2008 - "Иргэний Эвсэл"-ийн мөрийн хөтөлбөр

Энэ удаагийн УИХ-ын сонгууль нь жирийн нэг ээлжит сонгууль биш, Монголын нийгмийн хямралыг гэтлэн давах их үйлсийн эхлэл болно гэж бид үзэж байна. Энэхүү түүхэн сорилт нь улс үндэстнээ аврах, Монголд иргэний нийгмийг төлөвшүүлэх,бодит ардчилалыг тогтоох стратегийн зорилгоор тодорхойлогдоно.

“Эх орноо цэвэрлэе! 1-2-3!”
Иргэний Эвслийн УИХ-ын 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр

  • Хяналттай төр
  • Амьжиргаатай өрх
  • Эзэнтэй нутгийн төлөө

Энэ удаагийн УИХ-ын сонгууль нь жирийн нэг ээлжит сонгууль биш, Монголын нийгмийн хямралыг гэтлэн давах их үйлсийн эхлэл болно гэж бид үзэж байна. Энэхүү түүхэн сорилт нь улс үндэстнээ аврах, Монголд иргэний нийгмийг төлөвшүүлэх,бодит ардчилалыг тогтоох стратегийн зорилгоор тодорхойлогдоно. Үүний тулд:

  • Улс төрийн тогтолцооны өнөөгийн гаж бүтэц, үйл ажиллагаа, арга барил зэргийг бүхэлд нь өөрчлөн шинэчлэх,
  • Шилжилтийн үед эрх мэдлийг хахуульдан авсанулс төрийн тодорхой бүлэглэл, бие хүмүүсийн хуйвалдааныг таслан зогсоож, тэдэнтэй хариуцлага тооцох, тэднийг улс төрийн талбараас зайлуулах

хос зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай болж байна.

Өнөөгийн хямралыг өдөөгч гол хүчин зүйл нь төрд шургалж, ард түмнийг луйвардаж ирсэн, үндэсний эрх ашигт ноцтой хохирол учруулагч олигархи бүлэглэлүүд, тэднийг хаацайлагч эрх баригч намууд мөн.

Эдгээр бүлэглэлүүдийн эрх мэдлийн төлөөх бохир тэмцлийн улмаас нийгэм самуурч буйг ард нийтээрээ мэдэх болжээ. Тэд урьдын адил сонгогчдын саналыг худалдан авах, хуурамч хөтөлбөр зарлаж олон түмнийг төөрөгдүүлэх зэрэг хуучин аргаа дахин хэрэглэхээр зэхэж байна. Монголчууд бид тэдэнд дахин хууртвал үндэсний сүйрэлд хүрэх аюултай тулгарна гэдгийг онцлон анхааруулж байна.

Эрх баригчид Монголын ардчиллыг бүрэн ухрааж, илтэд феодалын шинжтэй дарангуйлал тогтоогоод байна.

Улс төрийн энэхүү бурангуй системийг халан өөрчлөх явдал бидний улс төрийн үндсэн бөгөөд гол зорилго мөн.

Хэрэв бид засгийн эрх мэдэлд хүрвэл :

  • Үндсэн хууль болон улс төрийн намууд; сонгууль; төрийн удирдлага, санхүүжилт; төрийн албаны зэрэг төрийн тогтолцоог бүрдүүлэгч гол хуулиудыг өөрчилж, ард нийтийн өргөн хэлэлцүүлгийн үндсэн дээр улс төрийн цоо шинэ, щударга, парламентын тогтолцоог хоёр жилийн дотор бий болгоно.
  • Энэ хугацаанд Засгийн газрыг салбарын болон ажил мэргэжлийн бүлгүүдийн өргөн, нээлттэй хэлэлцүүлгийн үр дүнд бүрдүүлэн ажиллуулна.

Улс төрийн шинэ тогтолцоог бүрдүүлэх дараагийн алхам бол улс төрийн одоо буй бүх намуудыг тарааж, улс төрийн хүчний дахин хуваарилалтыг гарааны ижил нөхцлөөс эхлэх нь зүйтэй гэж бид үзэж байна. Энэ тохиолдолд бид ч өөрсдөө тарж, тэгш, шударга, ил тод өрсөлдөөнд ороход бэлэн байна.

“ИРГЭНИЙ ЭВСЭЛ”  Монгол дахь иргэний байгууллагууд, хөдөлгөөн, улс төрийн намуудын үзэл санаа, тэмцлийн туршлагыг судалж, монголын нөхцөл байдалд шинжилгээ, дүгнэлт хийсэн олон улсын байгууллага, гадаад, дотоодын эрдэмтдийн оюун сэтгэлгээний ололтод тулгуурлан төр, нийгмийн шинэчлэлийн хөтөлбөрөө боловсруулж ард иргэддээ толилуулж байна.

Бидний хөтөлбөр бол зөвхөн нэг удаагийн сонгуульд зориулагдаагүй бөгөөд Монгол эх орноо аврах, сэргээн хөгжүүлэх, хүчирхэгжүүлэх гэсэн шинжлэх ухааны үндэстэй урт хугацааны стратеги төлөвлөгөө юм.

Бидний зорилго, баримтлах зарчим  

Монголын нийгэм гүнзгий хямралын улмаас гаж, замбараагүйтлийн төлөв байдалд орсон гэж бид үзэж байна. Нийгмийн ийм төлөв байдлаас бид зөвхөн зоригтой, эрс шийдэмгий алхам хийж байж гарч чадна. Иймийн учир бид шүтэн барилдлага, уялдаа бүхий  дараах тулгуур зарчмуудыг баримтлан ажиллах ёстой.

Монгол төрийн нэг гарт нь хуулийн ташуур, нөгөө гарт нь энэрэнгүйн аяга байх ёстой. Монгол бол ядарсан биш, задарсан нийгэм боллоо. Монгол бол гэмгүй биш, гэмт хэрэгжсэн засагтай нийгэм болж байна. Иймээс Монгол Улсад эмх цэгц, дэг журмыг хатуу, туйлбартай аргаар тогтоох шаардлагатай. Монголд шударга ёс, иргэнлэг хуулийн  диктатур тогтоох ёстой гэж бид үзэж байна.

Нөгөө талаас Монголын төр нь өндөр настан, олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй болон ядуу зүдүү зэрэг нийгмийн эмзэг бүлгүүдээ хайрлан хамгаалж, энэрэнгүйн гараа харамгүй сунгах ёстой. Төр нь насанд хүрсэн, боловсрол эзэмшсэн, бие эрүүл, хөдөлмөрийн чадвартай хүмүүсийг зүгээр тэжээх бус тэднийг ажлын байр, мэргэжил, орон байртай болгож, амьдралын шударга тэнцүү гарааны нөхцлийг бүрдүүлэх үүрэг хүлээнэ.

Төрийн хатуу, зөөлөн хоёр талыг зохистой хослуулах нь Монгол Улсын төрийн бодлогын гол зарчим байх ёстой.

Нийгмийн тогтвортой байдлыг хангахын тулд зөвхөн эдийн засаг, улс төр төдийгүй үзэл санаа, ёс суртахуун, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, спорт, эрүүл мэнд, гэр бүл, аюулгүй байдал, экологи зэрэг нийгэм бүрдүүлэгч үндсэн хүчин зүйлүүдийг цогцоор нь хөгжүүлэх шаардлагатай. Иргэдээ гэмт хэргээс хамгаалж, амьдралын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх нь Монгол төрийн эн тэргүүний зорилт мөн.

Бидний уриа

Иргэний Эвсэл УИХ-ын 2008 оны сонгуульд “Эх орноо цэвэрлэе” уриатайгаар орж байна. Эрүүл төр, эрүүл нийгэм, эрүүл байгалийн төлөө тэмцэлд иргэн таны оролцоо хэрэгтэй. Төрийн бохирдол, нийгмийн бохирдол, байгалийн бохирдлыг бид хамтын хүчээр зогсоох цаг боллоо. Цэвэрлэх, цэгцлэх цаг ирлээ. Энэ бол 18 жилийн өмнө Монголд эхэлсэн улс төрийн ардчиллыг улам гүнзгийрүүлж, өнөөгийн нийгэм, экологийн гүн хямралыг гэтлэн давж, улс орондоо эрх зүйт ардчилсан, шударга төрийг цэгцлэн байгуулах, иргэний бодит ардчиллыг тогтоох нийгмийн хөгжлийн дараагийн үе шат юм.

Төрөө иргэний хяналттай, өрх гэр бүрийг амьжиргаатай, иргэдээ нутаг орных нь эзэн болгох Иргэний Эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр хэрэгжснээр Монголын төр эрүүлжиж, ард иргэдийн амьдрал сайжирч, байгаль дэлхий экологийн сүйрлийн аюулаас холдох болно гэдэгт бид гүнээ итгэж байна.
{mospagebreak}

1. Хяналттай төр

Иргэний хяналттай төрийн тогтолцоо

  • Үндсэн хууль болон улс төрийн намууд; сонгууль; төрийн удирдлага, санхүүжилт; төрийн албаны зэрэг төрийн тогтолцоог бүрдүүлэгч гол хуулиудыг өөрчилж ард нийтийн өргөн хэлэлцүүлгийн үндсэн дээр улс төрийн цоо шинэ, щударга, парламентын тогтолцоог бий болгоно.
  • Төрийн үйл ажиллагаанд хяналт тавих Иргэний Танхимийг малчид, бизнес эрхлэгч, багш, эрдэмтэд зэрэг монголын нийгмийн гол давхрагын төлөөлөлтэйгээр УИХ-ын дэргэд байгуулна.УИХ-ын гишүүн, Иргэдийн хурлын төлөөлөгч зэрэг сонгуульт албан тушаалтныг эгүүлэн татах тогтолцоог бүрдүүлнэ.  
  • Төрийн өндөр албан тушаалтнуудын авилга, луйврын хэргийг шүүхэд шилжүүлж, тэдний эд хөрөнгө, газрын лицензийг хянан шалгуулна. Албан тушаалтны иргэнд учруулсан хохирлыг нөхөн төлөх “Төрийн хариуцлагын сан”-г байгуулна.

Иргэндээ үйлчилдэг төрийн байгууллага. 

  • Хүнд суртлыг багасгаж иргэнийг төрийн аль ч шатны байгууллага, албан тушаалтан 20 минутаас илүү хүлээлгэхгүй, хоёроос дээш удаа явуулахгүй байх зэрэг төрийн үйлчилгээний хатуу журам, стандарт тогтоож мөрдүүлнэ.
  • Төрийн үйлчилгээг иргэний нийгмийн байгууллагуудад гэрээлэн шилжүүлэх үйл ажиллагааг өргөжүүлнэ.
  • Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг нээлттэй, хөнгөн шуурхай болгох зорилгоор төрийн үйлчилгээг Интернетээр авах нөхцлийг бүрэн бүрдүүлнэ.

Иргэний мэдэх эрх 

  • Төрийн нууцаас бусад төрийн аль ч мэдээллийг иргэдэдил тод болгоно. Гэмт үйлдлийн шинжтэймэдээллийг төрийн нууцад хамааруулах явдлыг таслан зогсоож, олон нийтэд худал болон зөрчилтэй мэдээлэл өгсөн, мэдээллийг нуун дарагдуулсан, хоцроосон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэдэг болно.   
  • Интернэтэд 60 хоногийн өмнө нийтэлж, нээлттэй хэлэлцүүлэг хийгээгүй хуулийн төслийг УИХ-д хэлэлцэхийг хязгаарлана.
  • Олон нийтийн радио, телевизийг улс төрчдийн хяналтаас бүрэн гаргаж, хүчирхийлэл, садар самуун, гаж үйлдэл зэргийг өдөөгч мэдээллийн терроризмыг таслан зогсооно.

Нам, төрийн ажлын зааг

  • Төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй болгоно.
  • Улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийг халж, санхүүжилтийг ил тод болгоно.
  • Төрийн захиргааны албан тушаалтан, намын аппаратын ажилтан  Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдохыг хориглоно.

Сонгууль, санал асуулга

  • Сонгуулийн хувь тэнцүүлсэн (пропорционал) тогтолцоонд шилжиж, сонгуулийн байгууллагыг улс төрийн намуудын нөлөөллөөс ангижруулна.
  • Сум, хорооны түвшний сонгуульд улс төрийн намуудын оролцоог хална. Бүх шатны засаг дарга нарыг иргэд шууд сонгодог болгоно.
  • Ард нийтийн санал асуулгын тогтолцоог боловсронгуй болгож нийгмийн бүлгүүдийн санал асуулгын сүлжээг хөгжүүлнэ.

{mospagebreak}
2. Амьжиргаатай өрх

Монголын өрх бүрийг “Хөгжлийн босгоор” алхуулж, Залуучуудад боломж олгож, Ахмадуудад халамж хүргэсэн иргэн төвтэй эдийн засгийн бодлого хэрэгжүүлнэ. Бид “Хөгжлийн босго” буюу монгол өрхийн амьжиргааны доод үзүүлэлтийг:
1. Сарын НЭГ сая төгрөгийн орлого
2. ХОЁР өрөө байр
3. Хүүхэд бүрт ГУРВАН халамж
(эрүүл мэнд, боловсрол, цэвэр хүнс)
- гэж томьёолж байна. Энэхүү “Хөгжлийн босго”-ыг нийгмийн болон байгалийн баялгийг шударгаар хуваарилах, авилгалын сүлжээг эвдэх, далд эдийн засгийг ил болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр хангах бүрэн  боломжтой. “Хөгжлийн босго1-2-3” зорилтыг хэрэгжүүлэх үндсэн чиглэл:

Хүний хөгжил

  • Гэр бүлийг дэмжих бодлогыг хатуу баримталж хүүхэд бүрт нийгмийн хараа хяналтыг хүргэнэ. Хойч үеийнхнийхээ өмнө хариуцлага хүлээх зарчмыг тууштай баримтална.   
  • Боловсролын салбарт эрс шинэчлэл хийж, хүн бүрийг мэргэжилтэй, өрсөлдөн амьдрах чадвартай болгох төрийн бодлого хэрэгжүүлнэ.
  • “Тэгш боломж” нийгмийн зээлийн сан байгуулж иргэн бүрт өөрийгөө хөгжүүлэх, бизнесээ нээх гарааны зээлийн үндэсний тогтолцоог бүрдүүлнэ. 18 нас хүрсэн иргэн бүрт 10 сая төгрөгийн зээлийн эрхийг төрөөс баталгаажуулна.

Орон сууц

  • Ажилтай залуу гэр бүл бүрийг байртай болгох, тэдэнд урьдчилсан төлбөргүй, 30 жилийн хугацаатай, жилийн 6 хувиас хэтрэхгүй хүүтэй зээл олгох тогтолцоог бүрдүүлнэ.
  • Хашааны газрыг хувьд бүрэн шилжүүлж иргэдийн хяналт, оролцоотой “Газраа байраар солъё” хөтөлбөрийг хуульчлан хэрэгжүүлнэ.
  • Улаанбаатар хотын төвлөрлийг багасгаж, хувийн байшингийн хороолол, дагуул хотхонуудыг үүсгэнэ.    

Бизнес, аж ахуй

  • Үндэсний үйлдвэр, хөдөө аж ахуйг шинэчлэн сэргээн байгуулж,өрсөлдөх чадвартай, экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тэргүүлэн хөгжүүлнэ. Үндэсний үйлдвэр, хөдөө аж ахуйг хамгаалах,  урамшуулах тууштай, хатуу бодлого баримтлана.  
  • Аж ахуй дахь төрийн хэт оролцоог хязгаарлаж, бизнест дарамт учруулж буй хууль тогтоомж, журмыг өөрчлөн шинэчлэх шийдвэртэй арга хэмжээ авна. Бизнесийн лиценз олголт, мэргэжлийн хяналтын үүргийг бизнесийн өөрөө удирдах зарчмаар ажиллах салбарын холбоодод шилжүүлнэ.
  • Хөдөлмөрийн хөлсийг цагаар тооцдог тогтолцоонд шилжинэ. 35-аас дээш насны иргэдийг ажлын байраар хангах, шинээр мэргэшүүлэх, давтан сургах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Ядуурлын эсрэг

  • Гэр хорооллын цахилгааныг шөнийн цагаар үнэгүй болгоно. 
  • Газрыг аж ахуйн эргэлтэд оруулж, хөдөөгийн өрх бүрийг өөрийгөө тэтгэх аж ахуйтай болгох зорилгоор сум бүрт 100 сая төгрөгийн зээлийн сан байгуулна.
  • Уул уурхайн ашиг орлогоос өндөр настан, ахмадуудад тэргүүн ээлжинд хүргэж, ахмад бүрт 10 сая төгрөгийн тэтгэлэг олгох “Талархлын сан”-г хуульчлан байгуулна.

{mospagebreak}
3. Эзэнтэй нутаг

Нутгийн өөрөө удирдах зарчим    

  • ИТХ-ын эрх мэдэл, хариуцлагыг нэмэгдүүлж, орон нутгийн татварын бие даасан тогтолцоог бий болгоно.
  • Хөдөө орон нутагт жижиг бизнес, хувиараа аж ахуй эрхлэгчдийг улсын албан татвараас чөлөөлнө.
  • Байгалийн баялгийн ашиглалтын асуудлыг орон нутгийн иргэдийн саналыг тусган шийдвэрлэж байх эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ.

Байгаль орчин, экологи

  • Экологийн глобаль өөрчлөлтүүдийг тооцон, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж, өнөөгийн экологийн сүйрлийг таслан зогсооно. Нутаг усыг сүйтгэсэн, хордуулсан хохирлын цар хэмжээг тогтоож, улмаар нөхөн сэргээх, хор уршгийг арилгах, арилгуулах эрс шийдэмгий арга хэмжээ авна. 
  • Байгалийн баялгийн үнэлгээ, ашиглалтын өнөөгийн тогтолцоог бүрэн өөрчилж, экологийн урамшуулал, татвар, торгууль, стандартын шинэ тогтолцоог бий болгоно. Экологийн цагдаагийн албыг байгуулна.
  • Гол усны эх, ай сав газарт алтны болон байгальд халтай бусад олборлолтыг бүрэн хориглоно.

Уул уурхай, ашигт малтмал

  • Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ. Эцсийн бүтээгдэхүүний болон боловсруулах  үйлдвэрлэлийг дэмжиж бүс нутаг дахь эдийн засгийн оролцоог нэмэгдүүлнэ.
  • Стратегийн орд газруудыг түшиглэн Уул уурхайн хөрөнгө оруулалтын дэлхийн түвшний үндэсний корпораци байгуулна. Иргэн бүрт 5 сая төгрөгийн алтан (худалдах эрхгүй) хувьцаа олгоно.  
  • Хууль бусаар олгогдсон лицензийг хурааж, лицензийн наймааг бүрэн хална.

***

Төр, нийгэм, байгаль дэлхийгээ эрүүл, цэвэр байлгаж, төр засаг, нутаг орон, өрх гэрийнхээ жинхэнэ эзэд болж явах нь монголчууд бидний Монголдоо сайхан амьдрах гол зарчим билээ. Эрүүл төр, эрүүл амьдрал, эрүүл нутгийнхаа төлөө хамтдаа зүтгэе. Эх орноо цэвэрлэе, цэгцэлье! 

Монголын Ногоон Нам – Монголын Социал Демократ Нам – Иргэний Хөдөлгөөний Нам

Сонгууль