Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль эхэлснийг албан ёсоор зарлалаа. СЕХ сонгуулийг зарласнаас тав хоногийн дараагаар УИХ-д суудалтай улстөрийн намууд нэр дэвшүүлэх ажлыг эхлэн тав хоногийн дотор дуусах ёстойгоос үзвэл ээлжит сонгуульд нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 4 гэхэд тодорч дуусна. СЕХ-ны дарга Н.Лувсанжав мэдэгдснээр ээлжит сонгуулийг дөрвөн тэрбум төгрөгт багтаан зохион байгуулах бөгөөд энэ сонгуульд гадаадад байгаа Монголчуудыг оролцуулах боломжгүй ажээ. Сонгогчдын 75 орчим хувьтай сонгуульд оролцоно гэсэн урьдчилсан таамагтай байгаа хэмээн тэрбээр мэдэгджээ. 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын 83, 2001 онд 82, 2005 онд 74,9 хувь саналаа өгсөн аж.