2020 оны Улсын Их Хурал (УИХ)-ын сонгууль нь Ковид-19 халдварын тархалт дэлхий нийтийг түгшээн хүн амын эрүүл мэндээс гадна нийгэм, улс төр, эдийн засагт хүчтэй нөлөөлсөн онцгой нөхцөлд болж өнгөрснөөрөө онцлог байв. Энэ удаагийн ээлжит сонгуулиар ардчилсан сонгуулийн тогтмол, бүх нийтийн, тэгш байх гол зарчмуудад хамаатай цаашид маргаан мэтгэлцээн дагуулсаар байх магадлалтай, сургамж болохуйц асуудлууд нэлээд өрнөлөө. Эдгээрийн заримыг доор тоймлон тайлбарлав. УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгууль 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдаж, сонгогчдын ирц 73.4 хувьтай байв. Монгол Улсын хувьд Азидаа цар тахлын нөхцөлд үндэсний хэмжээний томоохон сонгууль зохион байгуулсан хоёр дахь улс боллоо. [1]
Сонгуульд нийт 13 нам, 4 эвсэл, 606 нэр дэвшигч өрсөлдсөн ба нэр дэвшигчдийн 121 нь бие даан нэр дэвшсэн нь өмнөх сонгуулиудтай харьцуулахад хамгийн олон бие даагч өрсөлдсөн сонгууль байв. Судлаачдын зүгээс өмнөх сонгуультай харьцуулахад бараг хоёр дахин олон бие даагч сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн шалтгааныг улс төрийн намын төлөвшил муу, дотоод ардчилал хангалтгүй, намуудад итгэх иргэдийн итгэл суларсан байдал болон сонгуулийн санхүүжилтийн асуудалтай холбон тайлбарлаж байсан. [2]
Сонгуулийн тогтолцоо ба тойрогт ногдох мандатын тооны хэлбэлзэл
Энэ удаагийн сонгуулийг томсгосон тойргууд бүхий мажоритар тогтолцоогоор зохион байгуулсан ба Монгол Ардын Нам (МАН) 62 суудал, Ардчилсан Нам (АН) 11, Та Бидний Эвсэл, Зөв хүн электорат эвсэл тус бүр 1 суудал, бие даагч 1 суудал авлаа (хүснэгт 1-ийг харна уу).
Нам, эвсэл, бие даагч | Саналын тоо | Саналын хувь (%) | УИХ-д авсан суудал | УИХ-д эзлэх суудлын хувь (%) |
Монгол Ардын нам | 1,795,764 | 44.9 | 62 | 81.6 |
Ардчилсан нам | 978,793 | 24.5 | 11 | 14.5 |
Бие даан нэр дэвшигч | 348,078 | 8.7 | 1 | 1.3 |
Та бидний эвсэл | 323,675 | 8.1 | 1 | 1.3 |
Зөв хүн электорат эвсэл | 209,104 | 5.2 | 1 | 1.3 |
Саналын хувь (%) УИХ-д авсан суудал УИХ-д эзлэх суудлын хувь (%) Монгол Ардын нам 1,795,764 44.9 62 81.6 Ардчилсан нам 978,793 24.5 11 14.5 Бие даан нэр дэвшигч 348,078 8.7 1 1.3 Та бидний эвсэл 323,675 8.1 1 1.3 Зөв хүн электорат эвсэл 209,104 5.2 1 1.3
Мажоритар тогтолцооны онцлогоос шалтгаалж нийт хүчинтэй саналын 44.9 хувийг МАН авч УИХ-д 62 суудалтай (81.6%) болсон бол 24.5 хувийн санал авсан АН УИХ-д 11 суудалтай (14.5%) болжээ. Нийт хүчинтэй саналын 55.1 хувийг авсан АН тэргүүтэй бусад намын зүгээс сонгуулийн дараа нэлээд маргаан өрнүүлж, улс төрийн зарим хүчин сонгуулийн дүнд эргэлзсэн мэдэгдэл хүртэл гаргаж байсан нь цаашид сонгуулийн тогтолцоог илүү хувь тэнцүүлсэн болгож шинэчлэх шаардлагатайг харуулж байна.
Сонгуулийн тогтолцоотой холбоотой нэлээд маргаан дагуулсан бас нэг асуудал нь тойрогт ногдох мандатын тоо байв. Ардчилсан сонгуулийн тэгш эрхийн зарчим хэрэгжих нэг нөхцөл нь “нэг сонгогч нэг санал өгөх” шаардлага, түүнчлэн сонгогчдын саналын жин тэгш байх явдал юм. Саналын жин тэнцвэртэй байхын тулд тойрог дахь сонгогчдын тоог харьцангуй тэгш байхаар тогтоох учиртай. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 2,003,969 сонгогч бүртгэгдсэн байх ба мандатыг тэнцвэртэй хуваарилах тохиолдолд УИХ-ын нэг гишүүн 26,368 сонгогчийг төлөөлөхөөр байна. Мажоритар тогтолцоонд тойрогт ногдох мандатын тоог сонгогчдын тоог харгалзан эн тэнцүү байхаар төгс хуваарилалт хийх боломжгүй. Гэсэн хэдий ч нэг мандатад ногдох сонгогчдын тоо орон даяар 16,552- оос 54,035-ын хооронд хэлбэлзэж байгаа нь анхаарал татсан асуудал болж, шүүмжлэл дагуулж байв (хүснэгт 2-ыг харна уу). Цаашид сонгуулийн тойргийг байгуулах, тойрогт ногдох мандатын тоог тогтоохдоо эрх баригч улс төрийн хүчин дангаараа шийдвэр гаргах бус сөрөг хүчин болоод бусад талтай зөвшилцөн шийддэг болох нь шударга сонгуулийн зарчимд илүү нийцнэ.
Тойргийн дугаар | Засаг захиргааны нэгжийн нэр | Сонгогчдын тоо | Мандатын тоо | Нэг мандатад ногдох сонгогчдын тоо |
1 | Архангай | 61,227 | 3 | 20,409 |
2 | Баян-Өлгий | 59,594 | 3 | 19,865 |
3 | Баянхонгор | 56,610 | 3 | 18,870 |
4 | Булган | 40,896 | 2 | 20,448 |
5 | Говь-Алтай | 37,474 | 2 | 18,737 |
6 | Дунд-Говь, Говьсүмбэр | 40,860 | 2 | 20,430 |
7 | Дорнод | 52,236 | 2 | 26,118 |
8 | Дорноговь | 44,674 | 2 | 22,337 |
9 | Завхан | 47,397 | 2 | 23,699 |
10 | Өвөрхангай | 74,420 | 3 | 24,807 |
11 | Өмнөговь | 44,914 | 2 | 22,457 |
12 | Сүхбаатар | 40,778 | 2 | 20,389 |
13 | Сэлэнгэ | 70,420 | 3 | 23,473 |
14 | Төв | 61,765 | 3 | 20,588 |
15 | Увс | 52,178 | 3 | 17,393 |
16 | Ховд | 54,343 | 3 | 18,114 |
17 | Хөвсгөл | 86,124 | 3 | 28,708 |
18 | Хэнтий | 49,656 | 3 | 16,552 |
19 | Дархан-Уул | 65,195 | 3 | 21,732 |
20 | Орхон | 66,830 | 3 | 22,277 |
21 | Налайх, Багануур, Багахангай | 44,617 | 2 | 22,309 |
22 | Баянзүрх | 110,069 | 2 | 55,035 |
23 | Баянзүрх | 112,148 | 3 | 37,383 |
24 | Сүхбаатар | 87,043 | 3 | 29,014 |
25 | Чингэлтэй | 96,838 | 3 | 32,279 |
26 | Баянгол | 135,169 | 3 | 45,056 |
27 | Сонгинохайрхан | 84,640 | 2 | 42,320 |
28 | Сонгинохайрхан | 111,107 | 3 | 37,036 |
29 | Хан-Уул | 114,747 | 3 | 38,249 |
Сонгуулийн өрсөлдөөний тэгш бус гараа
Сонгуулийн үйл явцтай холбоотой байнга хөндөгдөж, өнөөг хүртэл шийдэгдэхгүй ужгирч ирсэн нэг асуудал бол гарааны тэгш бус байдал юм. Өрсөлдөөний гараа тэгш бус байх нь сонгуулийн санхүүжилттэй шууд холбоотой. Санхүүгийн боломж өндөртэй нам, нэр дэвшигчид давамгайлахын зэрэгцээ санал худалдан авах зөрчил гардаг ч өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна.
Тэрчлэн, эрх баригч намын хувьд төрийн нөөц, эх үүсвэрийг захиран зарцуулах эрх мэдлээ алсын хараатай хөгжлийн бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд бус, сонгогчдын санал худалдан авах богино хугацааны зорилгод ашиглах байдал ажиглагдсаар ирснийг мөн дурдах нь зүйтэй. Тухайлбал, 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтын төсөв нь 2019 онтой харьцуулахад бараг 500 тэрбум төгрөгөөр өссөн байх ба 2019 оны энэ үзүүлэлтийг 2018 онтой харьцуулахад бараг хоёр дахин огцом өсжээ. Энэ хугацаанд төсвийн алдагдал тасралтгүй нэмэгдсэн байх аж. [3]
2020 оны хувьд цар тахлын онцгой нөхцөл байдалд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн халамж, тэтгэмжийн чанартай зарим үйл ажиллагаа нь бусад намтай харьцуулахад харьцангуй давуу тал олж авах нөхцөл бүрдүүлсэн байхыг мөн үгүйсгэх аргагүй.
Жишээлбэл, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хурлын тогтоолоор КОВИД-19-ийн цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээ баталсны дотор хүүхэд бүрд олгодог 20,000 төгрөгийн тэтгэмжийг 100,000 болгон нэмэгдүүлж олгох гэх мэт арга хэмжээг тусгасан билээ (зураг 1-ийг харна уу). [4]
2020 оны 5 дугаар сард буюу сонгууль болохоос нэг сарын өмнө Сант-Марал байгууллагын хийсэн олон нийтийн санал бодлын судалгааны дүнгээс үзэхэд ажилгүйдэл, ядуурлын дараа иргэдийн хувьд хамгийн санаа зовоосон асуудлуудын гуравдугаарт КОВИД-19-ийн цар тахал эрэмбэлэгджээ. Засгийн газрын үзүүлсэн хамгийн чухал амжилтыг тус судалгаанд хамрагдсан иргэдийн 49.1 хувь нь цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ гэж дурдсан нь анхаарал татаж байна. [5]
Цаашид сонгуульд тэгш өрсөлдөх нөхцөлийг сайжруулахын тулд сонгуулийн зардлыг аль болох бууруулах арга хэмжээ авах, санхүүжилтийн ил тод байдал, хяналтыг нэмэгдүүлэх, эрх баригч хүчний зүгээс төрийн нөөц хөрөнгийг улс төрийн зорилгоор ашиглах байдлыг хянах, сонгуулийн санхүүжилтэд нэр дэвшигчдийн хувийн болон хуулийн этгээдийн хандив аль болох бага, харин сонгогч дэмжигчдийн хандив болон төрийн санхүүжилт аль болох түлхүү хувь эзлэхээр зохицуулах гэх мэт цогц арга хэмжээ нь авах нь зүйтэй.
Энэ удаагийн сонгуулийн хувьд нэр дэвшигчдийн зүгээс сонгогч, дэмжигчдэдээ хандан хандивын аян өрнүүлэхэд нэлээд түлхүү анхаарсныг дурдах нь зүйтэй. Хуулиар таван сая хүртэл байхаар тогтоосон хандив нь сонгогчийн хувьд үзэл бодлоо илэрхийлэх, улмаар ардчилсан үйл явцад идэвхтэй оролцох нэг хэлбэр гэсэн утгаараа давхар ач холбогдолтой. Гэвч нэр дэвшигчдийн хувьд сонгуулийн зардлын данс нээснээс эхлэн сонгуулийн сурталчилгаа дуусах хүртэл сар хүрэхгүй хугацаанд л хандив авч болохоор зохицуулсан байгаа нь дээр дурдсан ач холбогдлыг бууруулж байгааг анхаарах нь чухал юм.
Өндөржүүлсэн бэлэн байдал ба сонгох, сонгогдох эрх
Дээрх асуудлуудаас гадна энэ удаагийн ээлжит сонгуулийн бас нэг онцлог нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөлд сонгуулийн үйл ажиллагаа явагдсантай холбоотой халдвар тархах эрсдэлээс сэргийлж олон хүн оролцуулсан уулзалт цуглааныг хориглох гэх мэт зарим нэг хязгаарлалтын арга хэмжээ зайлшгүй авах болсон явдал байв. Ийм хязгаарлалтууд нь чөлөөт сонгуулийн зарчимтай зөрчилдөх тул хэтийдсэн тохиолдолд сонгуулийн легитим чанарт буюу хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрөгдөх байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсдэг талаар олон улсын судлаачид сануулдаг. [6]
Монгол Улсын хувьд коронавируст халдварын эрсдэлээс сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг сонгуулийн үеийг хамруулан сунгасантай холбоотой Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 5 дугаар сарын 27–ны өдрийн 188 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (КОВИД19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам” [7] -ыг баталж мөрдүүлсэн. Уг журамд нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны болон сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагааг нарийвчлан зааж өгсөн. Тухайлбал, аливаа арга хэмжээний үеэр оролцогчид хоорондын зай баримталж харилцах, амны хаалт заавал зүүх, иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байх гэх мэт зааварчилгаа шаардлагыг тусгажээ. Ийнхүү өмнөх сонгуулиудтай харьцуулахад сонгуулийн сурталчилгааны хугацаанд нам, нэр дэвшигчдийн зүгээс сонгогчидтой чөлөөтэй уулзах боломж зарим талаар хязгаарлагдсан ч журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой ноцтой асуудал, гомдол нам, нэр дэвшигчдийн зүгээс гараагүй. Харин нам, нэр дэвшигчдийн зүгээс журмыг жигд биш хэрэгжүүлсэн ба журмын биелэлтэд тавих хяналт ч сул байгаа нь ажиглагдсан юм.
Дээрх журамд санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагааг мөн тусгаж өгсөн. Үүнд, сонгогчийг санал авах байранд орох үед биеийн халууныг хэмжих, гар ариутгах гэх мэт арга хэмжээг багтаажээ. Ийнхүү санал хураах үйл явцын шат дараалал нэмэгдсэн нь санал авах байрны гадаа урт дараалал үүсэх, улмаар сонгогчдын ирцийг бууруулах зэрэг сөрөг нөлөө үзүүлэх вий гэсэн болгоомжлол үүсгэж байв. Гэвч дээр дурдсанчлан сонгуулийн ирц өмнөх сонгуулийнхаас буураагүй ба санал хураах үйл явц ерөнхийдөө эмх цэгцтэй явагдсаныг иргэний нийгмийн ажиглалтын дүн харууллаа. Товч дүгнэхэд, цар тахалтай холбоотой болгоомжлол, халдвараас сэргийлэх нэмэлт арга хэмжээ нь иргэдийн сонгуулийн идэвхэд нөлөөлөөгүй.
Харин цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой дээрх журмаас гадуурх зарим арга хэмжээ нь сонгогчдын сонгох эрхийг хуульд заасан үндэслэлгүй хязгаарлаж, улмаар ардчилсан сонгуулийн бүх нийтийн байх зарчимд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсгэснийг дурдалгүй өнгөрч болохгүй. Тухайлбал, цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс хилийн боомтуудыг хааж хөл хорио тогтоосонтой холбоотой эх орондоо ирж амжаагүй олон мянган сонгогч сонгуульд оролцох боломжгүй болсны зэрэгцээ сонгуулиас өмнө эх орондоо амжиж ирсэн ч сонгуулийн өдөр тусгаарлалтад байсан иргэдийн хувьд мөн сонгох эрхээ эдлэх боломжгүй байв. Албан ёсны эх сурвалжаас авсан мэдээллээр 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар нийт 2,294 иргэн тусгаарлах байранд хөл хорионд байжээ. 130,000 орчим сонгогч нэрийн жагсаалтад “түр хасав” гэсэн төлөвтэй бичигдсэн байв.
Дээрхтэй холбогдох тодорхой нэг жишээ дурдахад, 2020 оны 6 дугаар сарын 11- ний өдрийн Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ОМ 502 нислэгээр эх орондоо ирсэн 250 гаруй иргэнийг онгоцонд суух үед сонгох эрхээсээ сайн дурын үндсэн дээр татгалзах агуулга бүхий бичигт гарын үсэг зурахыг шаардсан талаар тухайн нислэгээр ирсэн иргэн мэдээлсэн.[8]
Монгол Улсын Үндсэн хуульд зохицуулснаар Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлах боломжтой. Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргах шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд “хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан байх”, “хүн амын эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй, тохирсон байх” шаардлагыг хангах ёстой гэж заасан ба дээрх үйлдэл нь Монгол Улсын иргэдэд Үндсэн Хуулиар олгогдсон сонгох эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.
Цар тахлын халдварын нөхцөл байдал нь манай улстай харьцуулахад ноцтой байсан Бүгд Найрамдах Солонгос Улсад парламентын сонгуулиа зохион байгуулахдаа сонгох эрхийг зүй бусаар хязгаарлахаас аль болох зайлсхийж КОВИД-19-өөр өвчилсөн 3000 өвчтөн, тэдэнд эмнэлгийн туслалцаа үзүүлж байсан 1000 эмч, эмнэлгийн ажилтанд зориулан тусгай санал хураах байр гаргаж, халдвараас сэргийлэх тусгай арга хэмжээ авч ажилласан байх ба тусгаарлалтад байсан сонгогчдын хувьд санал хураалт албан ёсоор хаагдсаны дараа тусгайлан тогтоосон цагт хөл хоригдож байсан газраасаа гарч санал хураах байранд биеэр санал өгөх боломж олгох гэх мэт арга хэмжээг авчээ. [9]
Сонгуулийн хууль тогтоомжид зааснаар санал хураах байранд биеэр ирж санал өгөх боломжгүй сонгогчдын саналыг авах ганц боломж нь зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал хураах процесс юм. Өмнө нь сонгуулийн өдөр санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөл, мэдээллийн технологийн даамал зэрэг ажилтнууд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх боломжтой байсан боловч 2019 оны 12 дугаар сард батлагдсан УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар дээрх боломж хаагдсан.
Энэ удаагийн ээлжит сонгуулийг зохион байгуулахад нийт 35,772 төрийн албан хаагч ажилласан гэж СЕХ-ноос мэдээлсэн бөгөөд тэднээс хэдэн хувь нь сонгуульд саналаа өгөх боломжтой байсан нь тодорхойгүй байна. [10]
Зураг 1: КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID 19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНД, ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, АЖЛЫН БАЙРЫГ ХАДГАЛАХ ЭДИЙН ЗАСГИЙГ ИДЭВХЖҮҮЛЭХ БАГЦ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ 21 ДҮГЭЭР ТОГТООЛ
Албан ёсны эх сурвалжаас авсан мэдээллээр Нийслэлд 4,045 сонгогч, хөдөө орон нутагт 15,717 сонгогч буюу нийт 19,762 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгчээ.
Нэр дэвшигчдийг цагдан хорьсон нь
Энэ удаагийн сонгуулиар олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж маргаан дагуулсан нэг асуудал нь СЕХ-нд нэр дэвшигчээр бүртгүүлсэн зургаан нэр дэвшигч (Н.Н, Ж.Э, Х.Б, С.Б, Б.Б, Д.Г)-ийг 2020 оны 5 дугаар сарын 28, 6 дугаар сарын 11, 17, 18- ны өдрүүдийн шүүгчийн захирамжаар цагдан хорьсон явдал байв. Эдгээр нэр дэвшигчийн холбогдсон хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх асуудлаар аливаа дүгнэлт хийлгүйгээр, зөвхөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, сонгуулийн хууль тогтоомжид туссан зохицуулалтын хүрээнд авч үзэхэд сонгогдох эрхийг үндэслэлгүй хязгаарласан гэж үзэж болохоор байна.
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн ба үүнд “эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих” (35.2.1 дэх заалт) гэж тодорхой заажээ. Дараах үндэслэлээр хуулийн дээрх заалт зөрчигдсөн гэж үзэх боломжтой байна. Үүнд:
Сонгуулийн үеэр цагдан хоригдсон нэр дэвшигчдийн нэг нь бүрэн эрх нь дуусгавар болоогүй Улсын Их Хурлын гишүүн байсан ба түүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахын тулд СЕХ-ноос зөвшөөрөл авахын зэрэгцээ холбогдох хуулийн дагуу УИХ-аас тухайн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргуулах шаардлагатай байв. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан УИХ-ын гишүүний халдашгүй байдлын талаар дээр дурдсан шүүхийн мэдэгдэлд дурдахдаа “ард түмнийг төлөөлөх үндсэн үүрэгтэй нь холбоотойгоор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шүүмжлэх, санал өгөх эрхийг нь хамгаалж олгодог. Зөвхөн эдгээр онцгой чиг үүрэг, үйл ажиллагааг явуулсныхаа төлөө хуулийн хариуцлага хүлээхгүй гэсэн хязгаар нь бусад гэмт хэрэг, зөрчил, захиргаа, иргэний маргаанд бусдын адил татагдаж, хариуцлага хүлээхэд хамгаалалт болдоггүй” гэж тайлбарласан байна.
Эрүүгийн процессыг зохицуулж буй хууль тогтоомжид УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотой тусгайлсан зохицуулалт байдаггүй. УИХ-ын гишүүнтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан өмнөх тохиолдлуудыг авч үзвэл Улсын Ерөнхий прокурор эрүүгийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлж, улмаар УИХ-аас бүрэн эрх нь түдгэлзээгүй нөхцөлд гишүүнийг цагдан хорих шийдвэр гаргаж байсан удаагүй. Гэтэл сонгуулийн үеэр УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусгавар болоогүй нэр дэвшигчийг цагдан хорих шийдвэр гаргахдаа нэг хуулийг ийм зөрүүтэйгээр тайлбарласан нь ойлгомжгүй байв. Нэр дэвшигчийг цагдан хорих шийдвэр гаргах болсон нь 10 тэрбум төгрөгийн барьцааг заасан хугацаанд багтаж шүүхийн тусгай дансанд байршуулаагүйтэй холбоотойг дурджээ. Дээрх барьцаа авах таслан шийтгэх арга хэмжээ авах шийдвэрийг шүүх 2020 оны 6 дугаар сарын 4-нд гаргасан байх ба 6 дугаар сарын 9-ний дотор шүүхийн тусгай дансанд байршуулахыг үүрэг болгосон байх аж. [13]
Дээрх нэр дэвшигчээс гадна сонгуулийн үеэр цагдан хоригдсон гурван нэр дэвшигчтэй холбоотой 2020 оны 6 дугаар сарын 15- ны өдөр шүүхээс 2, 5, 10 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн ба 3 хоногийн дараа буюу 6 дугаар сарын 18-ны өдөр тус таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ болгож өөрчилжээ. [14]
Эндээс харахад барьцааны хэмжээ болон түүнийг хэрэгжүүлэхээр үүрэг болгосон хугацаа хэрэгжих боломжтой байсан эсэх нь эргэлзээтэй, үндэслэл нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үеэр сонгуультай холбоотой үүссэн гурван ч захиргааны хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатаар сонгуулийн санал авах өдрийн өмнөх өдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр эцэслэн шийдвэрлэжээ. Шүүхийн эцсийн шийдвэрээр Л.Н, Д.А, Н.Б нарыг нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг хариуцагч СЕХ-нд тус тус даалгаж шийдвэрлэсэн. [15]
Гэвч сонгуулийн санал авах өдрийн өмнөх өдөр гарсан тэрхүү шийдвэр нь бичгээр албажиж гараагүй тул СЕХ-ноос биелүүлэх боломжгүй тухай хариу өгсөн тухай зарим нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгчид мэдэгдсэн ба улмаар шүүхийн шийдвэр хэрэгжилгүйгээр сонгууль болж өнгөрсөн байна. Сонгогдох эрхийг хязгаарласан дээрхтэй төстэй маргаан цаашид ч үүсэх магадлалтай тул дараах арга хэмжээ авах нь зүйтэйг зөвлөж байна. Үүнд:
Ээлжит сонгуулийг хойшлуулах тухай санал
Дээр дурдсан асуудлуудаас гадна цар тахлын онцгой нөхцөл байдалд зохион байгуулсантай холбоотой ардчилсан сонгуулийн түүхэнд анх удаа ээлжит сонгуулийг хойшлуулах тухай саналыг шийдвэр гаргах дээд түвшинд авч хэлэлцэв.
Сонгох, сонгогдох эрх нь Монгол Улсын иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан бөгөөд энэхүү үндсэн эрхийг хангах, хамгаалах үүргийг төр хүлээнэ. Манай улс 1974 онд нэгдэн орсон Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактад сонгох, сонгогдох эрхийн баталгаа нь жинхэнэ ёсоор явагддаг тогтмол сонгууль болохыг тодорхойлоод, “тогтмол” гэдэг нь сонгуулийг тодорхой хугацааны давтамжтай явуулахыг хэлэх ба энэ хугацааг үндэслэлгүй уртасгаж хойшлуулахаас зайлсхийх ёстой гэж тайлбарласан байдаг. Үндсэн хуулийн эрх зүйн ойлголтоор сонгох, сонгогдох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэх мэт сонгуультай холбогдох эрхийг тодорхой нөхцөлд буюу онц болон дайны байдал зарласан тохиолдолд гагцхүү хуулиар хязгаарлах боломжтой.
Монгол Улсын хувьд КОВИД-19-ийн халдварын тохиолдол хамгийн цөөн бүртгэгдсэн, дотооддоо халдварласан тохиолдол болоод нас баралт хараахан бүртгэгдээгүй цөөн улсын нэг боловч БНХАУтай 4709 км газар нутгаар хиллэдэг, цар тахлын анхны голомтод газар зүйн хувьд хамгийн ойр буюу халдвар тархах эрсдэл тэр хэмжээгээр өндөр улсад зүй ёсоор тооцогдож байв. 2020 оны 3 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга иргэдэд хандан зургаан зүйл бүхий уриалга гаргасны дотор 6 дугаар сарын 24-нд зохион байгуулахаар товлоод байсан УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэн эдийн засгийн болзошгүй хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах санал дэвшүүлсэн байв.
Сонгох, сонгогдох нь Үндсэн хуулиар хамгаалагдсан үндсэн эрх болохын дээр тогтмол сонгууль нь ардчилсан төрийн легитим чанарын баталгаа болох тул зайлшгүй онц байдал зарлан хууль гаргаж сонгууль хойшлуулах тохиолдолд үүсэх улс төр, нийгэм, эдийн засгийн үр дагаврыг бүрэн тооцож хэлэлцэлгүй төсөв хэмнэх гэх зэрэг нь сонгуулийг хойшлуулах хангалттай үндэслэл болохгүй юм. Ерөнхийлөгчийн зүгээс дээрх байр сууриа 2020 оны 4 дүгээр сарын 6-ны УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр дахин тодотгосон. Харин УИХ-д олонх болсон МАН-ын бүлгийн зүгээс УИХ-ын сонгуулийг хойшлуулах нөхцөл байдал үүсээгүй гэж санал нэгдсэн ба УИХ-ын ээлжит сонгуулийг товлосон хугацаанд нь явуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн билээ.
Байгалийн гамшиг гэх мэт богино хугацааны үзэгдлийг бодвол Ковид- 19-ын цар тахал гэх мэт удаан хугацаанд үргэлжлэх бололцоотой бөгөөд хор уршиг буюу эрсдэл нь хэзээ дуусгавар болохыг тааварлах аргагүй нөхцөлд сонгуулийг хойшлуулах шийдвэр гаргахад үндэслэл болон хугацааг хэрхэн тооцож тодорхойлох талаар тодорхой зохицуулалт шаардлагатай нь энэ удаагийн сонгуулиас ажиглагдав.
Сонгуулийн ажиглалт, мониторинг
Энэхүү ерөнхий тоймд онцолсон сонгох сонгогдох эрх, ардчилсан сонгуулийн зарчмуудтай холбоотой дээрх асуудлуудаас гадна “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээний гишүүн иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс сонгуулийн үйл явцад хэд хэдэн чухал асуудлаар мониторинг хийж хяналт тавьж ажилласан билээ. Ардчилсан сонгуулийн нэг гол зарчим нь сонгуулийн үйл явцын ил тод байдал бөгөөд сонгуульд иргэний нийгмийн зүгээс идэвхтэй хяналт тавих нь сонгуулийн үйл явц, үр дүнд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлж аливаа маргаан, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой байдаг.
“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ нь 2007 онд байгуулагдсан цагаасаа эхлэн сонгуулийн үйл явцын ил тод байдлыг нэмэгдүүлэх, боловсронгуй болгох зорилгын төлөө тасралтгүй ажиллаж ирсэн бөгөөд Монгол Улсын ардчилсан сонгуулийн нэр хүндийг бүс нутагтаа болоод олон улсад өргөхөд тодорхой хувь нэмэр оруулж, үйл ажиллагаа нь дотооддоо төдийгүй олон улсад нэгэнт танигдсан билээ.
Энэ удаагийн ээлжит сонгуулийн хувьд Сүлжээний гишүүн Глоб Интернэшнл ТББ Хэвлэл мэдээлэлд; Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв Нийгмийн сүлжээн дэх сонгуулийн сурталчилгаанд; МИДАС ТББ Сонгуулийн автоматжуулсан систем болон Сонгогчдын нэрийн жагсаалтад; Бодлогод залуусын хяналт ТББ Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтэд тус тус ажиглалт мониторинг хийж гүйцэтгэлээ. Эдгээр ажиглалт, мониторингийн үр дүнг холбогдох тайлангуудаас дэлгэрүүлэн үзэх боломжтой.
Тэрчлэн, сонгуулийн өдөр Нийслэлийн 99 хэсгийн хороо, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Хэнтий, Төв зэрэг таван аймгийн 13 хэсгийн хороон дээр ажиллаж санал авах, тоолох, дүнг дамжуулах, хяналтын тооллого хийх хороодыг сонгох, хяналтын тооллого гүйцэтгэх үйл ажиллагаанд ажиглалт хийсэн иргэний нийгмийн 203 ажиглагчийн хяналтын үр дүнг мөн холбогдох тайлангаас дэлгэрүүлэн үзэж, мэдээлэл авна уу.
Энэхүү тоймыг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Бодлогод залуусын хяналт ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, хуульч Т.Энхжаргалд талархал илэрхийлье.
Ерөнхий тоймыг боловсруулсан: Д.ЭНХЦЭЦЭГ,
Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер
Хавсралт | Хэмжээ |
---|---|
Election-General-observation.pdf | 477.28 KB |