсын иргэн Таны сонголтоос үлэмж хамаарна. Зөв бодлого, зөв сонголт л Монголын ирээдүй, хөгжлийг тодорхойлох болно.

Сайн үйлс улам дэлгэрэх болтугай.
АРДЧИЛСАН НАМЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨХ ХОРОО
Улаанбаатар хот      
2008 оны 5 дугаар сарын 17-ны өдөр

Сонгууль