Мониторинг

Сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд бэлтгэх үйл явцад хийж буй мониторингийн явц

2021 оны МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сонгуулийн автоматжуулсан системд багтах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг туршиж баталгаажуулан, гэрчилгээ олгох үйл ажиллагаа нам, эвсэл, ТББ-уудаас томилсон ажиглагчид байлцан хяналт тавив. Энэ хүрээнд СЕХ-ны Мэдээлэл технологийн ажлын хэсэг Доминион вотинг компанитай онлайн харилцаж программын шинэ хувилбар 5.14-ын эх кодоос түүвэрлэн үзэж танилцав. Үүнд СЕГ,Тагнуулын ерөнхий газар, МАН, ХҮН намын төлөөлөл, Доминионы төлөөлөгчид болон ТББ-ын төлөөлөл оролцлоо. Түүнчлэн хэсгийн хороод руу илгээхээр бэлтгэсэн санал тоолох төхөөрөмжүүдээс түүвэрлэн авч Орц – модем залгах, USB оролт, CF картын 2 оролт, цахилгааны болон баттерей залгах оролтыг болон Уникал Пассворд шалгаж үзэв. Хяналт 2021 оны 6-р сарын 5-нд орон даяар сонгуулийн дүнг дамжуулах, дүнг нэгтгэж харуулах программыг шалгахад оролцож хяналт тавина. 

Залуус сонгуулийн үйл явцад хөндлөнгийн, хараат бус ажиглалт, хяналт хийж байна

Бодлогод залуусын хяналт ТББ-аас томилогдсон ажиглагчид 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах үйл явцыг БНСУ-ын Сөүл хот, Япон улсын Токио хот, АНУ-ын Нью-Йорк хотод ажиллалаа. Албан ёсны мэдээллээр гадаадад 122 мянган сонгуулийн насны иргэн байгаагаас 7394 сонгогч буюу 6.6 хувь оролцохоор бүртгүүлсэн бөгөөд үүнээс  76 хувь нь буюу 5618 (нийт гадаадад байгаа сонгогчдын 4.6%) нь саналаа өгсөн байна. Үүнд, сонгогчдын бүртгэлээс эхлээд гадаадад санал авах процессыг нарийвчлан зохицуулаагүй нь нөлөөлж байна гэж үзэж байна. 

Сонгогчдын нэрийн жагсаалтад хийсэн мониторингийн тайлан

2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хэсгийн хороодод хүргүүлсэн Сонгогчдын нэрийн жагсаалтад мониторингийн аргачлалын дагуу хяналт тавихад юуны түрүүнд мэдээлэл өгөхөөс татгалзах, сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах бололцоо олгосон ч аргачлалын дагуу нягтлах шаардлагатай сонгогчдын мэдээллийг ажиглагч зөвхөн цээжилж тогтоохоос өөрөөр авч хянах боломжгүй болгох зэргээр хүндрэл учруулах тохиолдол нэлээд учирсан. Түүнчлэн сонгуульд ажиглалт хийж буй ТББ-ын хувьд сонгогчдын нэрийн жагсаалтын зөвхөн цаасан хувилбартай танилцах боломжтой байгаа нь сонгогч өөр хаяг, эсвэл өөр хэсгийн хороонд давхар бүртгэгдсэн эсэхийг шалгах бололцоог хумьж байна. Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 22-16, 22-13 дугаар хэсгийн хороод нийт сонгогчдын тоо, “түр хасав” тэмдэглэгээтэй сонгогчдын тоо болон санал өгөх сонгогчдын тоог мэдээлээгүй, сонгогчдын нэрийн жагсаалттай танилцуулахаас татгалзсан. 8-р хорооны 22-22, 12-р хорооны 22-30, 5-р хорооны 22-12, 22-р хорооны 23-44, 23-45 дугаар хэсгийн хороод “түр хасав” төлөвтэй бүртгэгдэн сонгогчдын тоог мөн өгөөгүй.

Санал авах, тоолох үйл ажиллагааны ажиглалтын тайлан

2020 оны УИХ-ын ээлжит сонгууль нь КОВИД-19-ийн цар тахал нүүрлэсэн онцгой хүнд нөхцөлд болсонтой холбоотойгоор Монгол Улсад суурин ажилладаг зарим олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчийн газрын цөөн тооны ажиглагчдаас өөр олон улсын ажиглагчдын оролцоогүйгээр болсон онцлогтой сонгууль байв. Үүнээс үүдэн сонгуульд хөндлөнгийн хяналт хийсэн олон жилийн туршлагатай, зохих аргачлалыг эзэмшсэн, олон нийтэд бие даасан байдлаараа хүлээн зөвшөөрөгдөж танигдсан дотоодын иргэний нийгмийн байгууллагуудын хяналт оролцоо өмнөх сонгуулиудаас илүү чухалд тавигдсан гэж үзэж болно. Энэхүү амаргүй нөхцөлд тус сүлжээний зүгээс УИХ-ын сонгуулийн 112 хэсэгт 203 ажиглагч томилж, 26 зохицуулагч, багийн ахлагч сонгуулийн өдөр 24 цагийн турш тасралтгүй ажиллан Та бүхэнд ажиглалтын тайлангаа товчлон хүргэж байна.

Фэйсбүүк дэх сонгуулийн сурталчилгааны мониторинг

Ардчилсан сонгуульд өрсөлдөөний тэгш гараа буюу сонгуулийн кампанит ажил явуулах нөхцөл тэнцвэртэй байх нь туйлын чухал юм. Сонгуульд оролцогч талуудын хувьд нэг талаас, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сонгогчдод саадгүй хүрч ажиллах бололцоо нөхцөл бүрдсэн байх ёстой. Нөгөө талаас, мэдээллийн экосистемд аль нэг тал хэт давамгайлахгүй, сонгогч бүх талын тэнцвэртэй мэдээлэл хүлээн авах бололцоо бүрдэх учиртай. Энэ нөхцөлийг хангахын тулд улс орнууд сонгуулийн сурталчилгаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах асуудлыг нарийвчлан зохицуулж сонгогчдыг төөрөгдүүлэх мэдээлэл цацагдах, мөнгөтэй талууд хэт давамгайлахаас сэргийлэх, аливаа төлбөртэй мэдээллийн эх сурвалжийн ил тод байдлыг хангах гэх мэт янз бүрийн арга хэмжээг тусгасан байдаг. Европын цөөнгүй оронд сонгуулийн төлбөртэй сурталчилгааг нэг мөр хориглосон нь ч бий. Харин цахим орчинд сонгуулийн сурталчилгааг шударга сонгуулийн зарчимд нийцүүлэн хэрхэн зохицуулах асуудал олон улсад нэлээд маргаан дагуулж буй сэдэв болоод байгаа билээ.

Телевизийн сурталчилгааны мониторинг

Телевиз Зөрчил илэрсэн огноо Төлбөртэй сурталчилгааны хугацаа Хэтэрсэн хугацаа
MN25 2020.06.21 1:04:16 0:04:16
NTV 2020.06.20 1:02:48 0:02:48
TV9 2020.06.16 2:01:26 1:01:26
UBS 2020.06.18 1:15:54 0:15:54
UBS 2020.06.19 1:17:21 0:17:21
UBS 2020.06.20. 1:16:23 0:16:23
UBS 2020.06.22 1:08:29 0:08:29

Мониторингийг 2008, 2012, 2016 оны УИХ-ын, 2005, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторингийн аргачлалд тулгуурлан 2019 оны МУИХСтХ, 2006 оны Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, 2020 оны СЕХ, ХХЗХ-ны хамтран баталсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-д нийцүүлэн боловсруулсан арга зүйн дагуу хийж, мэдээллийг SPSS20, EXCEL программд оруулан нэгтгэн боловсруулав. Мониторингид МҮОНТ, TV9 телевиз (I суваг), MN25 суваг телевиз (I суваг), UBS (I суваг), NTV телевиз (I суваг) гэсэн 5 телевизийг хамруулав.1 Дээрх телевизүүдийг сонгохдоо олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, зах зээлд дөрвөөс доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй зэрэг шалгуурыг үндэслэл болголоо. Телевизийн мониторингийг хуульд заасан албан ёсны сурталчилгааны үе буюу 6 дугаар сарын 2-22-ны өдөр, сурталчилгаа зогссон үе буюу 6 дугаар сарын 23-ны өдөр гэсэн үндсэн хоёр үечлэлээр хийлээ.

Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдал

“Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам,” “Эх орончдын нэгдсэн нам”-аас бусад нам, эвслийн зардлын хураангуй тайлан байршсан. Мөн нийт нэр дэвшигчдийн 453 нь буюу 74.7% нь зардлын ХУРААНГУЙ тайланг нийтэлсэн байна. Үүнээс МАН-ын нэр дэвшигч 68, АН 69, Зөв хүн электорат 45 нэр дэвшигч зардлаа тайлагнажээ. Түүнчлэн Та бидний эвсэл 52, ШИНЭ эвсэл 42, Ногоон нам 15-аас 4, Зон олны нам 30-аас 27, Сахигтун! ҮХ 19 – 34-өөс 23, Их эв нам – 1-ээс 1 нэр дэвшигч тус тус зардлын тайлангаа ирүүлсэн байна.

Телевизийн мониторинг

Нийт сонгуультай холбоотой мэдээллийг агуулгын хувьд ангилан үзвэл 62% нь захиалгатай буюу төлбөртэй сурталчилгаа, 16 хувь нь сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл 11% хувь нь далд сурталчилгаа байв. Харин үлдсэн 11% нь ажлаа тайлагнасан талаарх мэдээлэл эзэлжээ. МҮОНТ болон бусад арилжааны телевизүүд 6-7 нам эвсэлд түлхүү цаг оноосон нь мониторингоор илрэв. МҮОНТ хуулийнхаа дагуу нам, эвслүүдэд ойролцоо цаг оноожээ. Тус телевизийн сонгуультай холбоотой мэдээллийн хамгийн их цаг МАН-д оногдсон нь 17%-ийг эзэлсэн бол ойролцоо буюу 15%-ийг АН-д оноожээ. Харин бие даагчдад хуваарилсан цаг 16%-тай тэнцэв.

Залуучууд сонгуулийн үйл явцыг амжилттай ажиглалаа

Улаанбаатар хотод 451 хэсгийн хороо ажилласнаас 99 хэсгийн хороо буюу 21,9 хувь нь ажиглалтад хамрагдсанаас гадна 5 аймагт 13 хэсэгт иргэний нийгмийн ажиглагчид ажиллаж нийт 112 хэсгийн хороог хамруулан хяналт тавилаа. 206 ажиглагчийн ирүүлсэн мэдээллийг нэгтгэн үзвэл 2020 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах үйл явц хуулийн хүрээнд явагдсан ба сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гарааагүй гэж дүгнэж байна. Ажиглалт хийсэн хэсгийн хороод дээр зохион байгуулалтын болон тохиолдлын чанартай зарим зөрчлүүд гарсан ч энэ нь санал тооллогын дүнд сөрөг нөлөө үзүүлээгүй байна.

Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдал

Мониторингийн хугацаанд нэр дэвшигчид санал худалдаж авахтай холбоотой зөрчил гаргаж байгаа талаар олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийг нэгтгэн тэдгээрийн мөрөөр хяналтын байгууллагууд хэрхэн ажиллаж байгаад хяналт тавьж байна. Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн 2020 оны 6-р сарын 19-ны 8/2237 тоот албан тоотод дурдсанаар сонгуулийн сурталчилгаа эхэлсэн 6-р сарын 2-18-ний өдрийн байдлаар “Сонгогчдод мөнгө, эд зүйл тараасан гэх” нийт 38 гомдол, мэдээлэл шалгагджээ. Үүнээс 18-д нь уг үйлдэл тогтоогдоогүй, 4-т нь зөрчлийн хэрэг нээж, 2 хэргийг нь Тагнуулын ерөнхий газарт харьяаллын дагуу шилжүүлж, 14 гомдол, мэдээллийн шалгалтын явц үргэлжилж байна гэсэн байна. Бид энэ талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудаас лавшруулан тодруулж, олон нийтэд мэдээлэл өгч ажиллахаар төлөвлөж байна.

Pages

Сонгууль

Subscribe to Мониторинг