Уриа: Эвийн хүчийг бэхжүүлнэ
Эх орны хишгийг өгүүлнэ
МАХН надад өндөр итгэл хүлээлгэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшүүллээ.
Энэ бол зөв эхлэлээ үргэлжлүүлэн хийж бүтээснээ бататгаж, МАХН-Ардчилсан намын хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэн, бодож төлөвлөснөө гүйцээж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг шинэ зорилт дэвшүүлэн шийдвэрлэх бололцоо олгосон өндөр итгэл найдвар юм.
Нэр дэвшигч миний бие эдийн засгийн хямралт байдлыг хохирол багатай давж, эх орноо хэтийн хөгжилд хөтлөх үндсэн зорилтуудыг хураангуйлан товчоолж, “ Эвийн хүчийг бэхжүүлнэ, Эх орны хишгийг өгүүлнэ” гэсэн уриатай мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж байна.
Мөрийн хөтөлбөрийн бүтцийг дараахь байдлаар хураангуйлан томъёолов. Үүнд:
Нэг. Хариуцлагатай шударга төр
1. Төрийн зөв тогтолцоо
2. Төрийн шинэ үйлчилгээ
3. Төрийн өндөр хариуцлага
Хоёр. Иргэншсэн эвсэг нийгэм
1. Бадрангуй монгол тэмүүлэл
2. Идэвхтэй, эх оронч иргэн
З. Ээлтэй аюулгүй орчин
Гурав. Өсөлттэй, өгөөжтэй эдийн засаг
1. Баталгаатай шинэ орлого
2. Цэвэр цэмцгэр хот
З. Хөгжсөн шинэ хөдөө зэрэг зорилтууд багтаж байна.
Мөрийн хөтөлбөрийг дэлгэрэнгүй хувилбараар дор сийрүүлэв.
Нэг. ХАРИУЦЛАГАТАЙ ШУДАРГА ТӨР
Төр, засгийн бодлого, үйл ажиллагаа нээлттэй, шударга, шуурхай, хяналттай, хүртээмжтэй байж, бүх шатанд төрийн хууль ягштал хэрэгждэг болох нь хариуцлагатай шударга төрийн гол шалгуур, босго өндөр төрийн үндсэн шинж мөн.
1. Төрийн зөв тогтолцоо
-Төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, иргэдийн идэвхтэй оролцоог гүйцэд хангана. Төрийн тогтолцоог хариуцлагажуулж, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгоно.
-Төрийн бодлогын нэгдмэл, залгамж чанарыг хадгалж, үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлыг хангаж ажиллана.
-Төрийн удирдлагын бүх түвшинд оновчтой, зөв бүтэц бүрдүүлж, авлигагүй, хүнд сурталгүй, шударга ажиллах хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ.
2. Төрийн шинэ үйлчилгээ
-Төрийн үйлчилгээг иргэдэд ээлтэй, тэгш шударга, хүртээмжтэй болгоно. Төлбөр хураамж багатай, чирэгдэлгүй үйлчилгээний шинэ төрөл хэлбэрийг хэвшүүлнэ.
-Төрийн албыг чадваржуулж, ёс зүйтэй, мэдлэг чадвартай боловсон хүчнээр бэхжүүлнэ. Дотоод, гадаадад доктор, мастерын зэрэг хамгаалсан мэргэжилтнүүдийг төрийн албаны нөөцөд шалгалтгүй бүртгэх тогтолцоог бүрдүүлнэ.
-Төрийн байгууллагаас олгодог тусгай зөвшөөрлийн тоог эрс цөөлнө. Бүртгэл-мэдээллийн шинэ тогтолцоог төлөвшүүлнэ. Иргэдийн санал хүсэлтэд зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзаагүй бол зөвшөөрсөнд тооцдог “эерэг хариуны зарчим”-ыг үйлчилгээнд нэвтрүүлнэ.
3. Төрийн өндөр хариуцлага
-Төрийн байгууллагын ажил үйлчилгээнд хяналт-хариуцлагын шинэ тогтолцоо, арга хэлбэрийг бий болгоно. Шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтээс хянах бололцоог өргөтгөнө.
-Шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд иргэд, иргэний нийгмийн оролцоог идэвхжүүлэн зохицуулах зорилго бүхий “Иргэдийн зөвлөл” -ийг байгуулж ажиллуулна. Үүний тулд хөндлөнгийн хяналт шинжилгээ хийх чиг үүрэг бүхий нийгмийн хяналтын тогтолцооны эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
-Хүний эрх, хууль тогтоомжийг зөрчсөн төрийн албан хаагчдад заавал хариуцлага тооцдог механизмыг нэвтрүүлнэ. Ахмадууд, эхчүүд эмэгтэйчүүд, оюутнууд, хүүхэд залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн иргэдийн талаар төрийн халамж анхаарал, үүрэг хариуцлагыг өндөржүүлнэ.
ХОЁР. ИРГЭНШСЭН ЭВСЭГ НИЙГЭМ
Монгол хүн авъяас чадвараа нээж, мэдлэг боловсролоо дайчлан, зөв хөгжих, иргэний эрх чөлөөгөө хуулийн хүрээнд эдлэх, үүрэг хариуцлагаа биелүүлэх боломжийг хангасан иргэншсэн эвсэг нийгмийг хөгжүүлнэ.
1. Бадрангуй монгол тэмүүлэл
-Эрдэм боловсролтой, элбэг хангалуун амьдралтай, дэлхийн цараатай сэтгэж, монголын төлөө ажилладаг бадрангуй тэмүүлэлтэй иргэнийг төлөвшүүлнэ.
-Бадрангуй монгол тэмүүллийн “Эв дагаж хүч - хүч дагаж хөгжил” гэсэн итгэл үнэмшлээр эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулах санаачлага, зүтгэлийг хөхиүлэн дэмжинэ. Ажил хөдөлмөр бол монгол хүн бүрийн амьдралын баталгаа, үнэ цэнийн хэмжүүр гэсэн бодлого баримтална.
-Иргэн бүрийн сайхан хүсэл тэмүүлэл хэрэгжин биелдэг, монгол хүн эх орондоо эзэн сууж сайхан амьдрах, дэлхий дахинд үнэлэгдэх нөхцөл бүрдсэн шинэ Монгол Улс болон хөгжих итгэл үнэмшлийг бий болгоно.
2. Идэвхтэй, эх оронч иргэн
-Спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, эрүүл мэндээ өөрөө хамгаалдаг ухамсартай иргэнийг төлөвшүүлнэ. Эрүүл мэндийн суурь үйлчилгээг үнэ төлбөргүй болгох асуудлыг судална. Хүн амд хүртээмжтэй, оношлогоо, эмчилгээний шинэ эмнэлэг төслийг санаачилж, “Эрүүл мэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
- Шинэ боловсрол ын үндэсний тогтолцоог хөгжүүлж, ерөнхий боловсролд олон улсын стандартыг нэвтрүүлнэ. Дэлхийн жишигт нийцсэн чанартай дээд боловсролын тогтолцоог төрөөс дэмжих бодлого баримтална.
-Үндэсний хэл, соёлын үнэт зүйлс, уламжлалт шашин, сонгодог болон үндэсний урлаг, утга зохиолыг нийтийн хүртээл болгоно. Хүн байхын үндэс болсон зөв суртахуун, гоо сайхны үзэл хүмүүжил бүхий, уламжлал заншлаа эрхэмлэн дээдэлдэг ёс зүйтэй эх оронч шинэ иргэнийг төлөвшин хөгжихөд дэмжлэг үзүүлнэ.
З. Ээлтэй аюулгүй орчин
-Иргэд айх аюулгүй амьдрах, зөв хүн болж төлөвших эрх зүй, ёс суртахуун, мэдээллийн шинэ орчныг гэр бүл, байгууллага, хамт олны хүрээнд бүрдүүлэхийг зорино.
-Цөлжилт, байгалийн тэнцэл алдагдалтыг зогсоох, агаар, ус, хөрсний бохирдлыг багасгах бодлогыг хэрэгжүүлнэ. Нутаг ус, байгаль дэлхийгээ хамгаалах иргэдийн санаачлагыг дэмжинэ.
-Байгаль экологийн болон түүх, соёлын дурсгалт газруудыг төрийн онцгой хамгаалалт бүхий стратегийн цогц газрууд болгох санаачлага гаргана.
- Иргэд бие биедээ хүндэтгэлтэй ханддаг, хүнлэг энэрэнгүй ёс, эрх тэгш байдал, хууль дээдлэх зарчим, шударга ёс хэрэгжих хүмүүн харилцааны ээлтэй орчныг төлөвшүүлэхэд анхаарна.
-Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлалыг шинэчлэн баяжуулж хэрэгжүүлнэ. Батлан хамгаалах, зэвсэгт хүчнийг бэхжүүлж, бие бүрэлдэхүүний нийгмийн асуудалд онцгой анхаарна. Сайн хөрш, “гуравдахь хөрш”, иж бүрэн түншлэлийн харилцаагаа дэлхийн улс орнуудтай өргөжүүлж, бүс нутаг, олон улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулна.
-Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал хангагдах, эдийн засаг, нийгэм хөгжих, монгол хүн гадаадад ая тухтай аялж, тодорхой хугацаанд ажиллаж амьдрах таатай, тогтвортой гадаад шинэ орчныг бүрдүүлнэ.
Гурав. ӨСӨЛТТЭЙ, ӨГӨӨЖТЭЙ ЭДИЙН ЗАСАГ
Бизнесийн шударга өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлж, төрийн зохицуулалтын оновчтой механизмыг нэвтрүүлж, эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах бодлого хэрэгжүүлнэ. Шинэ технологид тулгуурласан, тогтвортой өсөлттэй, иргэн бүрт өгөөжтэй эдийн засгийг хөгжүүлнэ.
1. Баталгаатай шинэ орлого
-”Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын зорилтод хүрэх, Монгол орноо дэлхийн дундаж орлоготой орнуудын жагсаалтад оруулах “гурван 15-ын бодлого”-ыг хэрэгжүүлнэ. Монгол хүний амьдралын чанар, үнэлэмжийг нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлтөөр баталгаажуулан дээшлүүлнэ.
-”Технологи” үндэсний хөтөлбөр боловсруулж, эх орны байгалийн болон малын гаралтай түүхий эдэд түшиглэсэн үндэсний үйлдвэрлэл, ашиг орлоготой аж ахуйн нэгж, бизнесийн үйл ажиллагаа, жижиг дунд үйлдвэрлэлийг бүх талаар дэмжиж ажиллана.
-”Ашигт малтмал” үндэсний хөтөлбөр боловсруулан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд яаралтай оруулж, иргэдэд “Эх орны хишиг” хүртээх ажлыг эхлүүлж, байр орон сууцтай болох, мэргэжил боловсролоо дээшлүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэх зэргээр идэвхтэй амьдрахад нь тус дөхөм үзүүлнэ.
-Монгол хүний хамгийн үнэтэй баялгийн нэг бол эх орондоо ажил хөдөлмөр эрхлэх явдал хэмээн үзэж ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхол, дадлага чадвар бүхий иргэн бүрийг ажилтай болгож, баталгаатай шинэ орлоготой байх бодлого хэрэгжүүлнэ.
2. Цэвэр цэмцгэр хот
-Нийслэл хотоо соёлтой үйлчилгээ бүхий, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бүрдсэн иргэддээ ээлтэй , Монголдоо төдийгүй бүс нутгийн бизнес, санхүү, аялал жуулчлалын төв хот болгох нийгэм, эдийн засаг, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
-Улаанбаатар хотыг утаагүй хот болгож, гэр хорооллын дэд бүтэц, нийтийн үйлчилгээ, эрүүл ахуйн орчин, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн, иргэдийн өөрсдийнх нь үүсгэл санаачлагад тулгуурласан “ шинэ гудамж ” төсөл хэрэгжүүлнэ.
-”Хотууд” хөтөлбөр боловсруулж, бүсийн хөгжлийн тулгуур төвүүдийг 100 орчим мянган хүн амтай, эдийн засаг, нийгэм, соёлын харьцангуй бие даасан цогцолбор болгон хөгжүүлэхийг дэмжинэ.
З. Хөгжсөн шинэ хөдөө
-Хөдөөгийн ард иргэд сайн сайхан амьдрах, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих найдвартай дэд бүтэц, нийгэм-соёлын шинэ цогцолбор бүхий сумын төв, суурингуудыг бий болгож, хөдөөг эрчимтэй хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ.
-Малчнаа тэтгэсэн нийгмийн бодлого, мал аж ахуйг эрчимжүүлэх эдийн засгийн бодлогыг хослуулсан шинэ хот айл төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлнэ.
-Тариаланчдын хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн хамгааллыг дээшлүүлж, байгальд ээлтэй, бүтээмж өндөртэй техник технологийг ашиглан газар тариалангийн бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилтыг дэмжинэ.
Энэхүү хөтөлбөр нь сонгуулийн кампанит ажлын үеэр сонгогч Таны саналаар баяжих учиртай тул нээлттэй мөрийн хөтөлбөр юм.
Сонгогч Та надад итгэж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгох аваас Та бидний хамтран боловсруулсан энэхүү мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг Та бүхнийхээ хяналтан дор хэрэгжүүлэх болно.
Үүний тулд өргөсөн тангарагтаа үнэнч байж, “Эвийн хүчийг бэхжүүлнэ, Эх орны хишгийг өгүүлнэ” гэсэн уриан дор шинэ Монгол Улсынхаа төлөө ард түмэнтэйгээ хамтран, гагцхүү ард түмнийхээ талд байж зүтгэх болно.
Сонгогч Таны сонголт мэргэн байх болтугай!